НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Контент, контент, бас дахин КОНТЕНТ

Г.Ням-Очир     Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-11-10 12:06:08 GMT +8 / | 5251 удаа уншсан

Манайх уг нь контентийн зах зээл дээр бага ч гэсэн тоглолт хийх боломжтой. Учир нь боловсон хүчний нөөц тийм ч бага биш. Саяхан болтол Улаанбаатар хотод дижитал камер, монтажны посттой 300 гаруй видео продакшнууд байлаа шүү дээ. Янз бүрийн ТВ нэвтрүүлгүүд хийдэг уран бүтээлчид дээр, gamer-үүд буюу видео тоглоомчид нэмэгдээд ийм их тоо гарч байлаа. 

Дараа нь маш олон кабелийн ТВ-үүд гарч ирснээс болоод энэхүү ЧУБ (Чөлөөт Уран Бүтээлчид цаашид ингэж товчилно)-ууд ТВ-ийн хувь эзэмшигчид болон өдөр тутмын илжиг луусны хөдөлмөрт нухлагдан халтуур хийх болж, уран бүтээлийн чансаа хавтгайдаа тааруухан болов. Чухам энэ үетэй давхцан дэлхийн зах зээл дээр контентийн хэрэгцээ болоод өрсөлдөөн ширүүссэн бол манай контент үйлдвэрчлэгчид ихэвчлэн ТВ-ээр бараа зардаг маркетинг руу хошууран орох нь энэ. Мөн контентийн зах зээл дээр ч томоохон тоглогч, нэгдсэн бодлого байхгүй байсантай холбоотой. Зургаан жилийн өмнө Өвөрхангайд нэг камер үүрсэн шар толгойттой таарав. Өнөөх л бидний хэрэглэж эхэлж байсан 5D MarkII бариад хэдэн дуран цүнхэлчихсэн. Айл хэрхэн айраг хийж байгааг зургийг нь аваад фото видео хийгээд явжээ байх юм. Сайхан танилцлаа. "Open China" хэмээх Шанхайд төвтэй контентийн сан хөмрөгт гэрээгээр ажилладаг гэнэ. Хятадын тухай англи хэл дээр 5 хүртэлх минутын видео контент болон фото бэлдэж өгдөг. Дажгүй орлоготой ажил. Найз охинтойгоо Монголд амрах хугацаандаа л монголчууд айраг хэрхэн хийдэг тухай контент хийчихэж байгаа нь энэ. Зардал гэхээр юм юу ч алга. Фото видеогоор авчихлаа. Дуугаа ZOOM-ээр авчихлаа. Байгалийн гэрэлд тас тааруулчихлаа. Ингээд л болоо. "Open China" бол БНХАУ-ыг гадаадад сурталчилдаг агентлаг. Манайхаар бол Монцамэрхуу. Гэхдээ энэ бол хагас хувийн ч юм шиг европ америкийн кино компаниуд хувь эзэмшдэг. Гэсэн атлаа Гадаад яам нь бас их нөлөөтэй. Олон улсын компани. Хятадад кино хийх бол тэр богино хэмжээний контентуудаас үлгэр санаа авчихна. Гадагшаа нээлттэй. Сар улирал тутам контентуудаа уралдуулаад шалгаруулчихна. Хятадын гэсэн онцлогийг л тод томруун харуулж чадсан бол ОК.

Одоо энэ төсөл бол маш өргөжсөн. Өнгөрсөн зун нөгөө нөхөр Монголд амрахаар ирлээ. Хуучин танилууд уулзаад ажил хэргээ яриад л. Манай хүн хөлөө олжээ. Монголын тухай кино хийгээд эхэлчихжээ. Энэ удаад кино камераар хийж байгаа гэнэ. Ирэх хавраас эхлэх кино контентийнхоо зохиолыг ян тан болгочихоод л явлаа. Хэний мөнгөөр хийж байгаа вэ? гэж үү? Мэдээж хэрэг хятадуудын мөнгөөр. Кино ч сонирхолтой кино болно. 2018 оны цагаан сараар гарна.  Нөгөө л Хятадыг магтаж байна гэж л бодож байна уу? та нар. Тэгвэл би нэг л жишээ татъя. Цагаан хэрмийн үзэмжийг гарч үздэг 5, 6 газар Бээжингийн ардхан бий. Тийшээ Бээжинд ирсэн гадныхан бараг бүгд гардаг. Энэ бол Хятадын нэрийн хуудас. Ямар их баатарлаг хөдөлмөрч ард түмэн болохыг илтгэдэг бодит биет хүний гараар бүтсэн түүх юм.

Мөнгө ч чамгүй олно. Нэг хүнээс дундажаар 60-150 юан. Хүний тоо бол яваад өгнө л дөө. Дундажаар өдөртөө 20-30.000 хүн. Амралтын өдрүүдээр 200.000. Баярын өдрүүдээр гурван сая хүрч байсан гэдэг. 135 сая ам.доллар зарцуулаад Холливудийн одууд тоглуулаад, Цагаан хэрмийн тухай кино хийлгэсэн нь удахгүй гарна. Энэ кино бол маш их ашиг олно гэдэг нь тодорхой. Сэдэв нь ч гоё. Цагаан хэрмийг Харь гаригийнхны довтолгооноос хамгаалж барьсан тухай гарна. Бүгд үнэмшинэ. Сая сая үзэгчид үнэмшинэ. Тэр бүү хэл бид нар ч үнэмшинэ. Бидний үр хүүхдүүд үнэмшинэ. 
”Түмэн газрын цагаан хэрэм бол Монголчуудын довтолгооноос хамгаалж баригдсан” тухай түүх бол шог хошин яриа болон хувирна. Энэ тухай тоглоом, хүүхэлдэйн кино, видео тоглоомууд хийгдээд эхэлчихсэн. Ном ч гарчихжээ. Контент бол бодлого юм байна. Энэ кино бидний түүхийг зүгээр л баллуурдчихлаа. Гэхдээ бид зүгээр гараа хумхиад суух уу? 

Бидэнд их мөнгө байхгүй ч гэсэн хөрсөн доор ч бас их баялаг түүх байна аа. Харамгүй ч олдох юм. Ховд аймгийн Үзүүр Гялаан гэдэг газраас өнгөрсөн 4 сард байх аа. ”Адидас” гуталтай муми олдов. Аймгийн Орон нутгийг судлах музейн ”сайн дурын уран сайханчид” хадных нь хөндийгөөс хуу татаж авчраад, мөхөөлдөсний хөргөгчинд хийчихэв. Дараа нь төвөөс ММ агентлаг дуудаад, интернэтээр дэлхий даяар цацчихаад л дараад хэвтээд байв. Хууль зөрчсөн үйлдлээ маш хурдан мэдээллээр бамбай болгоод хаачихаж байгаа юм. Цаана нь жижигхээн амбиц. Үзмэртэйгээ гадаад явна. "Адидас"-аас мөнгө авч, орон нутгаа хөгжүүлнэ л гэж бодож байсан байх. Жинхэнэ жалганы бодолтой. Яам тамгаар гүйв. МҮҮН-ээс болоод, сүүтэй үнээгээ алдаад мэнэрчихсэн байсан үе. Монголын соёлоос, ШУ-аас хариугаа авах боломж ч бүрдсэн үү? нөгөө люмпэнгүүдэд Туркуудээр судлуулах зөвшөөрөл өгчих нь тэр. Ингээд Монгол археологч, түүхчид аймгийн ”уран сайханчид”-д ялагдав. Туркүүд дээж авч яваад, АНУ-д шинжилгээ хийлгэлээ гээд сая зарлаж байх юм. "Адидас"-тай мумми бол Х зууны үеийн буюу одоогоос 1000 жилийн өмнөх Туркийн соёлын өв болж таарлаа. Шийдвэр гаргасан улстөрчид ч таг. Эцэст нь Монгол Улс Туркийн өв соёлыг нутаг дээрээсээ олсон болоод л хохироод үлдлээ. Ердөө саяхан бас л муми болгосон морь Ховд аймгаас олдлоо. Бас л Туркийн соёлын өв болно доо. Харж л байгаарай. Харин бид энэ үйл явдлыг контент болгосон бол яах вэ? Маш том боломж байлаа. Эхлээд эко орчны судалгаа хийнэ. Ямар газар ямар ууланд яаж хадгалсан. Энэ тухай "Оллоо" гэж нэг контент хийнэ. "Судалж байна" гэж нэг контент хийнэ. "1000 жилийн өмнө монголчууд Адидас өмсч байжээ" гээд нэг контент хийчихнэ. Энэ тухай хүүхэлдэйн кино хийж болно. Хүүхдийн ном хийж болно. Хятад, англи субтитртэй контент хийгээд ютуб, юүкү-ээр цацаж болно. Харамсалтай нь ийм боломж байгааг Соёлын яаманд ажилладаг нэг ч мэргэжилтэн болоод дарга СААД-ууд төсөөлж байгаагүй. 

Тэгвэл контентийн хамгийн сүүлчийн супер жишээ хэлье. Сайн контентийг хүмүүс хэрхэн үздэг тухай шүү. Херо интертайнмэнт студийн хийдэг "Монгол тулгатны 100 эрхэм" гээд нэг контент байна. Өвөрмонголын эрдэмтэн Боржигон Гэрэлт гуайн орсон дугаарыг санаж байгаа байх. Энэ жилийн цагаан сарын битүүнд Ютуб, Юкү дээр тавиад, ТВ-ээр бас гарав. 24 цагийн дотор буюу битүүнээс Шинийн нэгэн болох хооронд 100.000 үзэгч үзсэн байлаа. Энэ бол магадгүй хамгийн супер хандалт. Энэ хүний тухай ном хэвлэсэн бол 300 хүн. Сонин дээр бичсэн бол 1000 хүн уншиж, радиогоор ярьсан бол 3000 хүн л сонсох боломжтой байлаа. Бараг хоёр цагийн видеог 100.000 хүн нэг өдрийн дотор үзэж өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор гурван сая хүн үзчихээд байна. Энд ТВ-ээр үзсэнийг тооцоогүй шүү. 

Контент гэдэг ийм л байна. Саяхан манай Гадаад яам Монголыг гадаадад сурталчлах ажлыг гол зорилгоо болгоно гэнэ үү? Тийм юм ярилаа. Зөв өө? Гадаад руу хандсан. Формат сайтай. Гүйцэтгэл сайтай. Орчуулга сайтай. Нэг бодлоготой Контент хийх, дэмжих, санхүүжүүлэх ажил ирсэн үү? гэвэл ирсэн. Одоо зөвхөн хийх л үлдлээ. 
Контент, контент бас дахин контент. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.