НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Pink Floyd

О.Содномпил     Нийтлэгч
6 жилийн өмнө /2014-11-15 20:55:16 GMT +8 / | 3475 удаа уншсан

“Од шиг гялалзаж явсан залуу насаа
Одоо нэг дурсаач”
Сид Барретод зориулсан “Пинк Флойд”-ын дуунаас

 

Уг нь Пинк, Флойд хэмээх нь Америкийн нэртэй хоёр блюз хөгжимчний нэр юм. Английн дуу хөгжимд дуртай дөрвөн залуу өөрсдийн хүндэтгэж биширч явсан хоёр хөгжимчний нэрийг нийлүүлэн хамтлагаа нэрлэжээ. Хамтлагийн ахлагч Сид Баррет хөгжмөөс гадна яруу найраг, уран зургийг шүтэн дээдлэгч байв. Уран зургийн хувьд сургуулийг нь дүүргэсэн мэргэжилтэн байсан боловч тэрээр будаг, бийр нийлүүлэхээс илүүтэй шүлэг хөгжим зохиож байв. Ер нь “Пинк Флойд”-ын анхны бүх дуунуудыг Сид Баррет зохиосон. “Пинк Флойд” 1960-аад оны үед ч сонгодог байсан, одоо ч сонгодог гэж боддог юм. Тэдний хөгжмийн дуугаралт гайхашруулсан хэвээрээ сэтгэлд минь бий. Сэтгэлгээний хувьд “Битлз”-ийг зарим талаараа давж ч мэдэх юм. “Пинк Флойд”-ын анхны бүрэлдэхүүн нь Сид Баррет, Рожер Уотерс, Ник Мейсон, Ричард Райт бөлгөө. Тэд анхны цомгоо 1967 онд гаргасан юм. Тэр цомгийн нэр нь ямар гоё гээч. “Үүр цайхын өмнөх бүрээчин”. Шинэ ая дуу, шинэ сэтгэлгээ, шинэ мэдрэмжийн үүр цайрахын өмнөх “бүрээчид” нь тэд өөрсдөө байсан юм. Дэлхийгээр нэг, тэр дундаа Англи орноор дүүрэн дуу хөгжмийн хамтлагууд байлаа, одоо ч бий. Гэвч “Битлз”, “Пинк Флойд”-ыг давсан нь үгүй. Тэдний дуу хөгжим өдгөө ч Шекспирийн таван жүжиг шиг үл хуучрах шидтэй юм шиг санагдана. Эрх чөлөөний эрэлхийлэл, харанхуй бүрэнхийн эсэргүүцлийн дуу хоолой сонсогдсоор л байдаг юм. “Үүр цайрахын өмнөх бүрээчин” бол Сид Барретийн шүлэг, ая эгшгээр бүтсэн эхний бөгөөд эцсийнх нь цомог байсан. Яагаад гэвэл сэтгэлийн хямрал, зөрчлөөс чөлөөлөгдөх гэж мансуурч эхэлсэн ч эцэс сүүлд нь аль алинаа давж чадаагүй хоцорсон юм. Их авьяастан Сид Барретийн мандан бадрал гурван жилийн настай байсан нь харамсалтай. Гэвч “Пинк Флойд”-ынхан Сид Барретийг дурсан хүндэтгэж, түүний авьяас билгийг дээдэлдэг байсан. Сид Барретийг хамтлагаас явснаас найман жилийн дараа дуулсан “Shine on yen reazu diamond” дуугаа түүнд зориулсан юм. Сид Барретад зориулсан энэ дуу

Од шиг гялалзаж явсан залуу насаа
Одоо нэг дурсаач...
гэж эхэлдэг билээ. Энэ дуу зөвхөн Сид Барретад ч биш өөрсдийнхөө очир алмааз шиг гялалзаж явсан үеэ дурсан санагалзсан бүтээл биз ээ. Андуураагүй бол өөрчлөн байгуулалтын үе 1989 онд дууг нь сонсож дуулахыг хорьж байсан ЗХУ-д айлчлан тоглолт хийсэн нь өөр цаг үеийн эхлэлтийн бэлгэ тэмдэг мэт санагдаж байв. Тэд тэр үед бараг алмайруулсан гэж болно. “Пинк Флойд” өөрсдийн хөлөглөсөн нисэх онгоцоос гадна хоёр нисэх онгоцонд 120 тн дуу хөгжим, гэрлийн тоног төхөөрөмжтэй ирсэн юм. Тэр үеийн “ЗИЛ-130” ачааны машинаар тооцоход зөвхөн тоног төхөөрөмж нь гэхэд 24 ачааны машинаас бүрдсэн бүхэл бүтэн авто цуваа гэсэн үг. Мөн алдарт хамтлагийн дуу, гэрэл, эффектийн техникийн ажилтан гэхэд зуу гаруй хүн дагаж ирсэн юм. Коммунизм, капитализмын гэх хоёр системийн хөшиг нээгдэж, хөшиггүй задгай талбайд тэд нижигнүүлэв, доргиов, нүд нээв, чих баясгав. Одоо ч гэсэн энэ үлгэр домгийн мэт үйл явдал дурсагддаг юм. Ингэж л жинхэнээр нь “Пинк Флойд”-ыг харж, жинхэнээр нь дуу хөгжмийг сонссон. Энэ бол эрх чөлөөнд тэмүүлэх, уриалан дуудах тэнгэрийн оддын тэртээх дуу хоолой байв.


Сид Барретийн дараа хамтлагийн шинэ гишүүн Дэвид Гилмор түүнийг орлож хүнд ачаа нуруундаа үүрсэн юм. Ер нь бие даасан, үзэл бодолтой, авьяас билэгтэй, хүчтэй хүмүүс нэг дор хамтдаа байх ихэд хэцүү аж.

Наяад онд Рожерс Уотерс хамтлагаасаа гарч, бие даасан уран бүтээлээ хийсэн ч амжилт олоогүй юм. Тэр нэгэн үе хамтлагийнхаа гол хөдөлгөгч хүч байсан. 1973 оноос хойш 10 жилийн дууны үг нь түүнийх байсан юм. Тэр байтугай Сид Баррет ч өөрийн цомгоо хоёр удаа гаргасан ч сайн үг сонсоогүй. Тэгэхээр тэд нийлж байж “Пинк Флойд” болж байв. Хамтлаг гэж хамтдаа л “лаг” байдгийг баталдаг юм шиг санагддаг юм. Дэвид Гилмор, Ник Мейсон, Ричард Райт гурав 22 жилийн дараа “Түр зуурын солиорол” нэртэй цомог гаргасан нь хит байсан хугацаагаараа өмнөх амжилтаа эвдэж байсан л юм даа. Энэ нь түрүүчийн цомгийн тогтоосон 725 долоо хоногийн турш шилдэг байсан хугацааг нь давсан амжилт гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл 5075 хоног буюу 14 жил тэргүүлсэн амжилт болой. Тэдний тоглолт ямагт сонсогч, үзэгчийн түр зуурын “солиорол” байсан. Энэ бол түр зуурын хөөрөл биш хүний бүхий л эд эсийг цочроосон солиорол юм шиг хааяа санагдах нь бий. Яг үнэндээ заримдаа газар дэлхийн ая эгшиг биш харь гаригийн аялгуу юм шиг бодогдоно.

Ностальги хэмээх ойлголт нь эргэн дурсахуйн ой санамж мөртлөө ирээдүйд оршсоор байхын хүслэн гэж боддог юм. Эргэн дурсахуй нь хүний амьд байсны, үзэж туулсны дурсамж төдийгүй хүний бүтээж туурвихын хүчирхэг хөшүүрэг юм. “Пинк Флойд”-ыг эргэн дурсахуй нь зүгээр нэг “Ностальги” ч биш юм. Энэ бол өнгөрсөн, одоо, ирээдүйд сонсох, сонсож байх учиртай эрх чөлөөний ая эгшиг. Гэхдээ бүр сэтгэлгээний хөгжим ч байж мэднэ. Тиймдээ ч тэр хүндхэн оюун сэтгэлгээний дуудлага, түүнд дөхөж ойртох агшин ч юм шиг энэ олон жилийн дараа ч үл холдон, үл уйдан дурсагдах авай. “Пинк Флойд” одоо ч хөгжмийн өөрийн урсгал чиглэлийн нэгэн төвшин, бас нэг шалгуур ч гэж үзэж болно. Баруунд 1960-аад онд амьдралын хиппи хэв маяг залуусын дунд түгээмэл байв. Хүйтэн дайны эгзэгтэй үе байсан. Тиймээс хувцас, хунар, үс засалт, дуу хөгжмөөрөө, хиппи хэв маягаараа нийгэмдээ эсэргүүцлээ илэрхийлж байв.

“Пинк Флойд” энэ л цаг үеийн “бүтээгдэхүүн” л дээ. Сүүлдээ тэр л цаг хугацааны хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг илэрхийлэгч, бүр чиглүүлэгч болсон гэж хэлж болно. “Пинк Флойд” хөгжмийн андерграунд рок урсгалын ноён оргил болсон юм. Хөгжмийн өвөрмөц дуугаралтаара сэтгэл зүйн гэх тодотгол авч байв. Мөн “Огторгуйн рок” гэж судлаачид нэрлэсэн нь ч бий. Англиуд гайхалтай хуучныг баримтлагчид. Энэ хуучинсаг байдал нь гаднаас нь хуучин загварын такси, автобус, харилцуур утасны бүхээгээс бэлхэнээ харагдана. Гэтэл цоо шинийг, төгс төгөлдрийг, бүх цаг үеийн сонгодог бүтээлийг туурвиж чадсан нь гайхмаар. Жишээлэхэд, Шекспирийн жүжгүүд, “Битлз”, “Пинк Флойд”-ын хөгжим, аялгуу ...

“Пинк Флойд” эртний биш ирээдүйн ая эгшгийг одоо ч сэтгэлд эгшиглүүлсээр байна. Тэдний фен андууд минь од шиг, бас очир алмааз шиг гялалзаж явсан залуу насаа одоо нэг над шиг дурсаач.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.