НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ГЭСЭР, ЖАНГАР ба ЭЗЭН БОГДЫН ДЭЛГЭМЭЛ ХӨРӨГ

Г.Ням-Очир     Нийтлэгч
4 жилийн өмнө /2016-04-22 19:49:48 GMT +8 / | 9826 удаа уншсан

1716 онд буюу одоогоос яг 300 жилийн өмнө “Арван зүгийн эзэн ачит богд Гэсэр хааны тууж” Бээжин хотод монгол хэлээр модон бараар хэвлэгдэн гарав. Тэр үедээ нэлээн олон ч тоотой хэвлэсэн болов уу? Ямартай ч монголчууд амьдардаг бүх газар нутагт, монгол үсэг уншдаг бүх хүнд хүрсэн гэж хэлж болно.

Гэсэр бол бодит хүн. Манай эзэн Богд Чингис хаан шиг л улс үндэстнээ сэргээж, мандуулсан нэг баатар. Монгол гаралтай ч байж магадгүй. Гэхдээ бас Монголчуудтайгаа байлдаад л байсан байдаг юм. Тэмцэл тулаангүй нэг ч хором амсхийсэн биш дээ, энэ хорвоо дэлхий.

Гэсэрийн туужийг монгол хэл дээр гаргах нь мэдээж хэрэг Манжийн төрийн бодлого байлаа. Чингисээс өөр баатар тэдэнд хэрэгтэй байв. Гардан гүйцэтгэгчид нь харин Амдо дээд монголчууд. Жанжаа хутагт, Миндол номун хаан, Сүмбэ хамба Ишбалжираар тэргүүлсэн энэ нутгийн монголчууд өөрсдийгөө Аргамаг хүлгийн орон хэмээн нэрлэдэг байв. Арга ч үгүй юм. Монголын Орлой зээрд адуу, хул шарга зээрд зүсмийн хурдан буян бол яах аргагүй тэр нутгаас үүдэлтэй бөгөөд Халхад авчирсан байдаг.


Гэсэрийг хүчтэй сурталчлахын хэрээр уугуул эх орончид ч зүгээр суусангүй. Жангар магадгүй урьд нь зохиогдсон байсан ч энэ үед л чухамдаа жинхэнэ дэлгэрсэн бололтой байдаг. Төвд хэлээр Чингис хааны алдрыг 4-5 янзаар бичдэг ч чухамдаа ”Жингар жалбуу” буюу ”Жингар хаан” гэж бичих нь элбэг. Жангар ч гэсэн чухамдаа Чингис хааны түүхэн бодит амьдралыг уран сайхны аргаар өгүүлсэн уран зохиолын томоохон хэмжээний бүтээл байлаа. Гэхдээ хэн ч хэвлэсэнгүй. Амнаас ам, цээжнээс цээж дамжаад л Гэсэрээсээ ч илүүтэй түгэн дэлгэрэв.

Чингисийн нэр сүр, суу алдар бүдгэрсэнгүй. Гэсэр Жангар хоёр чухамдаа тэмцэлдэн байх тэр ахуйд Фалладий Кафаров хэмээх орос ламтан ”Монголын нууц товчоо”-г олж, бид чинь бараг хамт амьдарч байсан юм шиг болтлоо л судлав шүү дээ.

Дэлгэмэл хөргийн зурагдсан байх үеийн тухай

Автай сайн хаан бол Халхын хаант улсын мандал бадралын эхийг тавьсан хүн. III Далай лам Содномжамцтай уулзаж, Бурхан багшийн шарил эрдэнийг залж, Эрдэнэ зуу хийдийг байгуулсан төдийгүй Цахарын хаант улсад олон хүн явуулж, монгол бичиг сургажээ. Тэдний дундаас Алтангэрэл увш хэмээх нэгэн бичгийн сайн эрдэмтэн төрсөн төдийгүй тэрээр Хубилай хаанд зориулж Пагва ламын зохиосон ”Балингийн тийн номлол”, ”Жонан Дарнатын намтар” зэрэг олон ном орчуулав. Чингэснэээр шашин төр хоёр хосолсон хос ёсны сургаалийг чиг баримжаа болгож, төр тогтоов.

Уран зураг, уран барилга хөгжив. Чухам энэ үед тэдний хамгийн сайн хамтрагч болоод багш нар нь мөн л Дээд монголчууд байлаа. Тэд Хангайн нуруунд сарлаг нутагшуулж, монгол хэлэнд хүндэтгэлийн үг хэмээх шинэ төрөл, бичгийн хэлний үгс гаргав. Эцэг эх хэмээх үгийг ”Аав” ”ээж” хэмээх амдо аман аялгуугаар хэлдэг болов.

Яг тэр үед буюу 1600-1650, 1650-1700 оны орчимд л энэ эш хөрөг бүтээгдсэн болов уу? хэмээн таамаглаж байна. Тэр үеийн байж болох цагаан торгон дээр зурсан танка зургууд хэд хэд үлдсэн байна. Танка буюу Танха гэж бас хэлдэг энэ зургийг монгол хэлнээ ”дэлгэмэл”, ”шороон будгийн дэлгэмэл” хэмээн орчуулсан байх нь таардаг.
Бас зургийн суурь ерөнхий өнгөөр
”мартан” буюу ”улаан будгийн дэлгэмэл”
”сэртан” буюу ”шар будгийн дэлгэмэл”
”гартан” буюу ”цагаан будгийн дэлгэмэл” хэмээн ангилдаг.

Энэ зураг бол ерөнхийдөө маш нимгэн цагаан пүүсүү торгыг цавуугаар цардаж зурсан маш эртний гэж хэлж болох технологиор бүтжээ.

Бас хувийн цуглуулагч нарын гэрт ч ганц нэг байна. Харамсалтай нь эш шүн татаж харьцуулан харъя гэж хичээвч эрх зүйн орчин төгс болоогүй учир ил гаргахаас ихэнх нь цааргалж байна.

Дэлгэмэл хөргийн тухай идэвхтэй ажиллаж буй судлаачид

Олон эрдэмтэд энэхүү хөрөг зургийн тухай судалгаа хийж байна. Энэхүү бүтээлийг судлахад цаг хугацаа хөрөнгө мөнгө шаардлагатай нь мэдээж. Хэдий тийм ч энэ урт цаг хугацааг давж, өнөөг хүртэл уламжилж ирээд, монгол цугуулагчийн гарт, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээ үлдсэн нь тэдэнд маш их урам зориг өгч байна. Яахаараа хүний юм үнэтэй. Миний, манай юм үнэгүй байх ёстой юм бэ? Яагаад бусдад байгаа юм судлагддаг. Бидний зүйлд ямар ч судалгаа байдаггүй юм бэ? Энэ алдааг бид засах цаг нь болсон

Угсаатны зүйч Д.Тангад гуай бол СУИС-ийн профессор. Саяхан гаргасан угсаатны зүйн таван боть хээрийн шинжилгээний материал нь түүх судлалын чамбай бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна. Ахуйн соёл, ахуйн хэрэглээний уламжлалын судалгаагаар бол энэ эрдэмтнийг гүйцэх туршлагатай судлаач одоохондоо алга. Энэ хүний дүгнэлт намайг энэ зургийг идэвхтэй судлахад ихээхэн ташуур болсон юм. Ялангуяа морин цэргийн өвдгөвч, тохойвч, цалам буюу бугуйл, гутлын ногт, ташуур зэрэг эдийн соёлын талаасаа монгол хүн зурсан болохыг баталсан өгүүлэл гарах болов уу?

Мөн ХБНГУ-д амьдардаг Өвөр Монголын Ордосын уугуул Хурцбаатар гуай бол нэлээн тулхтай зан үйл судлаачдын нэг. Энэ хүн энэ зургийг судлах ажлыг Европт ахлан ажиллаж байгаа бөгөөд европын монголч эрдэмтдийн дунд хэлэлцээн өрнүүлж, судалгааны өгүүлэл бичих бөгөөд энэ жил болох Монголч эрдэмтдийн хурлын үеэр Монголд ирэхдээ нарийвчлан судалгаа хийхээ амлаад байна БНХАУ, ОХУ-д мөн судлаачид энэхүү зургийн тухай өөрсдийн өвд байгаа дундад зууны зургуудтай харьцуулан судлаад эхэлжээ.

"Монгол шувуулахуй” хэмээх маш сонирхолтой судалгааны ном гаргасан манай археологч У.Эрдэнэбат мөн энэ зураг дахь 10 шувууны тухай ямар нэгэн юм хэлнэ гэдгээ амалсан байгаа. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ЭША Б.Батсуурь бол монгол цэргийн зэр зэвсэг хуяг дуулгаар мэргэшиж дагнаж байгаа судлаач юм. Тэрээр энэхүү зурагт нэлээн бодитой судалгаа хийх болов уу? За, ингээд ямар ч байсан энэхүү дэлгэмэл хөрөг судлагдаад эхэлжээ.

Зургийн онцлог

Энэ зураг яагаад 1600-аад оны эхэн үед бүтээгдсэн гэж бодож байна вэ гэж үү. Энэ бол Чин улсын үед хүчтэй дэлгэрсэн лууны соёлоос өмнө бүтээгджээ. Лууны соёл бол хүчтэй цэцэглэн хөгжихөд Амдо соёл ч бас нөлөөлсөн байж болох Манжийн хаад болоод Далай ламын харилцан бичсэн хэд хэдэн захианууд байдаг.

Гэтэл энэ зурагт дөрвөн хүчтний хувиар ганцхан удаа луу оруулжээ. Зургийн зүүн дээд буланд үүлэн дундаас цухуйсан хэлбэртэй луу зурсан бол баруун дээд буланд нисч байгаа хангарьд зуржээ. Харин зургийн ерөнхий ансамбльд хожуу үеийн луугийн дүрслэлтэй төстэй зохиомж байна. Зургийн гол дахь морьтон бол хожмоо төв луу, цогноймол луу гэж нэрлэгдэх болсон харж байгаа хүн рүүгээ эгц шулуун харж байгаагаар бүтээсэн байна. Бусад есөн морьтон болон Газар сахигч их цагаан заан бол жишүү луу, хөндлөн лууны байрлалд дагалдагч, нөхөд сэлтийн маягтай зурагджээ. Баруун дээд буланд байгаа нэг морьтныг эс тооцвол бүх баатрын баруун мөрөн дээр арслан, зүүн мөрөн дээр бар зурсан байна. Мөн бүх баатрууд иж бүрэн хөө хуяг зэр зэвсэгтэйгээс гадна тус бүр нэг шувуутай зурсан байна.

Зургийн цаад дэвсгэр дээр мөн гурван төрлийн нохой юм шиг араатан амьтан дүрсэлжээ. Дүрслэлийн хувьд нэг нь лавтай нохой байж болох бөгөөд нөгөө амьтад нь нохой эсэх дээр маргаантай байна Ямартай ч морин цэргийн бие бүрэлдэхүүнд байсан амьтад байж болох юм.

Үүлэн дунд олон тугнууд үзэгдэх бөгөөд тэр тугнуудын дундаас цэргүүд гарч ирж байгаагаар дүрсэлжээ. Энэ зураг бол бүхэлдээ ямар нэгэн бурхныг биш хааныг, түүний баатруудыг дүрсэлжээ. Мөн цэргүүд, зэр зэвсэг, нохой дагалт сэлтийг бүтээхийн хамт лха тэнгэрүүд, Загарбадийн хааны төгс эдлэлийг бас дагалдуулан зурсан байна. Төрийн долоон эрдэнэ, тахил тавиглал.

Нийтэд нь багцлан дүгнэвэл морин цэргийн уламжлал тасраагүй цагт, алтан ургийн язгууртан бөгөөд бурхны шашны уран зургийн мэдлэгтэй хүн бүтээсэн байж болох үндэслэл бүрэн байна. Юу гэвэл ийм зургийг энгийн хүн зориглон бүтээх боломжгүй. Бас тахиж шүтэх ч учиргүй. Тэгэхээр Түшээт хаан Гомбодорж болоод Өндөр гэгээн Занабазарын үед л дундад зуунд ийм зургийг бүтээсэн байж болох юм хэмээн тооцоолж болохоор байна.

 

Загарвадийн хаан гэхийн учир

Хаант төрийн уламжлал болоод түүхийн тухай олон түүхийн зохиол байдаг боловч хамгийн томоохон барьцтай зохиол бол Сүмбэ хамба Ишбалжирийн өөрийн намтар болоод ”Галбарвасан мод” хэмээх түүхийн зохиол. Ганц Монголын түүхийн тухай ч бус бүс нутаг Энэтхэг, Хятад, Төвдийн хаант засаглалын тухай ч өгүүлжээ.

Хаанд гурван зүйл байдаг байна.

1.Олноо өргөгдсөн хаан: Энэ бол улс гүрнийг анхлан байгуулж, олноороо хүлээн зөвшөөрч, жинхэнэ АРДЧИЛСАН сонгуулиар сонгогдсон хаан гэсэн үг. Махасамади гэж бичдэг. Яагаад VIII Богд хааныг Олноо өргөгдсөн хэмээн цоллосон бэ? гэвэл цоо шинэ Монгол улсыг байгуулсан хэмээн үзэж байжээ. Манай түүх бичлэг дөнгөж одоо л хүлээн зөвшөөрөх гэж байна.

2.Залгасан хаан: Энэ бол Олноо өргөгдсөн хааны шууд удмын юм уу залгамжлан томилсон хаан.

3.Булаан авсан хаан: Энэ нь хуйвалдааны шугамаар юм уу, цэрэг зэвсгийн хүчээр хаан ширээнд суусан хүнийг хэлнэ. Энэ утгаараа бол маршал Х.Чойбалсан бол булаан авсан хаан болох юм. Хэн ч түүнийг олны дэмжлэгээр юм уу, ардчилсан сонгуулиар сонгосонгүй.

Энэ бол зөвхөн улс иргэн эрхшээгч хаадын ялгал юм. Үүнээс гадна Хаадын хаан буюу Загарвадийн хаан гэсэн ойлголт байна. Уг нь бол Чакраварди буюу Хүрдэн орчуулагч хаан гэсэн ойлголт юм. Төвдөөр Хорложүрва хэмээн хэлдэг. Энэ ямар учиртай хаан бэ? гэхээр Цагийн хүрдэнг орчуулсан хаан юм. Цагийн хүрдийг орчуулна гэдэг нь юу юм бэ гэвэл цаг үеэ эзэмдэж дэлхий дахиныг захирагч гэсэн утгатай юм.

Энэхүү Чакраварди хэмээх үг монгол хэлнээ Загарвадийн хаан хэмээн сунжран дуудагдах болсон төдийгүй Хубилай хаанаас Лигдэн хаан хүртэл бүх хаадыг ийн цоллож байлаа. Ийм ч үндэстэй байсан төдийгүй яван явсаар хааны ойр тойрны бие хамгаалах цэрэг, хоол унд бэлдэгч, адуу мал адгуулагчдыг ЦАХАР хэмээн нэрлэх болсон нь ч чухамдаа Загарвади, Чакраварди хэмээх үгтэй салшгүй холбоотой юм. Цахар гэдэг аймгийн нэрийн тухай өвөр монголчууд энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч яах аргагүй бурхны шашинтай холбон тайлбарлаж эхэлэх тэр цагтаа аргагүй хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна.

Энэхүү зурагт байгаа Загарвадийн хааны төгс эдлэлийн доторхи хамгийн том бэлгэ тэмдэг бол Ланчин Сасрүн буюу Газар сахигч их цагаан заан болно. Зургаан соёотой энэхүү заан олон мянган жилийн турш тухайлбал танк гарч ирэх хүртэл цэрэг дайны хамгийн аварга том сүр хүч байлаа. Чухамдаа Замбутив буюу Евроазийн газар нутаг дээр хэнд ч дийлдэшгүй хамгийн том хуурай газрын амьтан бол Зааны хаан болсон энэхүү заан юм. Энэхүү зааны тухай Мялын буман дуулал болоод олон эртний сонгодог уран зохиолын дотор магтан дуулж үлдээсэн байдаг бол Хубилай хааны тухай хятад тэмдэглэлүүдэд Шанд нийслэлдээ зусахаар ирэхдээ Заан хөлөглөн ирж байгаа тухай өгүүлсэн байдаг. Тэр ёсоор нь ч саяхан байгуулагдсан Юан Шандугийн музейд зурсан байна.

За ингээд судал­гааныхаа зөвхөн дээжээс уншигч та бүхэндээ толилуулав. Энэ бол бүрэн төгс судалгаа биш. Анхан шатны олон нийтэд буюу сонинд зориулсан хувилбараасаа та бүхэнтэй хуваалцлаа. Тун удахгүй энэ зургийн тухай та илүү ихийг мэдэх болно. Энэ бол бидний түүх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.