НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ХӨДӨЛГӨӨНТ өнгөний зохиомжууд

Б.Алтанхуяг     Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-07-10 16:24:13 GMT +8 / | 5086 удаа уншсан

Зураач Х.Ариунзаяагийн цоо шинэ бүтээлүүдээр дүүрэн үзэсгэлэн “Passion” нэртэйгээр уран зураг сонирхогч олны хүртээл боллоо. Түүний бүтээлүүдээс эрс тэрс өнгөний тоглолт, хөдөлгөөнтэй зохиомжууд, өөрийн гэсэн дуу хоолойгоор дуугарч буй мэт илэрхийлэлтэй дүрсүүдийг харж болно. Мөн тэдгээр бүтээлүүд нь бүгд өөр өөрийн гэсэн нууцлаг утга агуулгыг илэрхийлэх мэт, бүтээл бүр өөрийн өгүүлэмжтэй байдаг нь тун сонирхолтой. Зураач Ариунзаяа нь сүүлийн 10 жил Казакстан улсад ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа залуу уран бүтээлч юм. Тэрбээр Казакстаны зураач Жаннет Абишийн урланд туслах зураачаар ажилласан нь түүнийг дүрслэх урлагийн хязгааргүй ертөнцөд гүн гүнзгий татан оруулсан гэдэг.

Уран зурагт өнгийг хамгийн ихээр шүтдэг урсгал бол импеорсионизм. Клод Моне, Эдга Даген нар уран зураг бус өөрсдийгөө зурдаг байсан билээ. Тэд өөрсдийнхөө мөн чанарыг нээхэд л өнгө будгийг зориулдаг байсан юм. Өнгө бол уран зургийн дүрслэл илэрхийллийн уран сайхны төвөгтэй хэрэгсэл бөгөөд зохиомжинд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ талаар уралагийн түүх асар их хуримтлагдсан. Монголын орчин үеийн уран зураг ч ялгаагүй. Хамгийн гол нь өнгөний зохицол, гэрэл нь далд нууцлаг байдлаар илэрч, зургийн нэг дүрийн ард ахин шинэ дүр нуухыг зураач Х.Ариунзаяа эрмэлзэж байгаа нь “Passion” үзэсгэлэнгийн зураг бүрээс тодхон ажиглагдана.

Голландын уран зургийн их мастер Рембрандт гүн харанхуй доторхи хурц гэрлээр зохиомжийнхоо гол баатрыг буюу хэлэх гэсэн санаагаа цохон гаргадаг байсныг бүгд мэднэ. Дэлхийн олон сургууль янз бүрийн урсгал, чиг хандлагатай зураачдын үй түмэн бүтээлээс иймэрхүү жишээ хэчнээнийг ч татаж болно. Уран зургийн өнгө үзэгчдэд хүйтэн, дулаан хоёроос илүүтэйгээр хүртэхүй, мэдрэхүй, ажиглахуйн олон янзын сэтгэгдэл төрүүлдэг. Хүйтэн туяалаг өнгийг шинжлэх ухаанд “хөнгөн өнгө” гэж тодорхойлсон байдаг. Гэвч Х.Ариунзаяагийн “Ээжийн өглөө” зургийг хараха хөнгөн болоод, хурц өнгөний хөдөлгөөн нь зургийн зохиомж, утга агуулгыг гүнзгийрүүлж өгсөн буй нь харагдана.

Тус зураг нь энгийн хэрнээ, ахуйд хөдөлгөөнгүйгээр орших зүйлс, эх хүний сэтгэлийн ариуслыг гүнзгийгээр илэрхийлж бодит зураглалаас илүү сэтгэхүйд хандсан имперсионизмийн томоохон жишээ болж байна. Цэнхэр, шар, хар өнгөнүүдээс голчлон бүтсэн энэ зургийн тухайд гэвэл цэнхэр өнгө л гол үүрэгтэй. Тиймээс цорын ганц өнгө юуг ч дүрсэлж, юуг  ч илэрхийлж чадахыг харуулжээ. Хийсвэр урлагийн зарим онолчид өнгө бол дүрсэлж чадахгүй, илэрхийлж чадна гэж үздэг тал бий. Гэхдээ сайхан өнгө гэдэг бол дан хэлбэр биш, агуулга хэлбэрийн зохицолтой салшгүй холбоотой. Үүний дүр дүнд ч өнгө амьдарч хүний сэтгэл санааг эзэмдэн гоо сайхны таашаал сонирхлыг хөгжүүлэхэд гол хүчин зүйл болдог байна. Үнэндээ алдарт Пикассогийн “Цэнхэр үеийн хөрөг” зураг  ганцхан өнгөнөөс бүрдсэн мэт сэтгэгдэл төрүүлэх ч үнэндээ олон будгийн найрлага байдаг.

Сүүлийн үед манай уран зурагт эрчимлэг гэх темпраментны хурц, эрч хүчтэй сэтгэгдэл илэрхийлсэн хэсэг зураачид гарч ирж байна. Үүний зэрэгцээ зөөлөн, яруу тунгалаг өнгө зохицол дотор нь утгагүйгээс утга бүтээх мэдрэмжийг хөглөх бүтээл төрсөөр байгаа юм. Тэдний нэг нь Х.Ариунзаяагийн “Мэдрэмж” хэмээх гурван цуврал зураг билээ. Нэлэнхүйдээ улаан нүд, гар, хөл болон эд эс нь хүртэл улаан болов уу гэмээр тэврэлдсэн эр эм хоёрыг зургийн хавтгайд томоор дүрслэн буулгажээ. Сансрын уудамд хөвж байгаа мэт сэтгэгдэл энэхү зургийн гүнээс урган гарч дотор амилна. Цаанаас нь нар мандаж байна. Нийгмийн цуст үймээн дуусч үүр цайхуйд гэрэлт ирээдүй биднийг угтах шиг...

Сюрреализм буюу бодитой дүрслэл нь бодит юм шиг боловч түүнийг илүү ургуулан бодож хөгжүүлэн зурсан сэтгэлгээ, байгаль орчин, амьтан зэрэг бие бүхэн бодитойгоор байх үндэслэлгүй зөвхөн хүний оюун ухаанд байх ёстой гэсэн сэтгэлгээг илэрхийлсэн урсгал ч бий. Тэр бүрийн өнгө өөр, нэг контраст ихтэй эрчимлэг, хурц тод байхад нөгөө нь уян, талибуун, зөөлөн байх жишээтэй.  Ер нь тус үзэсгэлэнгийн зургууд зохиомжийн хувьд задгай боловч орон зайн хувьд одоо, өнгөрсөн, ирээдүйг нэгтгэн нэг хавтгай дээр олон үйл явдлыг хүүрнэн багтааж бэлгэдэлт дүрсүүдээр утга санаагаа илэрхийлж өгсөн нь ихээхэн онцлогтой.

Дүрс хэлбэрийн хувьд бодит дүрслэлээс зайлсхийж хийсвэрлэсэн дүрүүд байх бөгөөд тухайн дүрийн дотоод ммөн чанарыг илэрхийлэх бэлгэдэлт дүрсүүд ашигласан нь “Мэдрэмж”, “Захиа”, “Мөрөөдөл”, “Сахиусан тэнгэр” зургуудын далд агууламжаас тодорхой мэдрэгдэж байна. Сэдэв агуулгын хувьд ардын аман зохиол, язгуур урлагийн үр шимээр тэжээгдсэн монгол зураг бол шашин, бурхны сэдэв, эгэл жирийн хүмүүсийн хэрэгцээнд бүрэн чиглэгдэж тэдний бодол санааг илэрхийлж байгааг “Passion” үзэсгэлэнгээс харж болно.

Аниргүй хоосонд ч, бидний хар бараан гэж бодож сэтгэдэг зүйлүүд нь ямар нэгэн тунгалаг, сайн сайхан зүйлийг дотроо агуулж байдаг гэдгийг зураач маань “Мөрөөдөл” зургаараа илэрхийлж гаргажээ. Хүн бүрт урлагийг үзэх, урлагийн төрөл чиглэлүүдэд хандах, таашаах өөрийн гэсэн үзэл бодол, сэрэл мэдрэмж бий. Ийм учраас өдгөөг хүртэл нэгдсэн ойлголтод хүрээгүй, ямагт зөрчилдөж, маргалдаж, мэтгэлцэж байгаа хэрэг. Тийм л үеүүдэд өнгөний хурц өнгөний нарийн мэдрэмжтэй, тэрхүү мэдрэмжээ чадамгай дүрслэн буулгадаг зураачид Монголын уран зургийн өргөөг гэрэлтүүлж буй нь юутай бахархууштай билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.