НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

АУГАА өрсөлдөгчид

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
2 жилийн өмнө /2015-04-18 21:46:54 GMT +8 / | 8989 удаа уншсан

София Ротару, Алла Пугачева хоёрыг бараг нас чацуу гэхэд болно. Тэд 615 өдөр буюу нэг жил найман сар ганц долоо хоногийн зөрүүтэй төрсөн хүмүүс. Гэхдээ  Ротару, Аллагаас түрүүлж Оросын эстрадын урлагт орж ирсэн юм. Тэр зүгээр нэг дундаж, хэнд ч анзаарагдахааргүй дуучин байсангүй.  Далайн давалгаатай зүйрлэх юм бол маш хүчтэй түрсэн, намжихааргүй “давалгаа” байлаа. Төд удалгүй Алла Пугачева гэсэн нэгэн шинэ дуучин эстрадын урлагт өөрийгөө тунхаглан зарлалаа.  Энэ үеэс хүч тэнцүү хоёр дуучин эмэгтэйн эцэс төгсгөлгүй өрсөлдөөн эхэлсэн гэдэг. Үүнтэй зэрэгцэн олны дунд дуучин хүүхнүүд уран бүтээлээрээ төдийгүй хувийн амьдралаараа ч хэн нэгнээсээ илүү гарахыг хичээдэг гэсэн цуу яриа дэгдсэн байна. Тэднийг  шүтэн бишрэгчид нь “Агуу өрсөлдөгчид” гэж тоглоомоор хэлдэг.

Алла уулнаас бууж буй хүрхрээ шиг бол София намуухан тасралтгүй урсах мөрөнтэй адил

Алла өөрийгөө цэвэр орос гэдгээрээ бахархдаг. Түүний бага нас  бум бужигнаж, түм түжигнэсэн том хот Москвад өнгөрсөн.  Соня буюу София бол арай өөр. Тэр жижигхэн тосгонд төрж өссөн хүн.  Соня хуучин Румыний Маршинцы тосгонд  төржээ. Энэ тосгон хожим ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украиных болсон юмсанж.  Сонягийн аав ээж нь молдав хүмүүс болохоор Ротару гэсэн овогтой аж.  Түүний аав ээж нь хамтралын усан үзмийн талбайд ажилладаг байжээ.  Ротаругийнхан зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айл байв. Тэдний хоёр дахь охин сэргэлэн хөдөлгөөнтэй Соня нь хөнгөн атлетикаар  хичээллэн спартакиадад оролцон гүйлтийн аварга хүртэл болж байжээ. Мөн сургуулийнхаа найрал дууны бүрэлдэхүүнд оролцож дуулдаг байж. Үүний зэрэгцээ сүмийн найрал дуунд дуулж байгаад пионерийн гишүүнээсээ золтой хөөгдчихөөгүй гэдэг. Том эгч нь хижгээр өвдөж нүд нь сохорсон тул гэрийнхээ ажилд тусалж, дүү нараа асран халамжлах үүрэг жижигхэн  Соняд ногджээ. Тэр үнээ сааж, зах дээр ногоо зарж, зарсан мөнгөөрөө гэрийнхэндээ талх худалдан авдаг байсан аж. Оройдоо аавынхаа баян хуур хөгжмийн аялгуунд бүжиглэж дуулдаг байв.  Энэ үед тэднийхэн хүнд хүчир хөдөлмөр, тарчиг зүдүү амьдралаа мартаж, хөгжилдөн, баясгалантай байсан гэдэг.  Соня  ээж аавынхаа үгнээс гардаггүй дуулгавартай сайн охин байсан бол Алла эрэгтэй хүүхдүүдээс дутахгүй гэдгээ харуулахын тулд 13 настайдаа тамхи татаж,  хэнд ч мөчөөгөө өгөхгүйн тулд тэдэнтэй гар зөрүүлж хүртэл үзжээ. Ээж нь түүнд “Болзоонд явахад арай эрт байна” гэж хэлсний төлөө гэрээсээ оргон явж, Курскийн галт тэрэгний буудал дээр хүртэл хонож байсан гэдэг. Аажмаар түүнээс хүүхдүүд ялангуяа эрэгтэй хүүхдүүд их айдаг болж, үгнээс нь гарахаа больжээ. Гэхдээ Аллаг хэн ч хөөрхөн охин гэдэггүй байв. Соняд түүн шиг тэмцэгч чанар байгаагүй  хэдий ч аажуухнаар санасандаа хүрдэг байсан аж. Соняг бүгд л хөөрхөн, сайн охин хэмээн магтахаас гадна үеийнхэн нь түүнээс ямар нэгэн туслалцаа үргэлж хүсдэг  байсан тухай дурсахдаа “Тосгоныхны амьдрал хотынхоос өөр шүү дээ. Бие биенээ сайн мэднэ. Нэгэндээ чадах ядахаараа тусалцгаана. Эргээд бодоход сайхан санагддаг юм” гэж ярьжээ.   Ротаругийн алдарт хүрэх зам сайн дурын уран сайхнаас эхэлжээ. Тэрээр 1962 онд дүүргийн сайн дурын сайханчдын уралдаанд оролцон тэргүүн байр анх эзэлсэн гэдэг. Тэгэхэд тэр дунд сургуулиа ч төгсөөгүй байжээ.  Үүний дараа мужийн    уралдаанд орж, мөн л тэргүүн байрт орсон аж. Тэндээсээ Киев хот руу явж, улсын хэмжээний уралдаанд орж нэгдүгээр байр эзэлсэн нь түүнийг хөгжмийн сургуульд суралцах замыг нь засч өгсөн байна. Үүнээс гадна София сайн дурын уран сайханчдын чуулгын бүрэлдэхүүнд орж, Мосвад очиж Кремлийн ордонд дуулжээ. Нэг удаа Софиягийн зураг “Украина” сэтгүүлийн гадна хавтсанд нийтлэгдсэн байна. Уг сэтгүүлийн зургийг  цэргийн алба хааж байсан 23 настай  украин залуу Анатолий Евдокимеко олж авч хадгалсан юмсанж. Тэр цэргээс ирээд Черновцы хотынхоо Их сургуулийн физик-математикийн ангид суралцахын зэрэгцээ  эстрадын “Эмо” хамтлагт орж бүрээ үлээдэг болжээ. Энэ үед хөгжмийн сургуулийн оюутан София Ротару   санамсаргүй “Эмо” хамтлагийнхантай тааралджээ. Анатолий түүнд “Эмо” хамтлагийн гоцлол дуучин болох санал тавихад бүсгүй зөвшөөрсөн байна.  Тэгэхэд Алла юу хийж байв? Соня аравдугаар ангиа төгссөн бол Алла наймдугаар ангиа төгсөнгүүтээ Ипполит –Ивановын нэрэмжит хөгжмийн дунд сургуульд оржээ. Тэр дуулахаасаа илүү хөгжим ялангуяа төгөлдөр хуураар сайн хөгжимддөг, бүгд түүнийг сонсгол сайтай гэж магтдаг байв.  Нэг удаа Алла төгөлдөр хуурын багшдаа “Би танд өөрийнхөө зохиосон нэг дууг дуулж өгье” гэж хэлжээ. Аав нь өвчтэй байсан болохоор Алла тэр дууг их гунигтай дуулаад дараа нь уйлсан гэдэг. Роза Иосифовна багш нь  “Алла чи дуулж байгаа шигээ төгөлдөр хуураар  ингэж  сэтгэлээсээ тогло. Хөгжимдөхөд бас сэтгэл хэрэгтэй байдаг юм” гэж хэлжээ. Үүний дараа тэр ээжид нь “Охиноо дуулуулж сурга” гэж зөвлөсөн байна. Охиноо хөгжимчин болгох хүсэлтэй  байсан ээж нь энэ зөвлөгөөг  дурамжхан хүлээн авчээ.  Хөгжмийн дунд сургуульд  сурч байхдаа Алла тамхи татдаг муу зуршлаа орхисонгүйгээр үл барам дээр нь нэмээд  шар айраг, дарс хүртдэг болжээ.

Тэр бүсгүйчүүдээс илүү залуустай найзалдаг байв. Залуус түүнийг “өөрийн хүн” гэж үзэн бусдад хэлж  болохгүй нууцаа Аллад дэлгэдэг байж. Түүний санасан бодсоноо шулуухан хэлчихдэг, хэнд ч бууж өгөх дургүй зан нь найзуудад нь таалагддаг байсан гэдэг. Алла нэг удаа ангийнхаа охиныг уруу татан  хичээлээ хамтдаа тасалчихаад  явж байтал нь гэнэт ширүүн бороо асгарч, тэд бороонд норохоос зугтан хажуугийнхаа клубт оржээ. Клубт Пермь хамтлаг  Свердловск хотоор аялан тоглож, мөн хамтлагт дуучин шалгаруулж байжээ. “Ямар ч хүн манай шалгаруулалтад оролцож болно. Гарч ирээд дуулна уу” гэж хэн нэгнийг зарлахад Алла тайзан дээр гарч Л.Мерабов, М.Танич нарын “Робот” гэсэн дууг дуулахад клубт байсан хүмүүс түүнд баяр хүргэн алга ташицгаажээ. Хамтлагийн ахлагчид ч гэсэн Аллагийн дуу их таалагдаж, түүнийг аялан тоглолтоор авч явжээ. Аялан тоглолтын үеэр Алла өөрийгөө тун дуулгавартай сайн байсан гэж хожим нь дурсан ярьсан байдаг.   Дараагийн жил нь Алла радиогийн  “Өглөөний мэнд” нэвтрүүлэгт оролцож “Робот” дуугаа дуулжээ.  Төд удалгүй  энэ дуу хүмүүсийн дунд ихэд алдаршиж, Аллагийн дуулсан дуу  Бүх Холбоотын радиогоор байнга явах болов. Аллаг радиогийн “од” болж байх үед  София Ротаругийн тухай “Маршинцы тосгоны алтан гургалдай” гэсэн баримтат кино гарч байлаа. Мөн София Ротару Анатолий Евдокименко хоёр улам дотносч, нэгэн сайхан өдөр гэрлэхээр шийдсэнээ нийтэд мэдэгджээ. Тэд хуримаа хийж, 35 жил хорвоог хамтдаа туулжээ. Харамсалтай нь Евдокименко  2000 оны эхээр өвчний улмаас нас барж, София бэлэвсэрсэн юм. Аллагийн хувийн амьдрал Софиягийнхаас тэс өөр гэдгийг  бүгд мэднэ. Түүний хайр дурлалын түүх ганц нэгээр тогтохгүй. Энэ тухай ярья гэвэл урт хугацаа шаардагдах болно. Нэг үе Алла Пугачева  багшлах болжээ. 1968 онд София Ротару Болгарт болсон Дэлхийн Залуучууд оюутны IX наадамд оролцож, алтан медаль хүртсэн байна. София өдрөөс өдөрт алдаршиж байв. Харин 1968 оны тэр зун Алла шалгалтан дээрээ “бүдэрчээ”. Тэрээр онолын шалтгалтаа сайн өгсөн боловч дуулаачийн ур чадварыг нь шалтгалтын комиссын дарга  “Хэтэрхий эстрад тал руу хэлбийсэн байна. Ийм байдлыг Зөвлөлтийн сургууль гаргах ёсгүй” гэж шүүмжилсэн байна. Ингээд түүнийг хагас жил орчим хөгжмийн багшаар ажиллуулах болжээ. Алла Пугачева Москвагийн Ташкент гудамжинд шинээр байгуулагдсан сургуульд дуу хөгжмийн хичээл заах болжээ. Бараг анхны хичээлийнх нь дараа хүүхдүүд түүнийг “хашгичаа” гэж хочлох болжээ. Туршлагагүй залуухан багш дуулгавар муутай хүүхдүүд рүү хашгирахаас өөр яах ч юм билээ. Гэхдээ нэг удаа Алла тэдэнд “Хэрэв  хүн шоолж танхайраад байвал бүгдийг нь гөвөөд хаячихна шүү” гэж этгээд чанга дуугаар хэлжээ. Түүний дууны өнгө хүүхдүүдийг гайхшруулж яаж ч мэдэх хүн байна гэсэн ойлголт төрүүлсэн байж магадгүй. Юутай ч энэ явдлаас хойш Аллагийн үгэнд хүүхдүүд ордог болоод зогссонгүй тэд хичээлийн дараа түүний дуулахыг сонсож, бүр биширдэг болжээ. Гэхдээ Алла дуучин болох хүслээ орхиогүй тул удаан багшилсангүй. 1970-аад оны эхэн үеэс Алла урьдын адил дуулах болсон хэдий ч дуучны хувьд гүйцэд төлөвших чадаагүй байв.  

Харин үзэсгэлэнтэй, намуун дөлгөөн София Ротару “Червона рута” хамтлагийн гоцлол дуучин болов. 1972 онд “Червона рута” хамтлаг  Москвад ирж тогложээ. Эхлээд тус хамтлаг Москвагийн ойролцоохь  Сансрын нисэгчдийн хотхонд тоглосон байна. Сансрын нисэгчид тэдний тогллолтыг маш элэгсэг дотно хүлээн авч “Бид сансарт нисэхдээ та бүхний дууг сэтгэл зүрхэндээ тээж явах болно” гэсэн урмын үг хайрлажээ. “Червона рута” нь улаан цэцэг гэсэн утгатай аж. Украинуудын дунд дэлгэрсэн нэгэн домогт рута гэсэн шаргал цэцэг нь Карпатад ургадаг бөгөөд шөнө хэсэгхэн хугацаанд өнгө нь улаан болж хувирдаг. Энэ цэцгийг олж дэлбээг нь тасдсан залуу бүсгүй насан туршийн сайхан хайртайгаа учирдаг гэж өгүүлжээ. “Червона рута” хамтлаг Зүүн Европын орнуудаар аялан тоглолт хийх бүрт нь София Ротару цуг явж дуулдаг байв. Үүний зэрэгцээ тэр Молдавын Хөгжмийн дээд сургуульд  суралцан төгсчээ. Тэгэхэд Молдавын хөгжмийн нэрт зохиолч Евгений Дога Кишинев хотын тухай баримтат кинонд зориулж “Миний цагаан хот” гэсэн дуу зохиож, дуугаа София Ротаругаар дуулуулахаар болсон гэдэг. Хожим София Ротару “Миний цагаан хот” дуугаар Болгарт жил бүр болдог “Золотой Орфей” олон улсын эстрадын дууны наадамд оролцож тэргүүн байрын шагнал хүртжээ. Энэ явдлаас хойш хэдхэн жилийн дараа Алла Пугачева “Арлекино” дуугаараа “Золотой Орфей”   наадмын гран при шагналыг авсан байна.  Алла энэ амжилтад хүрэхээсээ өмнө нэг хамтлагаас нөгөө рүү байнга орж гардаг байсан болохоор София Ротаруг  бодвол өргөн хүрээнийхэнд төдийлэн сайн танигдаагүй байв. “Золотой Орфей” наадмаас хойш “Арлекино” дуу Аллагийн нэрийн хуудас болж, дуучин ч өөрөө Оросын эстрадын урлагийн тодоос тод гялалзсан од гэж нийтэд хүлээн зөвшөөрөгджээ. Тэр үеийн нэгэн сэтгүүлд  Аллагийн дуулахыг уулнаас бууж буй үзэсгэлэнт хүрхрээ шиг, Софияг  намуухан тасралтгүй урсах мөрөн шиг гайхамшигтай хэмээн бичсэнээр энэ хоёр нэгэн цаг үеийн гайхалтай дуучдыг өөр хооронд нь сөргүүлэх эхлэлийг тавьсан гэх нь бий. Тэд нэгэн улс оронд амьдарч байсан хэдий ч хоёр өөр газар дуулж ирсэн хүмүүс.  Тэдэнд хэн нэгэндээ мөчөөрхөх зав зай ч байгаагүй билээ. Гэхдээ тэднийг яагаад ч юм бэ мөнхийн өрсөлдөгчид гэж үздэг болсон гэдэг. Алла Пугачеваг ид алдаршиж байхад АНУ-д  “Червона рута” хамтлагийн пянз бичлэгийг гаргажээ. “Хөрөнгөтөн” улс социалист орны дуу хөгжмийг нийтэд сонсгохоор гаргана гэдэг бол тухайн үедээ өдрийн од шиг ховор зүйл байж.  Гэхдээ америкууд пянзанд “Червона рута” хамтлагийн украин хэлээр дуулсан дуунуудыг түүж авч оруулжээ. Тэр дунд София Ротаругийн дуунууд байсан нь мэдээж. “Червона рута” хамтлагийн пянз гарсны дараа Алла пянзаа  гаргасан аж. Алла дуучин төдийгүй сайн жүжигчин хүн гэдгээ дуулалтаараа харуулж чадсан нь үзэгчдийг өөртөө татах нэг хөшүүрэг болж байжээ.

Биднийг хэн ч гүйцэхгүй

Нэг үе Софиягийн тухай элдэв цуу яриа дэгдэх болов. Юуны өмнө түүнийг уушги  муутай, багтраа өвчний улмаас хоолой нь гарахаа больсон  гэсэн яриа таржээ. София Ротару дэндүү туранхай, сул биетэй байсхийгээд өвдчихдөг байв. Тийм болохоор байнга аялан тоглолтоор явж бэлтгэл сургууль хийж, ачаалал их байх нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж иржээ. Уушиг нь эрүүл хэдий ч хоолой нь асуудалтай болсон нь үнэн байсан аж.   Хоолойн хөвч нь үе үе зангирч, дуу нь гарахаа больж байсан удаатай. Үүний улмаас тэр хагалгаа хийлгэсэн боловч олон газартай гэрээ хэлэлцээртэй  байсан тул хоёр сар дуулахгүй байж чадсангүй. Ингээд дахиад хагалгаанд орж бүтэн сар хүнтэй ч ярьж чадахгүй байсан гэдэг. Энэ үед түүний тухай элдэв цуу яриа тасарсангүй. Яагаад ч юм бэ нэг сонин дээр Алла Пугачева “София Ротару дахин тайзан дээр  дуулж чадахгүй” гэж хэлсэн гээд биччихсэн байж.   Алла өөрөө ингэж хэлсэн эсэх талаараа  ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Юутай ч, хүмүүс түүний ярианд итгэж орхисон гэдэг.   Гэтэл хоёр сарын дараа София Ротару эрүүл саруул болсон төдийгүй  дахин  тайзан дээр гарч ирж, бүр өмнөхөөсөө илүү сайн дуулсан байна.  Мөн тэр найруулагч Александр Стефановичийн  “Сэтгэлийн дуудлага” кинонд тогложээ. Уг кинонд эмч дуулахыг хориглосон дуучны амьдралын тухай өгүүлжээ. София Ротаругийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн энэ киног  дэлгэцнээ гарсан эхний сард нь 44 сая хүн үзжээ. Кино олны анхаарлыг татсан хэдий ч дуучны өвчний талаархи цуу яриаг улам дэврээсэн байна. Нэг удаа София Ротару “Надаас сурвалжлагчид  бараг 40 шахам жил Аллатай ямар харилцаатай байдаг  вэ гэж асуулаа.  Бид жирийн харилцаатай хүмүүс” гэсэн нэгэн хэвийн хариулт өгсөөр удлаа гэж хэлжээ.  Тэд анх  телевизийн шинэ жилийн ”Цэнхэр дэлгэц” нэвтрүүлэгт оролцохдоо танилцсан гэдэг.  Нэвтрүүлгийн үеэр Алла “Би зүс царайгаараа хүнийг өөртөө татаж үзээгүй. Зарим хүн шиг үзэсгэлэнтэй гэж магтуулж яваагүй. Надад байгаа ганц юм миний хүчирхэг хоолой” гэж хэлжээ. Энэ үеэр тэр тухайн үед хит болж байсан “Хаад бүгдийг чадна” гэсэн дуугаа дуулжээ.  Харин София Ротару  “Хунгийн үнэнч сэтгэл” алдарт дуугаа дуулж, “Би тосгоны хүн болохоор шинэ содон юмыг хожуу сонсож хүлээж авдаг байсан” гэсэн утгатай зүйл ярьсан аж. Эдгээр яриаг хүмүүс өөр өөрийнхөө ойлголтоор элдэв хачиртай тайлбарласан гэдэг. Он жил алсран холдсон ч, нэгэн цаг үеийн хоёр алдарт дуучин олны анхаарлын төвд байсаар байна.

“You tube”-ээр цацагдсан тэдний цугтаа бүжиглэж буй бичлэг,  хамтдаа дуулсан  “Биднийг гүйцэхгүй” гэсэн дуу нь энэ хоёр дуучныг гүйцэх хүн нэгэн үе байгаагүй гэдгийг дахин өгүүлэх шиг болдог юм.

Гэхдээ энэ үеэр Алла сэтгэл нь хөдөлсөндөө болсон уу эсвэл үнэнээсээ юу бүү мэд ямар ч гэсэн өнгөрсөн он жилүүдэд Софияд хүйтэн хөндий хандаж байснаа нийтийн өмнө шулуухан хэлж байсан гэдэг.   Тэгэхэд  Ротару урьдын адил сэтгэл хөдлөм сайхан харагдаж байв. Харин түүний амьдралдаа туулж өнгөрүүлсэн зовлонг нүднийх нь гунигтай харц илтгэж байсан аж.  София өнгөрсөн зун сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа “ Анатолий бол миний амьдралд тохиолдсон цорын ганц хайр, түшигтэй сайхан хань минь байсан юм. Бидний амьдралд гарч байсан төвөгтэй асуудлыг түүний хэмжээлшгүй хайр, ухаалаг шийдвэрийн хүчээр даван туулж чаддаг байж билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр надад улам их санагдаж үгүйлэгдэх юм ” гэж хэлжээ. Тэр боломж гарсан ч хоёр дахь удаагаа гэрлэсэнгүй. Түүнийг нөхөр нь хамгаалж, оддын талаар гардаг элдэв хов живнээс ангид байлгаж  чаддаг байж. Ялангуяа Алла Пугачеватай холбоотой зүйл дээр их болгоомжтой ханддаг байсан гэдэг. София Ротаругийн эрүүл мэндтэй холбоотой цуу ярианаас гадна “Сэтгэлийн дуудлага” киноных нь үеэр Алла өөрийгөө барьж чадалгүй бас л нэг шуугиан дэгдээж орхижээ. Уг киног Аллагийн “ээлжит” нөхөр Александр Стефанович найруулж байсан юмсанж.  Хүүхэмсүү зантай Александр зураг авалт дууссаны дараа харанхуй өрөөнд цайвар шаргал үстэй нэгэн үл таних хүүхэнтэй уулзаж байх үед нь Алла тааралджээ.  Маргааш өдөр нь Алла зураг авалтын талбай дээр очиж хашгичин загнаж, нөхрийнхөө машины цонхыг  хүнд төмрөөр хага цохиж хаяад хэлэх хэлэхгүй баахан хараалын үг чулуудсаныхаа дараа бага зэрэг тайвширч  ямар кино хийж байгааг нь хажуу дахь хүнээсээ асуутал  София Ротаругийн тухай кино хийж байгааг сонсонгуутаа галзууртлаа уурласандаа золтой ухаан алдаж унасангүй.  Алла Пугачева биеэ барьж чаддаггүй  сул талтай.  Нэгэн тэмдэглэлт ойд зориулсан алдартай дуучдын тоглолтонд оролцохоор явж байхдаа   София Ротаруг хаалгаар орж явахыг нь харжээ.  Ингээд түүнийг мөн ойн тоглолтонд оролцох гэж байгааг мэдэнгүүтээ “Та нар тэр хайртай Сонечкагаа л сонс” гээд хаалга тас чулуудан гарч явж байсан удаатай. Мөн гадаадын аялан тоглолтонд оролцох дуучдын жагсаалт дунд Софиягийн нэр байгааг харангуутаа Алла түүнтэй цуг явахгүй гэдгээ шулуухан хэлчихжээ. Ротаруд энэ бүгдийг  хэлэх “сайхан сэтгэлтэн” дорхноо олдолгүй яахав. Түүний зүгээс болсон бүхэнд хүлээцтэй тэвчээртэй хандахад нөхөр нь тусалдаг байж.  Нөхрийнхөө зөвлөснөөр нэг хэсэг София Ротару Москва, Ленинград зэрэг хотод болсон том тоглолтонд оролцохоо байсан гэдэг.

Алла өөрөө элдэв ааш гаргаад зогсохгүй бусдыг Софиягийн эсрэг тухирч иржээ. Тийм болохоор София Ротару нэг хэсэг усанд унасан чулуу шиг чимээгүй нам гүм байсан гэдэг. Гэхдээ гадаадад хийх аялан тоглолтоо зогсоосонгүй. Тэрнийг нь Алла ч тоосонгүй. Түүний нүдэнд София харагдахгүй л байх нь чухал байсан бололтой. Гэвч цагийн аясаар хоёр дуучин эвлэрсэн байна. Эвлэрэх анхны алхамыг  Алла Пугачева хийжээ.  2006 онд залуу дуучдын дунд Юрмалад  болдог “Новая волна” тэмцээний үеэр Пугачева бага зэрэг чичирсэн хоолойгоор София Ротаруг тайзнаа гарч ирж байгааг зарлахдаа түүний тухай магтаалын олон сайхан үг хэлжээ.  Үүний дараа София Алла руу шууд чиглэн ирж, түүнийг тэврэн, магтаалын үг хэлсэнд нь талархаад дуулж эхэлсэн гэдэг. Ротаруг дуулж дууссаны дараа Алла түүнд “Чи хамгийн шилдэг нь” гэсэн бичигтэй цэцгийн баглаа бэлэглэжээ. София Ротару үүний хариуд Аллаг 60 насныхаа ойд урихаа мартсангүй. Алла ч түүний төрсөн өдрийн баярт оролцон Софияд 100 мянган долларын үнэтэй гоёлын зүүлт бэлэглэжээ. Хожим Алла Пугачева “Дайсагнасан он жилүүдийн хооронд бид дуу хөгжмийн урлагт хамтдаа их зүйл хийж болох байсан. Харамсалтай нь цаг хугацааг дэмий үржээ” гэж хэлжээ. Дараа нь тэд хамтдаа дуулаад зогсоогүй Алла товшуур бүжиг бүжиглэж цугларсан олныг гайхшруулсан гэдэг. Тэр үеэс хойш София Аллагийн ойн тоглолтонд оролцож, төрсөн өдрийн баярт нь уригддаг болсон юм. София, Алла хоёр хөгжмийн урлагт авьяас чадлаа зориулснаасаа хойш даруй 40 гаруй жилийг ардаа орхижээ. Энэ бол хэн нэгнийг чин сэтгэлээсээ хамгийн шилдэг нь гэж хүлээн зөвшөөрхөд хангалттай урт хугацаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.