НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

БУСОН

О.Содномпил     Нийтлэгч
5 жилийн өмнө /2015-05-21 21:58:44 GMT +8 / | 7153 удаа уншсан

Яг угтаа бол Бусон яруу найрагчаасаа илүү зураачаараа алдартай байв. Харин яруу найрагчийн нэр хүнд бүр хойно арван есдүгээр зууны сүүлчээр ирсэн гэхэд болно. Энэ үе бол яруу найргийн хүрээнийхэн үндэсний уламжлалт соёлынхоо өв лүү хандсан үе байлаа. Яруу найрагчийн хувьд алдар цуут Мацуо Басётай эн зэрэгцэм гэж үнэлэгдэх нь бий. Бусоны үед Басёгийн хайкугийн уламжлал тасарчихаад байж. Хайку бол өчүүхэн жижиг, асар томын, оюун санаа, бодит байдлын, хүн, байгалийн, агшины болон мөнхийн нэгдэл бөлгөө.

Хавар – Зун – Намар – Өвөл. Эргэх дөрвөн цаг. Энэ зөвхөн хайку шүлгийн сэдэв төдий бус гайхалтай гүн сэтгэлгээ. Энэ л дөрвөн цагийн эргэлт дор орон зай, цаг хугацаа ээлжлэн өнгөрч байгаль, хүн хоёр хөдлөж өөрчлөгдөнө. Хүний ертөнцөд бас ийм эргэх дөрвөн улирал, орон зай, цаг хугацаа байх ажээ. Байгаль ертөнцтэй хүний ертөнцтэй мөнх холбогдох бөлгөө. Хайку нь хамгийн энгийн мэт боловч цаад утга санааг яаж ч ойлгож болохоор тунгаан ухаж ойлгоход ч хүчин мөхөсдмөөр шүү. Өнгөцхөн бодоход агшины мэдрэмж ч юм шиг.  Хайку нь дотроо гурван хэсгээс бүрдсэн, (5-7-5) үет хэмнэлтэй 17 үет шүлэг юмаа. Манайхан гурван мөрт шүлэг бичээд Монгол хайку хэмээх нь бий. Ийм юм байхгүй л дээ. Энэ бол Японы оюун санаа, сэтгэлгээ , хэл бичиг, байгаль, аж амьдралын бүтээл. Түүнээс Монгол, эсвэл Франц, Орос хайку гэж байхгүй. Гурван мөрт шүлэг энэ тэр гэж нэрлэж болох. Түүнээс хайку гэдэг тэс ондоо ойлголт.   Япончууд уран бүтээл туурвихдаа нууц нэр, буюу уран бүтээлийн нэртэй болдог уламжлалтай. Өөрийн бүтээл туурвилын үе бүхэндээ ч нэрээ өөрчилж болдог аж. Энэ нь хуучнаасаа өөр шинээр  төрж байгаа гэсэн утгаар юм л даа.

Бусон гэж түүний насанд хүрсэн үедээ өөртөө өгсөн нэр нь. Үүнээс өмнө Буссон, Еса, Эса, Тэсо, Пса, Танигути гээд толгой эргэм олон нэртэй байж. Нэр бүхэн учир холбогдолтой. Тосгоны ахлагч Танигутийн хөвүүн учраас эцгийнхээ нэрийг авч. Ээж нь Ёса нутгийн хүн байсан тул Ёса Бусон хэмээж. Харин эдүгээ жин­хэнэ нэрийг нь хэн ч үл мэднэ. Гунигтай ч юм шиг. Япон ор­ноороо арван жил “тэнэсэн” юм билээ. Басё бас ийм тэнэмэл амьдралаар аж төрсөн бай­даг. Тэдний бод­лоор амьд­ралыг танин мэдэхэд энэ хэсүүчлэл их тустай ажээ. Нээрэн ч тийм байх шүү. Хайку бичих ширээний ар дахь ажил биш дэг. Байгальтай, цаг хугацаатай, орон зайтай мөнх, мөнх бустай нэгдэж гэмээн бичих бизээ.

Бусон зураачийнхаа хувьд Тэсо нэрээрээ алдартай. 45 насандаа сая нэг хэрмэл амьдралаа ор­хиж, эхнэр авч Куно гэдэг охинтой болжээ. Яруу найргийг за­луу насны ажил гэх явган яриа бий. Ясны яруу най­рагч бол на­сан туршаа бич­­нэ. Бусон амьдралынхаа сүүлийн жилүүдэд бүр сайн бичсэн юм билээ. Бусоны хайкуг ойлгоход зэнгийн философи шин­тонимийг мэдэх шаардлага­тай болно. Барууны уран бүтээлч томчуул зэнгийн фило­софийг амьд­ралынхаа сүүлч рүүгээ анзаарч ойшоодог нь учиртай даг аа.

Бусон зураач байсан учраас Хайгагийн их мастер байв. “Хай” гэдэг нь шүлэг, “га” гэдэг нь “зураг” гэсэн үг аж. Үгчилбэл шүлэгтэй зураг, эсвэл хайкуг сэдэвлэсэн уран зураг гэж хэлж болно. Тэхдээ хайкугаа бийрээр зургийнхаа хамт бичдэг юмсанж. Бийрийн уран бичлэг ч гэмээр юм уу. Зураач хүн учраас Бусоны хайку гайхалтай уран, бас дүрслэгээтэй. Хайкуг бүдүүлэг хар үгээр бичихээс холдуулж оюунлаг боловсон тал руу оруулсан, үлгэрлэсэн хүн нь Бусон юм. Уран зургийн хувьд ч ялгаагүй. Зураач, яруу найрагчдыг сэхээтэнлиг, боловсролтой болоход ном унших, судлахын ач тусыг ихэд сурталчилж шаарддаг байсан юм билээ.  Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Хадзина багшийнхаа уран бүтээлийн нууц нэр Яхантэй нэрээр шүлэгээ бичиж байсан гэнэ. “Шөнө дундын сэрүүн асар”  гэсэн яруу найрагчийн нэртэй уран бүтээлийн сургуулийг ахалж “тэндзя” гэсэн хэргэм цолтой болжээ. Энэ нь яруу найргийг шүүн тунгаагч, үнэлэгч гэсэн үг юмаа янз нь. Энэ нь хүндтэй хэргэм зэрэг төдий­­гүй яруу найрагчдын бүтээлийг үнэлж, шүүж бага­гүй хөлс мөнгө авдаг журам­тай байж. Манай ардын, гавъяат гээд олон алдар цолоос арай өөр юм. Бусоны

“Баярын өдөр

Уулын сүмээс зарц эр

Төрлөх гэр лүүгээ яарна” гэсэн хайга байна. Ер нь хайга гэж гадаад талаас ийм юм байна.

Сүм хийд гэдэг ариун догшин газар ядуу эрд хувцас бүтэн, гэдэс цатгалан байх зарц ч гэсэн олдохгүй. Гэвч сүм хийд, шүтээн бурхадаас илүү төрөлх гэр орон, нутаг нь чухаг гэсэн нэг  санаа лавтайяа энэ хайгад байна. Бас баярын өдрийн сэтгэл хөдлөл ч байгаа бололтой.

Япон хэл бичиг, түүгээр илэрхийлэгдэх  үг, хэмнэл бүтэц зэрэг нь энэ хайгад буй. Тэр нь орчуулагдах аргагүй. Би зүгээр л тайлбар маягаар энэ хайгагийн ерөнхий санаа, дүр зургийг тоймлож буйг ойлгоно биз ээ. Бас нэг ийм хайга байна.

Агнасан гургуулаа үүрэн

Арагшаа гэртээ буцах замд

Агаар тэнгэрт нар хөөрчээ... гэж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.