НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ИД ШИД байдагт ИТГЭДЭГ хүмүүс

Б.Алтанхуяг     Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-07-18 18:00:02 GMT +8 / | 3259 удаа уншсан

Тиймээ... Энэ тухай... Дэлхий дүүрэн ид шид байдагт итгэдэг хүмүүсийн тухай ярих гэсэн юм. Сэтгэлийн доторх бүхий л нууцсыг гадагш шидлэн хаяж юу юунаас илүү догдлуулж чаддаг басхүү эсрэгээ доромж, үнхээнц байдлыг бий болгохдоо ч гаргуун улирал бол хавар. Яг л Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн “Ертөнц өөрөө галзуу
Би дунд нь согтуу”
гэсэн мөрүүд санаанд харвана, дуу болж аялагдана. Тийн өөрөө ая зохион амандаа дуулж явсаар “Занбазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей”-н халгаар ороод л хоёр алдарт зураачийн бүтээлүүдийг гайхсан, алмайрсан, шархалсан, хөөрсөн сэтгэлээр үзэж явахдаа энэ хоёр агуу их  хүмүүн ид шид байдагт жинхнээсээ итгэдэг байж дээ гэх бодол төрсөн юм. Би ч үүнд итгэдэг.

XX дугаар зууны үеийн хамгийн аугаа уран бүтээлчид болох Сальвадор Дали, Пабло Пикассо нарын эх зураг, уран баримлууд ийнхүү Улаанбаатар хотноо дэлгэгдлээ. Уран зурагт хайртай, тэднийг зүгээр л нэг зураачаар төсөөлдөггүй, сайн мэддэг хүмүүсийн хувьд энэ сарын 29 хүртэл “Занабазарын нэрэмжит музей”-г зорин алхах өдөр бүтэл гайхалтай байх болов уу, бас галзуу...

ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч А.Шадрин  хувийн цуглуулгаасаа алдарт С.Дали, П.Пикассо нарын 200 гаруй эх бүтээлийг монголын ард түмэнд дэлгэн үзүүлж байгаа аж. А.Шадрин сэтгүүлчдэд "Миний хувьд эдгээр бүтээлийг 20 жилийн хугацаанд цуглуулсан. Тухайн үед хүмүүс байшин, газар авахыг сонирхдог байсан бол миний хувьд соёлын бүтээлийг хүмүүст үзүүлэхийг тулд цуглуулж эхэлсэн. Эдгээр бүтээл миний өмч. Цаашид ч гэсэн худалдах бодолгүй байна" гэдгээ олж хэлж байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй болов уу.

Бид Дали, Пикассо нарыг танихгүй байж болно. Гэхдээ бүх л хүн Далигийн “Наркиссусын хувирал”, Пикассогийн “Герника” бүтээлүүдийг хаа нэгтэй, бүр арван жилийн сургуулийнхаа “Хөдөлмөрийн хичээлийн тэнхим”-д ч олж харсан л байдаг. Гайхалтай уран зураачдын хөрөг, зураг, баримлуудын тухай өгүүлсэн ном энэ хоёр бүтээлгүйгээр ном биш мэт санагддаг. Дали  “Наркиссусын хувирал” зургаараа бүхэл бүтэн роман уншиж буй мэт домоглохуй бүтээж орхисон юм. Харин Пикассо “Герника” хэмээх бүтээлээрээ хүний амьдралын утга учиргүй, эмх замбараагүй хар дарсан зүүдийг бодит хувилбарыг бодож олсноо дайны гамшигтай уялдуулан цаасан дээр буулгасан.

Ромын яруу найрагч Овид “Мэтаморфосис” буюу хувирал бүтээлдээ дурдсанаар Наркиссус өөрийнхөө дүрийг усанд хараад өөртөө дурлаж орхисоор чулуу болон хувирдаг баатар эр юм. Дали ч өөртөө хайртай байсан. Тэр өөрийгөө жинхэнэ суутан гэдэг байв. Хэн ч, түүнтэй нэгэн үед амьдарч байсан алдартай зураачид ч үүнтэй маргаж байгаагүй, маргасан ч тэд Далиг ялахгүй гэдгээ мэддэг. Өдгөө манай цаг үеийн алдарт жүжигчин Морган Фрийман “Ухаантай хүнтэй маргалдаад ялна гэдэг хэцүү. Харин тэнэг хүнтэй маргалдаад ялна гэдэг бол боломжгүй” гэж хэлсэн нь буй. Хүмүүс бүгд л түүнийг гажиг, галзуу солиотой, мэдрэл амьтан гэж боддог байсан. Дали өөрөө ч тэсвэрлэхийн аргагүй ааш, хэт танхай зантай, этгээд нэгэн байсан гэх. Гэвч тэр этгээд араншинт, галзуу нэгэн нь бидэнд ямар гайхалтай нууцлаг ертөнц бүтээж өгснийг яг одоо би хараад зогсож байна.

Тэр өөрийгөө суутан гэж хэлж чадсан хүн, бас Пикоссаг. Мадридад байхдаа Дали Пикассог испанруу хамт явая хэмээх зорилготойгоор ийнхүү түүнийг олон нийтийн өмнө дуудаж байж. “ Пикассо испан хүн - би ч бас испан хүн! Пикассо суут хүн – Би ч бас суут хүн! Пикассо коммунист – Би ч бас биш !” гэж хэлсэн тухай баримт буй.

Яг одоо өмнө минь энэхүү хоёр алдарт зураачаас хүн төрөлхтөнд илгээсэн, бидний урлагийн мэдрэмжийг өдөөсөн бүхэл бүтэн арми өмнө минь зогсож байна. А.Шадринд би талархаж байна. Түүний цуглуулга хэмшээлшгүй гайхамшигтай бөгөөд, тэр хорвоогийн хамгийн баян эрхэм юм. Гэвч зураг, баримал бүрээс ганихарсан нүд өрөмдөн ширтэж,  гаслангуй дуу хоолой сонстоно. С.Далигийн “Хайлж буй цаг”, “Нарийхан хөлт заан”, Шургуулгатай бүсгүй”, “Гал дундах анааш”, “Нийсдэг эмгэн хумс”, “Титэмтэй ялаанууд”, “Цаг тохсон морь” зэрэг хамгийн алдартай  уран баримал, зураасан болон уран зураг, керамик урлалын бүтээлүүд, П.Пикассогийн амьтад, шувууд, Эсмеральдо ишиг, “Навчин дундах бух”, “Бухын тулалдаан” зэрэг шаазан таваг, ваар саван дээр дүрсэлсэн бүтээлүүд бүгд л өмнөөс минь хараад хашгирч байна байна.

Дэлхийн хэмжээний ийм том цуглуулга нь орос хүний өмч учраас мөн ОХУ-ын өмч ажээ. Тиймээс хоёр жилд багтаж нэг удаа ОХУ-ын хил руу буцаж орох ёстой байдаг юм байна. Харин бусад үед гол төлөв дэлхийн орнуудаар “Аялан тоглолт” хийдэг томоохон үзэсгэлэн гэнэ. Тэд Монголд Дали, Пикоссагийн зургуудаас 200 орчим бүтээлийг нь л сорчилон үзүүлж байгаа юм.

Дали юуны учир бүхий л зүйлсийг амьгүй, биегүй, хоосон, хайлж урсах мэт, зэрэглээнд уусах мэтээр зурж, бүтээгээд байгаа нь цаанаа ямархан учиртай юм бол. Тэр өөрөө маш чадамгай уран бүтээлч. Тиймдээ ч зургуудаа “Гараар зурсан зүүдний фото зураг” хэмээн тодорхойлдог байсан. Пикассо ч мөн адил сюриалистуудтай хэрхэн уусан нийлэлдэж байсан нь энэхүү үзэсгэлэнд гарсан бүтээлүүдээс харагдах ч тэр уран зургаас илүүтэй шаазан сонирхох болсон нь илт.

Шаазан аянган дээрх хүмүүст баяр, хөөртэй дүр төрх нэгээхэн ч алга. Бүгд гунигт автсан, уйтгарт төрхтэй, Далигийн хэрчигдсэн, эд эрхтэн нь салангид бөгөөд оршихуйд жингүйдэн хөвж яваатай ижилхэн мэдрэмжүүдийг дотроо агуулж байх шиг боловч жаахан хүүхэд л цаасан дээр хайш яайшхан зураад орхичихсон мэт бүтээлүүд их буй. Хүмүүс баярлан хөөрч, уулга алдан шагширч байхад эдгээр бүтээлүүдийг ямар шүлгээр илэрхийлж болохсон бол хэмээн санаашран зогсов. Гэтэл саяхан “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн яруу найрагч Ч.Өсөхболдын орчуулсан Аллен Гинзбергийн "Их хотын мэндчилгээ" шүлгийн сүүлчийн дөрвөн мөр сэтгэлд буух нь тэр. “...Үйлийн эзэн юу харж буйгаараа л үнэлэгддэг бол

Үлдсэн нь зөн совингоо биднийхээр л хэмждэг.

Үнэнч сэтгэл солиорлоор л дуусдаг”. Үнэхээр Далигийн уран бүтээлүүдийг ямар нэгэн төрөлд шуудхан багтаачихаж болдоггүй. Зүүд, зөн совингийн агуулгатай ийм баримал, зургууд яг үнэндээ өөрийнх нь зохиосон гэж үздэг параной-критикал аргачлалаас ч тэс өөр бүтээлүүд байж болох талтай. Модон дээр хайлсан цагийг дүрслэн үзүүлсэн баримлыг жишээлэн аваад үзье л дээ. Мод болон түүний мөчир бүрийг даран урсах аварга том цаг. Модоор тэр хүмүүсийг төлөөлүүлж цаг хугацааны уртаж хэрхэн бөхийж үгүй болж байгааг харуулж байна. Ийм гүн ухааныг, ийм их шаналан, дотоод сэтгэлийн хашгирааныг хэрхэн зовиурлан байж бүтээсэн бол гэхээс улам их хүндэтгэн, хайрламаар санагдана.

Гэвч ийм гайхамшгийн үзээд сэтгэл нэг л гунигтай болчих шиг, эсвэл дахиад дуун алдан гайхаш төрүүлэм зүйл үүнээс өөр үгүй л болов уу гэж бодсондоо ийм гонсгор байгаа юм болов уу. Ямартай ч үзэсгэлэнгийн танхимаас гарлаа. Эргэн зогсоод дээш харвал “Занабазар” гэх нэр үзэгдэж түүний бүтээсэн уран баримлууд нүдний өмнө үзэгдэж домог болон үлдсэн олон дурсамжууд нь санаанд буув. Тэр ч бас ид шид байдаг итгэдэг байсан биз ээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.