НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ШНИТКЕ

О.Содномпил     Нийтлэгч
4 жилийн өмнө /2016-01-08 16:39:34 GMT +8 / | 4591 удаа уншсан

Наяад оны дунд үед дөнгөж Орост хөгжмийн дээд сургууль төгсөөд ирчихсэн ид залуухан хөгжмийн зохиолч Шаравтай Ардын дуу бүжгийн чуулгын нэгэн тав тух муутай өрөөнд анх уулзсанаа мартдаггүй юм. Хөгжмийн тухай, хөгжмийн зохиолч, ая зохиогчийн тухай ялгааны тухай их л халуун дулаан яриа өрнүүлсэн Шарав маань тэгэхэд II симфонио биччихсэн үе байх. Мэргэжлийн хүмүүс ойшоосноос биш олон нийт ийм хөгжмийн зохиолч байдгийг анзаараагүй үе байсан санагдана. Тэгэхэд Шарав “Ганц хоёр дуу бичихээс дээ” гэж яриан завсар инээмсэглэн хэлж байсныг мартдаггүй юм. Тэрбээр Орост I симфонио тоглуулчихсан байсан. Түүний симфонийн онцлог нь Өрнийн дэг ёсонд үндэснийхээ хөг аялгууг шингээж өгсөнд байх шиг санагддаг. Мэдээж хэрэг, үндэсний гэх сэтгэлгээ, гүн ухааныг шингээсэн гэсэн санаа л даа. Одоо бол түүний дууг ч симфонийг ч дан хөгжмийг ч мэднэ. Такси хөлөглөж явахад “Сэрсэн тал”-ыг сонсоход сэтгэлд таатай л байдаг юм. Шарав бид хоёрын яриа зөвхөн Монголынхоо төдийгүй Өрнийн тэр дундаа Шниткегийн хөгжмийн, онцлогийнх нь тухай өрнөсөн санагдана. Шнитке тэгэхэд яг өөр шиг нь олон нийтэд танил биш байсан. Тэгэхдээ мэргэжлийн төвшинд ид яригдаж байв. Хөгжимд хүртэл хаалттай сэдэв байсан гэвэл одоо гайхах л байх даа. Тэгвэл Альфред Гарриевич Шнитке XX зууны Оросын төдийгүй дэлхийн хөгжмийн урлагийн суутан болжээ. Цаг үеийн хар, цагаан өнгө мэт эсрэгцэл, хувь хүний эрх чөлөөний эрмэлзэл төдийгүй хүн төрөлхтөний хувь заяаны дэнсийг хөгжмийн хэлээр өгүүлнэ гэдэг бараг л бурханы таалал гэмээр ажил болой. Тэр дундаа тогтсон дэг жаягийг эвдэн бүтээх нь шинэ содон гэхээсээ цаг үеэ сөрсөн үйл явдал байлаа. Бүтээгч нар ямагт ийм байдаг ажээ. Шниткегийн хөгжим хамгийн эмзэг хөндүүрийг хөндөх шиг санагддаг нь ямар их шаналал, туурвигчийн үсээ үгтээсэн хэчнээн ч өдрийн зовинолоос төрөө вэ гэмээр бодогдох нь бий. Ер нь түүний бүтээлийг маш философилог хэмээдэг. Бүр Дэлхийн фиолософийн конгрессийн индэр дээрээс ч ингэж тодорхойлж байсан санагдана.

Бүр аль эрт 1974 онд авангард урлагийн үнпэслэгч, алдарт зураач Кандинскийн цомнолоор туурвисан “Шар өнгөтэй эгшиг авиа”-гаараа Шнитке анх олны анхаарлыг татсан юм билээ. Олны гэхээсээ мэргэжлийн хүрээнийхнийг гайхашруулсан гэж болно. Кандинский зураачийн хувьд өнгө бүр өөрийн эгшиг авиатай гэж үзсэн бол Шнитке эгшиг, авиа бүр өөрийн өнгөтэй гэдгийг ноотолсон нь энэ. Шнитке хөгжмийн анхны боловсролыг Австрид тэр дундаа Венад олж авсан нь аз тохиол гэж хэлж болно. Эх орны дайны дараа аав нь герман хэлтэй учир тэнд сонины сурвалжлагч, орчуулагчаар томилолтоор ажилласан юм. Шнитке ер нь герман, еврейн гэр бүлээс гаралтай. Ээж, ах, эгч нар нь хожим герман хэлт утга зохиолоос олон ном бүтээлийг орос хэлээр орчуулсан байдаг юм билээ. Шнетке улмаар Мосвагийн консерваторыг дүүргэж сургуульдаа арваад жил багшилжээ. Түүнээс хойш насан өөд болтлоо (1998 он) чөлөөт уран бүтээлч байв. Амь зуухын эрхээр киноны хөгжим олныг бичсэн. Ер нь нийгмийнхээ үзэл сурталтай нийлэмжгүй зохиолчид орчуулга хийдэг, хөгжмийн зохиолчид бол киноны хөгжим бичдэг жишиг бараг тогтсон үе байв шүү.

Олонд харагдахгүй далд фронт юм даа. Ер нь өөрсдөд нь ч амар байсан байх. Оросын маш өвөрмөц содон кино найруулагч, авто машины ослоор ид бүтээх оргил үедээ ертөнцтэй салах ёс хийсэн Л.Шепитькогийн “Восхождение” (Мандалт), “Прощание”(Салалт) гэсэн хоёр киноны хөгжмийг Шнитке бичсэн юм. Хэнээр хөгжмөө зохиолгохоо найруулагч яг л онож хэлсэн байдаг. Шепитько хатагтайн нөхөр нь бас л кино найруулагч Климов бөгөөд бас л алдартай өвөрмөц кино найруулагч. Сүүлд нь хайрт хань Шепитькогийнхоо дурсгалд зориулж баримтат кино хийсэн нь зүрх “урах” шиг л болж билээ. Ер нь ижилхэн сэтгэдэг, хайрладаг, хүмүүс бие биеэ олоод нөхөрлөдөг юм шиг санагдсан. Шнитке “Агонии” киноны хөгжмийг зохиосон. Үнэхээрийн тарчлааныг амь давчдахаар өгүүлсэн байдаг. Тэрээр дөрвөн дуурь, гурван бүжгэн жүжиг, арван симфони, зургаан концерт гроссо, хориод хийл, төгөлдөр хуур,альт, виолончелийн концерт, цөөхүүл хөгжмийн сонета, сюитаг зохиожээ.Гоцлол дуулаачид зориулсан гоц бүтээлүүд ч олон бий. Арван эмэгтэй хоолойд зориулсан “Байгалийн дуу хоолой” хэмээх үггүй бүтээл бий. Маш өвөрмөц найрал дуунуудыг ч хэлмээр санагдаж байна. Дуу хөгжмийг ч үгээр хэлээд яах вэ дээ. Сонсох л хэрэгтэй юм даа. Хүн бүхэнд урлаг, уран зохиолын өөрийн Маэстро бий. Тийм л өөрийн хүндэтгэлт бүтээгч нартаа зориулсан “Маэстро” шүлэгт
“Маэстро Шнитке
Ёслолын хар хувцас
Эрвээхэй зангиа зүүсэн
Пьетра Арженто
Найрал хөгжмийн өмнө
Намбатайхан зогсож байхад
Зүүд зэрэглээ мэт туранхай эр
Уртын урт хар ороолтоор
Урт нарийн хүзүүгээ ороож
Өөрийгөө дүүжлэх мэт зогсоно
Сэтгэл хөрөөдөх мэт
Хяхтнасан дуу тасалдан тасалдан
Хүний амь тавихын өмнөх аялгуу
мэт санагдана
Ийм орон зай, цаг хугацаа байсныг
Энэ аялгуунаас сонсоод
Хүмүүст би жигтэйхэн гомдлоо,
Маэстро Шнитке” хэмээн бичсэн шүлгийг минь яруу найрагч Я.Баяраа өөрийн фэйсбүүктээ тавьж цаана нь Шниткегийн хөгжмөөр фон хийж сонсгосон байсан нь сэтгэлд ихэд таатай байж билээ. Бараг л хоёр жилийн өмнө байхаа даа. Гол нь миний өөрийн шүлгэнд биш Шниткегийн хөгжмийг сонссонд л баярласан юм л даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.