НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Туулсан ЗАМНАЛЫН ТҮҮХ

Б.Алтанхуяг     Нийтлэгч
1 жилийн өмнө /2016-05-25 16:46:21 GMT +8 / | 4003 удаа уншсан

Энэ зун олон сайхан үзэсгэлэн гарч, тэр бүхнийг манай сонин уншигчиддаа алдалгүй хүргэж байгаа билээ. Монголынхоо тал нутгаас гарч Воронежын урлагийн сургуулиас хуучны нийслэл хотын нэрд гарсан Санкт-Петербургийн Урлагийн Академийн төв заал хүртэлх замыг туулж, өдгөө өөрийн дотоод ертөнцийн чимээг илэрхийлсэн бүтээлүүдээрээ дэлхийд танигдаж яваа хүчтэй залуучуудын нэг бол Б.Отгонтүвдэн юм.

 

Тэрбээр саяхан Монголын Урчуудын Эвлэлийн галлерейд “Монгол түүхийн хөлгөн судар” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Тус үзэсгэлэнгийн зураг бүрийг амттай гэж хэлж болно. Б.Отгонтүвдэнгийн бүтээлдээ оруулдаг эрчимлэг хөдөлгөөний амин сүнс Монгол болоод дэлхийн уран зурагт нэгэнт байр сууриа эзэлж өөрийн өнгийг тодорхойлох хэмжээнд хүрчээ.

Нэгэнтээ Америкийн алдарт яруу найрагч Эмили Дикинсон “Би өөрийн бичсэн бүхнээ амьдрал дээр туулахыг хүсдэг. Этгээд сонин зураач, зохиолч, сонгодог урлагийнханд би дуртай. Тэдний намтар туулж өнгөрүүлсэн бүхэн нь яг л зохиол бүтээл шигээ этгээд” гэж хэлсэн байдаг. Харин Б.Отгонтүвдэнгийн хувьд тэр яг л өөрийн зурсан зургуудтай эрчимтэй хийж бүтээдэг хүн. Зургууд нь сонгодог, өөрөө ч амьдрал дээр сонгодог нэгэн байж чаддаг.

“Монгол түүхийн хөлгөн судар” үзэсгэлэнг үзсэн хэн бүхэн түүнийг сонгодог реалист маягийн зураач гэдгийг хүлээн зөвшөөрнө. Зөвлөлтийн уран зургийн сонгодог школын уламжлалыг баримталсан нь тод харагдана. Зургийн хавтгайд дүрслэгдсэн баатрууд хийгээд тэдгээрийн царай төрх, биеийн хөдөлгөөнийг чадварлагаар дүрслэн гаргаж царай төрхийг нь тод гаргаж, хувцас хунар, морьдын туурай, хазаар ногтыг зарим газар нь сарниулан зурснаар сүр хүчтэй байдлыг нь илтгэжээ. Энэ арга барил түүнд натюрморт, зохиомжит болон сэдэвт хөрөг зэрэг харьцангүй даруу, тайван жанруудад бүтээл туурвихад ихэд тус болж байна. Дүрсэлсэн баатрын ааш зан, онцлогийг харгалзан ерөнхий зохиомжийг нь сонгохоос гадна хэв маягийг нь хүртэл оновчтой тохируулдаг нь Б.Отгонтүвдэн зураачийн бийрийн шид, онцлог гэлтэй.

Хамгийн их сонирхол татсан бүтээл нь “Эцгийн захиас” зураг байлаа. Хүүгийн шилэн дээрээс нь татан өөртөө ойртуулж чихэнд ямархан нэгийг шивнэж буй эцгийн дүр уг зургийн амин сүнс нь гэлтэй. Басхүү нэг гараараа алсыг нь заасан нь чухал аянд хүүгээ мордуулах гэж буй мэт. Тиймдээ ч арын хавтгайг өнгөний зохиомж маягаар шийджээ. Дээр нь эцгийн хөмсөг зангидсан дүр төрөхөөс дайн самуунтай цаг үеийн байдал илэрхий харагдана. Гэвч аль өнцгөөс харахаас л шалтгаана. Тиймдээ ч тухайн зургийг үзэж буй хүний өөрийнх нь онцлогт л хамаатай.

Мөнхүү “Одтой тэнгэр орчих цаг дор” бүтээлээс илд бамбайн хангир, жингэр хийх чимээтэй сонстоно. Зурагт дүрслэгдсэн ихэнх баатрын нүүр царай тод бус. Гэвч морьдын хөдөлгөөн, урт урт жад, нум сумаар л зураач Б.Отгонтүвдэн уг зургийг чимээтэй болгож өгчээ. Хамгийн анх цэцгийг шар өнгөтэй хэвээр нь зурсан зураач бол сайн зураач. Харин дараагийн цэцгийг цэцэг биш болгож зурахгүй бол ямарч урлаг хөгжихгүй. Тиймээс л баатруудаас илүү морь, болоод зэр зэвсэгийн дүрслэлд нарийвчлалтай анхаарал хандуулж гол дүрийг гол дүр бус болгон дүрсэлчихсэн учир уг зурагнаас дайны чимээ сонстоод буй юм. Монголчууд аливаа зүйлийг уран сайхнаар дүрслэн бүтээх сод чанар, билгийн мэлмийтэй ард түмэн гэгддэг. Баатрууд нь сэтгэлийн хөдлөл багатай байх ба тэдний дотоод тамир, тэвчээр хатуужил, ааш занг жижиг деталь, хүний харц, биеийн хөдөлгөөнөөр нь тодотгон илэрхийлснийг “Холын бодол”, “Алс холын замд”, “Бага нас”, “Хуагчин эх” зургуудаас харж болно. Олон жил Орос оронд амьдарч, тэнд суралцсан зураач маань эх орондоо өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ ийнхүү гаргаж буй нь сайшаалтай хэрэг. Үзэсгэлэнд тавигдсан зургууд нь монгол ахуй амьдрал, баатрууд, ухаажиж хэрсүүжсэн өвгөд, хөдөөгийн малч охид, Монголын түүхийн ботийн хуудас бүрийн нэгд нэгэнгүй зурж, өөрийн дотоод ертөнцийн чимээ шуугианыг илэрхийлсэн урлагийн бүтээлүүд болж чаджээ.

Б.Отгонбаяр миний хувьд шинэхэн танил боловч олон нийтэд аль хэдийн алдаршсан уран бүтээлч аж. Берлинд уран зургийн сургууль төгсч тэндээ “Зураг” хэмээх уран зургийн галерей ажилуулна. Өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнг Монголд ч, Германд ч хэдэнтээ гаргасан нэрт зураач юм.

Аливаа улсын урлагийн түүх тухайн ард түмний туулсан замналтай салшгүй уялдаатай байдагчлан орчин үеийн дүрслэх урлаг нийт улс үндэстний уран зургийн нийтлэг хэв шинжийг ямар нэг хэмжээгээр өөртөө шингээхийн сацуу өөрийн орны өвөрмөц байдал, ёс заншил, түүх, хувьсал хөгжлийг тусгасан байдаг. Энэ нь Б.Отгонтүвдэнгийн “Хуагчин эх” зургаас харагдана. “Нууц товчоонд” олонтаа дурдагддаг Хуагчин эхийн дүрийг цагаан дээл өмссөн байдалтайгаар зурж, царайнд нь эх хүний нинжин сэтгэл гэрэлтэн буйгаар дүрсэлжээ. Их баатрууд эмгэний өмнө сөгдөн сууж, үг сургаалыг нь сонсох аж. Үнэхээр л түүх харагдаж байгаа биз. Өөрсдийн түүхийг огтхон ч гуйвуулаагүйн учир зураг бүхэн 13 дугаар зууныг хүүрнэн өгүүлж байна. Өчүүхэн бага зайд олон утга санаа, өргөн их үйл явдлыг багтаан харуулсан нь илт. Уг дүрсэлж буй юмсын махбод чанарыг илэрхийлдэггүй. Тиймдээ ч шугам, гэрэл сүүдэр ашиглалгүй бийрийн хурдтай таталт, билгэ дэмбэрэлт өнгөөр бүхий л утга санаагаа гаргасан байна. Бүх юм тодорхой, бодит дүрээрээ харагдах ёстой гэдэг гүн ухааны ойлголтоор тус зураг харааны цэг буюу түвшинг ихэвчлэн доороос нь авч үзсэн байгаа юм. Энэ нь реалист уран зургийн томоохон жишээ бөгөөд дотоод хийсвэрлэлийг буй болгож бодит чанарыг хэвээр нь буюу улам тодруулж үзүүлэхийг зорьдог.

Үндэсний уран зургийн нэг онцлог нь билгэ дэмбэрэл, зөн билэг, хүсэл мөрөөдлийг энгийнээр илэрхийлэх журмыг баримталдаг. Монголчуудын эрхэмлэн үздэг бат бөх чанар, өнгө үзэмж, мөнх бадрах сайн сайхныг билэгдсэн өлзий ерөөл бүрдмэл гүнзгий санаа, ард түмний гоо сайхны ойлголт, дүгнэлт, эрмэлзэл урлагт хэрхэн биелэлээ олсны тод томруун жишээг “Гоо марал, Бэртө чоно” зурагт илэрхийлэн гаргасан ч басхүү таатай сэтгэгдэл төрүүлнэ.

Ийнхүү зарим нэг зурган дээр дэндүү удаан зогсож, олон юм бодоод байна уу даа хэмээн өөрийгөө зэмлэнгүй явлаа. Учир нь үзэсгэлэнгийн хаах цаг дөхсөний учир билээ. Үгүй бол эл үзэсгэлэнд хоногоор саатсан ч болмоор...

Нар шарсан өдрүүдээр сэрүү татсан үзэсгэлэнд зочилсны дараа нүүдэлчдийн ахуй үзэж, түүхийн зузаан боть уншин тал нутгийн салхинд илбүүлж хэвтэх шиг сэтгэл минь зуны тэнгэр адил цэлмэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.