НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

“БИ”-гээр өвчилж “БИД”-ээс алсарсан улс төр

Б.Ерэнтэй     Нийтлэгч
4 жилийн өмнө /2016-01-11 18:53:10 GMT +8 / | 3349 удаа уншсан

0426067be05b3708big

     Төрийн үүргийг багцалсан утгаар нь тодорхойлбол улс орноо хөгжүүлэхэд оршдог. Үүний тулд тухайн цаг үеэсээ хамааран ард иргэдээсээ авчихаж болно, бас өгчихөж ч болно. Харин олон зуун жилээр мөрдөж хүндэлж ирсэн үндэсний үнэт зүйлс ёс заншлыг нь хуулиар зохицуулах нэрээр өөрчлөнө гэдэг уг үндэстнийг өөрийн гэх юмгүй болгож устгаж байна гэсэн үг. Аль ч улс үндэстэнд баримталж байдаг нэг бичигдээгүй хууль байдаг. Өөрөөр хэлбэл, “өөрийн гэх юмгүй бол өөрөө бас үгүй болно”гэдэг зарчим. Хэдийгээр улс үндэстэн бүрийн эрхэмлэж явдаг үнэт зүйлс өөр, заримдаа тэс өөр байдаг ч гэлээ соёл боловсролтой хүн үүнийг хэзээ ч буруу гэж үздэггүй. Товчхондоо хуулиар гул барьж “соёлжуулдаггүй”. Жишээ нь өрнөдийнхөн “Би” гэдэг үзлийг дээдэлдэг бол дорно дахиныхан “Бид” гэдэг үзлийг дээдэлдэг. Өрнөдийнхөн хүүхдээ насанд хүрэнгүүт бие дааж өөрөө амьдар гээд гэрээсээ хөөж орхино, хүүхдүүд нь аав, ээжийгээ өндөр настай болохоор нь асрамжийн газар аваачаад өгчихнө. Тэгвэл дорно дахиныхан эцэг, эх, үр хүүхэдтэйгээ үхэн үхтлээ холбоотой амьдарна. Тэр хэрээр хүүхэд хүмүүжүүлэх арга нь хүртэл өөр өөр байдаг хэрэг. Басхүү монголчууд эрхийг сургахаар бэрхийг сурга. Хайр нь дотроо хатуу нь гаднаа гэдэг.

     Товчхондоо ардчилсан даяаршсан ертөнцөд аж төрж байгаа ч бидний монголчууд дорны бид гэх үзлээсээ салж болохгүй гээд байна л даа. Магад энэ нь бидний бусдаас ялгарах, магадгүй өнөөг хүртэл оршин тогтнох үндэс ч байж болох. Харамсалтай нь “бид”-ээс зугтаж “би”-д шүтэгсдийн эгнээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр банйа. Аль ч салбарт тэр. Гэрт, сургууль, ажил тэр ч бүү хэл улсын бодлого тодорхойлох төвшинд хүртэл. Улс орны хувь заяаг шийдэх хууль боловсруулах төвшинд хүртэл бид бус би давамгайлдаг болчихож. Хамгийн сүүлийн агаад хамгийн ойрын жишээг шинэчлэн батлагдсан Сонгуулийн хууль гэж хэлж болно. Шинэчлэн батлагдсан Сонуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчиж байгаа талаар парламентад суудалгүй намуудын төлөөлөл мэдэгдэж байна. Тэд Сонгуулийн түхай хууль Үндсэн хуулийг, Сонгуулийн хуулийн 12.1-д “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт нь сонгууль болохоос зургаан сарын өмнө байгуулагдсан улс төрийн намын сонгуульд оролцох эрхийг шууд хасаж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “… тэгш байдал нь… нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” заасан гэсэн заалтыг, түүнчлэн олон нийтийн байгууллагаас УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхийг хасаж байгаагаараа мөн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т “Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж мэдэгдлээ. Мөн Сонгуулийн хуулийн 12.4-т “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт нь сонгуулийн эрх бүхий иргэд өөрсдийгөө найдвартай төлөөлж чадах бусад иргэний нэрийг дэвшүүлэх эрхийг хасаж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуүлийн гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д Монгол Улсын иргэн “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд …шууд сонгох эрхийн үндсэн дээр…сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн. Түүгээр ч барахгүй Сонгуулийн хуулийн 50.3-т “Энэ хуулиар хориглоогүй, түүнчлэн тухайн хуулийн этгээдийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд хандивлагч байж болно” гэж заасан нь УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийг дотоод ба гадаадын ашгийн төлөө хуулийн этгээд сонгуулийн хандив гэдгээр худалдан авч сонгуулах боломжийг олгож байгаагаараа Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтыг… Сонгуулийн хуулийн 69.1-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван дөрөв хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн хэмээв. Сонгуулийн тухай хуулийг батлах боломжтой парламентад сууж буй намууд уг хуулийн улс нийгэмд нөлөөлөх нөлөөллөөс илүүтэй ирэх сонгуульд эргэн их хуралд орж суух боломжоо бодолцон асуудалд хандсан болох нь илт харагдана. Улс төр зөв хөгжихөд гуравдагч хүчний үүрэг их хэмээдэг. Харин Парламентад суудалтай намууд, гуравдагчийг тойргоос шахаж гарган, өөрсдөө эзэн суухыг илүүд үзжээ. Шуудхан хэлчихэд, Азийн төвд орших ардчилсан Монгол Улсын хууль боловсруулагч, эрх баригчид “би”-гээр өвчилж, “бид”-ээс зугтдаг, зугтсаар л байна… Хаа хүртэл зугтах бол… Гараанаас гарсан юм чинь барианд орж таарна гэж хүлээгээд суух нь бас хаашаа ч юм бэ…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.