НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ш.Шиотани: Монголчууд ЭЕРЭГ, Япончууд жаахан СӨРӨГ үзэлтэй

ner.mn     Нийтлэгч
1 жилийн өмнө /2016-11-15 15:17:20 GMT +8 / | 4357 удаа уншсан

Японы монголч эрдэмтэн, профессор Ш.Шиотанитай ярилцлаа.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би
!... хэмээн Монголын бичгийн их хүмүүн Б.Ренчин эх хэлээ магтан дуулсан байдаг. Ертөнц даяаршихын хэрээр эх хэл маань эмзэгширч эвдэрч байна гэх шүүмжлэл ч бас сонсогдох болсон. Чухам энэ үед Японы монголч эрдэмтэн, профессор Ш.Шиотанийг “VIPerson”-доо урьж ярилцлаа. Тэрбээр 1978 онд Осакагийн гадаад хэл судлалын их сургуулийн монгол хэлний ангид элсэн орж суралцсан цагаасаа эхлэн монгол хэлтэй салшгүй холбогдон, монгол хэлний багшаар ажиллаж байгаа нэгэн.   

-Монголч эрдэмтэн, тэр тусмаа хэл шинжлэлийн чиглэлийн мэргэжилтэнтэй уулзаж байгаагийн хувьд сүүлийн үед юу хийж байгаа ажлын тань талаар сонирхоё?

-Ер нь одоог хүртэл Монгол, Японы зүйр цэцэн үгийн онцлог, ялгааны талаар судалж байна. Ерөнхийдөө зүйр цэцэн үгийг дотор нь хэд хэд ангилж болно. Тухайлбал, хэлбэрийн онцлог гэж байна. Нэгд голдуу хоёр мөрөөр бүтсэн байдаг. Хоёрт үг жигдлэх ёс. Гуравт толгой холбох. Дөрөвт сүүл холбох гэж байдаг. Жишээлбэл, Санаж явбал бүтдэг, Сажилж явбал хүрдэг гэж байна. Үг жигдлэх ёсны жишээ нь Санаж явбал бүтдэг, Сажилж явдаг хүрдэг гэж гурван үгээр бүтсэн байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр мөрөн дээр гурван үгээр бүтсэн бол хоёрдугаар мөрөн дээр ч мөн адил гурван үгээр бүтсэн байгаа юм. Ийм жишээ олон л доо. Хүн ахтай Дээл захтай гэвэл тус тус 2 үгээр бүтсэн байна. Харин толгой холбосон хэлбэр нь Санаж явбал, Сажилж явбал гээд гийгүүлэгч “С”-ээр толгой холбосон байна. Сүүл холбох гэвэл бүтдэг, хүрдэг. Өөрөөр хэлбэл, голдуу нөхцөл дагавар гэх мэтийн хэлзүйн элементтэй байдаг юм. Түүнээс гадна утгын өргөлтийн онцлог гэж бас байдаг. Энэ тухай нарийн судалж бичсэн тохиолдол бараг байхгүй байх аа. Минийхээр бол гурван янзаар бүтдэг гэж үзэж байгаа. Тухайлбал, дан, давхар, үргэлжилсэн утгатай байдаг. Дан утгатайн жишээ нь түрүүний хэлсэнчлэн Санаж явбал бүтдэг, Сажилж явбал хүрдэг. Үүнийг монголчууд нэгдүгээр мөрний утгаар дангаар нь хэрэглэж ойлгож болдог байх жишээтэй. Тиймээс би дан утгатай гэж үзсэн байгаа юм. Давхар утгатай гэвэл Болсноос ам хүр, Буурлаас үг сонс гэж байна. Энэ зүйр цэцэн үгний тухайд эхний мөрний утгаар ч хоёрдугаар мөрний утгаар ч ойлгож болно. Аль ч утгаар нь хэрэглэж болдог учраас давхар утгатай гэж байгаа юм. Үргэлжилсэн утга гэвэл Нэг чихээр ороод Нөгөө чихээр гарах. Хэдийгээр хоёр мөрөөр бүтсэн ч гэсэн нэг мөрөөр нь ойлгоход бэрх. Заавал хоёр мөр бүтэн байж хэлэх гэсэн санаа нь тодорхой болж байгаа биз. Ер нь аливаа улс үндэстний ардын аман зохиол, домог, зүйр цэцэн үг, үлгэр домогт тухайн үндэстний түүхийн замнал, ардын ёс заншилын онцлог нэвт шингэсэн байдаг. Тэр ч утгаар нь би Монгол болон Японы зүйр цэцэн үгийг судлахаар шийдэж, хоёр улсын соёлын ялгааг харуулахаар энэ төрлийг сонгож авсан юм. Дээр дурдсан найман хэлбэрийн тухайд би 300-гаад зүйр цэцэн үгийг судалж харьцуулж байж гаргасан дүгнэлт. Ер нь хоёр улсын соёлын ялгааг  зүйр цэцэн үгнээс тун тодорхой харж болдог. Хоёр орны зүйр цэцэн үгэнд хэрэглэх үг нь өөр ч гэсэн гаргаж байгаа утгаараа таардаг нь олон. Гэвч аль ч хэлэндээ утгаараа таарахгүй цөөн тооны зүйр цэцэн үг байгаа нь тус хоёр орны соёлын ялгааг илэрхийлж байгаа юм. Жишээлбэл, Монголчууд амны бэлгээр ашидын жаргал гэдэг. Тэгвэл Японы зүйр цэцэн үгэнд энэ зүйр үгтэй дүйх утгатай үг байдаггүй. Таарах агуулгатай зүйр цэцэн үг байхгүй гэсэн үг. Миний ажигласнаар монголчууд бурхан, бөөгийн шашин шүтдэг. Ерөнхийдөө их сүсэгтэй ард түмэн. Тэгээд ч тэр үү, муу үг хэлэхийг ихэд цээрлэж билэг дэмбэрэлтэй юм ярьж хэлэхийг хүсдэг онцлогтой ард түмэн. Хэрвээ хүн муу юм хэлбэл Болохгүй, муу ёр гэдэг. Харин Японд бол хүн шалгалтандаа уначихвал, хүн үхчихвэл гэх мэтээр хамаа намаагүй ярьдаг. Эндээс нэг дүгнэлт хийж болно.

-Ямар?

-Монголчууд эерэг үзэлтэй. Харин япончууд жаахан сөрөг үзэлтэй гэж би үзэж байгаа. Монгол хүн амныхаа бэлгээр гэж ярьдаг. Бас монголчууд япончуудын үзэл санааны ялгаа нь Монголчуудын Жаргалын удаан, Зовлонгийн түргэн гэж хэлдэг үгэн дээр их тод илэрдэг. Японд, Жаргал нэг өдөр, Зовлон нэг жил гэж ярьдаг. Хүний ертөнцөд аж төрж байгаа л бол япон, монгол хэнд ч бай, жаргал зовлон тохиолддог шүү дээ. Монголчуудын зүйр цэцэн үгэнд жаргал удаан үргэлжлээсэй, зовлон түргэн өнгөрөөсэй гэсэн хүсэл мөрөөдлийг агуулж байгаа бол Японы зүйр цэцэн үгэнд бодит байдлыг заадаг. Жаргал гэдэг чинь нэг л өдрийнх шиг хурдан өнгөрнө. Харин зовлон гэдэг хүнд тохиолдох юм бол удаан санагдана гэсэн утгыг агуулж байгаа юм. Энэ мэтчилэн амьдрах хэв шинж, үзэл санааны ялгаа их тод гардаг л даа. Бас Инээснийг асуу, Уйлсныг бүү асуу гэж үг байна. Инээж, уйлах нөхцөл хаана ч, хэнд ч тохиолдож болно. Гэхдээ зүйр цэцэн үгээр хэлсэн ийм тогтсон хэллэг хэрэглэдэг нь монголчууд. Японд бол байхгүй. Чи яагаад инээж байгаа юм бэ гэж асуудаг атлаа уйлсныг асуудаггүй нь их гайхалтай санагддаг. Бас Идээ эзнээ таньдаггүй, Ирэг сүүлээ таньдаггүй гэсэн зүйр цэцэн үг байдаг. Энэ үгийг анх сонсоход гадаадын хүнд тун хэцүү, ойлгоход бэрх л дээ. Хэрэглэгддэг хүрээ нь их явцуу, хязгаартай байдаг. Ер нь ийм үг хаа ч байхгүй байх аа. Бодит амьдрал дээр монгол айлд гаднаас гийчин ирэхдээ бэлэг авчирч өгвөл монгол айлын эзэн нь баярлалаа гэж авчихаад Идээ эзнээ таньдаггүй, Ирэг сүүлээ таньдаггүй гээд авчирсан бэлгээр зочноо дайлдаг ёс заншил бий. Харин Японд бол бэлэг авчирч өгсөн л бол тухайн зочноо явтал задалж болохгүй. Хүүхэд идье гэсэн ч өгөлгүй, томоотой хүлээж бай гээд зочноо явсных нь дараа задалдаг ёстой. Бас Жаргалтай боловч орондоо бүү дуул, Зовлонтой боловч орондоо бүү уйл гэдэг дээ. Энэ бол монголчуудын цээрлэх ёсыг зүйр цэцэн үгээр, уран сайхны аргаар дүрсэлж, хүүхэд багачуудаа сургамжилсан гайхалтай арга гэж би бодож байна. Гэтэл Японд бол орондоо уйлж, дуулсан ч хэн ч загнахгүй, тоох ч үгүй. Би оюутан байхдаа МУИС-д сурч байсан л даа. Хамгийн анх оюутны байрандаа орондоо дуулж хэвттэл хамт нэг өрөөнд амьдардаг монгол оюутан маань, Чи дуулж болохгүй. Монгол хүн орондоо дуулдаггүй гэж хэлснээр анх энэ зүйр үгийг мэдэж авч билээ. Би 1980-аад онд Монголд хоёр жил сурахдаа монгол оюутантай хамт нэг өрөөнд байсан юм. Мөн монголчууд Эрт босвол нэгийг үзнэ, Орой унтвал нэгийг сонсоно гэдэг. Харин Японд бол Эрт босвол гурван мөнгөний олзтой, бас Эрт унтаж эрт босвол өвчин тусахгүй гэсэн утгатай зүйр цэцэн үг бий. Монголчууд орой унтвал нэгийг сонсоно гэж аль болох унтах цагаа багасгаж, сурч мэдэх цагаа ихэсгэх гэдэг бол Япончууд эрт унтах хэрэгтэй гэдэг нь эрүүл мэндийн талаасаа тустай гэсэн санааг агуулсан байгаа юм. Харин эрт босох тал дээр хоёр орны ард түмний үзэл санаа нэг байна. Магадгүй энэ нь хоёр улсын сурган хүмүүжүүлэх арга дадлын онцлогоос болдог ч байж болох юм. Бас Зэмлэх үгийн ил нь дээр, Магтах үгийн далд нь дээр гэж монголчууд хэлдэг. Хайр нь дотроо Хал нь гаднаа гэдэгтэй утга дүйх болов уу гэж би бодож байна. Харин Японд яг эсрэгээрээ, Далд зэмлэж Ил магт гэдэг. Ялгаа нь Монголд хувь хүнийг бодож, хувь хүний төлөө сургамжилж, хувь хүний хүмүүжлийг чухал гэж үздэг. Олны дотор хувь хүнийг чухалчилдаг гэж ойлгож болно. Тэгвэл Японд хувь хүн гэдэг заавал хамт олон бүлгийн дотор байгаа учраас хамт олных нь дотор хувь хүнийг сургамжлан хүмүүжүүлэх нь чухал гэж үздэг. Мөн Хоноц хоноцдоо дургүй, Хонуулсан айл хоёуланд дургүй гэдэг. Их хөөрхөн жишээ л дээ. Нүүдэлчин мал аж ахуйтай хүмүүсийг зочломтгой гэж ярьдаг шүү дээ. Хаа очсон ч хоол цай хийж өгдөг гэсэн ойлголттой байдаг. Гэвч бодит амьдрал дээр хонуулсан айлын хувьд хоёуланд нь дургүй гэсэн гол утга нь гараад байгаа юм. Энэ бол үнэн санаа, бодит байдал. Японд бол Гэрийн эзэн уйлах шахам манайд хонооч гэж гуйсан ч, Зочин явбал баярлана гэдэг. Үнэндээ бол ганц Япон гэлтгүй бодит үнэн байдал нь энэ. Эндээс хоёр нйигмийн ялгаа харагдах байх. Миний дээр дурдсан жишээнүүдээр Монгол, Япон хоёр улсын нийгмийн ялгаа нь харагдаж байгаа юм.  Товчхондоо, Монгол бол эерэг үзэлтэй Япон бол жаахан сөрөг үзэлтэй нь харагдаж байгаа байх. Монголд хүсэл мөрөөдөл зааж байхад, Японд бодит байдлыг заадаг. Монголд хувь хүнийг чухалчилдаг бол Японд хамт олных нь дунд хувь хүнийг чухалчилдаг. Монголд үнэн санааг зааж байхад Японд гадна байдал ба үнэн санааг зааж байгаа нь ажиглагддаг. Дүгнэж үзвэл монголчууд нь япончуудыг бодвол харьцангуй илүү хүний сэтгэл санаа, оюун ухааныг эрхэмлэдэг гэж хэлж болох юм.

-Яагаад заавал зүйр цэцэн үгийг сонгож судлахаар болсон юм бэ. Монголын ардын аман зохиол их баялаг болохоор чухам энэ чиглэлийг сонгосон шалтгаан нь сонин байх болов уу гэж бодлоо л доо.

-Би монголын зүйр цэцэн үгийг монгол ардын аман зохиолын дотор хамгийн бага хэмжээтэй ч хамгийн гүн ухаантай биеэ даасан төрөл зүйл мөн гэж боддог. Тиймдээ ч зүйр цэцэн үгийг сонгож, Японыхтойгоо харьцуулан судлахаар шийдсэн хэрэг. Зүйр цэцэн үгэнд ардын уламжлал,ёс заншил, сурган хүмүүжүүлэх арга дадал, тэр ч бүү хэл нүүдэлчдийн гэж хэлж болохуйц гүн ухаан нь ч багтдаг баялаг төрөл. Би оюутан болсон цагаасаа л монгол хэлтэй холбогдсон хүн. Одоо 21 дэхь жилдээ багшилж байна. Монгол хэл судлаачийн хувьд монгол хэлний үг зүй, үгсийн сан, монгол ардын аман зохиолын чиглэлээр ихэвчлэн ажиллалаа. Энэ хугацаанд “Монгол хэлний яриа, уншлага”, “Монгол хэл эхлэн сурах бичиг”, “Монгол хэлний халхын аялгуун дахь үг бүтээх дагаврын судалгаа”, Монгол хэлний хэлзүй ба дасгал”-ын анхан болон дунд шатны сурах бичиг, “Монгол хэл”, “Монгол хэл эхлэн сурах бичгийн дасгалын хураамж” гэхчлэн сургалт судалгааны чиглэлийн ном бичснээс гадна “Тал нутгийн үлгэрүүд”, Эрхий мэргэн ба долоон нар” “Монгол хэл ба үлгэрүүд” номондоо цөөнгүй үлгэрийг эх хэлнээ орчуулан хэвлүүлж олны хүртээл болгоод байна.

-Олон жил боловсролын салбарт ажиллаж байгаа багш хүний хувьд шинээр  суралцагсдад зөвлөгөө өгөөч?

-Оюутан сурагчиддаа хандаж нэгэнт зорьсон л бол эрдэм номдоо шамдаж сайн сураарай гэж хэлэх байна. Монголд социализмын үед суралцаж байсан учраас В.И.Ленин багшийн хэлснээр “Сур сур бас дахин сур” гэж хэлмээр байна. Миний бодлоор юм сурахдаа хүсэлгүй сурч болохгүй. Сурахаар шийдсэн бол гурван зүйлд анхаарлаа хандуулах учиртай. Нэгд, даруу байх хэрэгтэй. Юм сурахад хүний зан байдал маш чухал. Юм сурахдаа даруу байх хэрэгтэй шүү, онгироо байж яасан ч болохгүй. Хоёрдугаарт, оролдлоготой байх хэрэгтэй. Хичээл зүтгэлтэй байх нь их чухал. Гуравдугаарт, сурч байгаа зүйлээсээ хөндийрч салахгүй байх хэрэгтэй. Энэ гурван зүйлийг үргэлж санаж явж байж л зорьсондоо хүрнэ гэж би боддог. Мөн хичээлдээ өөрийн хамгийн дуртай Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг монголын зүйр цэцэн үгээр оюутнуудад сэтгэл санаагаа илэрхийлж, урам өгдөг.

-Япон, Монголын зүйр цэцэн үгийг судалж байхад хоёр үндэстний соёлын ялгаа тод харагддаг гэлээ. Тэгвэл монголчуудын өдөр тутам хэрэглэдэг шиг түгээмэл хэрэглэдэг япон зүйр үг хэлж сонирхуулаач?

-Санаа сайн бол Заяа сайн гэдэг шиг хүн бүрийн хэлдэг мэддэг зүйр үг Японд ч байдаг. Олон бий. Тухайлбал, Хийх юм бол бүтнэ. Монголоор бол Оролдвол нэгийг бүтээдэг, Уралдвал нэг нь түрүүлдэг гэдэгтэй төстэй утгатай юм уу даа. Бас Өр зөөлөн хандах нь хүний төлөө биш. Монголоор бол Хүний хэрэг бүтвэл Өөрийн үйлс бүтнэ гэдэгтэй таарах байхаа.

-Та социализмын үед Монголд сурч байсан хүн. Нөгөөтэйгүүр би монгол хэлээ дэлхийн хамгийн баялаг хэлний нэг гэж боддог. Гэвч сүүлийн үед монгол хэлний маань зарим нэг үг хэрэглэгдэхээ больж мартагдаж байна уу даа эмзэглэл төрөх болсон. Магадгүй амьдралын хэв шинж өөрчлөгдөж, дэлхий ертөнц даяаршиж байгаатай холбоотой байх л даа. Судлаачийн хувьд энэ тал дээр юу хэлэхсэн бол?

-Хэлзүйн асуудлууд дотроос хэлний эвдрэл гэдэг их том асуудал л даа. Дүрмийн асуудал гэж бас бий. Дүрмийн тухайд ялангуяа гадаа гудамжинд байрлуулсан байгууллагуудын хаяганд алдаа их ажиглагддаг. Хатуугийн тэмдгийг зөөлнийхөөр бичсэн тохиолдол хаа сайгүй харагддаг. Үгийн алдаа ч их харагддаг. Харин социализмын үед  ийм алдаа огт байдаггүй байсан гэж хэлж болно. Хааяа нэг нэгдүгээр биеийн хүсэх төлөвийн хэлбэрийн ирье, явъя  гээд я, е, ё, дээр алдаа гаргасан тохиолдол сонин хэвлэлээс ажиглагддаг байсан. Их зарчимч байсан юм шүү, энэ тал дээр. Харамсалтай нь одоо бол хачин замбараагүй болсон гэж хэлж болно. Интернэттэй бол ярих юм байхгүй. Ер нь хэлзүйн болон дүрмийн асуудал ихсэх тусам тухайн хэлэнд хэлний эвдрэл явагдаж байна гэж үздэг юм. Сүүлийн үед монголчууд гадаад үгийг янз янзаар бичиж тэмдэглэхээс гадна үндсэн “и” болон “й”-гийн ялгааг үл анзаараад дураараа бичдэг болоод байна уу даа гэж бодогдоод байгаа.

-Тэр ч тийм шүү. Ингэхэд харь үгийг нутагшуулах тал дээр Японд ямар зарчим баримталдаг юм бэ. Шинэ нээлт, шинэ технологи нэвтрэхийн хэрээр хэзээ ч байгаагүй шинэ шинэ үгнүүд үүсч бий болж байна шүү дээ?

-Хэрвээ тухайн үгийг орчуулснаас шууд авсан нь илүү ойлгомжтой бол шууд авч хэрэглэдэг. Эсвэл орчуулж хэрэглэж хэвших тохиолдол ч бий. Заншиж, нутагших эсэх нь цаг хугацааны асуудал л даа. Миний ажигласнаар монголчууд гадаад үгийг тэр чигээр нь авчихдаг нь түгээмэл байх шиг ажиглагддаг. Социализмын үед Нэр томъёоны комисс гэж байсан юм. Гадаад үг Монголд орохоор заавал монголчилж орчуулчихаад хэрэглэж хэвшүүлдэг байсан. Телевизийг гэхэд л зурагт радио гэдэг байсан. Гадаад хэлний бүх толь бичигт зурагт радио гэж бичсэн байдаг юм. Тэгсэн хэрнээ би 80-аад оны үед сурч байхдаа зурагт радио гэж хэлж байгаа хүнтэй нэг ч удаа тааралдаагүй. Зурагт үзлээ, зурагтаар гарлаа л гэж ярьдаг. Бас нэг явдал надад ноднин тохиолдсон юм аа. Би ажлаар хөдөө явж байгаад Архангай аймгийн төвийн нэг зочид буудалд буудалласан юм. Өглөө босоод жорлон ортол, жорлонгийн арын усны саван дээр нь “усаа тат нуу” гэж бичээд бичгийн цаасан дээр хэвлээд наачихсан байсан. Гарч ирчихээд, монголчуудын хэлснээр би усаа татсан, нуух юмаа ч нуусан. Одоо өөр юугаа нуух вэ, ямар муур багшийн үлгэр биш дээ гээд инээлдэж билээ. Угтаа бол инээдэм биш л дээ.  “Усаа татна уу” гэхийг “усаа тат нуу” гэж бичиж болохгүй. Энэ мэтчилэн алдах ёсгүй алдаа их байдаг. Би сүүлийн үед байгууллагуудын хаяг, анхааруулгын алдааг их хардаг болсон. Улаанбаатарт хамгийн олон байдаг ”Миний дэлгүүр”, “Миний зах” гээд сүлжээ дэлгүүрүүдийг хаягийг хараарай. “Миний” гэдгийг дандаа “минии” гээд биччихсэн. Анх “й”-гийн дээдэх зартиг нь уначихсан юм байх гэж бодсон ч  угаасаа хийгэээгүй юм байна лээ. Дээд талд нь зартиг хийх мөнгөө хэмнээд “й”-г “и”-гээр биччихсэн байх. Бизнесийн хувьд  мөнгөө хэмнэж болох ч монгол хэлний хувьд алдаа гаргаж болохгүй л дээ. Иймэрхүү алдаа нь монгол хэл эхлэн суралцагчдын хувьд их хэцүү байдаг. Мини /жижиг, бага/ дэлгүүр юм уу, сүлжээ том дэлгүүр юм уу ойлгоход ч төвөгтэй. “Й”-гээр бичих ёстой үгийг үндсэн “и”-гээр бичиж мөнгө хэмнэж бичиж болохгүй л байхгүй юу. Болох уу ,үгүй юу бодох л асуудал. Монголчуудын хэлдгээр буруу ярьж зөв ойлгоно гэдэг дээ. Буруу бичиж, зөв ойлгох хэрэгтэй болж байх шиг байна даа. Ер нь хэлний асуудалтай холбогдуулаад хэлэхэд, социализмын үеийг одоогийнхтой харьцуулахад хэлний судалгааны түвшин жаахан доошилсон юм болов уу гэж хардаг. Судалгаа шинжилгээ гэхээсээ илүүтэй бизнес маягаар нүд хуурсан юм хийх маягтай хандлагууд ажиглагдах болсон. Шал дэмий юманд мөнгө зөндөө зарж байна. Харин сүүлийн жилүүдэд Монгол хэлийг эхлэн сурч байгаа гадаадын хүнд зориулсан эхлэн суралцагсдын ном сурах бичгүүд нэлээн гарч байгаа нь сайшаалтай хэрэг. Судалгааны хувьд Шинжлэх ухааны академиас гаргаж байгаа ном бүтээлүүд хуучин түвшнөө арай жаахан хадгалж байна. Магадгүй наймаа панз, мөнгөтэй л холбоотой байдаг байх даа. Бас сүүлийн үед зарим номны нэрийг өөрчлөөд  хэвлэх тохиолдол ихсэх хандлагатай байгаа. Шинэ ном гарчихаж гээд аваад үзэхээр хавтас нэр нь л өөрчлөгдсөн байх жишээтэй.

-Осакагийн их сургуулийн монгол хэлний ангид жилд хэдэн оюутан шинээр элсүүлдэг юм бэ?

-Манай сургуулийн гадаад хэлний салбарт гадаад хэлний 25 анги байдгийн нэг нь монгол хэл. Монгол хэлний анги 1921 онд байгуулагдсан. Монголд ардын хувьсгал ялсан үе. Жилд 18 оюутан элсүүлдэг. Дөрвөн жил суралцаж баклавр зэрэгтэй төгсдөг юм.

-Та яаж яваад, тэгээд бүр нийгэм хаалттай байх үед монгол хэл судлалыг сонирхох болов оо?

-Манай улсын боловсролын систем 12 жилийн сургалттай. Бага сургуульд зургаан жил, дунд сургуульд гурван жил. Дунд боловсролыг албан сургалт гэж ойлгож болно. Дунд сургуулиа төгсөөд  ахлах сургуульд гурван жил суралцаж байж их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болдог. Харин дунд сургуулиас эхлэн гадаад хэл үздэг. Мэдээж ахлах сургуульд үзнэ. Дунд сургууль, ахлах сургууль гээд зургаан жил хүн болгон англи хэл үзсэн юм чинь англи хэлний хувьд асуудалгүй. Бүр сайн биш ч бага сага гадарладаг болчихсон учраас их сургуульд орохдоо дорно дахины хэл үзье гэж бодсон. Дорно дахины хэл гэхээр миний толгойд XIII зууны үеийн Чингис хаан гэж л бууж ирсэн. Мэдээж тухайн үед Монгол Улс социалист системтэй байсан учраас жаахан хэцүү. Монгол социалист, Япон капиталист улс учраас хонь, чоно хоёр шиг хэзээ ч эвлэрэшгүй дайснууд аятай байсан. Харин би Монголд нэг очиж үзэх юмсан гэсэн туйлын хүсэл мөрөөдөлтэй байдаг. Тэгээд л монгол хэлний ангийг сонгосон. Аз болж гуравдугаар дамжаанд ордог жил Монголд оюутан солилцоогоор ирэх боломж гарсан. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтож, 1976 оноос оюутан авдаг болчихсон байсан. Харин би манай сургуулиас Монголд ирж суралцсан гурав дахь оюутан болсон. Тухайн үед жил болгон хоёр хүнийг л Монгол руу явуулдаг байсан. Гадаад явдлын яаманд шалгалт өгч байж явна. Хамаа намаагүй явуулахгүй ш дээ, бас. Тэгээд тэр шалгалтаа өгч азаар тэнцэж МУИС-д суралцах боломж олдсон. Тэр үед чинь япон хүнийг өрөөнд нь ганцаар байлгахгүй заавал монгол хүнтэй байлгадаг. Хамгаалах, хянах хэрэгтэй байсан биз дээ. Надтай байсан оюутан маань нэг өөр ангийн ангийн дарга байсан. Би 20-настай байсан бол мань хүн 30 гаруй настай бас депутат. Харин одоо компанийн захирал хийдэг юм. Би Монголд ирэх болгондоо уулздаг. Одоо эргээд бодох нь ээ, Дотоод яамнаас томилогдсон байх. Намайг явсны дараа ч бас япон хүнтэй хамт суудаг байсан. Хараа хяналтанд байгаа гэж бодохоор таагүй ч монгол хүнтэй хамт байхаар хэл сурахад сайн талтай байсан. Одоо бол Японы монгол хэлний ангийн оюутнууд Монгол руу яваад ирье гэвэл хэзээ ч болно. Хоёр гурав хоногоос сар, жил ч болж болно. Чөлөөтэй...Гэвч сурсан юм бага буцаж ирэх нь жаахан харамсалтай санагддаг. Би 20-тойдоо ирж, хоёр жил сураад 22 настайдаа буцсан. Тэр үед нийгэм хатуу.  Багштайгаа гудамжинд тааралдаад толгой дохиж мэндлээд зөрнө үү гэхээс хамаа намаагүй ярьж болохгүй гэх янзтай. Харин сургууль дээрээ бол болно. Хоёр жил сурчихаад буцах болоход багш маань намайг сургуулийн шатны ойролцоо далд газар дуудаж уулзаад,  чи Монголын нийгмийг ойлгож байгаа биз дээ, би чамайг гаргаж өгч чадахгүй. Авто вокзал дээр хүн харж л байгаа гээд духан дээр минь үнсэж билээ. Би морнголчуудын ялангуяа багш, шавийн хамгийн их хүндэтгэл, дотнослыг духан дээр үнсэх юм байна даа гэж ойлгосон.

-Багш тань хэн билээ?

-Олон багштай байсан. Тухайлбал, тэнхмийн эрхлэгч Ж.Лувсандорж болон Чой.Лувсанжав, манжич Ц.Шархүү гээд олон багш байсан. Нийгмийн хатуу цаг үе байсан ч Монголын сор болсон багш нараар хичээл заалгаж, дуу хоолойг нь сонсож явсан маань одоо миний бахархал юм аа.

-Хамгийн удаан, илүү ойр байсан багш тань.

-Монгол хэлний яриаг Ц.Сувд багшаар заалгасан. Монгол бичгийг Л.Мишиг, хэлзүйг Ж.Лувсандорж багшаар, уран зохиолыг Баттулга, Л. Чулуунбаатар багшаар заалгаж байлаа. Тэр үед үдээс өмнө л хичээлтэй байсан шиг санаад байх юм. Өвлийн өглөө нь аймаар хүйтэн. Дээр үеийн Орос хэлний дээд сургуулийн хашаан дотор жижигхээн байшин байсан юм. Тэнд хичээл маань ордог байсан. Одоогийнхоор Хүмүүнлэгийн их сургуулийн хашаан дотор шиг санагдах юм. Өдөрт дөрөвхөн цагийн хичээлтэй, дээр нь тэтгэлгээр сурдаг учраас бийлэгжүү оюутан байлаа шүү дээ, би. Ангийн дарга өрөөний хамтрагчтайгаа голдоо нэг банктай. Өнөөхдөө 100, 100-н төгрөг хийгээд дундаа хэрэглэнэ. Ангийн дарга өглөө бөөрөнхий талхныхаа талыг идчихээд явна. Харин би өглөө юм идэж чаддаггүй. Харин оройн хоолоо ээлжээр хийдэг байсан. Хамтрагч маань ангийн дарга байсан учраас дотуур байранд таньдаг хүн ихтэй. Өрөө хэсээд л өөрийгөө болгочихно. Тэгээд орж ирээд чи өөртөө л жаахан юм хийгээд идчих гэнэ шүү дээ. Жаахан зальтай байсан даа, мань эр. /инээв/

ЯРИЛЦСАН З.УРАНСҮХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.