НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

“СААХАРЫН ХЭРЭГ”-т БАРИГДСАН ХҮМҮҮСИЙН СОНОРТ

Б.Ерэнтэй     Нийтлэгч
1 жилийн өмнө /2016-11-18 12:33:17 GMT +8 / | 5398 удаа уншсан

Хүмүүс хамаа замбараагүй идэж ууснаасаа болж зарим нь “саахарын хэрэг”-т их холбогдож байна. Өөрөөр хэлбэл цусан дахь саахар нь хэвийн хэмжээнээс их болсноос шалтгаалан чихрийн шижин хэмээх өвчинд баригдаж, улмаар нүдний хараа, чихний сонсгол муудах, эсвэл таван цул, бусад эд эрхтэн барьж туссан хууч эмгэг сэдрэх нь элбэгшлээ. Монгол хэлний “өвчинд баригдах” гэсэн хатуу хэллэгийг “саахарын хэрэг”-т баригдах гэж энд эерүүлсэн болохыг хэлье. Дашрамд сануулахад, инфляци нь 20-ыг давахад тэр улсын эдийн засаг нурдаг, саахарын хэмжээ нь 20-ыг гэтлэхэд тухайн хүний бие махбодь нь сүйрдэг аж.

Ерөнхийлөгч малчдыг мянган мэргэжилтэй гээд хошгируулсан шиг, анагаахын шинжлэх ухааны “А”-гүй баахан нөхөд “Та өөртөө оточ” гээд хүмүүсийг хөөргөчихсөн чинь саахарын өвчнийг эдгээдэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг олж тогтоох, өөрийн биедээ туршин баталгаажуулах явдал сүүлийн үед газар авч байна. Тэдгээр ”сайн дурын урансайханчдын” хэрэглэдэг, саахарын хэмжээг бууруулагчаас заримыг нэрлэвэл: 

Зурамны мах

Нэг удаа­гийн курс эмчилгээнд есөн зурамны мах орно. Нэг зурамны махаар гурван өдөр дараалан хоол хийнэ. Өдөрт нэг удаа иднэ, нийт 27 удаа буюу 27 өдөр. 
Завьжин дахь хүүдийндээ идэш тэжээлээ хийж зөөн нүхэндээ хураадаг манай орны таван төрлийн зурам  бүгд ичдэг. Тиймээс дулааны улиралд барьж идэх боломжтой.

Уньтын рашаан

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байдаг энэ рашааныг гурван жил дараалан газар дээр нь очиж ууж хэрэглэнэ. 
UFC группийн амралтын газар болсон. Японууд ирж энэ рашааныг шинжлээд саахар бууруулдаг болохыг тогтоосон. Хуванцар саванд хийгээд Токиод аваачихад эмчилгээний үйлчилгээ нь тэг болж байсан гэх яриа байдаг.

Хөх тоосго

Усанд буцалгаж цайчилж уух. Өдөрт гурван удаа, өглөө өдөр орой нэг стакан аягыг ууна. Ууснаас хойш 1-1.5 цаг хоол цай уухыг тэвчинэ. Нэг удаагийн курс эмчилгээ 21 өдөр үргэлжилнэ.
Хөх тоосгыг Завханыхан Яруугийн хүрээний туурь, Архангайнхан Заяын хүрээний туурь, нийслэлийнхэн Баянзүрх дүүрэг дэх Жанжин клубын тууринаас авч байгаа мэдээлэл байна.

Сонгинын хальс

Зэрлэг сонгинын улаан шаргал хальсыг усанд буцалгаж идээшлүүлнэ. Өдөрт гурван удаа тогтмол цагт 100-150 граммыг ууна. 
“Гялс” болон бусад оношилгооны төвд саахараа үзүүлж багассан, эс багассаныг харгалзан эмчилгээний үргэлжлэх хугацааг өөрсдийн дураар тогтоож буй юм байна.

Соронзтой гутал

Хүмүүсийн, өөрт туссан саахарын өвчинг анагаах, үгүй ядахнаа хэвийн хэмжээнд байлгаж амь насандаа эрсдэлгүйгээр ажиллаж амьдарч явах хамгийн зөв зам бол эмч, эмнэлэгт хандаж эмчлүүлэх гэдэг нь тодорхой.
XXI зууны анагаахын шинжлэх ухааны онолыг практикт өөриймшүүлэн эзэмшсэн энэ цагийн эрдэм боловсролтой эмч нартай юу ярьж, юу хэлэлцэх вэ. Тэдний зөвлөгөө, заавраар явсан нь хамаг дээр бус уу?! 
Өчигдөр уржигдраас эхлэн  Хятадын “Чи Ю” гутлын реклам хэвлэл мэдээллээр их цацагдаж байна. Энэ хятад гутал нь чихрийн шижин өвчинг анагаах үйлчилгээтэй, соронзтой гэнэ. “Шангрила” зочид буудалд болсон хэвлэлийн бага хуралд “Чи Ю”-г өмсөж саахарын хэмжээгээ буулгасан гэх хүмүүс ирж сэтгэгдлээ хэлж байв. Уг гутлыг манай улсын таван эмнэлгийн хяналтад байдаг саахар ихтэй 269 өвчтөнд өмсгөж туршилтын судалгаа хийжээ. Эдгээр таван эмнэлэг нь: Монгол Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, I, II, III эмнэлэг, Баянзүрх дүүргийнх юм байна. Хүрээлэнгийн дарга Ч.Чимэдрагчаа “2015 оны арван сараас 2016 оны зургаан сар хүртэлх хугацаанд энэ гутлыг өмсгөсөн 249 хүний цусан дахь саахарын хэмжээ бууж, хэвийн төвшинд хүрч тогтвортой болсон. Эмчилгээний үр дүнг хувиар тооцвол 92 гэсэн үзүүлэлттэй байгаа” гэж ярилаа.

Жич: Архангай аймгийн Хашаат суманд, малзүйч мэргэжилтэй Дагмид гэдэг эрхэм саахартай хүмүүсийг хатгаад, хатгаад илааршуулж байгаа тухай өнгөрсөн гурван жилийн турш яригдаж байгааг “саахарын хэрэг”-т орооцолдогсод бие биенээсээ дуулсан биз ээ.
 

Солонгос боргол

Борголын дугаар нь чихрийн хэмжээг заадаг
Кофег монголоор “боргол” гэдэг. Борголын модыг дэлхий дээр нийт 10 сая га газарт тариалж байгаа бөгөөд 12 улсын хувьд гадаад худалдааны гол бүтээгдэхүүн болдог.
Борголын, хүний эрүүл мэндэд тустай тал гэвэл: Эрч хүч сэргээхээс гадна өтгөн шингэлэх, шээс хөөх чанартай. Хамгийн гол нь бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй. Энэ нь анагаах ухааны эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон зүйл. Харин борголын чихрийн хэмжээг зохистой бага тунд барьж байхгүй бол цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэж чихрийн шижинтэй болоход “морийг нь эмээллэдэг”-ийг эрдэмтэд бас судалгаагаар тогтоожээ.
Бидний монголчуудын хэрэглээнд борголуудаас сүүлийн үед хүч түрж орж ирж байгаа нь солонгос гонжгор боргол билээ. Тус борголын ар талын үзүүрт чихрийн орцын хэмжээг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 гэсэн тоогоор заасан байдаг. Хамгийн илүү чихэрлэгтэй нь 11-тэй, хамгийн багатай нь 1-тэй. Таны бие махбод “саахарын хэрэг”-т орооцолдсон бол бага тоотой боргол уух нь эрүүл аж төрөхөд нэн зохистой нь ойлгомжтой. Ер нь Данзангийн Нямсүрэн найрагчийн шүлэглэсэнчлэн “Эрээнцавд бороо орох сайхан” бас “Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан” шүү дээ.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.