НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Үлгэрийн ГҮНЖ

О.Содномпил     Нийтлэгч
4 жилийн өмнө /2015-06-22 22:36:56 GMT +8 / | 7324 удаа уншсан

XX зууны сод билигт зураач охин Надя Рушева Улаанбаатар хотод маань 1952 оны нэгдүгээр сарын 31-нд төржээ. Түүний нэртэй од тэнгэрт бий, нэрэмжит сургууль Москвад бий, нэрэмжит сан музей Санкт-Петербургт бий. Бас түүний тухай бичсэн ном Монголд бий. Түүнд их эрдэмтэн Ринчен абугай- Найдан гэж нэр хайрлаж, улаан нялзрай орос охинд сайн хүн болоорой гэж найдан ерөөж ийм нэр чихэнд нь гурвантаа шивнэжээ. Эртний ерөөл мэт хувь тохиол юм шүү.

 

“Монгол орон бид хоёрт Надяг бэлэглэсэн”
Аавынх нь үг

“Аав Орос, ээж Тува, би Монгол”
Өөрийнх нь үг

НАЙДАН - НАДЯ - НАДЕЖДА.

Түүний орос нэрийг хөрвүүлбэл итгэл найдвар гэсэн үг. Ашдын ерөөлөөр тэр алдар цууд хүрсэн бөлгөө. Түүний тухай хамгийн анхны номыг монгол сэтгүүлч бичсэн юм. Д.Хатанбаатарын “Надягийн тухай тууж” тухайн үед бичлэгээрэ ч номын донж хийцийн хувьд ч ихэд хөөрхөн ном болж билээ. Энэ бол 1987 он л доо. Тэр цагт юм юм л ховор живэр байж дээ. Ер нь монгол уншигчдад үүнээс өмнө сонин хэвлэлээр анхлан танилцуулсан хүн нь бас Хатанбаатар. Тиймээс энэ сэдэв түүний “өмч” юм шиг надад санагддаг, яагаад ч юм сэтгэл хөдлөн бичмээр бодогдовч төвддөггүй байсан юм. Гурван үеэрээ Монгол оронтой, манай орны соёл урлагтай холбоотой энэ гэр бүлийнхэнтэй Хатанбаатарын “буянаар” бид ийн танилцсан юм. Уран бүтээлчийн эрэл хайгуул гэж нэг иймэрхүү. Залуу насны андуудын хувьд Надягийн тухай түүний ярианаас анхлан сонсч байсны хувьд Надя Рушева сэтгэлд хамгийн ойрхон байдаг байж мэдэх юм. Тиймээс энэ номоо оросоор хэвлүүлбэл ямар их үнэ цэнтэй, ховор ном болох тухай сэтгүүлч нөхөртөө нэг бус удаа хэлж сануулж байсан санагдах юм аа.

Надягийн өвөө Константин Николаевич Рушев (1895-1962) нь 1950-аад оны эхээр Хөгжимт драмын театрт ажиллаж байсан тенор хоолойтой дуурийн дуучин байжээ. Бүр хоёр удаа уригдаж ажилласан аж. Яагаав, алдарт “Ардын элч” киноны цагаантны догшин генералын дүрийг санаж байгаа биз. Тэр чинь өвөө нь, амьд дүрээ ийнхүү монгол киноны дэлгэцэн дээр мартагдахын аргагүй үлдээжээ. Надягийн аав Николай Константинович Рушев бас манай Дүрслэх урлагийн сургуульд багшилж, Хөгжимт драмын теарт зөвлөх зураачаар ажиллаж байв. Ээж нь Наталья Дайдолова Ажикмаа балетын жүжигчин байсан бөгөөд бас л Хөгжимт драмын театрт ажилласан.
Охин нь Монголд төрсөн болоод ч тэр үү, Монголд ажиллаж амьдарч байсан бөгөөд тэр үү Николай Константинович Рушев насан туршаа өөрийн шавь зураач С.Дондог, П.Цогзол, С.Сандагдорж нартайгаа захидлаар харилцаж байсан нь одоо үнэт өв болон үлджээ.

Манай урлагийн алтан үеийн томцуул болох ардын зураач Н.Цүлтэм Л.Намхайцэрэн, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай нартай дотно харилцаатай байж. Онцгой, содон зураач охин таван настайдаа Москвагийн цэцэрлэгт орохдоо үеийн хүүхдүүддээ өөрийгөө “Аав минь Орос, ээж минь Тува, өөрөө би Монгол” гэж хэлсэн гэдэг юм. 

Бичиг үсэг сураагүй байхдаа л эртний Эллиний домогт баатар Гераклын тухай 200 зураг зуржээ. Богинохон настайгаа мэдсэн юм шиг арван хоёр настайдаа анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, Оросын 200 гаруй хотод, бүр Польшид хүртэл үзэсгэлэнгээ гаргаж байв. Тэр үед Оросын хэвлэл Надя Рушевагаар амьсгалж байсан гэж хэлж болно. Түүний зураг зурна гэдэг зүгээр л тоглож байгаа мэт жирийн зүйл байлаа. Харин зурсан зураг бүр нь гайхамшиг байв. Италийн алдартай хүүхдийн зохиолч, үлгэрч Ж.Родари гуай Надягийн үзэсгэлэнг үзээд сэтгэлээ барьж чадахгүй нэгэн зургийнх нь булан дээр “Надя чамд баяр хүргэе” гэж бичин гарын үсгээ зурсан түүхтэй. Надя охин дүрслэх урлагийн мастер, академич нараар хүлээн зөвшөөрүүлж гайхашруулж байв. Надягийн зургуудыг “Эллада” “Пушкин” “Шекспир” “Балет” гэж сэдэвчилэн нэрлэж болно. Нэг сэдвээр хэдэн зуун зураг зурдаг байв. Тэр хүмүүстэй, ертөнцтэй зургаар ярилцаж байв. Надя-Надежда-Найдан маань 17 жил 2 сар 6 өдөр л хөрст дэлхий дээр гишгэж илбэ шид мэт нартаас нисэн одсон юм. Түүний сүүлчийн зургууд “Мастер, Маргарита хоёр” байлаа. М.Булгаковын “Мастер, Маргарита хоёр”-ыг жүжиг болгон тавих гэхээр гал гараад жүжигчдэд нь таагүй явдал тохиолдоод байдаг гэж ном хэвлэлээс олж уншчихаад түүний сүүлчийн зургууд энэ сэдвээр байсан нь санаанд зурсхийн орж билээ.

Надяг сүүлчийн замд нь Артект явахдаа өмсөж байсан сурагчийн дүрэмт хувцастай нь “Битлз”-ийн дууны аялгуун дор үдсэн юм. Яагаад гээч. Таалал болохоосоо хэдхэн хоногийн өмнө найз охидтойгоо хамт явж байхад нь оршуулгын цуваа таарсан юм билээ. Тэгэхэд мууг зөгнөсөн мэт “хүн нас барж олуулаа уй гашуу болж байхад яасан ч дарамттай хөгжим дуугардаг юм бэ дээ. Хэрэв намайг нас барчихвал Артекийн зусланд амарч байхдаа өмсч байсан сурагчийн дүрэмт хувцсыг минь өмсүүлж, Битлзийн хөгжмийг эгшиглүүлээрэй” гэж хэнэг ч үгүй хэлж явсан ажээ. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Гэхдээ Надя суу билигт хүн. Надя охин арван мянга гаруй зураг зурахдаа өдрөөс өдөрт өөр зурж, өсч өндийх ёстой гэж уран бүтээлийн эрэл хайгуул хийж байж.

Тиймээс тэмдэглэлийн дэвтэртээ “ Маргааш би дахин төрөх ёстой” гэж бичсэн бизээ. Тэр урлагийн ертөнцөд одоо ч гэсэн дахин төрсөн. Хатанаагийн маань “Надягийн тухай тууж” 2013 онд дахин төрж “Өөр оршихуй”-н тэргүүн дэвтэрт хэвлэгдсэн. Надягийн тухай их л эрт дурсан бичмээр бодогддог байвч яагаад ч юм Хатанбаатарын л сэдэв юм шиг санагдаад байдаг байсан юм аа. Яагаад гэвэл тэр ойр дотнын, бүр ах нь юм шиг нарийн нандин бүхэнг нь сэтгэл сэргэж эсвэл гайхширтал нь ярьж, зураг захидлыг нь үзүүлж чадна.

Түүний 1987 онд бичсэн тэр донжтой, хөөрхөн ном бол миний хайртай ном. Үе тэнгийн охин байсан болоод сэтгэлд ойрхон байдаг юм уу, бүү мэд. Түүний зурсан зургийг харахаар нэг л сайхан болчихдог юм. Хүүхэд нас руугаа одсон юм шиг.
1952 оныг бурхан тэнгэр ихэд ивээсэн мэт санагддаг. Үе тэнгийн охин минь, уран зургийн суут минь, уран бүтээлийн сүйт минь.

Тэр үлгэрийн гүнж байлаа. Одоо ч энэ үлгэр үргэлжилсээр ...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.