НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Бүхнийг өөрчлөгч БРАК

О.Содномпил     Нийтлэгч
5 жилийн өмнө /2015-12-08 16:05:07 GMT +8 / | 5170 удаа уншсан

Зүрх зоригтой хүн зөвхөн тулалдаанд төдийгүй урлаг, уран зохиолд ч хэрэгтэй байдаг. XX зууны эхний 20 жил хүн төрөлхтөн зүй зохисоо, хөл толгойгоо олох гэсэн эрэл, бэдрэлийн он жилүүд байлаа. Улс орнууд ч бужигнаан үймээнтэй үе. Урлаг, уран сайхны амьдрал бас л тийм байжээ. Яруу найрагт Аполлинер, Бретон, Маринетти, хөгжимд Стравинский, Шенберг, уран зурагт Матисс, Пикассо, Брак нар шинэ хэллэг, шинэ аялгуу, шинэ өнгө зураасыг энэ үед л бий болгосон. Энэ шинэ зам руу хөтлөгчдийг жинхэнэ зүрх зоригтон гэж болно. Шинэ сэтгэлгээ, шинэ үзэл бодлоор тогтсон хэв маягийг эвдэх нь тийм ч хэн хүний хийх ажил биш байлаа. Тэдний хүсэл зорилго, эрэл хайгуул нь хувьсал өөрчлөлтийн он жилүүдийг авчирсан юм. Брак олны анхаарал татсан анхны зургуудаа Фовизмын хэв маягаар бүтээсэн. Үнэндээ Анри Матисс, Андре Дерен нарын шинэ илэрхийлэл үзэл бодол таалагдсан аж. "Fauve" нь Францаар зэрлэг гэсэн үг. Зэрлэг жимс, зэрлэг өвс хэмээх нь таримал биш гэсэн үг. Зэрлэг байгаль гэвэл онгон төрхөөрөө байгаа гэсэн сэтгэлгээ. Харин уран зургийн энэ урсгалынхныг "фовистууд" зэрлэгүүд гэсэн нь хольцгүй тод өнгө, бас өнгөний огцом түрэмгий эсэргүүцэл, ямарч уусалтгүй зэргээс хамаатай байжээ. Энэ урсгал чиглэлээр зургаан зураг зурсан юм.

Гэхдээ олны анхаарлыг татаж чадсан. Брак зургаан зургаа худалдаж сэтгэлээ амраан "Фовизм баяртай" хэмээжээ. Шинийг эрэх тэсгэлгүй хүсэл нь Пабло Пикассотой нөхөрлөхөд хүргэжээ. Тэр хоёрын уран бүтээлийн нөхөрлөл одоо ч гэсэн байр сууриа алдаагүй Кубизмыг бий болгосон юм. Энэ урсгал өргөн утгаараа сэргэн мандалтаас хойш тогтсон урлагийн үзэл баримтлал, дэг жаягийг орвонгоор нь өөрчилсөн. Энэ нь жил жилээр ахисаар төгс төгөлдөр болсон ажгуу.

Үүнийг дараах он жилүүд бэлхнээ батлах биз ээ. Гэхдээ Кубизмын өмнө зөвхөн тодотголууд л нэмээд байсан юм. 1907-1909 онд Кубизм, 1909-1911 онд Задлан шинжилгээний Кубизм, 1912-1914 онд Нийлмэл Кубизм болох жишээтэй. Ер нь албан ёсоор Бракийн 1908 онд зурсан "Л'Естакийн ойролцоох байшин" бүтээлээс Кубизм үнэртэнэ хэмээх нь бий. Энэ зурагтаа тосгоны байшин, модыг геометрийн хэлбэр дүрст оруулж, хялбаржуулсан нь тод харагддаг. Сезанны "Байгальд тааралдах бүх дүрсийг бөөрөнхий, конус, цилиндр, пирамид зэрэг ямар ч хэлбэрт оруулж болно." гэж хэлсэн үгийг жинхэнэ ажил хэрэгч, бүтээл туурвил болгосон хүн бол Брак. Ингэснээр бодит дүрслэл уран зургийн гол зорилго, үнэлэмж байхаа больсон хэрэг гэж болно. Эхэн үедээ яг таг дөрвөлжин, гурвалжин гээд геометрийн хэлбэр дүрсүүд байснаа түүнийгээ хэсэгчлэн хуваах болсон. Тэгвэл нийлмэл Кубизм зохиомждоо янз бүрийн материал, хуучин сонин, хэвлэмэл зарлал, бүр ханын цаасыг ч ашигласан байдаг. Түүгээр ч барахгүй будгаа элстэй хольж урлах болсон. Энэ бүхэн зохиомжийн өөр өөр хэллэгийн илэрхийлэл болсон. Брак ид бүтээх, оргилсон үедээ цаг үеийн дуудлагаар Дэлхийн I дайнд эр цэрэгт дайчлагдав. 1915 оны хавар толгойдоо хүнд шарх авчээ. Дайны хар мөр зураачид ийн туссан юм. Бүтэн хоёр жил будаг, бийр нийлүүлэх битгий хэл амь тэмцэж шаналж явсан ч эцэст нь энэ бүхнийг давж чадлаа. 1917 оноос зургаа зурж эхлэв. Өвчин шаналлын дараа зурсан "Дугуй ширээн дээрх натюрморт" бүтээл нь түүний ур чадвар, сэтгэлгээ хэвээрээ байгааг харуулсан юм.

Тэрээр Кубизмдаа үнэнч хэвээрээ байлаа. Нас ахих тусам түүний зургууд улам нууц билэгдэлтэй, философилог, бас драмтай болж байсан юм. Сэтгэлзүйн драмтай зургуудад түүний "Биллиард" 1944, "Биллиард" 1945 бүтээл лавтайяа орно. Энэ үед тэрбээр 63 настай байлаа. Гэвч нөгөө цэл залуу насны эрэлч, өөрчлөгч зан чанар хэвээрээ байв. Үүний дараа "Урлан" хэмээх том хэмжээний бүтээлдээ бүтэн долоон жилийг зарсан юм. Энэ цуврал найман зургаас бүрддэг. Дээрх зургуудад уран бүтээлийнхээ билэгдэл болсон Цагаан шувуу байдаг юм. Түүний бүтээл туурвих хүсэл шувуу шиг, шувууны дэвэх шиг эрх чөлөөтэй байв. Энэ шувууны билгэдэл сүүлдээ бие даасан бүтээлийн сэдэв болсон юм. Луврын танхимын чимэглэлд ч, "Хар шувуу", "Далавчаа дэлгэсэн нь" гэсэн бие даасан туурвил болсон түүхтэй. Шувуу эрх чөлөөний билэгдэл. Тэрээр хүсэл зорилгоо ийн илэрхийлжээ. Бурхан түүнд нас, буян хоёрыг харамгүй хайрлаж 81 насыг заяасан. Насан эцэстлээ уран бүтээлийн эрэл хайгуул хийж, эрснээ ч олсоор байсан юм. Түүний сүүлчийн зургууд байгалийн зураглалууд байлаа. Гэхдээ намрын мартагдсан гэмээр тариан талбай, эзэнгүй өнчин завь байх нь олонтаа. Энэ нь ч түүний өтөл насандаа ертөнцөөс олж авсан ухаарал, хэн нэгэнд ертөнцийн жамын тухай хэлэх гэсэн санаа бодол ч байж мэдэх юм. Уран бүтээлчдийн амьдрал, хувь заяа янз бүр л байдаг. Зарим нэг нь залуудаа мандаад тэгэсхийгээд мартагдахад хүрдэг. Харин Брак эхнээсээ төгсгөл хүртлээ манлайлагч хэвээрээ байв. Алдар нэр, хүндэтгэлийг амьдралынхаа турш өдөр тутмын хэвийн байх ёстой зүйл шиг хүлээж авна гэдэг хүн бүрт тохиох тавилан биш. Амьдад нь Луврт бүтээлийг нь тавьсан анхны зураач бол Брак. Энэ бол 1961 он байлаа. Өөрөөр хэлбэл насан өөд болохоос нь хоёр жилийн өмнө гэсэн үг. 81 насалсан уран бүтээлч Луврт бүтээлээ тавиулчихснаа өөрөө харсан байхад нүд анихад сэтгэл дүүрэн байж мэдэх юм. Алдарт Пикассо, Дали ч ингэж хүндлүүлж амжаагүй. Луврын танхимд зургаа тавиулсан нь амьд явсны, бүтээл туурвисны шагнал байлаа. Бүхнийг өөрчлөгч Брак гэж хэлсний учир ч энэ ажгуу. Урлагт зүрх зоригтны орон зай одоо ч гэсэн бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.