НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ПАУНД

О.Содномпил     Нийтлэгч
5 жилийн өмнө /2015-03-16 21:07:46 GMT +8 / | 2338 удаа уншсан

“Суут яруу найрагчдыг төрүүлэхийн тулд суу билигт уншигчид хэрэгтэй” гэсэн уриатай “Яруу найраг” хэмээх сэтгүүл гарсан нь Америкийн хорьдугаар зууны утга зохиолын хаалга нээгдсэн гэж үзэх нь бий. Гэхдээ цоо шинэ гэсэн тодотголтойгоор шүү. Урианы тухайд Уйтмений бичсэн үг. Яруу найргийг Паунд өөрөө ч өөрөөр бичиж бусдыг ч өөрөөр бичихийг уриалан дуудаж байв. Бусдыг өөртөө татах соронзтой мэт эр байв. Хожмоо нэг улсын гэхгүй дэлхийн энгээр алдаршсан их зохиолч Томас Элиот, Эрнест Хемингуэй, Жеймс Жойс, Роберт Фрост түүнийг тойрон хүрээлж байв. Тойрон эргэлдэж байв гэвэл ч гоё юм уу.

Тэдний бүтээлийг хэвлэн нийтлэхэд туслаж зам мөрийг нь заасан байдаг юм. Зөвхөн энэ л Эзра Паундыг агуу гэж хэлэхэд хангалттай. Авьяас билгийг хүндэтгэх гэдэг, хүлээн зөвшөөрч чадна гэдэг хүн бүхэнд байдаггүй шударга чанар юм даа. Өөрийнхөө хэн болохыг харуулах хэмжүүр юм шиг санагддаг юм. Цаг хугацааны өндөрлөгөөс өнөөдөр эргэж харахад зөвхөн Америкийн ч биш, англи хэлт уран зохиолыг шинээр эхлүүлсэн хүн шиг санагдана. Эзра Паунд ямар ч байсан, бүр үзэл бодлоосоо ухрахгүйн тулд галзуу хүн болж тоглосон гэж бодогддог юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Италид цагаачлан амьдарч байсан Эзра Паунд Ромын радиогоор “Америкийн цаг” нэвтрүүлгийн хөтлөгч хийн Америк орон, удирдагч нарыг эрс хатуу шүүмжилж байв. Энэ нь хожим “эх орноосоо урвасан” гэх ял зэм сонсоход хүргэж “галзуу” хүн болохын үүдэл болсон түүхтэй. Бараг л шоронд хоригдсоноос ялгаагүй галзуугийн эмнэлэгт арваад жил болсон хэрэг. Буудуулчихаагүй нь зол болсон гэсэн үг л дээ. Тоо томшгүй ханзтай хятад хэлийг энд сурч эх хэлээр нь Күнзийн сургаалийг судалсан хэмээдэг. Бүр Хятадаар шүлэг бичсэн ч гэх.

Дорнын филисофи, яруу найраг, сэтгэлгээний онцлог түүнд ихэд таалагдсан нь уран бүтээлдээ шинэ сэргэгээр хандахад мэдээж тус дэм болсон биз. Эзра Паунд галзуугийн эмнэлгээсээ шууд гадаад руу дахин цагаачлан явахдаа сурвалжлагчдад “Америкчууд өөрсдөө галзуурсан хүмүүс” гэж хэлээд амжсан байдаг. Тэрээр яруу найрагчаас гадна гадаад хэл сурах гайхам авьяастай нэгэн байж. Ямар сайндаа хэдхэн сар гүрж хэл сураад Сталинтай хэлэлцээр хийе гэж хүний санаанд ормооргүй санал дэвшүүлж байсан гэж бод! Тоглож хэлсэн үү, эсвэл үнэхээр тэгж бодсон юм болов уу. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрбээр үзэг, цаас нийлүүлж юу ч бичээгүй дуугүй нам гүмхэн байсан нь магадгүй тэр зэн байсан ч байж мэднэ.

Дуугүй байх нь бас яруу найргийн мөр мэт ухаарал, мэдрэмж, бүр гоо сайхныг өгүүлэх нь бий. Уг нь тэрбээр хаа яваа газартаа уран бүтээлч залуусыг дагуулсан, бусдыг гайхшруулсан “галзуу” үзэл бодлоо ярьж чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн нэгэн байсансан. Бид заримдаа өөрсдөөсөө өөр сэтгэсэн, бодсон хүмүүсийг “галзуу” хэмээх нь өөрсдөө л бид галзуугаасаа болдог юм биш байгаа гэж бодогдох нь бий. Яагаад бусдыг өөр шигээ түвшинд сэтгүүлж, өөртэйгөө ижилхэн амьдрахыг шаарддаг юм болоо. Гэтэл тэр гаж мэт сэтгэлгээ, үйлдэл ямагт агуу байх нь сонин. Эзра Паунд 1972 он гэхэд амьд л байлаа шүү дээ. Бид энэ тухай мэддэг ч үгүй байлаа. Бурхан түүнд хэтийдсэн авьяас билэг, ааш зан бас урт нас заяажээ. “Өглөө бүр шинээр мандах нар шиг Өдрөөс өдөрт цоо шинээрээ бай, Үргэлж шинэчилж, өөрөө ч шинэчлэгдэж бай.”

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.