НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Шүлгийн тухай ШҮҮМЖИЙН оронд

    Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-02-03 17:21:45 GMT +8 / | 3850 удаа уншсан

Сэтгэгдлээрээ амьдардаг хүнийг найрагч гэнэ. 
Хенри Давид Торо

“Доль” хэмээх Ц.Данзан гуай ярьж билээ. 1930-аад оны үе юм байх. Өнөө ч хааяа нэр нь дуулддаг Гомбожав гэх найрагчийн шүлэгт шүүмж бичээд маргааш нь гудамжинд тааралдтал тас алгадуулжээ. Одоо бол алгадуулахаар барахгүй. Яруу найргийн шүүмжлэл гэж хэзээ ч, хаана ч тун осолтой юмны нэг.

Судлаач, нийтлэлч Ц.Цэрэн залуудаа лав нэг дэвтэр дүүрэн шүлэг бичсэн нь угтаа дажгүй л юм байсан. Гэтэл мань хүн нэг өдөр энэ талын уран бүтээл туурвихаас үүрд татгалзаад амандаа хүрсэн юм. Яав, юу болов гэвэл, тэр бид хоёр орос хэл сайн сураад түүгээр дамжуулан дэлхийн сонгодог яруу найргийг тэр чигээр нь юу юм гэхэд тал хагасаас нь үнэхээр хэлтлэсэн байхгүй юү. Тэгээд ирэхээр нэг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Ерөөс яруу найраг дэлхийдээ дуусчихсан юм биш үү гэж. Зүгээр уянгын буюу үнэндээ саваагүй дурлалын шүлэг гэхэд Хайнрих Хайнед хоёр том боть байх жишээтэй. Илүү бичиж дэлхийд гарах боломж бараг хаалттай гэсэн үг.

Чингээд Монголын утга зохиол нэг шүүмжлэгч, нэг найрагчаа алдсан түүхийг би мэдэх юм. Цэргээс халагдаж хотод хэдхэн хонох зуур Ц.Данзан гуайнд очтол Ганбат гэх оюутан залуу нүцгэн биеийг алдаршуулсан шүлгээ уншихад нь бид лав гурав дахиулж билээ. Дэлхийн яруу найрагт уянгын байтугай эротик, эротик бүү хэл, порно шүлэг зөндөөн, боть боть түүврүүд урьд ч байсан, одоо ч байна. Харин манай хүний тэр найраг ур аясаараа аргагүй сондгой. Нүцгэн бие бол урлагт явж явж хамгийн том сонгомол сэдэв шүү дээ.

Ер ямар ч том яруу найрагчдаас ганц шүлэг үнэхээр үлдвэл их юм гэдэг. Ганц шадын тухай ч ярьдаг. Судлаачид зөвлөлтийн нэрт найрагч А.Вознесенскийн бүтээлийг бүхэлд нь шинжилж үзээд “Хүн эвдэрвээс аливаа дэвшил харгис”гэсэн ганц мөр нь эцэст үлдэнэ гэсэн буй. Энд маш ноцтой философи сэтгэмж хэлэгджээ. Аливаа дэвшил харгис шинж чанартай юм бус уу. “Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн” гэж Ц.Эрдэнэбаатар хэлээд “Болор Цом-33”наадамд тэргүүлсэн нь учиргүй биш санагдана. Дээр эшлэл татсан Хенри Давид Торо бол Барууны соёлын олон талт нэрт томоохон сэтгэгч франц хүн. Философичийнхоо хувьд нүүдлийн оршихуй, хөдөөгийн ахуйг бишрэн номлогч байсан тул сүнс нь “Суурин иргэншлийн цаг” шүлэгт алга таших биз. Мөнхүү Францын гүн ухаанч Жан-Жак Руссогийн үгээр бол ерөөс хүнийг хүн биш болгож эвддэг юмыг соёл иргэншил гэнэ. За, ер тэртэй тэргүй хөгийн муу, хамгийн хуншгүй аймшигтай юм байхул тэр нь хүний мөн чанар гэж философид үзэх нь элбэг. Сергей Есениний алдарт “Нохойн дууль” нь хүний тухай болохыг Ж. Нэргүйн орчуулгаар үзээрэй.  “Утгазохиол, урлаг” сониноос дараахь жагсаалтыг зээлдэж талибах нь зүйтэй байна.

Үзвээс, хүн төрөлхтөнд хүргэх үгтэй байтугай, Бурханд зөвлөгөө хэлэх зүрх зоригтой, түүгээр үл барам Бурханы хүсэл, газрын хэлийг тандаж мэддэг нь ч байна. Москвад сануулга өгөх нь зүгээр захын юм. Ижий нь ч байна, элдэв муусайн  найз нар нь ч хоцорсонгүй. Говийн тэмээ, хүрэл чоно, хээрийн чулуунаас эхлээд Тэнгэр, газар, эх нутаг маань Тэнгэрийн татах хүчтэйгээ хавсран сэтгэлгээний тэлэлт явуулж хөөрлийн шүлгээр зангирмал үгсийн суварга босгодог бололтой. Цагийн салхи, хүний аяс даагаад зуун дамжих үгүй нь дараагийн асуудал. Гагцхүү энэ жагсаалт үргэлжилсээр тухай тухайн үеийнхээ тодорхой толь болж түүхэнд үлдэх нь дамжиггүй.

Яруу найрагт утга агуулга бий, арга хэлбэр буй. Бүдүүн тоймоороо ийм хоёр юм байна. Тэгээд аль нь давамгайлж түүхэнд үлддэг юм бол.Нэг жишээ авъя.
“Уулын бол оргил нь, 
Усны бол бургил нь, 
Монгол ардын бол МАХН юм аа”
гэж Ц.Гайтавын шад.Энд улс төр нь хэцүү болсон, харин их найрагчийн оргилсон мөр үлдэнэ. Монгол ардын бол манай нам юмаа гээд хэнбугай ч одоо сонгуулийн сурталчилгаа хийж болно. Яруу найраг эшлэхийн тулд биш бол өөр яах гэж. Нөгөөтэйгүүр,
“Эрх чөлөөгүй америкчуудын шүтдэг
Эрх чөлөөний титэмт хөшөөнд 
Энхийн бамбар өргүүлсэн болохоос 
Эрлэгийн илд бариулаагүй биз дээ?”
гэсэн Д.Пүрэвдоржтаны 1983 оны асуулт өнөөдөр ч хүчин төгөлдөр сонстоно. АНУ терроризмыг далдуур турхирч, НАТО-г Евразийн эсрэг туу гэж байна.

Хүний мөн ба биш чанарын улмаас нэр нь тодроогүй баатрууд юм уу, хэн хүнд хэдэн найз хэзээ ч байх учраас Д.Цоодолын “Болор цом”-ын бадгууд  цагийг нэлээд элээнэ. Гэхдээ л “Танил олон ч анд олдохгүй” гэж хэлэх юмаа хэлсэн шиг хэлж түрүүлээд мөнхөрчихсөн найрагч дэлхийд лав хоёр бий.
“Нас ахисан найрагч элдэв сэтгэгдлээ оготнын үлий сахисан өлөн муурнаас илүү аждаг” гэж Давид Торогийн бас нэгэн үг. Байдаг бүх шагналт Б.Лхагвасүрэнгийн өнөөгийн сэтгэгдэл таагүй талдаа бололтой сураг ажигтай. Ялитай яльгүй хямрах цөхрөх, бага сага бухимдах будилах бол байх. “Амьдрал өөрөө шагнал” хэмээсэн нь Лхагвасүрэнгийн нэгэн шад, бараг Библийн баймаар сургаал. Тиймээс бүхий л насныхаа амьдралын туршлага, оюуны сэтгэгдлээ санааныхаа мухарт хураан шинжилж, үгээр урлах замаар түмэндээ жинхэнэ “Шагнал” болмоор том нэг юм тууривах хэрэгтэй байна. Шүлэг байтугай, жүжиг бичээд одоо хэрэггүй. Долоон хоног зогсолтгүй хайлмаар тууль мэт бүтээл түүнээс хүлээж байна.

“Хүн гээч амьтан ус ундгүй гурав хононо, уран үггүй нэг ч хонохгүй” гэж Оскар Уайлдын үг. Гэвч тэр цаг өнгөрсөн байна. Энэ чинь логосын бус, рацио эрин. Ямар боловч дэлхийн яруу найргийн сонгодог үе төгссөн. Харин дутуугаа гүйцээх нь байгаль ба нийгмийн хууль тул аливаа хориг саадаас саяхан ангижирсан Монголд л яруу найргийн өрнөл хүчтэй байна.Энэ бол дотоодын төдий соёлын үйл явц. Гэвч бага юм огт биш. Яруу найраг нь уугуул хэлнийхээ нөөц баялаг, чанар чинсаа, цар  төвшний шалгуур эн түрүүнд мөн учраас ямагт үндэсний өөриймсөг нарийн эмзэг үзэгдэл байна. Тиймээс яруу найраг орчуулагдашгүй нь угтаа зарчмын зүйл. Энэ тухайд Г.Дэлгэрмаа гэх бүсгүй нэг юм сэдэж сонжиж хэлэх бололтойг хэвлэлээс харлаа. Нэг хэл соёлын зүйл нөгөө хэл соёлд хэв шинжээ хадгалагдан хөрвүүлэгдэх боломж ерөөс хязгаартай. Орчуулга бол жинхэнэ ёсоороо судалгаа. Үгийнхээ хувьд Данзанравжаагийн  суут “Үлэмжийн чанар” ба Пушкины алдарт “Гений чистой красоты” хоёр бол хосгүй гэмээр гоё дүйлт боловч шүлгийнхээ хувьд нэг нь ерөнхийг, нөгөө нь тусгайг хэлэлцдэг ялгааг гаргах маш хэцүү. Зүгээр жишээ нь, угаас хамт бүтсэн улаан занданы үнэр гэж чухам яг юуны үнэр учраас улмаар сэтгэлийг хөдөлгөх увидастайг судлаж тогтоохгүйгээр Ноён Хутагтыг орчуулна гэсэн номгүй.

Хуучин үед “Мөнгөн хазаарын чимээ”-г оросоор орчуулж хэвлэхдээ хүйс сольчихсон байдаг. Би даруй эсэргүүцэл илэрхийлж бичээд залруулах тухай хариулт авч байв. Гэхдээ ер бүсгүй нь хоног тааруулж мордож давхиад буух нь манай амьдралд байдаг л зүйл тул өнчин дэрэн дээр нойр хульжсан нэгний хүйсийг Б.Явуухулан өөрөө л  мэдэх хэрэг, өөрөө ч байж болох. Шекспирийн алдарт сонетуудад хүйс бас илэрхий бус. Тиймээс Мянганы зохиолчоор тодорсон мань хүн өөрөө гей байсан уу гэж шүүмжлэгчид үздэг. Нэгэнт хүйс тодорхойгүй тул гей нь гейгээрээ, лесби нь лесбигээрээ ойлгож таашаахгүй гэх газаргүй. Трансжендер гэж ярих болсныг би огт ойлгож мэдэхгүй явна. Германы романтик их яруу найрагч Фридрих Шиллер нэг ноорог шүлэг үлдээсэн байдаг. “Германы суу” гэмээр нэртэй юм. Үнэхээр хар ноорог. Герман улс үндэстний магтуу шахам юм бичих гэж төлөвлөөд орхичихсон хэрэг. Эх хэлний бүрэн зохиолд нь байдаг юм. Монголын оюутан Д. Нацагдоржид эн түрүүнд Шиллерыг уншуулсан, манай хүн уншсан нь бараг зуун хувь магадлалтай. Шиллерээс суралцсан байдал “Учиртай гурав” зэрэг бүтээлээс нь тод харагддаг.“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөртлөн ирнэ” гэж их зохиолч Д.Нацагдоржийн үг биш, хятадын эртний уламжлалт зүйр үг. Шиллерын нооргийг харсан хүнд ганцхан сэтгэгдэл төрж хадгалагдан үлдэнэ. Үндэсний магтуу хэмжээний найраглал байж болмоор юм гэж. Шиллер хүч хүрч, аргаа олоогүй нь нэг хэрэг. Ингээд зууны шүлэг “Миний нутаг” мэндэлсэн нь монголын суу билиг юм.

Болор цомын эзэн яруу найрагчид

Яруу найраг бол өрсөлдөөний талбар. Д.Пүрэвдоржтан өрсөлдөх зорилгоор “Тусгаар тогтнол”-оо зургаан жил тэрлүүлж хадгалсаар шинэ үетэй золгожээ. Сэдэл загвар нь Германд эзлэгдсэн Францид Поль Элюарын бичсэн алдарт “Эрх чөлөө”. Санаагаа нууцлах зорилгоор эхлээд “Нэгэн бодрол” гарчиг тавьснаа орхиж илээр “Эрх чөлөө” гээд асаад явчихсан хэрэг. Д.Нацагдорж, Д.Пүрэвдорж нар дэлхийн яруу найргийг монголын хөрсөн дээр гүйцээсэн хоёр жишээ ийм юм. Өнөө үеийн залуу найрагчдийн хувьд үлдсэн нь “Даяаршил” сэдэв боловч дэлхийд гаръя гэтэл бас хүндрэлтэй. Тусгаар тогтнол, эрх чөлөөтэй харшлах талтай. Харшлахгүй гэхүл чухамхүү “Дэлхийг Монголоос дахин даяарчлах” сэдэв бэлхнээ бий болсон. Барууны соёл ухааны хамгийн аймшигтай зөнч нууцлаг бүтээл бол Самуэл Кольрижийн “Хубилай хаан” найраглал гэж үзсээр ирсэн юм. Нууцын тайлал нь одоо илэрсэн. Найрагчид барьж аваад бас нэг гүйцээлт, үнэн хэрэгтээ эцсийн түүхэн гүйцээлт хийх боломж бий юү, бий. Үүнтэй холбогдуулан яруу найрагчдын нийт дунд нэг хоёр санамж, шүүмжлэл хэлмээр байна. Хэн нэгнийг онцолж хэлáээс алгадуулна, нийт дунд нь бол нийлж ирээд балбатал хол биз. Залуу яруу найрагчид маань халуун сэтгэл, бор зүрхээрээ л тууж явна. Боловсролоор нимгэн, туршлагаар түүхий юм. Яруу найргийн онол гэж маш нарийн мэдлэгийн том систем буйг судалж мэдсэн нь байхгүйтэй адил бололтой. Шүлэг гэж математик хэмжээний нарийн зохицуулж хоршуулдаг техниктэй бичлэгийг хэлнэ шүү дээ. Нэг их гоё санаа, сэтгэгдэл төрөнгүүт түргэхэн ноороглож түмний чигт шидчихээр яруу найрагч юм гэж бодох нь туйлын буруу. Шүлгийн техник маш ядуу харагдах юм. Ер нь бол монгол яруу найраг техникийн талаасаа явцуу гэж судлаачид үздэг юм. Шинийн эрэл хайгуул хийгдэхгүй зогссон байна. 20-р зууны дэлхийн яруу найрагт шаталсан шүлэг шинэ хэлбэр байв. Ц.Гайтав гайхамшигтай хэрэгжүүлсэн. Дараа нь ассонанс ритм орж ирж дэлхий даяар нэвтэрсэн. Үгийн доторхи олон авиан төсөөгөөр сүүл толгой холбох арга гэмээр юм уу. Ассан гал, бадарсан туяа, намаа магтъяа гээд Ц.Гайтав шатлахаар ассонанс ритмд ойртож байна. Энэ нь монгол хэлэнд их хэцүү техник боловч уран зохиолын гарамгай мэдлэгтэн Ч.Чимид, авьяас билигт шүлэгч Ц.Гайтавын хамтран зохиосон сүлд дуунд сайхан хэрэгжсэн байв. Энэ мэтээр монгол шүлгийн үгийн баялаг, урын аргыг шинэчлэх, баяжуулах эрэл хайгуул хийгүүштэй.

Шүлгийг энгийн урсгадаг байгалиас төрмөл яруу найрагч шинэ үед харагдахгүй л байна. Р.Чойномын гол онцлог нь төрмөл амьтан байв. Санаанд нь сэдэв орох төдийд эцэс төгсгөлгүй урсгадаг шүлэгч. Тэрбээр Д.Пүрэвдоржийг бодож нягталж, шахаж чигжиж бичдэг гэж дурамжхан дурдсан нь бий. Манайхан том найрагчид үнэндээ цаагуураа Р. Чойномд дургүй. Бүдүүлэг бичлэгтэй энэ тэр гэх мэт хэлдэг. Гэтэл Чойномын шүлгийг сайжруулж боловсруулж, шахаж чигжин редакторлах гэхээр болдоггүй юм даа. Энэ нь төрмөл яруу найрагчид байгалиас заяасан онцлог юм.

Судлаач Ч.ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.