НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Х.Баасансүрэн: Би ХУВИЛГААН хүн биш, бусдыг ХАЙРЛАХ сэтгэлээр л амьдарч яваа

Б.Алтанхуяг     Нийтлэгч
1 жилийн өмнө /2016-10-17 23:50:58 GMT +8 / | 6271 удаа уншсан

Эрдэнэзуу хийдийн 25 дахь хамба лам Х.Баасансүрэнтэй хөөрөлдлөө. Лам хүн боловч хэт задгай араншинтай гэж түүнийг шүүмжлэх хүмүүс их ч гэлээ “жинхэнэ хувилгаан” гэж тодотгодог сүсэгтнүүд бас буй. Харин зочин маань энэ чухал биш бусдыг хайрлах сэтгэлтэй байх нь эрхэм дээд чанар гэдгийг онцлож байлаа. 

-Таны намтартай танилцах явцдаа 2009 онд ууланд жижигхэн сүм бариад түүндээ хоёр сар гаруй бясалгасан тухай уншсан. Дээр үед ихэнх лам нар агуйд нууцаар бясалгал үйлддэг байсан тухай их сонсож байсан л даа. Та энэ талаар ярихгүй юу?

-Эрдэнэзуугаас арваад километрийн зайтай юм л даа. Ууланд бясалгалын сүм барьсан. Сүмд сууж бясалгах, агуйд бясалгах хоёр хүмүүст өөрөөр ойлгогдож болох ч хувь хүний авч байгаа энергиэс шалтгаална. Бясалгалд орчин их чухал. Гэхдээ хамгийн гол нь хүн дотоод сэтгэлээ ариусгаж, өөр дотроо л бясалгадаг юм. Тэр дундаа эхний шат ч юм уу, ахиж байгаа шатны үед зохистой орчин байхгүй бол үр дүнгүй болдог. Би ч тэгээд уулан дахь сүмдээ байнга очиж чадахгүй болохоор хашаан дотроо, газар дор бясалгал хийдэг өрөө барьсан. Хийддээ байх үедээ тэндээ сууж бясалгал хийдэг юм. Учир нь тасалдуулж болохгүй. Байнга хийж байх учиртай. Бясалгал тогтмол байж үр дүнгээ өгдөг. Тиймээс ч хүнд тэвчээртэй байхыг сургадаг. Хүн тэвчээртэй, бусдыг уурлахад эвийг нь олж харьцдаг, өөрт тохиолдсон асуудлыг эвээр, хайраар шийддэг болчихвол сэтгэлдээ шаналал тээхгүй. Бясалгалаас наад зах нь ийм нандин зүйлийг олж авдаг.

-Бясалгалын төвшин гэж ярилаа шүү дээ. Буддын гүн ухаанд энэ төвшин ахиад ирвэл махнаас татгалзаж цагаан хоолтон болдог гэж бичсэн байдаг. Та одоогоор ямар төвшинд явж байна...

-Хамгийн гол нь бясалгалдаа бүх анхаарлаа хандуулах ёстой. Хэт хүнд хоол идсэн хүн бясалгалын үед сэргэг байж чаддаггүй. Гол учир нь эндээ байгаа юм. Гэвч басхүү хүчлээд хорьчихож болохгүй зүйл. Хүн идэж байж амьдарна. Бүх зүйл бясалгалын төвшинтэй нэвтэрхий холбоотой. Бясалгал хийгээд байхаар хоолноос авах энергиэ өөр юмнаас авах боломжтой болдог. Төвшин ахиад ирвэл махнаас татгалзаж цагаан хоол руу, цагаан хоолноосоо дээшлээд зөвхөн жимс иддэг хэлбэр рүү ч орж болно. Эсвэл бүр ахиж ч болно.

-Таны хувьд ямар нэгэн хорио цээр байдаг уу?

-Миний хувьд элдэв хорио цээр байхгүй. Өдөрт нэг удаа хооллож байсан. Тэр үед дан цагаан хоол идсэн.

-Бясалгалын үеэр зөв хооллолт үр дүнгээ хурдан өгдөг байх. Гэхдээ энэ чинь нэг номерт тавигдах асуудал биш биз дээ?

-Тэгэлгүй яахав. Хоолоо зөв байлгавал үр дүн нь хурдан, бясалгал ахицтай явах бололцоотой. Бие доторх хорхойгоо хооллож байна шүү гэж бодоод идэх нь өөрөө бясалгал. Ер нь үйлдэж байгаа бүхнээ ухамсартай, сайн сайхан юмны төлөө зориулж хийх юм бол бясалгал болчихож байгаа юм. Номонд хоёр цагаас хойш хоол идэхийг хориглодог ёс бий. Энэ цагаас хойш шүдэнд торохоор зүйл идэхийг цаг бусын идээ гэж үздэг. Нөгөө талаар бага иднэ гэдэг маань цаад утгаараа маш олон амьтны амь аварч байдаг. Учир шалтгаан нь ийм юм. Хувцсаа угааж байгаа бол огт өөр юм бодохгүйгээр “Би хувцсаа угааж байна” гэж дотроо үргэлж бодож бясалгах нь хүнийг жаргалтай болгодог. Хүн өөрийн үйлдлээ маш сайн ухамсарлана гэдэг бясалгал шүү дээ.

-Одоо энэ сэдвээс жаахан хазайвал дургүйцэхгүй биз дээ. Шуудхан асуучихая. Таныг лам хүн гэхэд хэцүү, буруу номтон мэт аашилдаг. Ихээхэн задгай зантай, бурхан номын хүн байж дуу дуулдаг гэх зэргээр сонин хэвлэлүүдэд бичсэн байсан. Буддын сургаалд лам хүн дуулах нь улс гүрэн доройтож мөхөхийн шалтгаан болохын дохио гэж сануулсан байдаг. Баасансүрэн лам бурхан шашны судруудаа уншиж судлаагүй гэх нь ч бий. Энэ бүхэнд та ямар хариулт өгөх вэ?

-Би нэг их төгс, тарнийн ёсонд нэвтэрсэн хувилгаан хүн биш. Бусдыг хайрлах сэтгэлээрээ л амьдарч яваа. Намайг элдвээр хэлж буй хүмүүст буруу өгөхгүй ээ. Аж төрөхийн төлөө тэд ингэж бичих шаардлагатай байсан юм байгаа биз. Хамгийн гол нь бурхан багш бусдыг энэрэн нигүүлсэхүйн агуу их сэтгэлтэй байхыг бүх шавь нартаа зааж сургасан. Би ч тэр л шавь нарынх нь нэг. Хүн хүнийг хайрлах, бусдыг өршөөх сэтгэлгүй болсон цагт нь улс гүрэнд гай гамшиг нүүрлэнэ. Аз жаргалын мэдрэмж дотроос чинь урсаж, гаднах зүйлс тэр мэдрэмжийг чинь улам хөглөж өгдөг. Үүнийг чи бусдыг хайрлаж, өөрийнхөө бодол санааг зөв зүйлд чиглүүлж чадсанаар хүртэх болно. Би нэг жишээ хэлье л даа. Энэ жишээг татах би их дуртай байдаг юм. Чи тараг идэхдээ тугалнаас уучлалт гуйх хэрэгтэй. “Уучлаарай тугалаа сүүг чинь булаагаад уучихлаа” гэж дотроо хэл. Тараг идэхдээ үнээнд, буханд, саальчинд, тараг бүрсэн хүнд талархваас зохистой бүх хүнд баярла. Цаашлаад өвс, ус, үүл, наранд талархах. Нар мандаж, бороо орохгүй бол гол урсахгүй. Усгүй бол өвс ургахгүй. Байгаль дэлхийн эд эс бүхэн сэргэхгүй бол яахин үнээ тугаллаж сүүг нь бид нар уух билээ. Бүх зүйлс нарийн уялдаа холбоотой. Тиймээс бусдыг нигүүлсэнгүй сэтгэлээр хайрлах нь хамгийн зөв. Би дуулдаг. Говийн догшин ноён хутагт ч мөн адил зугаа цэнгэл, бясалгал хоёроо тааруулдаг хүн байсан. Тэгээд ч намайг ямар дуу дуулах дуртайг мэдэж байгаа байлгүй.

-“Хайрлаарай” гэдэг дуу. Мөн биз дээ?

-Энэ дууг би бусдыг хайрлах сэтгэлээр дуулдаг. “Үлэмжийн чанар” эмэгтэй хүний үзэсгэлэн гоог бахадсан, мөнхүү таван мэдрэхүйн хүчийг илтгэсэн, тарнийн шид шингэсэн дуу. Нэг дуулахад мянган маань мэгзэм уншсантай тэнцэнэ гэдэг. Тэгвэл “Хайрлаарай” дууны амин сүнс ч яг адилхан. Үнэн сэтгэлээсээ амьтай бүхнийг хайрлаж байна гэж бодож дуулбал маш том буян үйлдсэнтэй тэнцэнэ. Гэр бүл, үр хүүхэд, эх орноо хайрлана гэдэг хөршөө хайрлахаас, хамтран ажиллагсдаа хайрлахаас, нэг нэгнээ хүндлэхээс эхэлдэг. Энэ дууг дуулаад бүхнийг хайрла. Яагаад болохгүй гэж. Бурхан багшийн сургаалд үүнийг хориглосон зүйл байхгүй. Учир нь бурхан багш бусдыг хайрлахад биднийг сургасан. Харин хүмүүс тэгж чадаагүйгээсээ болоод зовдог. “Лам хүн байж дуу дуулж болдог юм уу” гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Би дууг зугаа цэнгэл хэлбэрээр бус ухаарал түгээх зорилгоор дуулдаг. Энэ дууны гол санаа нь мэгзэмийн утга агуулгатай нийцдэг. “Мигмид зэви дэрчин жанрайсаг” гэдэгтэй дүйцдэг бүх л зүйлийг багтааж хайрлаарай гэсэн утгатай. Тийм болохоор аялгуугаар ухаарал түгээх гэж оролдож байгаа юм. Маань хөгжөөх ч гэсэн нэг төрлийн дуу шүү дээ.

-Тэгвэл таныг дуулж буй дууныхаа гүн рүү нэвтэрч чадсан хүн гэж ойлгож болох нь ээ...

-“Хайрлаарай” дууны утга агуулга нь аав ээжийгээ хайрлаарай нэг л өдөр байхгүй болчиж магадгүй шүү гэсэн санааг мөр, аялгуу бүртээ шингээсэн байдаг. Хэн нэгэн гуниглаж байвал аргадаад өгчих, нулимстай нүд байвал нулимсыг нь арччих. Энэ бүхэн танд аз жаргалыг бэлэглэх болно гэсэн давхар санааг агуулсан. Тиймээс би дуулсан хэрэг. Уг дууг Хархорины хоригдлууд оройн тоо болгон дээрээ дуулж байгаа. Болж өгвөл нийт хорих ангиуд энэ санаачлагыг дэмжээд орой болгон дуулуулдаг байгаасай гэж хүсч байна. Тиймдээ би “Зүрхийг тань дайлъя” лекцээ уншсаны дараа хүмүүст уг дууг дуулж өгсөн.

-Нээрэн лекцээ юуны учраас “Зүрхийг тань дайлъя” гэж нэрлэсэн юм бол. Магадгүй тархинд нь илүү гэгээ тусгаж, зөв үйлсэд уриалах ёстой байсан юм шиг ээ...

-Нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Би яагаад өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдрийг сонгож лекцээ тавьсан тухай. Учир нь Монгол Улс 230 гаруй жил Манжийн дарлалд байсны дараа 1911 оны 12 сарын 29-ний өдөр тусгаар тогтнож, автономит засгийг байгуулсан. “Зүрхийг тань дайлъя” лекц бол ашгийн төлөө бус нийгмийн сайн сайхны төлөө арга хэмжээ байснаараа онцлогтой. Улаанбаатар хотын болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан тус лекцийг орон даяар дохионы хэлээр зурагтаар дамжуулсан. Мөн энэ арга хэмжээнээс орсон орлогыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан. Бусдыг хайрлах нь тархины бус зүрх сэтгэлийн асуудал. Тархи хүний хүсээгүй зүйлийг л хийлгэдэг. Харин хүн зүрхээ илүү удирдаж бусдыг хайрлаж, нийгмийн болж бүтэхгүй зүйлсийг үгүй болгож сайхан ирээдүйг цогцлоож чадна.

-Хүн ер нь хайраар өлгийдүүлж замбуулинд төрдөг. Бас л бусдын хайр хүндэтгэлээр үдүүлж амгаланг олдог байх...

-Надтай ярилцахын тулд их бэлдсэн үү. /инээв/

-Таны тухай судалж, намтарыг тань уншиж, телевизэд өгсөн ганц нэг ярилцлагыг үзсэнээс цаашгүй дээ...

-Аан тийм үү. Тэгвэл их ухаантай ярьж байна. Үнэхээр хүмүүс хайрлуулж ирээд хайрлуулж буцдаг. Гэтэл хүн гэдэг өөрөө аз жаргалд бус зовлонд их дурладаг амьтад юм. Амьдралын олон сайхан гэрэл гэгээн дундаас харанхуй булан олоод харчихдаг, очоод суучихдаг. Цаг үргэлж зовлонгийн тухай ярьж, би яаж байгаад нэг зовчихвол зүгээр вэ гэж боддог. Тиймдээ л хүмүүс бухимдаж, уурын мунхагаа дийлэхгүй байгаа юм. Хүн өөрийн бодохыг хүсээгүй юмаа боддог тал бий. Тиймээс тархиараа биш зүрхээрээ өөрийгөө удирддаг байх хэрэгтэй. Тархи биш зүрх л хайрлаж чаддаг. Үүнийг хүн бүхэн сайн мэднэ шүү дээ. Бусдын унадаг сайхан машин, барьж буй гар утас, өмсөж зүүсэн хувцас, атгаж үзээгүй хэмжээлшгүй их мөнгийг зүрх бус тархи л нэхдэг. Гэхдээ хүмүүст энэ бүхнээс илүү сайхан зүйлс өөрт нь байгааг мэддэггүй. Та нарт маш их үнэтэй зүйлс байдаг.

-Тэгвэл хамгийн үнэ цэнтэй нэг л зүйлийн талаар ярилцъя...

-Ойлгомжтой шүү дээ. Би олон ч хүнд энэ тухай хэлж байсан. Ямар ч эрдэнээр сольшгүй үнэт зүйл бол гэр бүл. Эд хөрөнгө гэхэд л чамд олон гоё машин, утас, хувцас олдож болно. Гэтэл аав чинь, ээж чинь чамд ганцхан. Бүгд үүнийг мэддэг хэрнээ хайрладаггүйд гол учир байгаа юм. Тиймээс бид үнэтэй зүйлээ хайрладаг байх хэрэгтэй. Чи машинаа хэчнээн их хайрлаад хэцүү үед чинь чамайг аав, ээж, найзууд чинь хайрлана. Гэтэл хүмүүс наад захын иймэрхүү зүйлсийг мэддэг мөртлөө үйл хөдлөл бүрээ яагаад материаллаг зүйлд зориулаад байна вэ гэхээр тархиндаа хэтэрхий их захирагдаж байгаагийн шинж. Шуналдаа дийлдсэний илрэл. Шуналгүй болоход л хүн баян болдог. Үнэтэй зүйлсээ хайрлаж сурдаг.

-Та нэг лекцэн дээрээ “Том болох муухай” гэж хэлсэн байдаг. Хүүхэд ямар ч буруу санаагүй “цав цагаан” байдаг гэж ярьдаг. Юунд ч шунадаггүй, юуг ч үзэн яддаггүй. Тиймээс хүн тэр л үеийнхээ ариун сэтгэлээр бусдыг хүндлэх ёстойг ухааруулах гэж хэлсэн хэрэг үү?

-Энэ үед хүн юунд ч санаа зовдоггүй. Зүгээр л жаргалтай байж чаддаг. Уйлж байснаа инээнэ, инээж байснаа уйлна. Гэвч энэ бүхний эцэст жаргалтай хэвээрээ л байна. Бодоод үз. Чи хүмүүсийг ажигладаг бол үүнийг ойлгоно. Хүмүүс өөрт нь асуудал тулгахаар ч юм уу, зовлонтой үедээ “Болдогсон бол буцаад хүүхэд болчих юмсан” гэж ярьдаг юм. Баярлаж хөөрсөн үедээ тэгж ярьдаггүй. Яагаад гэвэл жаргалтай үедээ хүмүүс зүрх сэтгэлээрээ буцаад хүүхэд болоод эхэлчихсэн байдаг болохоор тэр шүү дээ. Яг энэ үедээ хүн бусдыг хайрладаг. Хүүхдийн ариун цагаахан сэтгэлээр... Тэр хайр хамгийн үнэтэй байж чамайг бусад хүмүүс ч бас хайрладаг.

-Өнөөгийн нийгэмд залуучууд маань буруу зүйлийн нөлөөд их автаж байна. Архи, тамхинаас өгсүүлээд олон зүйлийн талаар ярьж болох байх. Хүн яаж энэ бүхнээс ангижрах талаар огтхон ч боддоггүй. Мөнхүү хэзээ нэгэн цагт үхэх нь тодорхой, тиймээс дуртай зүйлээ хийж яваад л насыг барсан нь дээр гэж үзэх болжээ. Тэдгээрийн тухай ямар бодолтой байдаг вэ?

-Хэн бүхэн ярьдаггүй, дотроо хадгалаад шаналж явдагаас бус жинхэнэ дүр төрх нь чиний яриад байгаа зүйл юм. Бусдыг доош нь хийж, өөнтөглөдөг. Найзууддаа гадуурхагдахгүйн тулд янжуур сорж, сархад хүртдэг явдал их байдаг юм шиг. Гэтэл хүнд сүүлд нь тэр бүхнээс ангижирч өөрийгөө хөгжүүлэхэд хэцүү байдаг. Тиймдээ ч өөрчлөлт хийх гэж зовнихын оронд өөртэйгөө адилхан нэгнийг олж хамт явах нь хүнд амар байдаг. Гэвч эцэстээ өөрийнхөө буруу зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг тухайн хүнийг ямар сул доройг харуулж байгаа юм. Нүгэлтэнг дагаж нүгэлтэн болох хэрэггүй. Бусдыг магтваас өөрөө түүнээс дутуу болчих мэт санадагтаа л бид зовж байдаг юм. Өөрийгөө нээж, түүнээс өндөрт гарах замыг олж чаддаггүй. Нэг хүн буруу замаар явж байвал өнөөдөр манай улс оронд аз жаргалтай нийгэм оршихгүй байна гэсэн үг. Учир нь юу вэ гэвэл нийгэм гэр бүлээс, гэр бүл хувь хүнээс үүсэн бий болдог. Өөрийгөө бүтээснийхээ дараа гэрэл гэгээтэй ирээдүйн тухай ярьж болно.

-Би нэг удаа ая зохиогч Балхжавын талаар их сайхан дурсамж хүнээс сонссон доо баярлаж явдаг юм. Тэр хүн Балхжавтай хамт нэг автобусанд суугаад Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт явж байгаад ногоо тарихаа больчихсон, эвдэрч сүйтгэгдсэн хуучин тариан талбай харж л дээ. Хүн бүхэн “Энэ сайхан нутаг усыг ингэж сүйрүүлэх ч гэж дээ” хэмээн халаглаж явтал Балхжав “Үнэхээр сайхан хөдөлмөрч хүмүүс байсан байгаа юм шүү” гэж хэлсэн гэдэг. Тиймдээ тэр хүний зохиосон ая болгон хүний сэтгэлд хүрдэг, хөглөж чаддаг юм шиг. Бусдын сайхан чанарыг олж харж, түүнд зөвлөнө гэдэг нөгөө хүнээ ч бас буруу замаас гарахад нь тус болох болов уу?

-Сайхан түүх байна. Яг ийм зүйлийг л би хүмүүсээс хүсдэг. Үргэлж бусдын сайхан чанарыг олж харна гэдэг ухаантайн шинж. Мунхаг хүмүүс л бурууг нь олж хараад бусдыг муулж явсаар өөрсдөө “муу хүн” болж хувирдаг, түүнийгээ мэддэггүй юм. Өнөөгийн нийгэмд хүмүүс дандаа болохгүй бүтэхгүй сөрөг зүйлсийг ярьдаг, тэр хэрээрээ бухимдал их байна. Гэтэл эерэг зөв зүйлсийг хардаг хандлага нийгэмд хэрэгтэй. Зовохыг хүсдэг хүн л муу зүйлийн тухай ярьж хар энерги цацдаг. Ер нь сайн сайхан зүйлийн тухай бодох нь хамгийн жаргалтай зүйл.

-Хүн бодлоо цэгцэлж чаддаггүй. Жишээ нь өнөөдөр хүмүүс мөнгөний гахай аваад түүндээ мөнгө цуглуулдаг болсон. Түүнийгээ байнга боддог. “Одоо хэд болж байгаа бол, нэг хагалаад үзчих үү” гээд л... Тэгэхээр бодмооргүй зүйлсээ маш ихээр боддог. Энэ үед яг яах ёстой юм бэ?

-Харин хүн ийм л амьтан учраас бодлоо цэгцлэх ёстой байдаг. Чи хоол идэж байхдаа өдөр ажил дээр тохиолдсон хүндхэн асуудлыг боддог. Тэр үед хоол идэх дур чинь алга болно. Зүгээр л мэдрэмжээ дагах хэрэгтэй. Усанд орж байхдаа биед нэвчиж буй дуслуудыг, хоол идэж байхдаа амтыг нь, алхаж байхдаа үсийг чинь хийсгэх, хацрыг чинь илбэх салхийг мэдэр. Би бас нэг түүх яръя. Нэг хүн мундаг эрдэмтэй лам дээр очоод “Би бясалгамаар байна. Заагаад өгөөч, намайг шавиа болгооч” гээд мөргөж, сөгдөөд гуйж гэнэ л дээ. Тэгсэн өнөөх эрдэмтэй лам “Чамд нэг даалгавар өгье. Чи биелүүлж чадвал би чиний хүсэлтийг биелүүлнэ” гэж л дээ. Тэгсэн өнөөх залуу “Ямарч хэцүү даалгавар байсан би биелүүлж чадна” хэмээн хариулж. Харин нөгөө лам “Чи сармагчин битгий бодоорой, тэгээд долоо хоногийн дараа хүрээд ир!” гэсэн байгаа юм. Залуу ийм амархан юм уу, би сармагчин огт боддоггүй шүү дээ гээд яваад өгч л дээ. Гэтэл ламынхаас гарснаас хойш л сармагчин бодоод эхэлчихэж. Бүр хараагүй сармагчингаа хүртэл төсөөлж бодоод, шөнө ч унтаж чадахгүй нэлээдгүй зовж. Сүүлдээ тэсэхээ байгаад өнөөх лам дээрээ ирээд “Бясалгал энэ тэр яахав, миний тархинаас сармагчингаа аваад өг!” гэсэн байгаа юм. Ийм л байдаг. Би энэ түүхэнд их дуртай. Хүн бодохгүй гэх тусам боддог. Гэтэл бидэнд таван мэдрэхүй байна. Зүгээр л сайн сайхан зүйлсийг мэдэр. Аяндаа чиний бодол чинь цэгцэрнэ.

-Бид итгэл тээж аж төрдөг. Бурханд итгэдэг. Баян, мөнгөтэй, машинтай болгож өгөхийг гуйдаг. Лам нар баян болгох мөнгө уншуул, даллага авахуул гэдэг. Бурхан номын сургаалд энэ сөргөөр нөлөөлдөг юм шиг. Та бол ном уншуулж мөнгөтэй болсноос хөдөлмөрөөр баяжихыг, бусдад хайр түгээснээрээ баян байхыг илүүд үздэг. Гэтэл зарим лам нар юуны учир ингэж айлдаад байдаг юм бэ?

-Нэг зүйл хэлье. Бурхан хэнтэй ч наймаа хийдэггүй юм. Хэзээ ч, хэнтэй ч шүү. Мөнгөтэй болохын тулд ном уншуулж байгаа бол бурханд итгэдэггүй, түүнийг хайрладаггүй гэсэн хэрэг. Зарим нэг хуврагууд мөнгөтэй болох ном уншиж өгч байгаа бол буруу номтон гэсэн үг. Бурхан чинь шуналгүй амьдар гэж хүмүүст сургадаг болохоос шуналыг нь дэмжиж мөнгө хайрладаггүй юм. Гэхдээ лам болгон тийм биш гэдгийг хүмүүс ухаарах хэрэгтэй. Лам нар сайн үйлсийг хийж чадахгүй байна. Ном уншуулсан ч гэрт мөнгө тогтохгүй байна гэж ярих нь нийтийн хандлага болсон. Миний мэдэж байгаагаар лам нар зөндөө зүйлсийг хийж байгаа. Урлагийнхан ч юм уу, өөр олны танил хүмүүс, албан байгууллагууд шиг тэр бүхнийгээ сурталчилдаггүй, нийгэмд зарладаггүй юм. Тэр нь дутуу дулимаг байдгаас хүмүүст ийм хандлага байгаа юм шиг санагддаг. Бусдад тусалсанаа зарлаад явах хэцүү.

-Тиймээс л та олонд ил гарч бусдыг зөв замд оруулж яваагаа таниулахыг хүссэн хэрэг үү?

-Үүн дээр бол санал нийлэхгүй. Магадгүй нийлж ч болох юм. Бусдад сайн үйл хийж яваагаа харуулахаас илүүтэй энэ нь зөв, тэр нь буруу зам гэдгийг олон хүнд хүргэхийг зорьж байна. Өнөөдөр дан ганц ууланд суугаад ном уншдаг, иргэд өдөр шөнөгүй цуварч очоод ном уншуулдаг явдал байхгүй. Хэн ч очихгүй. Тиймдээ ч нийгэм маань, шашин маань өөрөө бусдад ил биш учраас буруу замаар яваад байна. Тархи хүнийг салгадаг хуваадаг, чи түүнээс илүү, чи найзаасаа дор амьдарч байна гэж үргэлж хэлдэг. Харин зүрх бол хайрладаг, энэрдэг, уучилдаг. Уурласан ч уучилдаг, дайсагнасан ч тусалдаг, гомдсон ч энэрдэг сэтгэлийг “бурханлиг чанар” гэдэг. Ийм зүрхтэй хүнийг бурхан гэнэ. Тийм учраас би илүү олон хүнийг зүрхээ сонсдог, бусдыг хайрладаг байгаасай гэсэндээ сүсэгтэн олонд лекц уншиж, зурагтын ярилцлаганд татгалзалгүй ордог. Энэ маань буян болно уу гэхээс нүгэл болохгүй гэж бодож байна.

-Шавь нар гэснээс Эрдэнэзуу хийдэд хэчнээн залуус ном эрдэмд шамдаж байна вэ?

-Манай хийдийн лам нар дандаа залуучууд байдгийг мэдсэн бололтой. Би гэхэд л хийддээ дөнгөж 22 жил шашинд шавилсан залуу хүн.

-Дээрх асуултынхаа хариуг авч болохсон уу?

-Аан тийм. Шашны сургуульд маань 20 гаруй хүүхэд сурч байна. Харин Энэтхэгт таван хүүхэд сурч байгаа. Сая бас 20 гаруй хүүхэд суралцаж ирсэн. Бид номын их гэгээрэлд хүрч бүгдээрээ хутагт хувилгаан болохгүй ч гэлээ өөрсдөө сайн боловсрохгүй бол бусдын сэтгэлд засал хийж чадахгүй. Тиймээс шавь нарынхаа болоод өөрийнхөө боловсрох тал дээр их анхаарал тавьдаг. Манай хийдийн лам нар бурхан шашны сургаал номыг орчин үеийн үг хэллэгээр буулгаж хүмүүст түгээх ажил хийж байна.

-Та шашны сургууль хэзээ байгуулсан бэ?

-1995 онд шашны сургууль байгуулсан.

-Боловсрох тал дээр их анхаардаг гэсэн шүү дээ. Танд Энэтхэг рүү явж номын дуу сонсох бодол байдаг уу. Эсвэл Монголд шашны өндөр боловсрол олж авах боломжтой гэж үздэг үү?

-Мэдээж Монголд боломж бий. Хүн өөрөө хичээвэл бүгдийг сурч, мэдэж авч чадна. Гэхдээ одоогоор надад ямар нэгэн төлөвлөгөө алга. Надад бусдад хайр түгээж, өөрөө бусдын хайранд өлгийдүүлж, хүндлүүлж байх эгшин маш их зүйлийг дотор минь бий болгодог. Надад үйлийн үрийн тухай агшин бүрт сануулж, бусдад буян үйлдэх нь аз жаргал гэдгийг алхам тутамд мэдрүүлдэг. Би Эрдэнэзууд байна уу, гадаадад байна уу, хаанаас ч хамаарахгүйгээр тэр мөчдөө л уусч байвал аз жаргалтай амьдарч чадна. Ажлаа ч аз жаргалтай хийж, бусдад хайр түгээнэ. Энэ хангалттай. Холыг зорих бодол одоохондоо алга байна. Надад энд хийх зүйл их байна. Гэлээ ч гэсэн би хол явчихаар эх орноо санадаг, бушуухан Эрдэнэзуудаа очмоор болдог.

-Эрдэнэзуу хийд монгол орны хамгийн анхны шашин номын өргөө гэгддэг. Хархорум хот дахь Өгөөдэй хааны Түмэн ордон болоод тэр дундаа их хааны ордны суурин дээр барьсан гэж гадны судлаачид үздэг. Энэ талаар жаахан ярилцах уу?

-Яахав анх Эрдэнэзуу хийд хавиас бурхан шашин дэлгэрч байсан үеийн эд зүйлс, ховор олдворууд олдсон байдаг учраас анхны шашин номын өргөө гэж үздэг. Мөхөс би ч үүнд итгэлтэй байна. Хийд маань олон зовлонтой цаг үеийг туулж ирсэн. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед 1500-гаад лам хуврагатай байсан. Зургаан аймагтай 65 орчим дуган сүмтэй, цамаараа их алдартай хийд байсан юм билээ. Гэтэл хэлмэгдүүлэлт болж 30 гаруй мянгыг нь цаазаар авч, 20 гаруй мянган ламыг шоронд суулгаж доод ангилалд багтаж буй залуу лам нарыг артелийн ажилчин болгосон гэдэг. Хэлмэгдүүлэлтийн үеийн түүх их эмгэнэлтэй, зүрх өвтгөм байдаг шүү. Сүүлд янз бүрийн хэлбэрээр ашиглаж байсан. Гэхдээ хүмүүс зэвсгийн агуулах байсан гэж ярьдаг. Лав миний баттай сонссоноор энэ нь худал. Харин 1944 онд Х.Чойбалсан улсын хамгаалалтад авснаар хийдийн маань өнөө цагийн сүм, дугана үлдсэн гэдэг. Тухайн үед удирдагчид ийм шийдвэр гаргаагүй бол Эрдэнэзуу хийдээс юу ч үлдэхгүй байсан нь тодорхой. Одоо 50 гаруй лам хуврагатай, бага сургууль, бясалгалын сүм, байгаль орчин, амьдрах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд бий. Дэлхийн өвийн хамгаалалтанд орчихсон төрийн мэдэлд байдаг сүм дээ.

-Хийдэд тань Занабазарын урласан бүтээлүүд хэр их байдаг вэ. Хосгүй үнэт судар номууд ч байгаа байх...

-180 гаруй бурхны үзмэр байдаг юм гэсэн. Энэ бол өөр хаана ч байхгүй их тоо гэдгийг бид анхаарч, сайн хадгалах нь чухал юм шүү гэдгийг мэддэг. Гэхдээ манай музей тусдаа байдаг юм. Би л гэхэд цөөхөн удаа орж харсан. Занабазарын яг өөрийн урласан бурхад байдаг үгүйг нь сайн мэдэхгүй. Ямартай ч шавь нарынх нь хийсэн бурхад байдаг. Хийд гэдэг ч тэгээд үйлчилгээний байгууллага биш учраас ховор үзмэрүүдээ тэр болгон хүмүүст үзүүлээд байдаггүй юм. Мөнгө олох гэсэн шунаг хүсэлдээ баригдсан этгээдүүд их бий. Түүхийн ховор нандин үзмэрүүдийн хулгайлж хил давуулан арилждаг. Тиймээс манай музейн удирдлагууд одоо их анхаарч ажиллаж байгаа.

-Эрдэнэзуу хийдээс ховор бүтээлүүд алдагдсан тухай өнгөрсөн онуудад сонин хэвлэлээр их бичигдэж байсан. Одоо үйл ажиллагаагаа сайжруулсан гэсэн үг үү?

-Хийдээс бус музейгаас алдагдсан гэсэн үг л дээ. Алдагдсан ховор үзэмрүүдийг буцааж олсон. Тэр л хамгийн чухал. Музейн ажилтнууд жинхэнэ эхийг нь авч оронд нь дууриамал бурхан цутгаж хийлгүүлсэн явдал илэрч байсан. Харин сүүлийн үед иймэрхүү асуудал гараагүй.

-Бурханы баримал зарж эх орныхоо үнэт зүйлсийг хил давуулан гаргагсад мөнгө олохын төлөө ажиллаж байгаа. Үүндээ амташчихсан хүмүүс ухаажиж зөв замд орж чаддаг уу. Та тийм хүнтэй учирч байв уу?

-Хүн өөрөө л хүсвэл зөв замыг олж чадна. Гэхдээ би тийм хүмүүстэй учирч байгаагүй. Харин ял эдэлж байгаа хоригдлуудтай уулзаж, лекц уншиж байсан. Тэдгээр хүмүүсийн олонхи нь хайраар дутсан байдаг. Бага балчир насандаа өнчирч, хүнд хэцүү амьдрал дунд өсч томорсон хүмүүс ихэвчлэн хүнд гэмт хэрэгтэн байдаг. Тэд хэдий бусдад муу зүйл учруулсан ч би ихээхэн өрөвддөг. Хүн бүхний түүх өөр. Ялтнууд ч бас хүмүүс шүү дээ. Хайрлуулах хэрэгтэй. Тэгж байж жинхэнэ хүн болоод гарч ирнэ. Надаас бүр олонх нь хайрын тухай асууж байсан. Харгалзагчид зодож гэмтээх, үгээр доромжилж хараахаас илүүгээр тэднийг хайрлаж, гэгээлэг үйл явдлын тухай мэдээ дуулгаж, эелдэгээр харьцдаг байвал муу хүмүүс өөрчлөгдөж чадна. Тэгэхгүй болохоор хэрэгтнүүд суллагдаж гарч ирээд дахин гэмт хэрэг үйлдэх нь олон байдаг. Төөрч будилж яваа хүмүүс олон ч гэлээ бүгд л байгаль эхийн хүүхдүүд, бурхан ч ялгаагүй. Өнгөрсөн амьдралд алдсан ч оносон ч чиний л гишгэсэн мөр. Тэр мөч чинь ухрах боломжгүй. Үнэхээр чи алдаж гэмшиж байгаа бол дахиад бүү алд. Би уулзаад хамгийн түрүүнд энэ үгсийг тэдэнд хэлдэг. Хүмүүсийг энэрч, хайрлаж, бясалгалын түвшний зөвлөгөө өгч, зааж сургах миний үүрэг.

-“Сайн хүн зүгээр суухад буг чөтгөрийг ялна” гэж та хэлсэн байдаг. Өнөөдөр ийм ганцаардмал хүмүүст зааж зөвлөх хүн ховордсон учир тэд буруу замаар орж нүгэл хураах нь элбэгшсэн гэсэн үг үү?

-Яг зөв. Бусдад ухаарал хайрлах юмсан гэж боддог хүмүүс олон ч ажил хэрэг болгодог нь цөөхөн. Үнэхээр сайн үйлс хийе гэсэн бодол чамд төрж байвал түүндээ цаг гаргах хэрэгтэй. Хүмүүс буг чөтгөрийг бус бурхныг баярлуулахын төлөө өргөл өгч, залбирцгаадаг биздээ. Тэгвэл бусдад тусал. Бурхан хамгийн ихээр баярлах болно.

-Хүн бүхэн өөрийн гэсэн хувь тавилантай. Бурхны зурсан зургаар явна гэж хүмүүс ярьдаг. Надад их учир дутагдалтай мэт санагддаг л даа. Хүн өөрийгөө бүтээж, дараа нь амьдралаа гэрэлтүүлж, явах замаа сонгодог болов уу гэж боддог...

-Би мундаг хүн. Тиймээс нүгэл хураасан ч бурхан миний заяа төөргийг сайнаар зурчихсан байгаа, би сайхан амьдарна. Ингэж боддог хүмүүс их бий. Гэхдээ ямарч боломжгүй зүйл. Бурхны зурсан төөрөг гэж байхгүй, заасан зам, сургаал гэж л бий. Харин ямар замаар алхахаа хүн өөрөө л шийднэ. Бурхан хүнд буяны замаар явах 1000 мянган сургаал хэлээд өгчихсөн байхад буруу зүйлд хөтлөх арван замын нэгээр нь та орчихвол буцах гишгэхэд хэцүү. Тиймээс хүн өөрөө сонгодог юм. Нэг ёсондоо бурханаас заяасан хувь төөргөөр амьдарна гэж итгэгчид амьдрах ямарч идэвхигүй байгаа хэрэг. Бурханы царай төрхийг хараа ч үгүй байж зурсан замыг хаанаас олоод үзчихэв ээ. Тийм зүйл байхгүй. Хүнд хэчнээн их баялаг байлаа ч аваад явж чаддаггүйтэй адил гэгээн зам байлаа ч ороод явж чадалгүй буруутдаг шүү дээ.

-Хурмастын энтэй баялаг байлаа ч, хумсын чинээг аваад явж чадахгүй гэдэг байх аа?

-Хүн юу ч авч явж чаддаггүй юм. Бусдад үлдээсэн орон зай нь үлддэг. Буян үйлдэж насыг барсан бол нүцгэн буцахдаа бусдаар хүндлүүлнэ. Нүгэл хураасан бол бусдаар хараалгуулна. Нэгэн хүн нас барахдаа хөвгүүддээ “Хоёр оймсыг минь өмсүүлээд л оршуулдаг юм шүү” гэж захижээ. Аавыгаа нас барахад хоёр хүү нь ламд хүсэлтийг нь хэлэхэд “Нүцгэн ирсэн нүцгэн л буцдаг. Манай шашинд тийм ёс байхгүй” гээд оршуулгын ёслол үйлдэж. Маргааш хажуу айлынх нь хүн аавынх нь үлдээсэн захиаг дамжуулж “Намайг оршуулсны дараа хоёр хүүд минь өгөөрэй” гэсэн юм гээд өгчээ. Өнөө захианд нь “За тэр, хүүхдүүд минь. Үхсэн хойноо хоёр оймс ч авч явж чадахгүй байгаа биз. Эд хөрөнгөнд тэгтлээ шунаж амьдраад хэрэггүй шүү. Аль болох өглөг хийж, буян түгээж амьдраарай” гэж бичсэн байж. Хүнд чин сэтгэлээ тусал. Чамаас унах зүйл үгүй, чамд харин аз жаргал ирнэ. Хүний шунал эцэстээ юуны төлөө байдаг гээч, чи мэдэх үү?

-Сайхан амьдрахын төлөө байх, зөв үү?

-Ер нь бол тийм. Эцсийн эцэст хүн жаргалыг л хүсдэг. Гэтэл шунаг сэтгэлд хэзээ ч жаргал ирдэггүй. Хүн зовлонгоо өөрөө тарьдаг. Яагаад хэдэн мянган жилийн тэртээгээс үргэлжилсэн дайн дажин арилахгүй байна вэ гэвэл үйлийн үртэй холбоотой. Хэчнээн олон сүм хийд, ариуслын газар байгаад лам нар мянган маани мэгзэм уншаад байхад хүмүүс зовоод байгаа юм бэ гэж зарим нь асуудаг. Учир нь тэр хүн өөрөө хэзээ нэгэн цагт мууг үйлдсэн учраас зовж байгаа юм. Лам гэхээр мэргэлдэг, алдсан гээсэн зүйлсийг шууд хэлээд өгчихдөг хүн биш. Бусдыг хайрладаг, гэгээрүүлдэг, байхгүй зүйлийг хэлж өгдөг энэрэн нигүүлсэхүйн ухаанд суралцсан хүн байдаг. Бид гэгээрүүлж, зөв замд нь оруулж, засч өгнө үү гэхээс бус тэр хүнийг үйлийн үрээс нь зайлуулж чадахгүй.

-Нээрэн таныг сонгуульд дэвшинэ гэсэн байсан. Энэ үнэн үү?

-Ор үндэсгүй зүйл. Улс төр миний хийж чадах ажил биш. Сүүлд би өөрийн цахим хуудсаар дамжуулж мэдээлэл өгсөн. Хадаг бариад гуйсан ч улс төрд орохгүй гэж. Гэхдээ би тэгж бичсэн хүмүүст гомдоогүй. Учир нь би нэгэнт л дэвшихгүй гэдэг нь тодорхой хойно тэдэнд гомдож, намайг улс төр рүү хутгалаа гэх сэтгэл өвөртлөөд яах билээ. Угаас миний амьдралд бусдад гомдох, элдэв мэдээлэл хараад бухимдах ёс үйлчилдэггүй юм.

-Хүн юм чинь бусдад гомдож, тунирхах үе байна биз дээ. Танд нэг ч удаа тийм зүйл тохиолдож байгаагүй гэж үү?

-Хоёулаа хангалттай ярилцлаа. Чи намайг ойлгосон байх гэж найдаж байна. Би нэгэнт энэ замыг сонгосон. Бага балчир насандаа хэн нэгэнд гомдоод уйлж явсан үе бий. Одоо бол үгүй. Намайг гомдоосон хүн буруу зүйл хийж байгаагаа ухамсарлаагүй учраас тийм үйлдэл гаргасан байх. Түүнийг нь хэлээд сайхан ярилцбал тэр хүн намайг ойлгож, хүндлэх болно, бусдыг дахиж гомдоохгүйгээр хайрлана.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.