НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ам нь ангасан хүн УС уудаг

Б.Ерэнтэй     Нийтлэгч
2 жилийн өмнө /2016-11-17 12:10:48 GMT +8 / | 2479 удаа уншсан

Монгол Улсын экс Ерөнхий сайд, АН-ын экс дарга Н.Алтанхуяг энэ арваннэгдүгээр сарын 9-нд Төрийн ордны зүүнтээх хувийн хэвшлийн “Туушин” зочид буудлын төв танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдлээ.

 

            Монгол Улсын экс Ерөнхий сайд, АН-ын экс дарга Н.Алтанхуяг энэ арваннэгдүгээр сарын 9-нд Төрийн ордны зүүнтээх хувийн хэвшлийн “Туушин” зочид буудлын төв танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-ын нэр дэвшигч Д.Трамп ялж байх цаг хугацаатай давхцуулан зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн нь олны гайхашралыг төрүүлэв. Гайхашруулсан шалтгаан нь тэрбээр Төрийн тэргүүнд нэр дэвших “тоглоомын дүрэм”-ийг 100 хувь зөрчсөнд оршино.

            “Тоглоомын дүрэм” гэсэн нэр томьёо нь дэлхийг өөрчилсөн арван хэдэн номын нэгд тооцогддог, Английн хөлбөмбөгийн холбооны залуусын 1863 онд гаргасан “The laws of the game”-ээс үндэслэлтэй. Орчин цагийн хөлбөмбөг XIX зуун гарсаар Английн сургууль коллежийн оюутан сурагч, армийн цэрэг байлдагч залуусын дунд асар хурдтай дэлгэрч хөгжлийн шинэ шатанд гарсан хэдий ч тухайн баг болгон өөр өөрийн дүрмээр тоглож байв. Нэгдсэн нэг дүрэмтэй байх ёстойг ухаарч мэдэрсэн хэсэг оюутан Лондоны Квин гудамжны нэгэн уушийн газар удаа дараа уулзалдан зөвлөлдөөд Английн хөлбөмбөгийн холбоог байгуулж, улмаар дур дураараа мөрдөж байсан “ганцаарчилсан” тоглолтын дүрмийг нэг болгон журамлан зохиож энэхүү “Тоглолтын дүрмүүд”-ийг ном болгон гаргасан түүхтэй. Үүнээс хойш хөлбөмбөгөөс бусад спорт, түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллын бүх шатанд нэгэнт зохицуулах хууль эрх зүйн акт гарсан бол хөлбөмбөгийн “тоглоомын дүрэм”-ийг мөрдөхтэй нэгэн адил даган биелүүлэх ёстой гэсэн нэгдмэл ойлголтод соёл иргэншилт хүн төрөлхтөн хүрсэн.

            Харамсалтай нь, тоглоомын дүрмийг мөрдөөгүй тохиолдол бусад салбарт төдийгүй хөлбөмбөгийн спортод өөрт нь хүртэл ганц хоёр удаа гарч байсан жишээ бий. Хэдхэн хоногийн өмнө, энэ арваннэгдүгээр сарын 6-нд Мексикийн Тулинск хотод болсон хөлбөмбөгийн тоглолтын үеэр Рубен Ривера Васкес гэдэг нөхөр өөрийг нь “улаан хуудас”-аар торгож талбай чөлөөлөх шийтгэл ногдуулсан ерөнхий шүүгч Виктор Треход гар хүрч цохисон бөгөөд гай болж цохилбор нь таараад шүүгч ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн эмгэнэлтэй явдал болжээ.

            Энд Рубен Ривера Васкес “тоглоомын дүрэм”-ийн дагуу талбайгаас гарахгүй этгээд ааш авир гаргасан нь тэрбээр мэргэжлийн бус, сонирхогчийн клубын хөлбөмбөгч байсантай нөхцөлдүүлэн ойлгож болох юм. Үүнийг УИХ, Засгийн газрын гишүүн явсан мэргэшсэн улстөрч Н.Алтанхуяг 2017 оны (2021, 2025, 2029, 2034...байж мэднэ) ээлжит Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө өөрийгөө дур мэдэн нэр дэвшүүлснээ зарлаж байгаатай зүйрлэж боломгүй тэнгэр газар, тэмээ ямаа шиг ялгаатай зүйл.

            Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх “тоглоомын дүрэм”-ийг сонирхъё. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 17 дугаар бүлэг нь “Ерөнхийлөгчийн сонгууль” нэртэй, дотроо найман заалттай (138-150).

            138.1. Ерөнхийлөгчийн сонгууль нь Монголын ард түмэн засгийн эрх мэдлээ хэрэгжүүлэх үндсэн дээр төрийн тэргүүнээ сонгох үндсэн арга мөн.

            139.1. Дараах этгээд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй:

            139.1.1. УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа,

            139.1.2. УИХ-д суудал бүхий улс төрийн намууд хамтран.

            139.2. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхэлж тав хоногийн хугацаанд дуусгана.

            Дээр дурдсан тоглоомын дүрмээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион явуулдаг Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааг Сонгуулийн тухай хуулийн 142, 143, 144, 145, 146, 147, 148, 149 дүгээр бүлгээр зохицуулсан болохыг хэлье. Ойролцоолж бодоход Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын төгсгөлөөр эхлэх ёстой. Гэтэл Н.Алтанхуяг нэрээ дэвшүүлсэн сайн дурын тоглолт нь энэ хугацаанаас тав, зургаан сарын өмнө гараагаа авлаа.

            Дашрамд онцлоход, Сонгуулийн тухай хуульд шинэчилсэн чухал зүйл байгаа нь “139.7. Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно” гэсэн заалт. Урьд өмнө нь өөрийнх нь үндсэн нам, түүнтэй хамтарсан намуудын эвслээс Ерөнхийлөгчиийн сонгуульд хэн нэгэн улстөрчийг нэр дэвшүүлсэн байхад зэрэгцэж өөр нам, эвслээс нэр дэвшин өрсөлдөж болдог байсан. Тухайлбал, 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Н.Багабанди дэвшсэн байхад, МУНН-аас түүнтэй зэрэгцүүлж МАН-ын гишүүн, асар нөлөөтэй улстөрч Ж.Гомбожавыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн. Одоо ийм зүйл дахиж гарахгүй, өөрөөр хэлбэл 13.9.7-гоор өөрийн нам эвслийн нэр дэвшигчтэй зэрэгцэж өрсөлдөхийг хориглосон аж. Ойлгомжтой болгох үүднээс болзолт жишээ авахад: парламентад суудалтай МАН-аас тус намын гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн байхад, МАН-ын гишүүн өөр хүн парламентад суудалтай өөр нам эвслээс нэр дэвшин өрсөлдөх эрхгүй. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэж авахгүй гэсэн үг.

            Иймээс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, МАХН эдгээр гурван нам нь зөвхөн өөр өөрийнхөө намын гишүүнийг нэр дэвшүүлэх “тоглоомын дүрэм”-д хайрцаглагдаж буй. Хэвээ улс төрийн хүчнүүдийн эвсэл болбол зөвхөн хамтарсан намуудын харьяалалтай улстөрчийг нэр дэвшүүлэх юм байна гэж ойлгох учиртай.

            Энэ зуны сонгуулиар бие дааж нэр дэвшин УИХ-д орж ирсэн дуучин С.Жавхлан үзэл бодол нэгтэй 801 иргэнтэй эвлэлдэн нэгдэж бие даасан шинэ нам байгуулбал, тэр шинэ нам нь  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжтой юм билээ. Учир нь, Сонгуулийн тухай хуульд Улсын дээд  шүүхэд сонгуулиас 180-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлсэн улс төрийн нам УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй гэх мэт тодорхой заалт байдаг бол Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нам хэзээ байгуулагдсан, УДШ-д хэдийд бүртгүүлсэн байх ёстойг хязгаарласан заалт огт байхгүй ажээ. Үүнийг гоёчилж хэлбэл, бие дааж УИХ-ын гишүүн бологсдод зориулсан алтан боломж, эсрэгээрээ бол улс төрийн маргаан үүсгэх, нэн яаралтай бөглөвөл зохих хуулийн цоорхой байна.

            АН-ын экс дарга Н.Алтанхуяг Сонгуулийн тухай Монгол Улсын хууль, түүнчлэн АН-ын дүрэмд хуульчлан суулгасан “тоглоомын дүрэм” зөрчин ганцаарчилсан тоглолт хийж ”Ард түмнийхээ язгуур, эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болж, бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ” гэж мэдэгдэл хийсэн нь лхагва гаригт эхэлсэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд зориулсан урьдчилгаа мессеж гэж ойлгогдож байна. Нөгөөтэйгүүр иймэрхүү “тоглоомын дүрэм”-ийн бус үйлдэл, үг яриагаар сонгогчдын саналыг урьдчилан цуглуулж чадсан Америкийн шинэ Ерөнхийлөгч Д.Трампаас үлгэр дуурайл авсан байх талтай. Ямар ч болов түүний улс төрийн энэхүү алхам нь “Ам нь ангасан хүн ус уудаг” гэдгийн жишээ, үлгэр болов.

           

           

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.