НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ФОЛКНЕР

О.Содномпил     Нийтлэгч
4 жилийн өмнө /2015-01-03 21:38:01 GMT +8 / | 4300 удаа уншсан

Их зохиолчийн ямар ном уншиж ямар зохиолчийг үнэлэн цэгнэдэг байсан нь заримдаа зохиолчын ном бүтээлээс нь илүү сонирхолтой байдаг бололтой. Түүний янз бүрийн цаг үед бас янз бүрийн газар оронд ярилцсан ярилцлагуудаас тодорхой харагддаг юм. Энэ нь лавтай 1932-1960 он гэдэг 30 жилийн хугацаанд өөрийн уншдаг номоо ямарч өөрчлөлтгүй хэлж байсан нь сонин. Өөрийн унших дуртай ном зохиогчоосоо урваагүй.Тэгээд ч зохиогч нь биш бүтээл нь чухал гэж үзэж байлаа.Жил бүр “Дон Кихот”, дөрвөөс таван жилд “Моби дик”, “Бовари хатагтай”, “Ах дүү Карамазовынхан”, арваас арван таван жилд “Хуучин гэрээ”-г уншдаг байж. Шекспирийн сонгомол нэг боть байнга ширээн дээр байж эргүүлж тойруулж хардаг ном нь байсан. Мөн Диккенс, Конрадын номыг тэр энэ гэхгүй унших дуртай байж. Яагаад заавал “Хуучин гэрээг” уншдаг мөртлөө Шинэ гэрээг уншдаггүй байсан бэ. Учир нь хуучин гэрээ эртний ардын аман зохиол, домог хамгийн эрүүл саруул хольцоогүй байсан гэж үздэг байв. Нөгөөх нь философи, үзэл бодол яруу найргийн нэмэлт зүйлс бий. Нэг нь амьд хүмүүс, хоёр дахь нь хүний хүсэл тэмүүлэл гэсэн нь бий. Цаг үеийнхээ Америкийн гол таван зохиолчийг нэрлэсээр өөрийнх нь хэлснээр насан турш тайлбарлах хэрэг гарсан юм гэнэ лээ. Нээрэн бараг ярилцлага болгонд нь лавласан байдаг юм. Уг нь эхний удаа 1. Томас Вулф 2. Дос Пассос 3. Хэмингуэй 4.Кэзер 5.Стейнбек гэж хэлсэн аж. Гэхдээ яг бичсэн цаасан дээрээ өөрөөр байсан юм билээ.

Уулзалтанд ирсэн оюутан багш нар та арай даруу зан гаргаж байна гэсэн юм билээ. Тэгвэл энэ байна гэж бичсэн жагсаалтаа тэдэнд үзүүлжээ. Энэ жагсаалт дээрхээс арай өөр байв.  1.Вулф 2.Фолкнер 3. Дос Пассос 4.Хэмингуэй 5.Стейнбек.

Яагаад Вулф нэгдүгээрт гэж. Хариулт нь тодорхой хэнээс  ч илүү боломжгүйд ойртохыг хичээсэн зохиолч ажээ. Фолкнерийн “Баавгай”-г орчин үеийн “Моби Дик” гэх нь бий. "Моби Дик”-ийг манай орчуулагч О.Чинбаяр орчуулан уншигч олондоо барьсан нь эр зориг ч байж мэднэ гэж боддог юм. Тэрбээр Жойсын алдарт “Улисс”-ыг орчуулсан. Энэ бүхэн нь дэлхийн утга зохиолын лут бүтээлийг анхлан нээж өгсөн хэрэг билээ.

Фолкнер залуудаа шүлэг бичиж хоёр ном хэвлүүлсэн юм билээ. Тэр нь нэг ч их амжилт олсонгүй. Тиймдээ ч өөрийнхөө шүлгүүдийг тааруухан гэдгийг ч хэлсэн байдаг. Гэвч өгүүллэг, тууж, романаас яруу найргыг илүү дээд шатны туурвил гэж үздэг байв. Бүр яруу найрагч болж чадаагүй хүн Роман бичдэг юм гэж ярьсан нь бий. Арван дөрвөн мөртөд бүхэл бүтэн өгүүллэг, тууж, романы санаа, үйл явдлыг багтаадаг гэж үздэг байв.

19-р зууны Америкийн таван зохиолчийг түүнээр хэлүүлж амжсан юм билээ. Хэн гээч Марк Твен, Герман Мелвилл, Теодор Драйзер үлдсэн хоёрыг нь нилээн бодох хэрэгтэй. Жишээ нь, бүтээл нь таалагддаг, нөлөөлдөг Уилла Кэзер хатагтайг онцолдог байсан ч Шервуд Андерсон, Синклер Льюис хоёрыг илүүтэйд үзсэн байдаг. Үнэндээ Уильям Фолкнерийг эх хэлээрээ бид ихэд хожуу уншсан шүү.

Саяханаас л Г.Аюурзаны орчуулгаар “Баавгай” тууж өгүүллэгийг уншиж байна. Манайхан өнгөрсөн зууны 60-аад оноос Америкийн романч Т.Драйзер, Э.Хемингуэй нарын зохиолыг цувруулан орчуулсан мөртлөө Фолкнер хэмээх энэ аварга  эрийн зохиолоос яагаад дөлөөд байсан юм болоо. Энэ зохиолч маань аль эрт 1949 онд Нобелийн шагнал хүртсэн хүн байлаа шүү дээ.

Магадгүй зарим үед амьдралын үнэнийг хатуу ширүүнийг үзүүлэх өгүүлэх хэцүү байсан байж мэднэ. Фолкнер зохиолчийн туурвилд хатуу ширүүн амьдрал дүрслэгддэгч ямагт хүмүүнлэг чанар оршдог бөлгөө. Фолкнер зохиолч өөрийн гэсэн хот дүүрэгтэй. Энэ санаанаасаа зохиосон гэх өөрийн гэсэн орон зай цаг хугацаатай. Энэ газрынх нь нэр Йокнапатора. Яруу найргийн ч нэр юм шиг. Содон сонсогдож байгаа биз. Индианаар “Ус намуухан урсана“ гэсэн үг юм гэнэ билээ. 15 роман 50-иад өгүүллэгт энэ л орон нутаг, хүн ардын амьдрал оршдог ажаам. Түүний орон нутагт 15611 хүн аж төрдөг байв. Фолкнер гэр амьтай хүн байлаа. Элдэв баяр ёслол шагналаас аль болох зугтаамтгай байв. Америкийн утга зохиол урлагийн академиас Америкийн үргэлжилсэн үгийн зохиолд таван жилд нэг удаа олгодог У.Д.Хоуэллсын медаль олгох ёслолд ирэхийг урихад тариа будаа, жимс жимсгэнэ хураах цагтай давхцсан учир очиж чадахгүйгээ эвтэйхэн бичээд,  зохиолч биш фермер хүний зовлонг тоочин уучлалт хүссэн байх жишээтэй. Шагналыг харин шуудангаар явуулсан байдаг юм. Фолкнерийг натуралист, модернист гээд янз янзаар л бичиж байв. Тэрээр өөрөө болохоор би өөрийн мэддэг, таньдаг хүмүүс тэдний амьдралыгбичдэг гэж хэлнэ. Буйдхан амьдардаг болохоор тэр болгон өнөөдрийнхөн шиг мэдээлэл багатай. Жойсын “Улисс”-тэй адилхан бичлээ гэхэд би тийм зохиол уншаагүй гээд хээвнэг хариулна. Харин утга зохиол судлаач шүүмжлэгч дурьдаж яриад байхаар Жойсийн номыг захиж зориуд унших жишээтэй. Ямар санагдав гэхээр  зүгээр сайн бичсэн байна шүү, тэгэвч дахиж уншмаар санагдсангүй.

Фолкнерийн өөрийн зохиол нь нээрэн л ухамсарын урсгал гэх мэт тэр цагийн шинэ сэргэг бүхэн байж л байх. Түүнээ нэг их сүр болгохгүй, амьдрал ийм л байдаг шүү дээ хэмээнэ. Ийм лут зохиолч бидний дунд 1962 он хүртэл уран бүтээлээ туурвиж, ургацаа хурааж, 18 наснаасаа Лондонгийн “Данхилл”-ын зөвхөн өөрийнх нь тусгай жор захиалгаар хийсэн тамхиа татан, зөвхөн үзгээр бичин амьдарч байв. Түүний нэр Шонхор шувууны нэр юм билээ. Манайд ч аль эрт үеэс шонхор шувууг эрхэмлэн дээдэлж сүр сүлдээ хийж байсан уламж бий. Фолкнер зан чанар, амьдралыг үзэх үзэл эр зоригоороо нэр шигээ эр байв. Түүний “Амжилт бол яг л бүсгүй хүнтэй адилхан” гэсэн үг бий. Үүнийг ухаж ойлговоос санаж явахад гэмгүй л үг байгаа биз.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.