НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ЦОГТЫН ШУВУУ: ГУНИГ НАДАД АРИУН САНАГДДАГ

Б.Алтанхуяг     Нийтлэгч
1 жилийн өмнө /2016-09-20 16:35:13 GMT +8 / | 51757 удаа уншсан

 

Энэ удаагийн дугаартаа бид залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Цогтын Шувууг урьж оролцуулсан юм. ХБНГУ-ын Берлины их сургуулийн “Гэрэл зургийн анги”-ийг төгссөн залуу уран бүтээлчийн сэтгэл доторхи ариун хийгээд гуниглуун ертөнцөөр таатайяа зорчих эрхийг уншигчиддаа олгож байна.

-Германд суралцаж байсан цаг мөчүүдээсээ хуваалцахгүй юу. Өнгөрсөнд үлдээсэн сайхан дурсамжуудаас чинь сонсож ярилцлагаа эхлэмээр санагдлаа...

- Өнгөрснийг сөхөх зарим талаараа хэрэггүй юм шигээ. Гэхдээ хүн хэзээ ч өнгөрсөнд үлдээсэн гэрэл гэгээтэй дурсамжуудаа үүрд мартаж чаддаггүй байх л даа. Германд би суралцаж, хажуугаар нь ажилладаг байсан. Эх орноосоо хол ажиллаж, суралцаж амьдарна гэдэг надад өөртөө шинэ шат, шинэ боломжийг нээж өгч байгаа юм шиг санагддаг. Гэхдээ Алтайн цаст уулс, дорнын уужим тал нутгаа алс холоос нэхэн санагдаггүй, сэтгэл нь зүрхэндээ эх орныхоо салхийг үнэрлэхийг хүсдэггүй монгол хүн гэж хаана байхав. Бусадтайгаа л адилхан хичээсэн зүйлийнхээ оргилд нь гарахын төлөө чармайж байлаа. Яахав Германд өнгөрүүлсэн өдрүүд минь дурсамж хийгээд элдэв адал явдал багатай өнгөрсөн. Ажилаа хийгээд, сургуульдаа явахаас бус бараг гэрээсээ гардаггүй хүүхэд байсан. Чимээгүй орчинд маш их дуртай болохоор тэр л дээ. Тэнд байхад хамгийн их таалагддаг зүйл бол бороо. Германд маш их бороо ордог. Бороотой үед гарч зураг авах их дуртай байсан. Мөн би Анна гэдэг зураач найзтай байлаа. Найз маань уран зураг зурдаг, урлагийн мэдрэмжтэй хүн болохоор бусдаас ондоо, нууцлагдмал ертөнцийг дотроо агуулсан юм шиг их өөр сэтгэхүйтэй охин байсан. Би тэр охины зургийг авч харин тэр охин миний хөргийг зурна. Мөн би метроны газар ажилладаг байсан болохоор холхисон олны урсгал дунд зогсоод хүмүүсийн царай төрхийг их ажиглаж хардаг байлаа. Тэр нь надад сүүлд хөрөг зураг авахад маш сайнаар нөлөөлж өгсөн. Берлинд бороо их ордог гэж хэлсэн дээ. Тийм болохоор манан их буудаг. Нуугисан саарал манан дунд эртний цайз мэт сүрлэг барилгуудын орой үзэгдэх нь таатай мэдрэмжийг өгдөг. Олон сая хүн амтай, чимээ шуугиантай том хот ч гэлээ ямар нэгэн дүнсгэр мэдрэмжийг бий болгоод байдаг. Тэр л мэдрэмж Германд суралцаж байхдаа амталсан хамгийн сайхан зүйлс минь юм даа.

-Та Аннагийн зурсан хөрөг, өөрийнхөө дарсан зураг хоёрыг хооронд нь харьцуулж үзэж байсан уу?

-Үгүй. Ерөөсөө тэгье гэж бодож байгаагүй. Угаас бид хоёрын ертөнц тэс ондоо, өөр өөрсдийнхөө мэдрэмжээр л нэг нэгнээ буулгасан байгаа шүү дээ. Тиймээс хооронд харьцуулж харах ямар ч бодол төрж байгаагүй. Адилхан урлагийн бүхий л чиглэлд дуртай, зүрх сэтгэлд нь өөрсдийнх хийж буй зүйлс амьд халуунаар мэдрэгдэж байдаг болохоор бид хоёр нөхөрлөж бие биесээ хөглөх гэж л нэг нь нөгөөгөө зурж нөгөөдөх нь гэрэл зургийн хальснаа буулгадаг байсан байх.

- Германд суралцаж байх даа Европын орнуудаар аялсан биз дээ. Ямар ямар улсад очиж гэрэл зураг авч байв. Өөрт таалагдсан хамгийн сайхан зургаа хаана, ямар улсад авсан бэ?

- Би хүүхэд насаа Японд өнгөрүүлсэн. Хүн бүрт бага насных нь дурсамжууд гэгээн зүйлсээр дүүрэн байсан мэт санагддаг. Минийх ч бас ялгаагүй, хамгийн сайхан мөчүүд тэнд өнгөрсөн. Гэхдээ би өөрийн эх орон, Монголдоо илүү сайхан гэрэлтэй дурсамжуудыг бүтээж, олон сайхан найз нөхөдтэй болж явна. Эх орон гэдэг яг эх хүний өвөр шиг тийм дулаахан, хайраар дүүрэн байдгийг би ойлгож ухаарсан.Гэхдээ үнэнээ л хэлье. Би өөрт хамгийн их таалагддаг гэрэл зургуудаа  Японд авч байсан. Бага насандаа авч байсан болохоор тэдгээр зургууд намайг маш их өөрчилсөн, шинэчлэж чадсан гэж боддог. Гэхдээ би Токиод байгаагүй. Миний бага нас хуучин Иудегийн үеийн газар болох Киотод өнгөрсөн. Мөн Германд суралцаж байх хугацаандаа европийн зарим улсуудаар аялаж үзсэн. Эдгээр улсуудаас надад Итали маш их таалагдсан.

-Таныг Норвеги юм уу Швейцарын тухай л ярих байх гэж бодлоо. Итали юуны учир таны сонирхлыг тэгж их татах болов...

- Тэнд шинэхэн орсон цастай өглөө шиг маш их гэрэлтэй, дээр нь чимээгүй, амгалан тайван байдаг. Дээр ньпиццаг модоор галласан чулуун зууханд хийдэг, Венец хотын суурь нь усанд ялзардаггүй Оросын шинэс модоор хийгдсэн, усан дотор нь Христийн хөшөө байдаг гээд л сонирхол татахуй зүйл маш ихтэй. Гэхдээ би Италид амьдарч үзээгүй. Зүгээр л аялаж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Ямартай ч хотууд нь чимээ шуугиантай ч гэсэн зарим чих дөжрөм чимээнүүд нь хүртэл яг дуу уянгалж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг тийм тайван хот санагдсан.

- Цасны гэрэл гэснээс гэрэл зурагчин хүнд өөрийн гэсэн дуртай улирал байдаг байх. Та ямар улиралд зураг авах, ямар улирлын гэрэл гэгээг хальсандаа буулгах дуртай вэ?

-Би өвөл, намар хоёр их дуртай. Өвөл цагаанаас өөр өнгөгүй, бүх л юм цагаан өнгөөр төсөөлөгддөг. Дээр нь өвөл өөрөө маш нам гүм, анир чимээгүй улирал. Тийм анир чимээгүй орчинд зураг авах үед амьгүй зүйлсийн дуу хоолой, дотоод цуурайг сонсож чаддаг. Бусад үед бол амьгүй зүйлс бодит байдлаараа сэтгэлд тэмтрэгддэг шүү дээ. Мөн намрын улиралд юмс, намайг тойрон буй орших ахуй, бүхий л амьд зүйлс хэтэрхий дотогшоо тэмүүлж тэндээ ороод нуугдчихсан юм шиг болдог. Тиймээс ер нь өвөл, намар хоёрт л зураг илүү ихээр авах дуртай.

-Өвөл “nude”авч байсан уу. Авч байсан хүмүүс чинь “даарч, хөрсөн” гэх гомдлыг үгс тань руу хэр их чулуудаж байв даа?

-Нүцгэн хүний зураг өвөл ер нь авч байгаагүй. Хамгийн гол нь би мэдрэмжээ дүрсжүүлэх гэж гэрэл зургийг авдаг. Хүмүүс өөрсдийн мэдэрч буй зүйлсээ тодорхой хэмжээгээр биеийнхээ дотроос гадагшлуулахыг хүсдэгтэй яг адилхан. Тиймээс надад энэ мэдрэмжээ хальсанд буулгахад хүн хэрэгтэй юу, байгаль хэрэгтэй юу гэх асуулт урган гарна. Тухайн цаг үед надад юу мэдрэгдэж, дотор минь ямар өнгө бууж байгаагаас шалтгаалж би сонголтоо хийдэг. Харин даарч хөрөхийн тухайд бол тиймэрхүү зүйлс хааяа нэг тохиолддог. Манай Ариунзул гэж нэг модел байдаг юм. Бид хоёр нэг удаа идэр есийн хүйтэнд Туул гол дээр таван минут зураг авалт хийсэн. Уг нь бол хэдхэн шторк л дарсан, би нэг их олон дардаггүй л дээ. Гэвч би, модель маань ч бас их даарсан. Гэхдээ миний зургийг нь авч байгаа хүмүүс надад хэзээ ч даарлаа, халууцлаа гэж гомдоллож байгаагүй.

- Гэрэл зураг авахад аппаратны чанар, мэдрэмж хоёроос гадна авах гэж төсөөлсөн сэдвийнхээ орчинг бүрдүүлэх нь чухал. Өвөл, намрын улиралд илүү дуртай гэхлээр чимээгүй орчинд хүмүүсийн хөрөгийг авах илүү дуртай байх нь ээ...

- Тиймээ. Нам гүмхэн газар зураг авахад тохиромжтой санагдаад байдаг юм. Бас хаа нэгтээ навчис шарчигнах эсвэл цас зөөлнөөр чихран дуугарах, ганц нэг шувуу жиргэсэн өвлийн ойд зураг авах дуртай. Бүх юмс мөнгөлөг туяагаар сүлэгдсэн ойн амар амгалан тайвныг мэдрэх, аниргүйг хальсанд буулгана гэдэг азтай хэрэг шүү. 

- Өтгөн ой моддын сарниж буй дүрс, хүмүүсийн нууцлаг харц, гунигтай төрх таны зургуудаас илүүтэй харагддаг. Яагаад ийм зургууд авах болов?

- Нэлээд хүнд асуулт байна. /инээв/ Яахав би өөрийн санаагаа тодорхой ойлгуулж чадахгүй байж магад. Гэхдээ өнгө өнгийн шаар барьчихаад Чингисийн талбай дээр инээж яваа жаахан хүүхэд ч юм уу, уулын цаанаас нар мандах зэрэг гэгээн тунгалаг агшингууд надад их гоё мэдрэмжийг өгдөг. Басхүү гунигтай зүйлс ч үүнтэй яг адилхан. Гунигтай зүйлс олонхи хүмүүст шаналал, зовиуртай байгаа мэт мэдрэмжийг өгдөг ч надад бол ариун санагддаг. Сүүдэр байхгүй бол гэрэлийг хүмүүс тэгж их онцгойлж харахгүй тухай хүмүүс ярьдаг. Яг үүнтэй адилхан гунигтай зүйлс өөртөө ариун өнгийг агуулж байдаг. Тэгэхээр заавал гунигтай дүр төрхийг нь хальсанд буулгана гэхээсээ илүүтэйгээр тэрхүү ариун зүйлийг авах агшин, хальсанд буусангунигтай агшингууд маш гоёмсог харагддаг.

- Онцгой өнцөгтэй зургууд авах санаа хэрхэн төрдөг вэ?

-Жаахан байхдаа маш их дуу сонсдог байсан. Бага нас минь өөрөө дуунд маш их дурладаг байсан болов уу гэж боддог. Одоо ч хааяахан таалагдсан дуунуудаа сонсдог л доо. Тийм ч учраас дууны үг, өгүүлэгдэж буй зүйлсийг биш тухайн дуунаас авч буй таашаал, өөрт бууж буй мэдрэмжээ камераараа дүрсжүүлэхийг хүссэн. Бага байхдаа ингэж л зураг авах санаанууд надад төрдөг байлаа. Сүүлд том болоод зураг авч байх үедээ ч бас моделиуддаа дуу сонсгоод “Чамд ямар мэдрэмж төрж байна, хоёулаа үүн дээр хамтарч ажиллаад зураг авая” гэдэг байсан. Гэхдээ цөөхөн удаа ингэж байсан боловч модел маань миний юу хүсээд байгааг ойлгодог, сайхан зургууд авч чаддаг байлаа. Харин гурван жилийн өмнөөс дуу сонсож зураг авахаа больсон. Одоо бол зураг авах санаанууд гэнэт л ороод ирчихдэг. Би амгалан тайван орчинд амарч хэвтэхийг илүүд үзэх ч юм уу, нэг ёсондоо гэрэл зураг авахыг хэдий чинээгээр бодохгүй азнах үест миний хаалттай зүйлийг олон олон санаанууд давж орж ирдэг. Тэр бүрийг зургийг нь дарж буй моделиуддаа ойлгуулах хэцүү. Тиймээс өөрийнхөө дотор хүнд бүхнийг даатгадаг.

- Зураг авахуулах моделуудаа өөрөө сонгож авдаг уу. Хамгийн сайн хамтрагч чинь хэн байв. Хэний хөргийг хамгийн олон удаа авч байсан, тэр бүгд нь маш сайхан бүтээл болж байсан бэ?

- Ер нь бүх моделиуд маань надад сайн хамтрагч болж өгдөг. Анхандаа би сонгож авдаг байсан. Одоо зарим нэг санаан дээрээ үндэслэж моделио сонгодог. Гэхдээ сүүлийн үед надаар зургаа авахуулах хүсэлтэй хүмүүс ихсэж байгаа. /инээв/ Би өөрөө хэд хэдэн прожект зохиогоод түүн дээрээ ажилладаг юм. Яг сайн тогтож ажилласан хоёр модель гэх юм бол С.Начин, Анука гэдэг хоёр хүн бий. Энэ хоёртой би нэг прожект дээр тулж ажилласан. Өөр ямар ч модель орж ирээгүй. Зөвхөн тэр хоёрын зургийг авч өөрийн бодож байсан бүтээлийг хальсанд буулгаж чадсан. Басхүү миний хамгийн сайн моделиуд гэх юм бол хүн биш моделиуд байгаа. Сандал, ширээ, модон дээрх шувууны үүр гээд тоо томшгүй олон зүйлсийг нэрлэж болно. Тэдгээр зүйлсийн бодитоор харагдаж буй байдалд нүдээ дасгахгүйгээр арай жаахан өөр өнцгөөс харах юм бол урлагийн бүтээл шиг, оршин байгаа биет маань өөрөө миний хүсч байсан мэдрэмжийг дотроо агуулсан юм шиг санагддаг. Тиймээс амьгүй зүйлс миний хамгийн сайн моделиуд байж чаддаг.

- Ер нь хэн нэгнээс өөр байна гэдэг хүсээд, бодоод олчихдог зүйл биш. Өөрийн гэсэн дотоод ертөнц, анхнаасаа тухайн хүнд өгөгдсөн мэдрэмж л бусдаас өөр байх боломжийг өгдөг байх. Яг оноод хэлэхэд хэцүү ч гэсэн танд нэг тийм нууцлаг мэдрэмж байдаг нь зураг бүрээс тань харагддаг. Энэ талаар ярихгүй юу?

-Миний бодлоор анх энэ дэлхий дээр хүмүүс ирэхдээ л өөр өөрийн онцгой, дотоод ертөнцтэй төрдөг болов уу. Нийгэмд өдөр болгон, заримдаа хором бүрт тохиолддог дарамтнаас хамаараад гагц тэрнийгээ үгүйсгэж эсвэл хав дарчихдаг юм. Тэгэхдээ энийг нь би буруу гэж хэлэхгүй. Олонхи хүмүүс тэгээд дарчихдаг болохоор үлдсэн хэд нь дотоод ертөнцөө илүү ухаж, мэдрэмжээрээ өөрийгөө илэрхийлж амьдардаг байх. Үүнийг буруу бас зөв гэж дүгнэх эрх хэнд ч байхгүй, гагц хувьд хүнд өөрт нь л шүүх эрх бий. Би бол өөрийн дотоод ертөнцөө зургаараа илэрхийлэгчдийн нэг.

- Дотоод ертөнцийн тань илэрхийлэл тэр бүхэн хүмүүст ойлгогдохооргүй, гэрэл зураг гэхээсээ илүү уран зураг маягийн санагддаг. Бүхэлдээ нууцлагдмал орчин ханхалсан, ид шидлэг маягийн зургуудыг хэрхэн авдаг вэ?

- Би зургуудаа дандаа хальсаар авдаг. Зураг авахад хамгийн чухал зүйл бол өөрийн мэдрэмж. Байгалийн үзэгдэл, хүмүүсийн дүр төрхийг ажиглаж байхдаа хүн бүхэнд л өөр өөр мэдрэмж төрнө. Зарим нь байгаль хараад хүний тухай боддог байхад зарим нь хайртай эмэгтэйнхээ өөдөөс ширтэж суухдаа ариун дагшин байгалын өнгө төрхийг бодолдоо амилуулчихсан сууж байдаг. Энэ бол маргашгүй үнэн зүйл. Тиймээс би өөрийн мэдрэмжиндээ тулгуурлан ихэнх зургуудаа авсан. Ихэнхдээ авсан зургууд маань өөрийн гэсэн түүхтэй, тухайн цаг мөч, өнгөрсөн цаг мөчүүдийн дурдатгалаар дүүрэн байдаг. Гэхдээ би хүмүүст өөрийн амьдралын түүх, нууцыг дэлгээд байх дургүй. Тиймээс зураг бүрээ илүү нууцлагдмал, оньсого шиг байлгахыг хичээдэг.

- Байгалын зураг авах их дуртай санагдсан. Авсан зургуудаа эргүүлж урвуу харсан байрлалтайгаар цахим сүлжээнд тавьсан байдаг. Үүний шалтгааныг тайлбарлаач?

-Би бусадтай адилхан мэлмийтэй, хүмүүсийн нүдэнд үзэгдэж буй мод, цэцэг, уул, манан зэргийг яг адилхан л харж байгаа. Гэхдээ миний ертөнц, сэтгэлд минь байгаа цуурай, хүсэл тэмүүлэл минь “арай өөр зүйлийг хар” гэж надад үргэлж шивнэж байдаг. Жишээ нь Архангай аймгийн хамгийн үзэсгэлэнт, түүхэн газруудын нэг бол Хорго хэмээх сөнөсөн галт уулын тогоо шүү дээ. Түүний зургийг авахдаа би хамгийн доод талд нь очиж зогсоод аппаратаа доош нь харуулж нэг ёсондоо эргүүлж барьж байгаад авсан. Түүнээс биш цахим ертөнцөд оруулахдаа “rotate”ашиглаж эргүүлж, урвуу байрлалтай болгоод байдаг юм биш. Цагаан суварга, эсвэл уулын хаднаас ургасан мод зэрэг байгалын өвөрмөц тогтоцууд хэдэн зуун жилд өөрсдийн дүнсгэр, үзэсгэлэнтэй байдлаа хадгалж нэг хэвэндээ л оршсоор ирсэн. Харин би олон зуун жил болсон нэг хэвийн тогтоцыг нь өөрчлөхийг хүсч байгаль болон барилга байгууламжийн зураг авахдаа аппаратаа эргүүлж авдаг. Түүнээс биш цахимд программаар янзлаад байрлуулчихвал надад төрсөн тухайн үеийн мэдрэмж миний зурганд буухгүй. Жинхэнэсээ бусдын ярьдаг шиг хэн нэгнээс өөр байх гэж хэлбэрдсэн мэт хуурамч бүтээлүүд төрнө шүү дээ.

- Таны чемодан онгойлгоод зогсож буй нэг гэрэл зураг надад маш их таалагддаг. Тус зургийг тань гэрэл зурагчин Н.Билгүүн гэдэг хүн дарсныг мэдсэн. Уг уран бүтээлчийн талаар ярихгүй юу, найзын харилцаатай байдаг уу?

-Билгүүн бид хоёр хар багын найзууд. Хэн хэн нь өөр гэрэл зураг авдаг хүмүүстэй бараг харилцдаггүй, жаахан ганцаардал байдалд ажиллах дуртай, зожиг гэмээрдүү хүүхдүүд байсан. Харин бид хоёр хоорондоо бол нэг нэгнийхээ ертөнцийг ойлгодог, дэмжиж тусалдаг сайн найзууд. Хамтдаа гэрэл зураг дарж явдаг байсан. Одоо ч тэр хэвээрээ. Билгүүнийг гэрэл зураг аваад зогсож байх мөч, авсных нь дараа бүтээлүүдийг нь хараад би маш их баярладаг. Тэр ч бас миний бүтээлүүдийг магтаж урам өгдөг. Ер нь бол олон жил найзалж, нэг нэгэндээ эрч хүч, урмын үгсийг харамгүй зориулж яваа сайн найзууд.

- Билгүүн та хоёрын зургууд юугаараа хоорондоо өөр вэ?

- Яг үнэнийг хэлэхэд бол би өөрийнхөө гэрэл зургуудыг аль төрөл жанрт багтаж буйг мэдэхгүй. Харин Билгүүний гэрэл зургууд бол сюрреалист төрлийнх. Өөрийнхөө дотоод ертөнцийг маш өвөрмөцөөр илэрхийлж гаргадаг ховор гэрэл зурагчин л даа. Гэрэл зургийг өөрийнхөө хэрхэн өөрчилж, өгүүлж буй зүйлд нь ямар том философи, утга агуулга шингээж болохыг харуулж чадсан хүн гэж боддог. Тиймээс Билгүүн бол сюрреалист гэрэл зурагчин, би бол өөр. Энэ хооронд маш том ялгаа гарах болов уу гэж бодож байна.

-Таны зургуудыг олон хүн үзсэн байх. Тэр дундаас тань “Шувуу чиний гэрэл зургууд ийм төрлийнх юм шиг байна” гэж хэлж байсан хүн байхгүй юу?

-Үгүй. Аливаа зүйл ямагт хоёр талтай байдаг. Зарим нь өөрсдийн зургийн өнгө төрхийг тодорхойлж ямар урсгал чиглэлийнх болохыг нь мэдэхыг хүсдэг байх. Харин надад тийм бодол огтхон ч төрж байгаагүй. Тэгээд ч би бүх жанраар өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Өөрийгөө харуулахыг хүсдэг. Байгалын өнгийг илтгэсэн, хүмүүсийн баяр баясал, уйтгар гунигийг нэгэн дор цогцлоосон тийм бүтээлүүдийг бий болгохын тулд суралцаж, хөдөлмөрлөж яваа. Гэхдээ хүн өөрийн мэргэжилдээ дуртай, хийж зүйлдээ чин сэтгэлээсээ хандах нь хамгийн чухал. Өөрийгөө хүчлэлгүйгээр сэтгэлийнхээ гүнээс өөрийгөө мэдэрч, зургуудаа авч чадвал аяндаа сайхан бүтээлүүд төрнө.

- Ихэвчлэн хээр хөдөөгүүр аялаж гэрэл зураг дардаг, агентлагийн гэрэл зурагчдаас бүтээлүүдийн чинь өнгө тэс өөр. Эргэн тойрны амьдрал, амьдралын торгон агшнуудыг буулгахаас илүүтэй дотоод алгуулгатай, зургууд чинь өөрийн гэсэн амьтай байдаг. Гэрэл зураг сонирхож эхэлсэн цагаасаа л ингэж авдаг байсан уу, цаг хугацааны явцад өөрчлөгдсөн үү?

- Би дөрөвдүгээр ангиасаа хойш гэрэл зураг авч эхэлсэн. Тухайн үед би хүүхдийн нүдээр л хорвоо ертөнцийг, хүмүүсийг хардаг байсан. Гэхдээ одоо авч зургийдийн маань ерөнхий шугам багадаа дарсан гэрэл зургуудад байж л байдаг. Гэхдээ тухайн үед бол өөрийн санаагаа шууд цацчихдаг, зургийг маань хараад л хүмүүс утга агуулгыг нь ойлгочихдог байсан. Одоо бол би зургууддаа тэгж санаагаа ил гаргадаггүй нууц байлгадаг. Тэгэхээр цаг хугацааны явцад илүү туршлагажиж өөрчлөгдсөн болов уу.

- Хамгийн анх дарсан зургаа санадаг уу, ямар зураг авч байсан бэ?

- Анх авсан зургаа бол яг энэ зураг гээд хүнд үзүүлчих хэмжээний тод санадаггүй. Миний өвөө өөрөө гэрэл зураг сонирхдог, зураг дарах дуртай хүн байсан. Хамгийн анх надад камер өгөөд “Зураг дараад ир” гэж хэлээд явуулсан. Гэхдээ ямар ч тохиргоо, яаж зураг авдагийг нь огтхон ч хэлж, зааж өгөөгүй. Миний гарт анх бариулж өгсөн уг хальсны камер гадуураа дүүрэн тоон тэмдэглэгээтэй байсан. Тиймээс өөрөө оролдож байгаад л камераа асаагаад хэд хэдэн зураг дарсан. Одоо сайн санахгүй байгаа ч гэсэн навчны зураг авсан болов уу л гэж боддог.

-Таны өвөө гэрэл зурагчин байсан уу. Энэ мэргэжилд дуртай болоход тань өвөө тань их нөлөөлсөн юм шиг санагдлаа...

-Яг мэргэжлийн гэрэл зурагчин биш. Гэхдээ гэрэл зурагт дуртай хүн байсан. Нэг ёсондоо хобби нь гэх юм уу даа. Их зөөлөн ааштай, мундаг хүн байсан. Намайг гэрэл зурагчин болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол чиний хэлснээр өвөө маань. Мөн миний амьдралдаа баримталж явдаг зарчим, өөрийн гэсэн философыг бий өгсөн. Өвөө маань надад “Хүн амьдралдаа хоёр зүйлийн нэг л дүр байдаг” гэж хэлсэн. Нэг нь агнуулж буй ан, нөгөө нь агнаж буй анчин. Би бол өөрийгөө анчин гэж боддог. Гэхдээ хүний амьдралд энэ хоёр зүйл хоёулаа байх ёстой. Жишээ нь чи туулай би анчин байлаа гэж бодоё. Би чамайг агнахаар хөөх үед чи мэдээж зугтаана. Яг тэр зугтаж байх мөчдөө чи амьдрахыг хүсч, амьдралд илүү ихээр дурлаж, би энд байгаа шүү  гэдгээ, өөрийн оршихуйгаа жинхнээсээ мэдэрч чаддаг. Тиймээс чи хааяа ч гэсэн агнуулж буй амьтан байхгүй бол зүгээр л нэг хэвийн хуучин амьдралаар амьдарч ямар ч шинэ зүйл хийх мөрөөдөл, хүсэл тэмүүлэлгүй болдог. Тиймээс хүмүүс амьдралыг утгагүй гэж ярьдаг. Харин туулай байж үзсэн хүмүүс хэзээ ч тэгж ярихгүйгээр барахгүй анчин болохын төлөө амьдралынхаа төлөө тэмцдэг. Өвөө маань надад энэ бүхнийг зааж сургасан, намайг анчин болгож бас өөрийн оршихуйгаа хэрхэн зөвөөр тунхаглаж байх талаар олон зүйл заасан. Энэ бүхэн нь миний амьдрал, сонгосон мэргэжилд маань маш гүнзгий нөлөөлсөн.

- Анх гэрэл зураг сонирхож эхэлсэн балчирхан үедээ хэн нэгний аппаратыг хараад түүгээр нь зураг дарах юмсан гэж боддог байсан уу.

- Өсвөр үедээ бол тэгж боддог байсан гэж хэлж болно. Гэхдээ ихэвчлэн өвөө гэрэл зурагт дуртай, хажууд минь камертай хүн байсан болохоор нэг их зураг авахсан гэж боддогүй байсан. Үргэлж хажууд камер байсан болохоор нэг их сонирхож байгаагүй. Яагаад гэвэл тухайн үедээ би байгаль хамгаалагч болохыг мөрөөддөг байлаа. Уул ус, ой модод миний сэтгэлийг ариун дагшин байдлаараа өөртөө соронз шиг татдаг. Би тэднийг үргэлж ийм гоёмсог, үзэсгэлэнтэй хэвээрээ байгаасай гэж их хүсдэг жаал байсан. Харин камертай нөхөрлөснөөс хойш камераараа байгалиа хамгаалахыг зорьж явна. Авсан зургуудыг минь хараад хүмүүс байгаль дэлхий, ан амьтан, уул усаа хайрлан хамгаалахыг хүсдэг байгаасай гэж боддог.

- Тухайн үед авч байсан зургуудаа одоо хараад шүүмжилдэг үү?

-Хүүхэд байхдаа дарсан зургуудаа бол шүүмжилдэггүй. Миний ертөнцийг өөрийнхөө харж эхэлсэн өнцөг яг үнэнээрээ тэр үеийн авсан зургуудад буусан байдаг. Харин сүүлд ид гэрэл зураг авч, энэ мэргэжилдээ дуртай болж байхдаа авсан зургууддаа бол шүүмжлэлтэй ханддаг. Хэн ч дарчихаар энгийн л нэг зүйлүүдээр хальсаа дүүргэчихэж гэж хүмүүс хэлэх байх. Гэхдээ би тэр зургуудаа муулахгүй. Учир нь би энэ бүхнийг дайрч өнгөрөөгүй бол хэзээ ч өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан шүү дээ.

-Ингэхэд таны дарсан гэрэл зургуудыг хэн хамгийн зөв оновчтойгоор магтаж, шүүмжилж чаддаг вэ. Эсвэл та өөрийнхөө хамгийн сайн шүүмжлэгч байдаг уу?

- Би зөвхөн өөртөө л хамгийн сайн шүүмжлэгч байдаг. Хүмүүс миний авсан зургуудыг хараад өөрийн санал хүсэлт, шүүмжлэлээ надад хэлэх юм бол би “баярлалаа” гэж хэлнэ. Би зураг дардаг, түүнээсээ өөртөө хүсч байсан мэдрэмжээ авч чаддаг.

- Монголд маш олон гэрэл зурагчид байна. Ихэнх нь өөрийн гэсэн өнгө аясгүй, хоорондоо ижилхэн санагддаг. Тэдний тухай ямар бодолтой байдаг вэ. Таны хувь Монголоос ямар ямар гэрэл зурагчдыг таньдаг, бүтээлүүд нь таалагддаг юм бол...

-Яахав чиний хэлж байгаа зөв. Хүн бүхэн гэрэл зураг дардаг, сонирхдог болсон. Цахим ертөнцөд хүн бүхэн л фотошоп, граффик хийж байгаа. Гэхдээ тэр хүмүүсийг шүүмжилж болохгүй. Бүгд биш юмаа гэхэд үнэхээр гэрэл зурагт дуртай, энэ мэргэжилд хайртай хүмүүс тэдний дунд байгаа. Тэр хүмүүс өөрсдийгөө шинээр нээхийг оролдож байна. Би ч гэсэн анх хэрэгтэй хэрэггүй зургуудаар хальсаа дүүргэж явдаг тийм л сонирхогч төдий хүн байсан. Одоо Герман руу кино найруулагчаар суралцахаар явах гэж байгаа минь ч шинэ шат ахих гэсэн хүсэл тэмүүлэл маань. Тиймээс хүмүүсийг би хүсэл тэмүүлэлтэй, өөрийнхөө ертөнцийг гэрэл зургаар илэрхийлэх гэж зорьж явааг нь хараад баярладаг, тэднийг аль болох дэмжих юмсан гэж боддог. Басхүү гэрэл зураг хөгжиж байгаагийн томоохон илэрхийлэл энэ болов уу.

-Тэдгээр сонирхогч залуучуудаас тантай холбогдож, зөвлөгөө авдаг хүмүүс би юу?

- Гэрэл зургийн пэйж хуудас ажиллуудаг залуучууд над руу холбогдож зөвлөгөө авахыг хүсдэг. Тиймээс би явахаас өмнө нэг удаа сургалт зохион байгуулъя гэсэн бодолтой байгаа.

- Хаана, хэзээ сургалтаа зохион байгуулах вэ?

- Яг гэрэл зураг авах сонирхолтой, түүндээ зүрх сэтгэлээ өгч чадах тийм хүмүүсийг сургалтандаа авна. Гэхдээ маш цөөхөн буюу арваад тооны л хүн авах байх. Энэ нь цөөдөхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл миний сонгосон арван хүн надаас мэдсэн, сурсан зүйлээ цааш нь тус бүр арван хүнд заана гэж бодохоор би нийтдээ зуун хүнд зөвлөгөө өгчихөж байгаа биз дээ. Би нэрийг нь энд дурьмааргүй байна. Гэхдээ нэг пэйж хуудсан дээр жижигхэн оффист дүүрэн хүмүүс суулгачихсан прожектороор гэрэл тусгаадсургалт зохион байгуулж байхыг харсан. Үнэндээ надад бол шүүмжилмээр санагдаж байлаа. Нэг дор олон хүнд тэгж лекц маягаар гэрэл зургийг зааж болохгүй биз дээ.

-Тийм шүү. Та өөрөө ямар аргаар сургалтаа зохион байгуулах юм бэ дээ?

- Гэрэл зураг чинь өөрөө урлагийн төрөл. Тиймээс сургалт нь ч гэсэн урлагийнх байх хэрэгтэй. Би өөрийн сонгож авах хүмүүсээрээ анкет бөглүүлээд тэндээс нь хар цагаан юмуу, нүцгэн хүний зураг эсвэл хальсаар зураг авдаг уу гэх бүх төрөл жанрын мэдээллүүдийг нь цуглуулаад хоёр хоёроор тулж ажиллана гэсэн бодолтой байгаа. Хамгийн гол нь гэрэл зураг гэдэг ямар гэгээн ертөнцийг илэрхийлдэг вэ гэдгийг тархинд нь суулгаж өгнө.

- Ямартай ч өөрийн мэргэжилээ бусдад түгээхийг хүсч байгаа тань их таалагдлаа. Ингэхэд Германд очоод мэргэжлээрээ суралцах уу?

- Би кино найруулагчаар суралцахаар төлөвлөсөн байна.

-Миний бодож байснаас өөр хариулт байна. Тиймээс нэг зүйлийг бас асуумаар санагдлаа. Та кино үзээд тухайн киноноос хөглөгдөж зураг авах сэдэл танд төрж байв уу?

-Хүүхэд байхаасаа л кино урлагийн түүхэн дэх онцгой баатруудын нэг, Зөвлөлтийн найруулагч Андрей Арсеньевич Тарковский мөн Ингмар Бергман нарын найруулсан кинонуудыг үзэх их дуртай байсан. Ер нь тэдний хийсэн кинонуудтай нэг чиглэлийн арт хаус маягийн кинонуудыг шимтэн үздэг. Гэхдээ бага байхдаа яг утга санаа, хүнд юу хэлэх гээд байгааг ойлгодог байсан уу гэхээр үгүй. Зүгээр л надад тухайн киног үзээд төрж буй мэдрэмж, өгч буй өгөгдлүүд нь таалагддаг. Ялангуяа Тарковскийн зураглалууд маш гайхалтай. Тийм кинонуудыг үзсэний дараа зураг авмаар бүр өөрөө кино хиймээр санагддаг. Гэвч тухайн үед би гэрэл зурагтай ойр байсан болохоор зураг авдаг байсан бол одоо кино хийе гэсэн бодолтой байгаа. Тиймээс сурч мэдэх зүйл маш их байгаа учир холын орныг зорих гэж байна.

- Сэтгэл хөдлөл чинь ямар байгаа үед зураг авахыг илүүд үздэг вэ. Гунигтай үедээ юу, баярлаж хөөрсөн үедээ юу?

-Гунигтай үедээ. Хэт догдолж хөөрсөн үедээ зураг авдаггүй, авах хүсэл ч төрддөггүй. Харин гунигласан үедээ олон зүйлийн талаар эргэцүүлэн бодож, өөрийгөө сонсож чаддаг болохоор тэр үедээ л зураг авах дуртай.

- Сайн гэрэл зураг авна гэдэг таалагдсан зүйлээ маш олон удаа дарж түүнээсээ сонголт хийхийг хэлдэггүй байх. Урт удаан цаг хугацаа шаарддаг болов уу?

-Хугацаа бол их шаардагддаг нь үнэн. Жишээ нь байгалын гэрэл зураг авахад л тухайн газраа зорихоос авахуулаад л цаг хугацаа орно. Нөгөө талаасаа маш богинохон хугацаанд гайхалтай бүтээлүүд төрдөг. Мөн би нэг дор олон дардаггүй. Би тийм мундаг гэж байгаа юм биш шүү. Бусдын л адил суралцаж яваа залуу. Гэхдээ би хальсаар авдаг учир хальс минь надад маш үнэтэй. Тиймээс нэг авалт дээрээ цөөхнийг дардаг дараа нь түүнээсээ сонголт хийхэд ч илүү хялбар байдаг юм.

- Аппаратаа нүдэндээ ойртуулаад зураг дарах гэж буйн яг өмнөх агшныг та хэрхэн юутай зүйрлэн хэлж чадах вэ?

-Анх би яагаад гэрэл зурагт хайртай болсон түүхээ ярьж өгье. Чиний асуултанд энэ хамгийн оновчтой хариулт болж чадах байх. Өвөө минь анх надад камер өгөөд зураг авахуулахаа явуулсан тухай хоёулаа ярилцсан шүү дээ. Яг тэр үед надад 1 зүйл таалагдсан. Нэгдүгээрт шагайвчаар нь харах. Камераа нүдэндээ ойртуулахад 3х4 хэмжээтэй тэр жижигхэн нүхэнд бүх зүйл багтчихсан, маш хурц өнгөөр гэрэлтэн нэг дор цугларчихсан байсан нь намайг алмайруулсан. Камераа буулгатал бүгд ор мөргүй тараад өөр өөрсдийн обьект дээр оччихсон. Энэхэн агшинд би бүр чин сэтгэлийн гүнээсээ “хо” хэмээн дуу алдаж байсан. Камераа нэг нүдэндээ ойртуулаад, нэг доош нь буулгаад л тэр агшныг мэдэрч зогсохдоо маш их таашаалыг авсан. Энэ дэлхий дээр хүн болж төрөөд үзсэн миний хамгийн гоё зүйл, өнгөрүүлсэн амьдралаас минь үлдсэн хамгийн сайхан дурсамж энэ. Би яг үлгэрийн ертөнцөд орсон юм шиг, өөрөө үлгэрийн баатар болчихсон юм шиг... Ингэж бодит ахуйг аппарат хэрхэн хувиргаж байгааг олж мэдсэнээс хойш гэрэл зурагтай илүү ойр дотноор нөхөрлөсөн.

-Гэрэл зураг авах эрч хүчийг өөртөө итгэх итгэлээс олж авсан байх нь...

-Тиймээ. Монголчуудын ихэнх нь “биеэ тоосон” гэж ойлгодог боловч нөгөө талаараа өөртөө итгэх итгэл өгч, өөрийгөө би чадна гэж зоригжуулдаг байх хамгийн зөв зүйл.

-Аппаратаа хүнд алдах, эсвэл хаяж гээх тохиолдол гарч байсан уу. Гэрэл зурагчин хүний хувьд хамгийн үнэт эд хөрөнгө нь шүү дээ?

- Надад тийм зүйл тохиолдож байгаагүй. Хамгийн сайн анд нөхөр минь болохоор ямар ч үед энгэрээсээ салгалгүй тэвэрч явдаг. Харин сүүлд нэг алдах шахсан. Тэр үед зүрх савлаад яг хүнд алуулах гэж байгаа юм шиг л болсон. Өөрийгөө агнуулах гэж туулай шиг байдалд орсноо утгаар нь мэдэрсэн дээ.

-Агнуулах гэж буй туулай болж дээ...

-Харин тийм ээ. /инээв/ Хүмүүст гэнэтийн таагүй зүйлс тохиолдоход өнгөрүүлсэн амьдрал нь нүднийх нь өмнүүр жирэлзээд өнгөрөх шиг л боллоо гэж ярьдаг даа. Яг тийм бас. Маш хүнд байдалд орсон. Сүүлд нь дахиж л ийм алдаа гаргахгүй гэж дотроо хашгирах шахам хэлж билээ. Олон сайхан зургууд хальсандаа буулгасан байсныг ч хэлэх үү.

- Хувийнхаа архивт өөртөө таалагддаг хэчнээн тооны зураг хадгалж байна вэ?

- Хятад цаасан хайрцагаар дүүр боловсруулагдаагүй жижигхэн пилонкууд байгаа. Барагцаагаар ч тоо хэлж чадахгүй. Хөрөг болон байгалын зургууд л илүү тоотой байгаа байх.

- Хүний хөргийг байгальд авах их дуртай юм шигээ. Хүн байгалын хоорондын уялдаа холбоог тайлбарлаач...

- Хүн угаасаа байгалын амьтан. Тэр бүү хэл эх үрийн хүйн холбоотой гэдэг шүү дээ. Миний нэг найз надад “Хүн төрөлхтөн байгаль эхийг сүйтгэх гэж л төрсөн. Төрөлхийн араншин нь тэр шүү” Би үүнтэй огтхон ч санал нийлдэггүй. Хүмүүс байгаль эхээ хайрладаг, хамгаалахыг хүсдэг. Би ч өөрийгөө байгаль эхийн хүү гэдгээ үргэлж мэдэрдэг болохоор хүмүүсийн хөргийг ой мод эсвэл хаяагүй цэлийх тал, элсэн манханд авах дуртай.

-Хүн л дан ганц амьдрахын тулд байгаль эхээ сүйтгээд байдаг амьд бодгаль би байх шүү. Тийм биз дээ?

- Тэгэлгүй яахав. Өөрсдөө амь гарахын тулд өрөөлийн амийг авдаг ирвэс, бар зэргийн араатан амьтад байна шүү дээ. Тэдэнд  хурц соёо болон сарвууг байгаль эх өөрөө өгсөн. Харин буга, гөрөөс гэх зэрэг өвсөн тэжээлтэнгүүд илүү номхон дөлгөөн, үргэлж ямар нэг зүйлийн дуу чимээнээс сэрэмжилж явдаг. Үүнээс үзэх юм бол хүмүүс бидэнд хэрцгий зан араншингийн үндсэн шинж байдаггүй. Бид өөрсдийгөө сонсдоггүй, байгаль эхээ хайрлаагүйгээс болоод л тийм болдог. Гэхдээ оюун ухаан илүү заяасан учраас бид нийгмийн амьдралд оролцохгүйгээр оршиж чадахгүй. Энэ бол байгалийн хууль. Ёс зүйн хувьд тунгаах юм бол бид өөрсдийнхөө эргэн тойрон дахь бүхий л зүйлсдээ анхаарал тавих ёстой юм. Тиймээс л би камераа үүрээд өвлийн ой, намар цагийг долгиондоо энхрийлэн бүүвэйлж буй гол мөрөн рүү очиж зураг авах дуртай байдаг юм.

- Өнөөдөр дэлхийд гэрэл зураг аль төрөл рүүгээ илүү их хөгжиж байгаа юм бол?

- Үнэнийг хэлэхэд мэдэхгүй. Би энэ талаар огтхон ч сонирхож байгаагүй. Хамгийн гол нь би өөрөө юу хийж явна вэ гэдэгтээ л илүү анхаарал хандуулдаг.

- Тэгвэл яг одоо  дэлхийн хэмжээнд ямар брэндийн аппарат хамгийн сайнд тооцогдож байна вэ?

- Хамгийн түгээмэл нь “Canon”, “Nikon”хоёр байгаа. Миний яг сонирхдог нь бол “Canon”. Гэхдээ анх “Nikon”-оор зураг авдаг байсан. “Nikon”-ны өнгө нь гоё, дулаан өнгөнүүдтэй байдаг. Харин функц нь жаахан муу. Харин “Canon”-ныфункц нь их амархан. Маш түгээмэл байдаг, хэрэглэгчдэд их хүрдэг болохоор дараагийнх нь аппаратнууд үргэлж шинэчлэгдэж гардаг. Нэг гэм нь жаахан хүйтэн өнгөтэйнүүдтэй. Цэнхэр, ягаан өнгө л байдаг. Миний зургуудыг нарийвчлан үзэж томруулаад харах юм бол энэ хоёр өнгө л үлдэнэ. Тиймдээ ч миний зургууд чамд гунигтай, хүйтэн санагдсан байх.

-Та хүйтэн өнгөнд дуртай юу, дулаан өнгөнд үү?

-Би хувь хүн талаасаа бол дулаан өнгөнд дуртай.

-Таны ихэнх хариултууд миний харж байсан өвөрмөц зургуудыг дарсан Шувуу гэдэг залуу мөн үү, биш үү гэдэг эргэлзэлд хүргэж байна шүү?

- Магадгүй эргэлзэж байгаа чинь сайн хэрэг. Би өөрөөсөө өөр зургууд аваад байдаг юм. /инээв/ Хүнийг гадна талаас дүгнэж хэрхэвч болдоггүй. Найзалж, нөхөрлөж, цаг хугацааны уртад дотор луу нь өнгийн харж байж илүү ихээр таньж мэддэг. Түүнтэй адилхан дотор  минь нэг хүйтэн өнгөнд дуртай залуу суудаг байх. Би түүнийгээ сонсдоггүй боловч мэдэрдэг. Тийм учраас ахуйд хүлэгдсэн, өөрсдийгөө чөлөөлөх гэж байж ядсан илэрхийлэлтэй зургуудыг дарсан юм болов уу даа. Өдгөө Пулицерын шагнал хүртсэн томоохон гэрэл зурагчид хүртэл мэдрэмжээ чөлөөлөх гэж л гэрэл зурагт зүрх сэтгэлээ зориулсанболов уу.

- Хэзээ нэгэн өдөр Пулицерын шагнал авна даа гэсэн бодол төрж байсан уу?

-Би үүндээ маш их итгэлтэй байдаг. /инээв/ Бусад хүмүүсийн адил сурч боловсорч явна. Хэзээ нэг өдөр авах байх.

 

 

 

 

 

 

 

 

 

Ийнхүү бидний ярилцлага зочны маань инээмсэглэлээр өндөрлөв. “Open door”сонин маань олны танил болсон томоохон улс төрч, бизнесмэн, зохиолч, зураачдаас илүүтэйгээр хийж бүтээхийн их хүсэл тэмүүллээр зүрх сэтгэл нь хөглөгдөж яваа авьяаслаг залуу уран бүтээлчдийг уншигчиддаа танилцуулахыг зорьж байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.