НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ДОРНЫГ ШҮТСЭН НАЙРАГЧ

О.Содномпил     Нийтлэгч
5 жилийн өмнө /2014-06-13 21:09:05 GMT +8 / | 2698 удаа уншсан

ТОВЧ ТОДОТГОЛ

Хувийн архиваас яруу найрагч Ш.Уянгын нэгэн бичлэгийг олсон юм. 1990 онд “Найрамдалын зам” /Өдтэй бичиг/ сонинд тэрээр В.Хлебниковын тухай бичиж шүлгээс нь орчуулж өгчээ. Сонины уншилтууд хийгээд эрхлэгчээс буцаасан бололтой. Бодвол жижиг сонинд томдоно, тэгээд ч яруу найргийн тухай учраас хойш тавьсан биз ээ. Ш.Уянгын энэ бичлэг дээр гэхэд 1990 оны 8 дугаар сарын 24-нд миний бие уншиж гарын үсгээ зурсан байна билээ. Одоогоос 24 жилийн өмнө бид Хлебниковын тухай дөнгөж сонсож байсан биз. Одоо ч бидний заримын хувьд сайн танил биш яруу найрагч. Түүний зарим  шүлгийг орос хүн өөрөө ч сайн ойлгодог болов уу гэж эргэлзэхэд хүргэхээр өвөрмөц сэтгэдэг яруу найрагч юм. 24 жил хавтсанд дарагдсан Ш.Уянгынхаа бичлэгийг таны өмнө дэлгэж байна. Бичсэн эзэн нь байхгүй ч туурвил бүтээл нь байж л байна. Уран бүтээлчийн мөнх нас гэдэг энэ юм даа.

Дорно дахин гэдэг тэр аяараа агуу их суу билгийн хөлгөн судар билээ. Дорно дахиныхан таван ухаанд нэвтэрхий мэргэн хүнд “бандида” хэмээх хүндэт цолыг өргөмжлөн хүртээдэг уламж-лалтай байжээ. Өрнө дахины хувьд гэвэл “Нар, гаригууд цөм дэлхийг тойрон эргэнэ” гэсэн Птолемейн олон зууны бат бэх үзлийг няцааж, Польшийн эрдэмтэн Коперник нар төвт гаргийн хөдөлгөөний таамаглал дэвшүүлэх, энэ онолыг түгээн дэлгэ-рүүлэхийн төлөө тэмцсэнээрээ Бруно галд шатаагдсаныг бид мэднэ. Анхны дуран авай зохиогдож, хожим нь багаж хэрэгсэл ашиглан удаан хугацааны ажиглалт явуулсны дүнд Иоганн Кеп-лер гаригуудын хөдөлгөөний алдарт гурван хуулиа нээжээ. Өнөөдөр одон орны шинжлэх ухаан нарны аймгийн үүслийн тухай болон бөмбөрцгийн оно-лын геодезийн одон орон зэрэг олон салбар ухаан болтлоо хөгжсөн байна.

Энэ бүхнийг энд илүүц болгон нуршихын учир гэвэл дэлхийн томоо-хон яруу найрагч, Велимир Хлебников дорнын ард түмний сэтгэхүйн гай-хамшигт нууцыг бүхнээс урьтан олж харж түүний гүн рүү нэвтрэхээр зориглон, зохиол бүтээлдээ тусгаж байсан юм. Тэр нас барахаасаа дөрвөн жилийн өмнө бичсэн.

Саваагүй салхи минь чи

Савчин хэний тухай юуг зөгнөн дуулна

Хамаг сэтгэл хуйсагнаж

Хатаасан илдийг бөмбөгөөр цуучна

Анхилант цэцгийг энхрийлэх мэт

Амь тасрах өдрөө хүмүүс хайрлана

Агуу суу билгийн утсан дээр

Аниргүй Дорно удтал эгшиглэнэ

Мөрөөдөж болшгүй бахдал ид шидийг

Мөнгөн оргилтой тэртээх уулс хүртээнэ

Олон хүнд би гол мөрний мөсөн дээл мэт

Оюун унааны суу нөмрөг өмсгөнө. хэмээх шүлэг юм. Тэрээр Оросын футуризмын (уламжлалыг  үгүйсгэх ирээдүйч хандлага) томоохон төлөөлөгч байлаа. Ийм ч учраас Хлебников хайр дурлал, байгаль, юмс үзэгдлийг дуулсан онгодын яруу найргийн зэрэгцээ цэвэр оюун ухааны яруу найргийг бий болгосон юм. Түүний хувьд оюун ухаанаа хөгжүүлэх гол дасгал нь тооны ухаан, зурхай байлаа. Хлебниковын ямар ч шүлгийг уншсан орос хэлний үг хэллэгийн шинэ зүй тогтлыг эрэлхийлсэн, хэм хэмнэлийг голлосон байдаг нь түүнийг зөвхөн уран бүтээлч төдийгүй хэл шинжлэлийн эрдэмтэн болохыг илтгэнэ. Энэ утгаараа тэр Орос хэлний үгсийн санд олон арван шинэ үгийн нээлт хийсэн юм.

Он жил хүн хоёр

Мөрний их ус мэт

Мөнхөд урсан урссаар

Орчлонгийн толиноо ажвал

Одод өөш, бид загас,

Бурхад түнэр харанхуйн

хий үзэгдэл.

Энэ шүлэгтээ яруу найрагч хүний хувь заяа гэдэг одон гаригтай холбоотой гэсэн өөрийн үзлээ илэрхийлжээ. Энэ санаагаар Хлебников “Тоо”, “Зайгүй од түгэхийг хүснэ” “Араатан + тоо” зэрэг олон шүлэг зохиожээ. Шүлгүүд нь ихэвчлэн хуучин, этгээд эсвэл өөрийн нь нээсэн үг хэллэгээс бүтэх тул мэдэхгүй үгээ толь сөхөөд ч олно гэж итгэхийн аргагүй.  Хлебников “оддын хэл”-ээр дуулсан цор ганц найрагч байлаа.  Тийм ч учраас Хлебников “ойлгож сэтгэшгүй хэлийг ойлгомжтой болгох арга бий” хэмээн бичсэн байдаг. Цоо шинэ оюун санаа, цоо  шинэ хэл, цоо шинэ яруу найрагт хүрэх тэмцлийн зам дардан байгаагүй нь мэдээж.

Виктор Велимирович Хлебников 1886 оны 10 дугаар сарын 29-нд Халимагийн талд  байгаль судлаачийн гэр бүлд мэндэлжээ. Чухамхүү Оросын энэ дорно хязгаарт түүний бүх уран бүтээлд нэвт шингэсэн Дорныг хүндэтгэн үзэх үзэл бүрэлдсэн юм. Тэрээр 1903 онд Казанийн их сургуулийн физик математикийн ангид элсч, улмаар байгалийн ухааны салбарт шилжин суралцжээ. 1908 онд Хлебников Петрбургийн их сургуульд элссэн явдал түүний амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Энд мөн байгалийн ухааны салбарт орж, дараа нь түүх хэл шинжлэлийн факультетэд шилжээд, удалгүй оюут-ны амьдралыг орхижээ. Петрбургт ирсэн гол шалтгаан нь түүний уран бүтээлийн сонирхолтой холбоотой бөгөөд ирсэн даруйдаа С.Городецкий, Н.Гумилев, А.Толстой зэрэг залуу зохиолчидтой танилцжээ. Энэ үедээ  тэр символистуудыг /бэлгэдэл зөнч хандлага/ сонирхон, Бодлер, Верлен, Гюисманс нарын номыг амтархан уншжээ. Кузминийг тэр өөрийн “багш” хэмээн төрөл төрөгсдөө бичсэн байдаг. М.Кузмин өөрийн дурдатгалдаа: “Түүний шүлгүүдэд ямар нэгэн хурц атлаа байж боломгүй мэдрэмж бай-даг юм.  Тэр өөрийн шүлгүүдээ суу билиг, солиорлоор уншдаг.” гэж уран бүтээлийг нь үнэлжээ. Тэр цагаас түүний эртний болон славян үг хэллэг шинжлэх ажлаа эхэлсэн бөгөөд энэ нь символистуудаас холдох шалтгаан болсон байна. Ингэж тэр Оросын футуристуудын эгнээнд орж ирсэн ба хожим нь В.Маяковскийтай танилцан нөхөрлөжээ.

Түүний үгийн этгээд сонголт, хоршил, нээлт цөм зөвхөн хэл шинжлэлийн хувьд биш ертөнцийг үзэх үзлийн хэмжээнд яригдах ёстой. “Өнөөдөр эрүүл саруул ухаанаар үзэхэд байж болшгүй жигшүүрт зүйл маргааш амьдралын үнэн болно” гэж тэр өөрөө бичжээ.  Хлебниковын ертөнцийг үзэх үзэл нь үл гүйцэлдэх үзэл байлаа. Хувьсгалын өмнөх ба дараахь Орос орны байдал нь өлсгөлөн, дайн, үндэсний болон амьдралын амин чухал асуудлуудыг зөв ухамсарлахыг шаардаж байв. Ертөнцийг үзэх үзлийн зөрчил нь түүнийг нийгмийн амьдрал, түүхэн хөгжлийн хуулиудын үл гүйцэл-дэх ойлголтод хүргэжээ. Энэ нь түүний зөрчлөөс гарах цорын ганц зам байлаа.

Ер нь Хлебников зан чанарын хувьд ямар хүн байв? Түүний үеийн найрагч Н.Асеев: “Жижиг тооцоо, чимхлүүр хувь заяаны энэ ертөнцөд Хлебников өөрийн тайван чанар, хүмүүсийн явдлыг эс тоосон байдлаар гайхуулдаг байлаа. Тэр урт хөлтэй, бодлогоширсон шувуутай нэн төстэй, нэг хөл дээрээ зогсоод тэртээ холыг анхааралтай ширтсээр цаг хугацааны гүн рүү нисэх гэж байх шиг санагддагсан. Хүмүүс түүнд маш дотно, тэгсэн атлаа туйлын  эргэлзэнгүй ханддаг байлаа” гэж бичжээ. Тэр жирийн хүн биш байлаа. Зан чанарын хувьд төдийгүй уран бүтээлийн хувьд гойд содон сан хөмрөгтэй. Хлебников зөвхөн яруу найрагч төдийгүй үргэлжилсэн үг, жүжиг, өгүүлэл, тэмдэглэл өчнөөн төчнөөнийг туурвисан юм. Энд нэгэн сонирхолтой жишээ татъя. Тэрээр 1914 онд бичсэн “Удамшлын хууль” өгүүллийнхээ төгсгөлд: “Хүний оюун ухаан орон зайд хувь заяаны оршин тогтнолтой эвлэрдэг, нүүрэнд хоёр нүд, гарт таван хуруу, цээжинд хавирга заяажээ, оюун ухаан ардын цэцэн билгээр боловсрон алдаршдаг ч гэлээ хувь заяаны үгүйсгэл дээр тогтдог.

Өөр нэгэн сонин жишээ өгүүлье. Түүнийг Зөвлөлт эх орны дайн эхлэх өдрийг хэдхэн хоногийн зөрөөтэй тооцоолсон гэлцдэг. Оюун ухааны шавхагдашгүй бясалгал, хэм хэмнэлийн болон хувь заяаны судлаач, математикч, нийгмийн томоохон үйл явдлын ул үндсийг хүний хувь заяа одны төөргөөр тайлбарлахыг оролддог байсан энэ хүний хувьд дайныг урьдчилан мэдээгүй гэж хэлэхийн аргагүй. Оюун ухааны сан хөмрөгөөс агуу ихийг уудалсан хүн гэж чухам Хлебниковыг хэлж болно. В.Маяковский: “Миний яруу найрагч нөхөд Асеев, Бурлюк,  Крученых, Каменский, Пастернак цөм Хлебниковыг яруу найргийн агуу багш, яруу найргийн төлөө тэмцлийн үнэнч рыцарь гэж эргэлзээгүй тооцдог” гэж бичжээ. Тиймээ. Тэр үнэхээр “яруу найрагчдын төлөө заяагдсан яруу найрагч” байсан юм. Хувь заяа түүнийг өөрийнх нь үгүйсгэлээр гучин долоохон насанд нь “од”-ны зүг илгээжээ. Ингээд бяцхан тэмдэглэлээ түүний амьдралын сүүлчийн өдрүүдэд бичсэн нэгэн шүлгээр өндөрлөе.

Дахин хэлэхэд давтан хэлэхэд

Би таны

Од шүү

Оддын баримжаа,

Зүг алдсан далайчны онгоц

Огт санаандгүй

Чимээгүй дүнсийх хясаа мөргөнө.

Миний зүрхэнд

Чигээ алдсан таны сэтгэл

Хадан хясаа мөргөх болно.

Яаж та намайг

Тавлан инээснийг

Яг дууриаж

Таны дээрээс тэр хясаа хөхрөнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.