НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ЛЮБИМОВ

О.Содномпил     Нийтлэгч
5 жилийн өмнө /2015-06-08 22:26:34 GMT +8 / | 5248 удаа уншсан

Жинхэнэ Маэстро 2014 оны 10 дугаар сарын 5-нд биднээс одов. Тэрээр он цагийн дарааллын бичигт сайн, муу алин боловч хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн Октябрийн хувьсгалын жил энэ ертөнцөд анх ирсэн юмаа. 97 жил амьдарна гэдэг гайхалтай урт хугацаа. Бараг зуун жил өөрийн хүссэнээр, өөрийн зоргоор, өөрийн зорилгоор сөрж амьдарна гэдэг хэн бүхний хийгээд, чадаад байдаг амьдрал биш ээ.

Өөрийн минь цаг үед амьдарсан Оросын гурван хүнд би ихэд хүндэтгэлтэй ханддаг, сэтгэл зүрхэнд минь ойр байдаг юм аа. Яг л авга ах Дадиа шиг минь, Аниа шиг минь, Сонин эгч шиг минь ойрхон гэж болно. Сайн, сайхан хүмүүс байгаа төрхөөрөө ч үзэл бодлоороо ч эрдэм авьяасаараа сайн сайхан ажгуу. Д.Лихачев, Д.Сахаров, Ю.Любимов зарим нь миний сонирхол болох урлаг, утга зохиолоос хол хүн л дээ. Гэвч туулсан амьдрал нь, амьдралд хандах хандлага нь таалагддаг учраас тэр биз ээ. Домог мэт амьдрал, домог мэт үзэл санаа гэж бий. Тэд аливааг тунхаглаагүй зүгээр л өөрийнхөө амьдралаар үзүүлсэн хэрэг. Тиймээс ч бишрэн хүндэтгэдэг байж мэдэх юм. Таганкийн театр үзэл суртлын хахир хатуу цаг үед эрх чөлөөний арал мэт санагддаг байв. Үнэндээ тийм л байсан. Энэ эрх чөлөөний арлыг үүсгэн байгуулагч, амьдруулагч нь Юрий Петрович Любимов байлаа. Уг нь тэрээр жүжигчин бөгөөд амьдралынхаа хорин таван жилийг жүжигчнээр ажиллаж тэр үеийн Сталины шагнал авч (одоогоор төрийн шагнал юм даа) гавьяат жүжигчин болсон юм. 1959 онд А.Галичийн “Хүнд их зүйл хэрэгтэй юу” жүжгийг анх найруулснаараа дэлхийн хэмжээний сод тод найруулагч болох замаа нээсэн юм. Жүжигчнийхээ хувьд тийм муугүй байсныг тодотгох гэж дээрх шагнал энэ тэрийг нь дурдсан хэрэг юм аа. Илүүц ч байж мэднэ. Бүүр насан өндөр болсон хойноо гадна дотнын театрт урилгаар жүжгийн дүрд тоглосон байдаг юм. Жишээ нь, 78 настайдаа 1995 он Берлиний Урлагийн Академид “Ухаантайн зовлон” жүжгийн Фомуеовын дүрд, 81 настайдаа А.Солженицыний “Шарака” жүжигт Сталины дүрд тогложээ. Алдартай найруулагчийн жүжигчин болох нь ч олны анхаарлыг татдаг байв. Яагаад өөрөө тоглох болсон нь ч оньсого мэт нууцлаг, түүнийг мэдэх гэсэн олны хүсэл нь хүртэл амтлаг шүүслэг жимс мэт санагдах нь бий.

Найруулагч хүний ямар зохиолчийн ямар жүжгийг сонгох нь хүртэл учир утгатай. Энэ нь ямар төвшний найруулагч болохыг нь тодорхойлох шиг санагддаг юм. Мэдээж ямар төвшинд гүйцэтгэсэн нь бүр ч чухал. Зөвлөлт Оросын 1960-аад он бол харьцангуй дулаарлын он жил байлаа. Манайд ч ялгаагүй улс төр, урлаг, уран сайханд дулаан уур амьсгал салхилсны ул мөр мэдрэгддэг юм аа. Энэ он жилүүдэд Любимов яаж зүгээр байх вэ? Зөвлөлтийн театрт цоо шинэ уур амьсгал, салхитай Б.Брехт “Сезуаннаас ирсэн хүн”, “Галилейн амьдрал” А.Вознесенский “Эсрэг ертөнц”, С.Есенин “Пугачёв”, Ж.Мольер “Тартюф” жүжиг найруулж Таганкийн театр өнгө төрхөө олов. Энэ үед бүх зүйл дардан байсангүй. Б.Можаевын “Амьд мэнд” жүжиг нь хаагдав. Энэ хориотой жүжгийг 21 жилийн дараа сая нэг юм үзэгчид үзэв. Засаг төртэйгөө таарахгүй нь энэ үеэс л эхэлсэн. Далаад онд Шекспирийн “Гамлет”-ийг тавилаа. Энэ бол Любимовын жинхэнэ хэн ч давтахааргүй “Гамлет” байлаа. Высоцкий ч өөрийн “Гамлет”-аа бүтээсэн юм. Любимов хоёуланг нь “Гамлет, Высоцкийг” бүтээсэн бөлгөө. Любимовыг хэн болохыг, хир шинэчлэгч болохыг түүний жүжгээс нь харж болно. Насан турш ганц жүжгийг нь үзэхэд тэр үеийн сэтгэгдэл мэдрэмж насан турш тээгдэн явна гэдэг гайхамшигтай бас “аймшигтай”. Сайхан юм бас аймшигтай юм шиг санагдах нь байдаг л юм даа. Одоо болтол “Гамлет” гэхээр ингэж бодогддог. Хир баргийн юмыг үл анзаарах болсон гэхэд ч хилсдэхгүй.

Би лав Любимовын “Гамлет”-ийг үзсэнээс хойш өөр найруулагчийн шинээр найруулсан “Гамлет”-ийг үзье гэж боддоггүй. Магадгүй Любимовын “Гамлет”-аас авсан тэр гоё мэдрэмжээ алдчих вий гэж айдаг ч байж мэднэ. Высоцкийн (Гамлет) тэр хахирган дуу хоолой зүрх зүсээд л явчих шиг болдог. Гинжний дуу, гэрлийн солбицол, хохимой толгой... Орших уу, эс оршихуй... Энэ үнэхээрийн галзуурмаар. Өөр юу хэлэх вэ? Энэ жүжгийг үзсэнийг хувьдаа би өөрт тохиолдсон хамгийн азтай тохиолдол гэж боддог. Эдүгээ хүртэл энэ олон жил ийм дайны аз тохиогоогүй л байна. Энэ бүхнийг манай өвөрмөц найруулагчид ярихад -Чи мөн азтай юмаа гэж атаархсанаас илүү бахархаж хэлсэн нь сэтгэлд минь одоо тодхон л байна. Би Орост сурч байсан, бүр театрын сургуульд сурч байсан мөртлөө амжаагүй л юм даа, амжаагүй ч юу байхав, билет нь олдоогүй юм гэж гомдонгуй хэлж билээ. Энэ жүжгээс гадна эр зориг нь таалагддаг болоод ч тэр үү 1980-аад оноос хойш Москвад очихдоо Высоцкийн булшинд заавал цэцэг тавьдаг юм. Сүүлд 1988-1989 онд “Труд” сонины урилгаар очиход юу үзэх, хаана очих талаар урьдчилж асуухад "Высоцкийн хөшөөн дээр очиж цэцэг" өргөнө гэж билээ. Онгоцноос буугаад шууд тэр хөшөө рүү цэцэг өргөхөөр очиход “Труд” сонины сурвалжлагч, хөтөч бүсгүй маань ихэд гайхаж байж билээ. Тэр үеийн Зөвлөлтөд Горькийн сургуульд сурч байсан анд нөхөд яруу найрагч Д.Чинзориг, М.Баттөмөр нар маань Высоцкийн шүдэнзний чинээ жижиг номоос авахуулаад олон боть янз бүрийн хэвлэлийн газрын ном, фото зураг, хөрөг зураг хүртэл авчирч өгдөг байж билээ. Би өөрийнх нь өмсч байсан хувцас, тоглож байсан гитарынх нь эрэлд гарч байснаа ч мартдаггүй юм. Залуу насны минь кумир байж дээ. Одоо ч тэр хэвээрээ л дээ. Высоцкийг хамгийн хүндэтгэж ямагт өмөөрч хамгаалж, зандарч загнаж, өргөж авьяас билгийг нь хайрлаж явсан хүн бол Любимов абугай байсан. Авьяас билэгтэн, авьяас билэгтнээ ийн хайрладаг аж.

Любимов, бараг найруулагч бүхний хүсэл мөрөөдөл болсон “Мастер, Маргарита”-г 1977 онд тайзнаа амилуулав. Энэ зохиол дэлхийн том найруулагчдын найруулах гэсэн бүтэшгүй мэт мөрөөдөл байлаа. Наяад оноос буюу В.Высоцкийг нас барсны дараагаас л Таганскийн театрт “Гай ганчиг” эргэлдэх болов. Эхлээд дурсгалд зориулсан "Владимир Высоцкий” дараа нь А.Пушкин “Борис Годунов”, М.Булгаков “Театрын роман” жүжгийг нь тоглохыг хорьж хаав. Зул бөхөхийн өмнө нэг их бадардгийн үлгэр болов. 1984 онд Ю.П. Любимовыг гадаадад явж байхад нь ЗХУ-ын иргэнээс хасав. Юунаас болсон гээч “Times” сэтгүүлд Брайн Эпплъярдын Любимовтой хийсэн ярилцлагаас болжээ. Мэдээж, чөлөөт сэтгэлгээтэй Любимов тэр үеийн нам засгийнхаа соёл урлагийн бодлогод шүүмжлэлтэй хандсанаас үүдэлтэй. ЗХУ-ын Дээд зөвлөлийн зарлигт Черненко гарын үсгээ зуржээ.

Любимов энэ өдрийн тухай хүүдээ ингэж тэмдэглэн үлдээжээ. “1984 он 7 сарын 16. Петя хүү минь аав нь иргэншилгүй болов. Над дээр Италийн цагдаа хүрч ирлээ. Турин дахь Зөвлөлтийн консул мэдээлжээ. Тэрээр холбоо барьж иргэний үнэмлэхээ хураалгахыг хүсчээ. Зүгээр нэг бэлэг дурсгалын бичиг шиг өгөх юм гэнээ. Харин хоёр гурван жилийн дараа юу болохыг харах юм шүү. Намайг энэ хүмүүс хэн болгочихов оо, Гүрж, Тажик, эсвэл Франц хүн үү. Би Орос хүн байсан, одоо ч тэр хэвээрээ үлдэнэ. Андроповыг нас барсны дараа эд бүр нэг дураараа дургих болж дээ. А.С.Пушкин цагтаа “Орост хууль үгүй болов. Харин шон л байна, шон дээр титэм л байна” гэж бичсэн шиг. Ингэж л Зөвлөлт засагтай хорин жил тэмцсэн тэмцэл минь дууслаа” гэж ээ. Тэрээр иргэний эрхээ хасуулснаас хойш Герман, Итали, Франц, Скандинавын орнууд, Англи, Америк, Израилид ажиллаж амьдрав. Дэлхийн нэр хүндтэй “Ла Скала”, “Гранд-Опера”, “Ковент-Гарден”-ы тайзнаа дуурь, жүжгээ найруулан тоглуулав. Дэргэд нь хайртай Каталин, амин хайрт хүү Петя нь байв. Каталинтай Любимов ихэд хожим гэр бүл болсон юм. Энэ бүсгүй Любимовоос 30 насаар дүү юм. Тэд гэнэтийн учралаар хайр сэтгэлтэй болсон юм билээ. Любимов олон бүсгүйтэй учирч нэг бус удаа гэрлэж байсан ч амьдралд нь учирсан ганц бүсгүй нь Каталин гэж ярьдаг байв. Баруунд Любимовыг иргэний эрхээ хасуулахад бараг баярласан гэж болно. Унгар, Израиль улс өөрийн иргэнээ болгосон. Түүний цагаач амьдрал уртын урт 7 жил үргэлжилсэн юм. Өөрөө “Яг л тэнүүлчин мэт Европоор нэг явлаа даа” хэлсэн байдаг. Достоевский “Гэм зэм” жүжгээр Итали, АНУ, Англи, Австрийн шилдэг найруулагчийн дээд шагнал авч Ингмар Бергманы урилгаар Стокгольмын хааны театрт “Мастер, Маргарита”-г найруулан тавив. 1989 онд Зөвлөлтийн иргэнийг нь эргүүлэн өгсөн юм. Тэрээр урьд нь хоригдож хаагдаж байсан “Борис Годунов”, “Владимир Высоцкий”, “Амьд мэнд” зэрэг жүжгээ сэргээж тавив.

1990-ээд онд Любимов Б.Пастернак “Живаго”, Ф.Достоевский “Ах дүү Карамазовынхан”-г тайзнаа тоглуулж олон жилийн мөрөөдлөө биелүүлэв. Түүний уран бүтээл улам нарийн нандин болов. Ф.Ницше, Ф.Кафка, С.Беккет, Д.Жойс нарын бүтээлээс сэдэвлэн чөлөөт сэтгэлгээний “Суф/ф/ле”-г найруулав. Ёстой л жаргал эдлэв гэгч болов. Таганкдаа хамгийн сүүлд тавьсан жүжиг нь “Баг ба сэтгэл” юм. Энэ нь А.Чеховын анхны нь өгүүллэгүүд, “Тал” тууж болон Д.Байроны “Каин” найраглалын хэсгээс бүрдсэн юм. П.Чайковскийн “Гилбэрийн хатан” дууриараа Германы шилдэг найруулагч (1996 он), хойтон жил нь Ж.Вердийн “Набукко” дууриар бас л шилдгээр шалгарч байв Товчхондоо түүний амьдралдаа найруулсан бүхэн нь тухайн цаг үеийн хамгийн шинэлэг, хамгийн шуугиант бүтээл болж байна. Хүн ганц нэг онцгой бүтээл хийж болноо. Харин уран бүтээл бүр нь шилдэг байна гэдэг хэтийдсэн ажил шүү.

2012 онд насан туршийн хүсэл болсон Ф.Достоевский “Ад зэтгэр” хэмээх дөрвөн цаг үргэлжилсэн туульсын жүжгээ тавьж өөрийн уран бүтээлийн шинэ хуудсыг нээв. Театрын урлагт цоо шинэ энэ салхийг салхилуулахдаа эрхэм Любимов 94 настай байв даа.

Мөнхийн залуу, мөнхийн цоо шинэ, мөнхийн авьяас билигт хүмүүн ийм байдаг аж ээ. Үүндээ сэтгэл ханасангүй ээ. Хойтон жил нь А.Бородин “Игорь ван”-гаа тунхаглав. Любимовын “Игорь ван” зөвхөн Оросын үзэгчдийн анхаарлыг татсангүй. Түүнийг хүлээсэн үзэгчдийн хүртээл болгон Оросын “Культура”, Францын “MEZZO” телевизийн сувгаар дамжуулсан бөлгөө. Тэрээр дөнгөж саяхан л дэлхийн амьд байгаа хамгийн том найруулагч байлаа.

Түүний үхлийн тухай сонсоод мэдээж харуусан гашуудсан ч “гоё хүн үхэхдээ хүртэл гоё үхэх юм даа” гэж бодогдсон. Тэрээр бие бялдар, сэтгэл санаа, үзэл бодол, хүсэл мөрөөдөл бүхнээрээ гоё байсан. Тэгээд ч зүгээр унтаад л нойрондоо л өөрийгөө бөгөөд дэргэдэхээ зовоолгүй, мэдүүлэхгүй тэнгэрт одлоо. Тэнд ч энд ч хамгийн том шилдэг эр хүн хэвээрээ.

Оросын ард түмэн, үзэгч олон сүүлчийн замд сайны ерөөл өргөн, түүгээр бахархан алга ташин сүүлчийн замд нь үдлээ. Алга ташилт нижигнэх нь ёс заншил өөр нэгэнд сонин санагдаж мэдэх ч хүн шиг амьдарсанд нь, бүтээсэнд нь талархаж буй хэрэг юм даа. Баггүй, байгаагаар дулаан, зөөлөн төрх тань, үзэл санаа тань чигч шулуун зан тань сэтгэлд тэр л хэвээр он жилд үл гандан, үл баларна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.