НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ШИНЭ улирлын ГЭГЭЭ

Б.Алтанхуяг     Нийтлэгч
4 жилийн өмнө /2016-06-20 16:40:48 GMT +8 / | 2662 удаа уншсан

Зураач Д.Баярцэцэг. Тэр уран бүтээлчид болон уран зураг сонирхогчдын дунд “Годо” нэрээрээ танигдсан билээ. Францын абсурд жүжгийн ноён оргилуудын нэг болсон Беккетийн “Годог хүлээх зуур” жүжгийн нэр л дээ. Годо угаас байдаггүй. Жүжигт нэр нь л дурдагдана уу гэхээс дүр нь нэг ч удаа гарахгүй. Хоосны бэлэг тэмдэг болсон нэр. Чухам энэхүү хоосонд бидний аж төрөхүй цэцэглэн хөгжиж, басхүү хар бараан сүүдэрт умбаж буйг Беккет харуулах гэсэн хэрэг. Ингээд бодохоор Годо буюу Д.Баярцэцэгийг ямархан уран бүтээлч вэ гэдгийг нэрнээс нь аваад үзэхэд л бусдаас тэс өөр хүн шиг санагдана. Гаргасан үзэсгэлэн бүрээс нь онхи ондоо ертөнцийн дуу чимээ сонсогддог билээ.

Уран бүтээлч Д.Баярцэцэг Дүрслэх Урлагийн Дээд сургууль болон Бээжин дэх Урлагийн төв академид боловсрол эзэмшжээ. Тэрбээр 2003 оноос хойш уран бүтээлээ эрчимтэй туурвиж буй бөгөөд 2006 онд Чингис галерейд “Цэг цэг таслал”, 2008 онд Хаан банкны галерейд “Минийх”, 2011 онд Чойжин ламын сүм музейд “Үхэл үгүй”, 2012 онд 976 галерейд “Төрөхүй” зэрэг үйл хөдлөлийн урлагийн үзүүлбэрээ толилуулж байсан юм. Түүнчлэн Хятадын Бээжин хотын CAFA-д Intertwine Experience, БНСУ-ын Даежонд болсон “Зүрхнээс зүрхэнд”, ОХУ-ын Байкалд болсон Орос-Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Францад 2011 онд ЮНЕСКО-гийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан. Олон улсын орчин үеийн уран бүтээлчдийн холбооны 30 жилийн ойн үзэсгэлэнд бүтээлээсээ дэлгэсэн юм. Мөн тэр бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо дөрвөн удаа гаргаж, олон нийтийн хүртээл болгожээ.

 “976” арт галерейн үүдээр дөнгөж оруут л зураач Д.Баярцэцэгийн ой модонд хийсэн перформанс буюу үйл хөдлөлийн урлагийг харуулсан бичлэг угтана. Энэ бол зураачийн бие даасан дөрөв дэх “Мод II” үзэсгэлэн. Шинэ улирлын гэрэл гэгээг эндээс л амсч болно. Энэ үзэсгэлэн нь “Мод I” үзэсгэлэнгийн үргэлжлэл юм. Тус хоёр үзэсгэлэнд 100 гаруй зураасан зураг дэлгэгдсэн байна. Цаашдаа уг үзэсгэлэн “Мод IV” хүртэл цувралаар гарахад бэлэн болоод байгаа бөгөөд өвөрмөц, шинэ үзэл бодлоор илэрхийлсэн уран бүтээлүүд байгаа болов уу хэмээн зураач өөрөө онцолж байлаа.

“Онгон улирлын гэгээ

Онгон улирлын гэгээ

Ариун нандин зүйрлэмгүй” хэмээх зураач бүсгүй өөрийн зохиосон шүлгийг ханан дээр бичжээ. Гэгээрэлд хүрэх зам, зэнгийн олон сургаалиудыг энэхүү шүлэгнээс олж харж болно. Үүний дараагаар урлангийн зургуудыг үзэх нь илүү зохимжтой мэт санагдлаа. Амьдрал заримдаа юу юунаас илүү баялаг, гэгээ татуулсан ховорхон учрал, баяр хөөрөөр дүүрэн байдаг мэт. Гол нь тэр бүгдийг гоо зүйн үүднээс таньж урлагийн хэлээр хүмүүст хүргэх нь Годогийн үүрэг шиг санагдана.

Зураач “Бүтээлүүддээ тайлбар өгөөгүй байгаа нь өөрөө тодорхой. Аливаа зүйл цэг, зурааснаас эхлэлтэй байдаг. Бүтээлийг нэрлэнэ гэдэг нэг хэв жаягт баригдана гэсэн үг. Миний бүтээлүүдийг модны тайрдас, ямар нэгэн гараг ертөнц, нүхээр харж байгаа далайн давалгаа ч юм уу юу ч гэж харж болно. Энэ үзэгчдийн сонголт юм” гэв. Харин зураачийн зүйрлэл дотроос надад онож хэлсэн үг алга байлаа. Түүний бүтээлүүд үнэндээ зураасаар амилсан шинэ улирал байв. Улирал бүхэн өөрсдийн онцлог, хүнээр бол сэтгэлзүйн олон гайхалтай чанаруудыг дотроо агуулсан байдаг. Тийм л моднууд энэ өрөөнд эмх замбараагүй байдал үүсгэн ургажээ. Энэ л түүний чөлөөт сэтгэлгээ, Годо мэт хийсвэрлэл, шинэ улирлын өнгө аясыг тодорхойлж буй моднууд юм.

Зураасыг чөлөөтэйгөөр таталгаж моддыг хээг тодорхой тойрог, зууванд оруулан дүрсэлсэн нь ерөнхийдөө ахуйн сэтгэлгээ боловч Д.Баярцэцэгийн зураг зурж буй цаасан дээр өөр ертөнц болон буужээ. Дорнын философи үзэлд гэгээрлийн хутгыг олон нь навчийг нэвт ширтэн нарны туяаг үзэх мэт хэмээн уран зохиол ихээхэн дүрслэгдсэн байдаг. Тиймдээ ч навчин хэлбэрт моднууд өчнөөн ургачихсан байгаад гайхах хэрэггүй.

“Мод II” үзэсгэлэнгийн бүтээлүүд моддын навч, мөчир, үртэс, шуудай бүрээс зэн буддизм нэвт үнэртэнэ. Тэр бүх дотоод ертөнцийн зүй тогтлыг эс анхааран үзвээс шинэ улирлын гэгээн сайхныг харж болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.