НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

“Үг”-ийн экзистенциализм хийгээд УНШИХУЙД АВТАХУЙ

Б.Алтанхуяг     Нийтлэгч
11 сарын өмнө /2016-11-10 16:36:16 GMT +8 / | 4177 удаа уншсан

Францын зохиолч, философич, нийгмийн зүтгэлтэн. Экзистенциализмийн гол төлөөлөгч, 20 дугаар зууны философийг тодорхойлогчдын нэг Жан Поль Сартртай манай уншигчид хэдийн танил болжээ. Түүнд Нобелийн шагнал авчирсан “Үг” намтарчилсан тууж болон “Хурьцал”, “Хана” өгүүллэгүүд “Огиудас” роман зэрэг нь оршихуйн филисофид тодорхой хариулт өгсөн ихээхэн алдартай бүтээлүүд юм.

1964 онд гарсан “Үг” зохиолд нь Нобелийн утга зохиолын шагнал олгосон боловч өөрийн баримталсан филисофийг хөрөнгөтний үзэл бодолд дарлуулахгүй гэсэндээ эл шагналаас татгалзсаныг хүн бүхэн мэднэ.

Г.Аюурзаны орчуулгаар хэвлэгдэн гарсан “Үг” зохиолд түүний багаасаа зохиол бичих дуртай байсан харагдана. Ялангуяа өвөө нь Францад алдартай зохиолч байсан бөгөөд Сартрын номын сангийн асар баялагийг дэлхий нийтээр шагшин магтддаг. Гэвч ном бол ердөө л дэмжигч төдий зүйл. Харин Сартрын үзэл санаа, филисофи нь төрөлх авьяастай нь шууд холбоотой. “Бусдад сайхан харагдахгүйн тулд нүүрээ үрчийлгэн толины өмнө удаан зогсдог байлаа” хэмээн “Үг” туужийн эхний бүлэг “Бичихүй” хэсэгт өгүүлсэн бий.

Намтарчилсан тууж хэмээн тодорхойлогдсон “Үг” зохиол бол хоёр шугамтай. Нэг нь зохиолчийн бага, идэр насны дурсамж, эргэцүүлэл байдаг бол нөгөө нь зохиолчид төдийгүй эгэл жирийн хүмүүст үг хаанаас үүсдэг тухай, хэлний учир холбогдлын талаар өгүүлдэг. Тэгэхдээ яг л өөрийн гарал үүслийг тодорхойлж байгаа мэтээр хандсан байдаг. Хар нялхаасаа зохиолч, хүн болохыг хүсч мөрөөдсөн жаал олон ном уншиж, хүүхэд ахуй цагийнхаа оршихуйн утга санаагаа олоогүй хэдий ч хөөрүү дэврүүн сэтгэлээ цаасан дээр буулгаж, олон дэвтэр дүүргэжээ. Энэ нь түүнийг зохиолч болохыг эртнээс баталж байв.

Материалист ба идеалистын аливаа сургааль бол онолын хувьд үнэн байх бололцоогүй бөгөөд практикт үр ашигтай байж чаддаггүй гэж үзээд философи бол юмсын мөн чанарыг танин мэдэх аливаа санаархлаас татгалзаж, зөвхөн шинжлэх ухааныг ангилах зарчмыг л боовсруулах ёстой гэдэг санааг 18 дугаар зууны сүүлийн хагасаас 19 дүгээр зууны эхэн хүртэлх хугацаанд зарим философич илэрхийлж байжээ.

Үүнийг эсэргүүцэж хүний мөн чанар, оршихуйн утга санааг Достевскийн адил ил бус байдлаар зарим бүтээлдээ харуулсан зохиолч бол Сартр юм. Гэвч энэ бүхэн “Үг” зохиолын хувьд маш том байр суурьтайгаар илэрхийлэгдсэн нь утга учиргүй текстийн тухай өгүүлэл маягаар зохиомжилсон туурвил биш гэдгийг санах хэрэгтэй.

Амьдралын утга учир, хүний эрх, эрх чөлөө, санаашрал, ганцаардал, үхлийн тухай, амиа хорлох, түгшүүр, "би"-гийн оршихуйн тухай асуудлыг гол судлагадахуунаа болгодог философийн урсгалыг Сартр яагаад баримтлах болсноо өгүүлсэн байдаг. Жан Поль Сартр “Хүн сонголтоо өөрөө хийж эрх чөлөөт үйлдэлтэйнхээ хувьд өөрийнхөө ба бусдын өмнө хариуцлага хүлээнэ өөрөөр хэлбэл хүнтөрөлхтөний үнэт зүйлийг сонгож байгаа учираас үнэт зүйлийнхээ өмнө үүрэг хүлээж байгаа юм.

Хэн ч таньд туслахгүй, хүн өөрөө өөрийгөө авч явах ёстой. Хувь хүний эрх ашигийг дээдэлж байгаа учираас экзистенциализм хүмүүнлэг үзэл юм” гэж үзжээ. Тиймээс ч тэр өөрийнхөө балчир нялхад төрсөн эцгээ нас барсан гунигт явдлыг ихэд сонсоод олзуурхан хүлээж авсан байдаг. Ердийн хүний ой ухаанд багтмааргүй тохиолдол гэдгийг уншигчид сайн мэдэж байгаа байх. Сартр “Сайн эцэг гэж байдаггүй, энэ бол хууль” гэж “Үг” зохиолдоо ам алдсан бий. Мөн “Жан-Батистын үхэл миний амьдралд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тэр миний ээжийг хоёр дахиа боолчилж, харин надад эрх чөлөө олгосон юм даа” гэж бичсэн байдаг. Балчир наснаасаа амьдралд нухлагдаж, өвөөгийнхөө хатуу ширүүн, дур зоргоороо ч гэмээр ааш авирыг нь тэвчиж, их уншдаг, бичиж туурвидаг хөдөлмөрч, бүтээлч чанараар нь бахархдаг байжээ. Тэр бие дааж гартаа дайралдсан ном болгоныг шахам уншиж, өөрийн бодолтой болсон жаал хүү нэг л этгээд сонин зантай, үе тэнгийнхэнтэйгээ нийц муутай ч юм шиг тэдэнд оюуны ноёрхлоо тоггоосон хүүхэд болж өсч өндийсөн байдгийг тус номноос олж үзэж болно.

Үг ном уншихуй, бичихүй гэсэн хоёр бүлэгтэй. Энэ хоёр бүлгийг анхааралтай уншсаны дараа үг, өгүүлбэрээс үүсвэрлэн бүтэх хэл бол ертөнцийг ойлгож, ухаарч, тайлбарлах гүүр юм. Тэрбээр “Бид ганцаардмал бөгөөд бидэнд аврал байхгүй, энэ бол хүнд чөлөөтэй байх ял заагдсан юм гэсэн үг. Хүн ямар ч байлаа гэсэн туулаагүй ирээдүй өмнө нь хүлээж байгааг ухаарах учиртай” гэж хэлсэн байдаг. Мөн тэрбээр аав нь үгүйд талархаж, ээжийг өөр хэн нэгэн эзэмдэхгүй гэдэгт сэтгэл тэнэгэр байж зохиолоо унших болсондоо ямар их баяртай байгааг өгүүлсэн нь бий. Ерөнхийдөө тэр марксист гүн ухаанч байсныхаа хувьд Ницшегийн “Бурхан үхчихлээ” хэмээх үзэл бодлыг хуваалцаж байсан юм. Тиймээс тус намтарчилсан туужийн “Уншихуй” хэмээх хоёрдугаар бүлэгт үг бол хүний арьс шиг зүйл болохыг тодруулан гаргасан нь бий.

Гол нь хүн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх, идэх, уух, санаа тавих ёстой бөгөөд. Бид тийм л сургамжаар хүний оршин буй биенд морилсон гэж Сартр үзэж байгаа нь илт. Иймийн учир тус туужаарай  өөрийн экзистенциализмийг илэрхийлэхийг зорьсон. Туужид жирийн хөнгөн цагаан үйл явдал, хайрын сүлжээ, тагнуул туршуулын адал явдал, эсвэл цус үнэртүүлсэн аллага хядлага дүрсэлж үзүүлээгүй. Иймэрхүү ном сонирхдог Шерлок Холмс, Харри Потер зэрэг зүгээр л нэг хар аяндаа бичигдсэн дүрүүдтэй номыг уншдаг хүмүүст энэ нь ойлгогдохгүй. Гэвч тийм зохиолын ноёрхол одоо ч гэсэн оршиж байгаа ихэхнх хүмүүс Жан Поль Сартр, Алберт Камю нара нь Харуки Мураками, Шейз нараас илүү том зохиолчид гэдгийг мэднэ.

Харин тэр өөрөө “Зохиол бүтээлүүд маань голоо олж чадаагүй ээ. Хэлэх гэснээ бүрнээ илэрхийлээгүй шиг санагдах юм. Хойч үеийнхэн маань миний үзэл бодлыг үгүйсгэж болох ч багашаархан ч болтугай хэсэг нь хүмүүний оюун санаанд шингэж үлдэх болов уу” гэж нарийн бичигтээ хэлсэн байдаг. Түүнд нобел хэрэггүй, ганцхан уншигч л хэрэгтэй байсан нь Жан Поль Сартртын оршин байхуйн хамгийн гол утга учир юм.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.