НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Яруу найраг Бас "FORMOSA"

О.Содномпил     Нийтлэгч
4 жилийн өмнө /2015-11-24 15:56:33 GMT +8 / | 3250 удаа уншсан

Номхон далайн хөвөө. Энэ их усны хэмжээ дамжааг нүдээр баримжаалах аргагүй. Тайвань арлын зүүн талаас даруй эх газар дээр гишгэе гэвээс лавтай арван мянган км явах бололтой. Бүдүүн тоймоор л энэ номхон, дөлгөөн далайг барагцаалж зогсож байгаа минь энэ. Байгалийн их сүр хүчийг мэдэрнэ. Эргэн тойрон их усаар хүрээлэгдсэн энэ арал дээр заримдаа манайд цахилгааны хязгаарлалтын горимд шилждэг шиг усны хязгаарлалтын горимд шилждэг нь сонин санагдана. Лавтайяа зургаан зууны тэртэй энэ арлыг нээсэн португаличууд “Formosa” хэмээн дуу алдсан хэмээнэ. Нээрэн л үзэсгэлэнт арал ажээ. Энэ мод ургамал нь зүлэг мэт шигүү ургажээ. Зөвхөн орой хэсэгтээ сагсайн навчилсан бидун мод зам дагуу үзэгдэнэ. Их мөстлөгийн үеэс үлдсэн хэмээх нь мөн ч холын түүхийн гэрч мэт санагдана. Халуун хүйтний туйлыг тэсч гарсан, давж чадсан гэхэд тийм ч бүдүүн хадуун том мод биш шүү дээ. Үлдэх юм үлддэг аж. Цагийн шалгуурыг давна гэдэг энэ биз. Тайванийн Хуалень хотод Дэлхийн яруу найрагчдын 35 дугаар Их хурлын нээлт болсон. Энэ удаад яруу найрагч Г.Мөнхцэцэг, Г.Мэнд-Ооёо, А.Эрдэнэ-Очир, М.Уянгасүх, Ү.Хүрэлбаатар, Г.Бямбажав Ч.Дагмидмаа, Б.Сарантуяа, орчуулагч, нийтлэлч Г.Аким, Ж.Гэндэндарам, урлаг судлаач Дэ.Мягмарсүрэн, О.Мөнхнаран, С.Соёлболд нар оролцлоо. Дэлхийн Хятад, Япон, Энэтхэг, Малайз, АНУ, Унгар, Франц, Аргентин, Перу, Шинэ Зеланд, Чех, Словак гээд олон орны төлөөлөгчид оролцсон юм. Хөгжим, уран зургийг мэдээж ямар ч орчуулгагүй ойлголцох урлаг гэж хэлж болно. Харин үгийн урлагийн хувьд түвэгтэй байж мэднэ. Гэвч тэр олон хэлээр уншиж буй яруу найрагчдын хэлийг нь мэдэхгүй ч чив чимээгүй сонсохыг хараад сэтгэлээрээ мэдэрч буйг анзаарав.

Энэ яруу найргийн уншлагаас тод мэдэрсэн нэг олз минь гэвэл Монгол хэлнийхээ яруу тансагийг гэж хэлмээр санагдана. Үгийн аялгуу, сонсох зөөлөн чанарын тухай яриа хөөрөө юм даа гэж бодож сууна. Энэ бодол минь олон хэлний харьцуулан сонсох тэр агшинд төрсөн юм аа. Аялгуу зөөлөн, чихэнд сонсголонтой үгс Аргентин, Мексикийн найрагчдаас сонсогдсон шүү. Тэгэхээр орон, орны хэлний онцлог, ялангуяа аялгуут чанар нь яруу найрагт ихэд чухаг ажээ. Дашрамд хэлэхэд залуу үеийнхэн маань гадаад хэл сурах талаар чармайж байгаа нь ч харагдсан. Яруу найргийн уншлага хоёр танхимд болсон. Яруу найрагчдын бараг тал хувь нь хятад хэлээр бичдэг учраас хятад хэл, бусад хэл гэж хоёр хуваагдсан юм. Тэгэхэд яруу найрагч Ч.Дагмидмаа өөрийн шүлгээ хятад хэлээр уншсан нь содон л харагдаж, сонсогдож байна лээ. Тэрээр хятад хэлээр дагнан суралцаж байгаа юм билээ. Манай яруу найрагчид төрөлх хэлээрээ уншиж орчуулгыг нь дараа нь уншсан уншаагүй алга ташилтаар дүүрэн байсан. Ер нь манайхан цөмөөрөө ёстой гал цогтой уншсан, бас сэтгэл татмаар зөөлөн уншсан нь ч бий.

Энэ нь үгийн аялгуут, хэмнэлт чанаруудын өвөрмөцтэй холбоотой юм шиг санагдсан. Латин Америкийн найрагч бүсгүйчүүлийн гал цогт чанар шүлгээс нь тод мэдрэгдэж байсан. А.Эрдэнэ-Очир найрагч маань энэ хуралд очихдоо манайд саяхан орчуулагдаж хэвлэгдсэн “Орчин үеийн Хятад яруу найраг” түүврийг нэлээн хэдийг бэлэг болгох гэж авч явсан юм. Хэргийн гол учир нь энэ түүвэрт Тайванийн яруу найрагчдын шүлэг орсон юм. Тааралдвал өөрсдөд нь дурсгах гэсэн хэрэг. Ер нь аян замын эхнээс л номон дээр зургийг хараад л нүдэндээ дасгаад л байсан. Лав л нэг хүн байсан. Нээрэн хаа хол Монголд орчуулагдсан шүлэг нь хэвлэгдсэн байхыг үзээд зохиогч баярлах нь зүйн хэрэг. А.Эрдэнэ-Очир маань яруу найрагчийг баярлуулах эрэлд багагүй цаг заваа зарах шиг болсон шүү. Дашрамд дурдахад орчин үеийн хятад яруу найргийг эх газрын, Тайванийн гэж хоёр ангилдаг.

 

 

 

 

Түүний ялгаа, онцлогийг харахад ч Нацагдоржийн Энхбаярын орчуулж эмхэтгэсэн “Орчин үеийн Хятадын яруу найраг” антологи тус болно гэж бодож байна. Дэлхийн урлаг соёлын академиас энэ яруу найрагчдын их хурал чуулганыг зохион байгуулдаг. Энэ академиас “Гарамгай яруу найргийн төлөө” алтан медалийг олгодог аж. 35 дугаар их хурлын үед энэ хүндэт шагналыг яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир хүртсэн юм. Мөн их хуралд оролцсон төлөөлөгчдийн бүтээлээр антологи гаргажээ. Энэ шүлгүүдээс эхний зургаан бүтээл шалгаруулдаг. Яруу найрагч М.Уянсүх энэ шагналыг улсаа төлөөлөн хүртсэн юм. Монголын яруу найрагчид Тайбэйд өөрсдийн ном бүтээлийнхээ үзэсгэлэн гаргаж танилцуулга хийж шүлэг туурвилаа уншицгаасан. Монгол-Тайванийн зохиолчдын уулзалт дээр Тайвань дахь Монголын худалдааны төлөөлөгчдийн газрын дарга С.Элбэг, дэд дарга Я.Ганбаатар оролцож Монгол, Тайванийн яруу найрагчид шүлэг зохиолоо уншив. Мөн Тайванийн их, дээд сургуульд суралцаж буй Монгол оюутнууд ч хаа холоос шүлгээ уншихаар ирсэн нь ихэд таатай байлаа. Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Мөнхцэцэг Тайванийн яруу найрагч Юй Сид морь бэлэглэснээ дуулгасан нь ихэд содон сонсогдож билээ. Дэлхийн яруу найрагчдын их хурлын дунд үеэс яруу найрагч Г.Мэнд-Ооёо Монголдоо буцах болсон юм. Учир нь тэрбээр Монгол Улсын дээд шагнал -Чингисийн одонгоор энгэрээ мялаах болсон нь давхацсан хэргээ. Тэгээд ч бас нэг өлзийтэй нь энэ эрхэм хүндэт шагналын ес дэх эзэн нь утга зохиолын төлөөлөгч байсан нь бүр ч билэгдэлтэй байлаа.

Номхон дөлгөөн далайгаас усны түрлэгийн гэмээр зөөлөн салхи сэвэлзэнэ. Бидун модны навчис хөдлөх төдий. Их усны сүр хүч юу эс бодуулах билээ. Их усыг хараад их тал нутгаа бодох, усны долгио өвсний намираа ч юм шиг харагдах, өтөл өвгөн хүүхэд шиг гэнэн юм бодон тал шигээ энэ усан дээгүүр алхаад явчихмаар ч юм шиг санагдах чинь юу вэ? Цаг агаар солигдмол. Нутагт минь цас орсон. Энд бороо орж халуу дүүгэх. Ертөнцийн явдлаа гэж. Аяны дөрөө нийлэх гэж монголчууд бидний чухаг ойлголт бий. Ихэд нийлэмжтэй хүмүүс таарсанд олзуурхаж явлаа. Г.Аким абугай, Ж.Гэндэндарам абугай, Дэ.Мягмарсүрэн абугай гээд нутагтаа ч ховорхон таардаг хүмүүүстэй дөрөө нийлүүлсэнд олзуурхаж явав. Уг нь нутгаас гарахдаа багтаа нэр оноосон л юм даа. Эрдэнийн чулуутай шиг л санагдана. Ер нь зүгээр л “гэрэл зурагчин” нь Аким абугай гэж л бодохооор бас ч бага бус баг санагдана. Тэгэхээр бичвэрийн маань зургуудын эзэн нь тодорхой боллоо гэсэн үг. “Далайн хөвөөгөөр гүйгч яруу үгсийн толгойд” гэсэн гарчиг, уг нь энэ тэмдэглэлдээ өгье гэж эхлээд бодсон юм. Яагаад ч юм бэ, Ч.Айтматовын иймэрхүү нэртэй зохиол байдаг даа.

Урт мөртлөө их сонин содон нэр юм шиг  тэр үед санагдаж билээ. Хаа олон жилийн өмнөх тэр нэр онгоцон дотор бодогдож билээ. Янз янзын хэлээр яруу найраг сонссоод ч тэр үү, бүр энгийн ч нэр ч зүгээр юм шиг санагдана. Яруу найраг гэрэлт цамхаг ч юм шиг бодогдоод. Ер нь далайд гэрэлт цамхаг ихэд чухаг ойлголт юм билээ. Нэг үгээр хэлбэл “авралын од” гэсэн үг. Чиг баримжаа авахаас түрүүн энд газар шороо буйн мэдээлэл гэж ойлгож болно. Газар, эх газар байгааг эрсэн хайсан хүнд хамгийн түрүүн мэдрүүлдэг. Бид ийм эртний гэрэлт цамхагийг зориуд сонирхон үзсэн юм. Тусгай ёслол үйлдэл ч хийсэн. Далайчин хүний авралын од яах аргагүй гэрэлт цамхаг гэж дээдэлдэгээс тэр. Цамхаг өндөртөө, хэлбэртээ ч биш далайчинд л гэрэл гэгээ лугаа адил чухаг учраас. Газар байваас мэдээж хүн байна. Гэрэлт цамхаг хүний сэтгэлд гэрэл хүртээнэ, яруу найрагч ч ялгаагүй хүний сэтгэлд гэрэл гэгээ хүргэхийг зорино. Цамхаг гэж товчхон хэлчихмээр ч заавал гэрэл асаадаг юм билээ. Түүнээс биш тодотгол биш. Тэгэхээр яах аргагүй гэрэлт цамхаг гэхээс аргагүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.