НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Буга урамдах цагаар...

Г.Ням-Очир     Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-11-18 12:11:56 GMT +8 / | 8377 удаа уншсан

(Хоролоо аавынхаа гэгээн дурсгалд зориулав)

Буга бол тэнгэрийн элч. Тийм ч учраас чулуун хөшөөн дээр тэнгэрт тэмүүлсэн бугын сүргийг сийлдэг байх. Өвлийн өвгөн буга хөлөглөн чаргатай ирж, бэлэг тараадаг нь ч тэр нэг л учиртай. Намар болохоор би буга зүүдэлдэг. Уулс нурууд дамнуулан урамдахыг нь, чөмгөө ус болтол цомбон туруугаараа газар бөмбөрдөн согоо хөөн давхихыг нь, тэнхээ тамираа баран багтран хөөс сахруулан тэмцэн мөргөлдөхийг нь ч бас зүүдэлдэг. Яах аргагүй тэнгэрийн амьтан лусын хөлөг. Бага нас минь Бугын ферм дээр өнгөрчээ. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жагайтын бугын ферм гэж байв. 
Хорлоо даргын 
Хоолой сөөх болоогүй
Зоригоо даргын 
Зориг нь мохох болоогүй... гэж үг байв. Хойшоо Наран, Эрхэт, Хулжийн Дулаанаас нааш, урагшаа Авзага хайрханаас, баруун тийшээ Могодын баруун зүүн нуруу, Зүүн Бүрэгийн нуруу, Ногоон морьтоос хоёр гурван сум аймгийн нутаг дамнуулан хоолойгоо сөөтөл үргээж, буга авчирч хашдаг байсан болохоор ингэж шоглох болсон гэдэг. Бугын ферм Монголд байлаа гэж ярьвал бараг үлгэр шиг сонсогдох байх. Байсан юм аа. Байх байхдаа энэ фермийн даргын гар дээр өсч өндийх хувь надад заяасан юм. Ядамын Хорлоо (1932-2016) бол миний авга эгчийн нөхөр. Зургаахан сартай улаан нялзрай амьтан гар дээр нь очиж, хүн болж тогтсон учраас би аав хэмээн дууддаг байлаа. Намайг ч гэсэн яг л хүү шигээ хайрладаг байв. Манай бугын фермийнхэн намайг ”Нийслэл хүү” гэж хочилно. Зуны зунд усны шувуу шиг очиж, намрын намарт нус нулимс болсоор буцна. Зунжин чанаж, жигнэж, хатааж бэлтгэсэн цусан эвэрнүүдээ Мягмар ахын цэнхэр "ЗИЛ-130" дээр ачиж, түүнийхээ нэг буланд суугаад буцна даа. Маанитийн голын Чихийн гармаараа гарч, Мөнгөн уулаар даван, Уртын хоолойг уруудаж, Хар бухын гол, Цогтын хар бар балгасыг бараадан, халуун элс улнаас төөнөсөн Дашинчилэнд ирнэ. 
Зунжин бугын хаалтанд сууж, үүрийн 4 цагаас эхлэн хоолойгоо сөөтөл хашгирч, хэдэн нуруу дамнуулан үргээнэ. Харин хүүхдүүд нь хүртэл нөгөө бугаа алдахгүйн тулд хажуу хавирганаас нь хашина. Мэдээж хэрэг томчуудтай адилхан цалин авахгүй ч нэг л зундаа 700-1000 төгрөг олчихдог байлаа шүү дээ. Мөнгө чанга байхад их мөнгө байлаа. 
За тэгээд амьдралын их сургуульд суралцаж эхэлнэ дээ. Тэр үед зуны даалгаварт 10 зурамны арьстай ирэхийг үүрэгдэнэ. Манай улс Польш улс руу экспортлоод, дайны үед нордоггүй тамхины уут хийдэг юм гэнэ лээ гэж ирээд л цуурна. Одоо бол зурамны арьсаар хийсэн "Iphone" утасны гэр бол трэнд болох л байх. Хэдэн зурам маань дуусчих биз дээ.
Гуравдугаар ангийн хүүхэд Моонон гуайн хүү Таванжин, Мөнх-Учралтай нийлээд л бидон санжигнуулж, ус зөөгөөд, цутгаж, нугаслаж гөрөөлж өгнө дөө. Анхныхаа анг Хорлоо ааваараа өвчүүлэхийг заалгаж, өөрөөр нь битүү өвчүүлэн, 10 янзын хөдөлгөөн дүрс үзүүлсэн чихмэл хийж авчиртал, ”Зурамны арьсны нормоо гүйцээсэн ч 10 кг ерхөг, согооворын үр авчирах даалгавар биелүүлээгүй байна” гээд шоо баанд орж, "22-ын товчоо" руу шуудай үүрээд л алхаж байлаа. Манай Жагайтын бугын ферм бол онцгой сайхан суурин байв. Тэр үедээ дизель мотортой. Оройдоо 3-4 цаг ажиллана. Айл бүр гэрэлтэй. 20-н хэдэн айлын дунд гүний худагтай, хүүхдийн цэцэрлэгтэй, ногооны талбайтай суурин бол тэр үедээ товхийсэн тохижилттой сууринд тооцогдоно. Трактор, "ЗИЛ-130", "Аавын цээж"-тэй. Өөрсдийн адуучинтай. Бугачин бүгд өөрийн нормын морьтой. Тэр үед Богд уулын бугын аж ахуй, Хишиг-Өндөрийн бугын аж ахуй гэсэн хоёр л аж ахуй байлаа. Хотоос цалинг нь тавихаар сар бүр "69"-тэй хүн явна. Ойн аж үйлдвэрийн яамны харъяанд байлаа шүү дээ манай ферм чинь. Мишигдорж нягтлан, Хайдав дарга, Раднаа дарга бүгд л анчид. Ангийн хууч ярина, загас барина, тарвага сахина. Чийгийн улаан өт түүж ир гээд варьений шилтэй голын эрэг дээр орхичихно. Яасан ч сайхан амгалан дагшин байсан юм дээ. 
Нэг удаа Раднаа дарга Хангайн даваа өгсөөд, "Орхоны оросуудыг барина" гээд давхилаа. Динамит тэслээд, загасаар бороо орчихсон юм шиг зүйл дээр л очлоо. Раднаа дарга ч буугаа аваад, оросоор чанга хашгираад очив. Орос улсад ойн нөөц, агнуурзүйгээр төгссөн хүн л дээ. Оросууд ч нам. Бууных нь замагнууд, динамит, баахан бичиг баримт, машины дугаартай л орж ирээд суулаа. Жолооч нь айж байна гэж жигтэйхэн. ”Дарга аа араас буудчихгүй байгаа. Их ууртай байна” гэж асуусан. "Хангай түшнэ ээ. Олигтойхон хаазлаад давхи" гэж хэлж билээ. 

Бугын фермийнхэн өдөр бүр өглөө хуралдана. Ихэнх нь буутай анчид. Хаана хаана буга харагдав. Үргээлэг хийж явахад алдсан бугын тоо. Хэн хэн яаж үргээх энэ тэр гээд. Их сонин юм ярина аа. Намар анхны цаснаар гахайнд явна. Хэн буудна. Тэр нь толгойгоо авдаг. Манайх 7-64 хэмээх чех калибар, 150, 250-ийн хоёр жижиг калибартай. Хорлоо аав минь жилдээ 1-2 гахай буудна. Тэгээд л надад толгойгоо явуулна даа. Би ч хэдэн гахай буудсаныг нь тэгж мэддэг байлаа. Үнэг, хярс, тарвага гээд анчны төлөвлөгөө гүйцээх гэж нэг том ажил болно оо. Бугын фермийнхэн минь зүүд шиг сайхан амьдарч байгаад, өмч хувьчлалаар 15, 15 толгой хонь аваад л өөр зүйлгүй хоцорсон. Манай бугын фермийн эргэн тойронд дайн болж байгаа мэт буун дуу тасрахгүй үргэлжилж, согооны сав, цусан болон ясан эврийг амь нь тасраагүй байхад, амьдаар нь хөрөөдөж авах гэхчлэн амьд явахдаа дахиж үзэмгүй дууламгүй хядлага болж билээ. Хорлоо аав минь ”Хятадууд ирэхээр бугагүй болдог. Хятадгүй болоод овоо бугатай болж байгаль сэргэсэн юмсан. Одоо ч ингээд хувхайрч цайрна даа” хэмээн хэлж байж билээ. Үнэхээр ч удалгүй бугагүй болсон уул хангай, ой модонд гал түймэр гарч, хуснууд нь хувхайрч цайсан байлаа. 10-аад жилийн өмнө очиход бугын ферм минь тэр гэхийн тэмдэггүй ганц худгын суурь л үлдсэн байлаа. Саяхан нэг очлоо буцаад байгаль сэргэжээ. Буга эргээд ирсэн өсч байгаа л гэнэ. Гэхдээ миний багынх шиг яахин сэргэх билээ. Бугын фермийн туурь минь зэрлэг халгайнд идэгдээд, эргээд бодоход их л уйтай угтан авсан юм. Монгол улсад уулын бугыг үргээж авчраад, хашаанд хашаад, намар буцаагаад байгальд нь тавьчихдаг тийм аж ахуй ферм байсан гэвэл хэн ч үнэмшихгүй. Гэхдээ л байсан юм даа. 
Байх байхдаа ямар сайхан байсныг дурсах хүн олон байгаа. Жагайтын бугын фермийхнээ тухай заавал нэг ном бичиж үлдээнэ ээ. Өдийд ууланд минь буга урамдаад ямар сайхан байгаа бол доо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.