НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хүний мөн чанарын тухай Эрнст Кассирерийн философи үзэл

ner.mn     Нийтлэгч
11 сарын өмнө /2016-11-18 12:48:06 GMT +8 / | 5056 удаа уншсан

Ж.Отгонбаяр

Эрнст Кассирер (1874-1945) бол шинэкантч үзлийн Марбургийн сургуульд хамаарч, философи асуудлын түүхэн судалгаа хийсэн герман-америкийн философич юм. Тэрбээр хүний философид шинэ парадигм авчирч, гарамгай хувь нэмэр оруулсан XX зууны цөөхөн философичдын нэг билээ. Хүний мөн чанарын тухай Э.Кассирерийн символик (бэлгэдлийн) онолыг “Хүний тухай эсээ. Соёлын философийн удиртгал” хэмээх бүтээлд нь түшиглэн тайлбарлах оролдлого хийж байна. 
 


 

Энэ бүтээлээ хэрхэн туурвисан тухайд зохиогч өөрөө ийн өгүүлсэн байх аж. “Бэлгэдлийн хэлбэрүүдийн философи” номоо англи хэл дээр орчуулан хэвлүүлэхийг англи, америк найз нар минь надаас олон дахин шаргуу гуйсан юм. Тэднийхээ хүсэлтийг ёсоор болгосон бол тааламжтай үйл хэрэг байх байсан боловч тийм боломж байгаагүй юм, тэгээд ч, гурван боть тийм нүсэр, хүнд хэцүү, онолын сэдэв бүхий бүтээл уншигчийн хувьд зүдэргээтэй юм. Зузаан ном уншина гэдэг тамын ажил мөн гэсэн эртний үг ч бий шүү дээ. Нэмж хэлэхэд, хорь, гучин жил судлан байж туурвиад одоо ч гэсэн судалгаагаа үргэлжлүүлэн олон янзын шинэ баримт, шинэ асуудалтай тулгарч буй болохоор энэ бүтээлээ бүрэн бүтнээр нь хэвлүүлэх явдал хэрэгтэй ч юм уу хэмээн өөртөө эргэлзлээ. Ийм учраас бүгдийг шинээр эхэлж, цоо шинэ ном бичих болсон юм гэжээ. Энэ бол Э.Кассирер Йелийн Их сургуулийн философийн факультетийн тэргүүнээ зориулсан мөнөөх “Эсээ” бүтээлийнхээ өмнөх үгэнд онцлон тэмдэглэсэн үгс юм. Энэ бас томоохон бүтээл юм. 
Тийнхүү өөрийнх нь санааг товч бөгөөд тодорхой илэрхийлж чадахуйц, философи утга холбогдолтой хэмээн үзсэн зарим чухал асуудлыг л зохиогч энд тогтож анхаарч үзжээ. Анхлан харахад, үнэхээр, энэ номын бүтэц бүрэлдэхүүнд сэтгэл судлал, онтологи, эпистемологийн асуудлууд хөндөгдөж, шидэт домог, шашин, хэл, урлаг, шинжлэх ухаан, түүхийн тухай бүлгүүд орсон элдэв янзын төрхтэй мэт санагдана. Гэвч, үнэн хэрэгтээ, энэ бүхэн цөм нэг цэгт зангидагдаж, нэг судлагдхууныг бүрдүүлдэг гэдгийг философич нотлохыг зорилго болгосон бөлгөө. Энэ судлагдахууныг соёлын философи тодорхойлох аж. 

Э.Кассирерийн үзлээр, соёлын философийн зорилго нь түүхэн хөгжлийн явцад хувиршгүй хэвээр буй тогтвортой бүтцүүдийг илрүүлэх явдал бөгөөд түүхэн үйл явцын утга учир нь “хүн өөрийгөө чөлөөлөхөд” байх амой. 
Энэхүү бүтээл нь сонгодог философийн кантач аргазүйн үзлийн уламжлал ба шинэ аналитик-прагматик, мөн инструменталист чиг хандлагын харилцаа холбоог илт тодорхой нотлон харуулснаараа, бас хялбар ойлгомжтой байдлаараа америк болон европын уншигчдыг эзэмдэн суу алдрыг олсон хэмээн судлаачид тэмдэглэдэг.
Тийм болохоор, Дж.Дьюн, С.Хук нарын зэрэгцээ Э.Кассирер нь олон арван жилийн туршид америкийн сэхээтэн залуусын хувьд философи хийхийн амьд үлгэр болсон хэмээн уг номд тайлбар хийсэн Ю.А. Муравьев онцолжээ. 
Хүн өөрийгөө танин мэдэх явдал бол философийн судалгааны эцсийн дээд зорилго мөн гэсэн зарчмын санаагаар Э.Кассирерийн “Хүний тухай эсээ...” бүтээл эхэлдэг билээ. Энэхүү зорилгыг нийтээр хүлээн зөвшөөрдөг хийгээд философийн аливаа дэг сургуулийн маргаан мэтгэлцээнд ганхашгүй тогтвортой байдгийг тэрбээр цохон тэмдэглэдэг. Хүний мөнчанарыг тайлбарлаж буй ерөнхий логикийнхоо эхэнд дээр дурьдсан өөрийгөө танин мэдэх үйл явцын түүх рүү тэр өвөрмөц маягаар хандаж байна. Тэгэхдээ энэ үйл явцад, өөрөөр хэлбэл, хүн судлалын философид үүссэн хямралыг онцолж байна. 
Сэтгэгч бүр хүний мөнчанарын тухай өөр өөрийн зураглалыг зохиож, түүнийгээ тайлбар онол болгож ирсэн билээ. Хэдий тийм боловч хүний уг чанар нэгдмэл биш, эдгээр тайлбар бие биеэс эрс ялгаатай, сөргөлдөж зөрчилдсөн шинжтэй байна. Жишээлбэл, Ф.Ницше эзэрхэх хүслийг тунхагласан байхад З.Фройд бэлгийн зөн совингийн үүргийг чухалчилж, К.Маркс эдийн засгийн зөн билгийг эрхэмд үзсэн байх ажгуу. Онол бүр жишиг болгосон загвартаа эмпирик баримтуудыг тохируулж тааруулах гэсэн хэмжүүртэй болсныг Э.Кассирер тэмдэглэсэн буй. Тийм ч учраас, хүний тухай орчин үеийн онол гол үзлээ гээж, оронд нь бидэнд үнэнхүү эмх цэгцгүй байдал үлдсэн хэмээнэ. Танин мэдэхүй хийгээд судалгааны салбар нэмэгдэх явдал үргэлжилсээр буй ч нийтээр хүлээн зөвшөөрөхүйц нь алга байна. Өөрөөр хэлбэл, теологичид, эрдэмтэд, улс төрчид, социологичид, биологичид, сэтгэл судлаачид, угсаатны зүйчид, эдийн засагчид бүгд л асуудалд өөр өөрийн өнцгөөс хандаж, ийм хэсэгчилсэн байдлыг нэгтгэн нэг мөр болгох бололцоо ч олдохгүй байна. 
Тэр ч байтугай, салбар мэдлэгийн дотор ч нийтээр зөвшөөрсөн шинжлэх ухаанч зарчим байсангүй хэмээн Э.Кассирер дүгнэж байв. Тийм болохоор, судлаач бүр хүний амьдралын тухай өөрийн гэсэн үзэл баримтлал болон үнэлэмжийг удирдлага болгосноор ийм антагонизм (эрс зөрчил) нь зөвхөн онолын ярвигтай асуудал төдийгүй, манай бүхий л ёс суртахуун хийгээд соёлын амьдралд нүүрлэж буй аюул болж байгааг философич онцлон анхаарчээ. Энэхүү аюулыг орчин үеийн философи сэтгэлгээнд Макс Шелер анхлан илрүүлснийг тэрбээр тэмдэглэж байна. Тухайлбал, М.Шелер “Өнөө үеийг бодвол хүнийг танин мэдэхүйд хүн өөрөө өөрийнхөө хувьд хэзээ ч ийм их асуудалтай тулгарч байгаагүй юм. Манайд шинжлэх ухааны, философийн, мөн теологийн хүн судлал гэж байдаг ч, нэг нь нөгөөгийнхөө тухай юу ч үл мэддэг. Тиймээс бидэнд хүний тухай тогтвортой бөгөөд тодорхой ямар ч санаа алга байна. Хүний тухай судалгаа эрхэлдэг салбар шинжлэх ухааны өсөн нэмэгдэж буй тоо нь хүний тухай бодит ойлголтыг дэлгэрүүлэхээсээ илүүтэй будилуулж бүрхэгдүүлж байна” гэжээ. 
Хүний тухай философийн оршин буй нөхцөл байдал ийм хачирхалтай ажээ. Эдүгээ хүний тухай мэдлэгт тааламжтай боломж, олон янз эх сурвалж бий болж, үлэмж баялаг баримт цугларч, ажиглалт, туршилтын техник, багаж хэрэгсэл онцгой өсч, шинжилгээ судалгаа улам бүр нарийвчлалтай, нягт нямбай болж байгаа ч тэр их материалаа эрэмбэлэх, зохион байгуулах аргаа олоогүй байна. Баримт элбэг байгаа нь сэтгэлгээ өндөр төвшинд байна гэсэн үг биш ажгуу. Толгой эргэм энэ их баримтыг үзэл баримтлалаар эс нэгтгэвээс бид ч өөрсдөө чиг зүгээ алдаж, хүний уг чанар, соёлын ерөнхий шинжийг ойлгож чадахгүй хэмээн Э.Кассирер санамж болгодог. 
Хүн анхдагч байгалилаг чанараа нэгэнт алджээ. Энэ үйл явц хэрхэн болж өнгөрснийг баттай хэлэхэд нэн бэрх. Харин Кассирер хүний уг чанарыг тайлбарлахын тулд биологич Я.Икскюлийн үзэл баримтлалд хандсан байдаг. Амьд организмд материаллаг бус, байгалиас дээгүүр хүч эрчим бий гэх витализмын талыг энэ биологич баримталдаг аж. Түүний үзлээр, биологийн зүйл бүр бусад зүйлийн хувьд боломж хүртээлгүй онцгой ертөнцөд амьдрах бөлгөө. Доод төвшний организмуудын авир үйлдлийн зарчмуудыг судалж, мөнөөх зарчмуудыг амьд организмын бүх хэлбэрт тууштай хамаатуулснаар, амьдрал хаа сайгүй, том жижиг аль ч зүйлийн хувьд нэгэн адил төгс, төгсгөлөг шинжтэй гэсэн дүгнэлтийг Я.Икскюль хийжээ. Түүний онцлон тэмдэглэснээр, амьд организм бүр рецепторын (хүлээн авах) болон эффекторын (гадагш үйлчлэх, нөлөөлөх) системтэй байдаг. Энэ хоёр тогтолцоо харилцан тэнцвэртэй байх агаад эдгээрийн ачаар амьд организм ертөнцтэй шууд харьцах юм. Ийм харилцааг Я.Икскюль функциональ (үйлийн, чиг үүргийн) хүрээ хэмээн нэрлэсэн аж. Биологичийн энэ санаанд тулгуурлан Э.Кассирер асуулт тавьж байна. Энэхүү функциональ хүрээ нь хүнд үйлчилж, түүний үйлдэлд хэрэгждэг үү, өөрөөр хэлбэл, дээрх зарчмын санааг хүний уг чанарт хамаатуулан хэрэглэж болох уу? Хүн ямар хэмжээнд биологийн амьтан хэвээр байна, тэр л хэмжээгээр уг зарчим үйлчлэх бололцоотой гэсэн мөрдлөгөө гарна. Гэхдээ хүний ертөнц бол чанарын хувьд эрс өөр ертөнц юм. Учир нь гэвээс, хүний хувьд дээрх хоёр тогтолцоог нэгтгэгч зууч шинжтэй гуравдагч систем бас байх аж. Энэ зууч тогтолцоо нь, Э.Кассирерын нэрлэснээр, бэлгэдлийн (символик) ертөнц юм. Тэгэхээр, хүн ертөнцтэй шууд биш, харин энэхүү бэлгэдлийн ертөнцөөр дамжуулан харьцдаг гэсэн үг. Үүнээс үүдээд хүн бодот байдлын шинэ хэмжээсэнд, чанарын өөр ертөнцөд амьдарч буй болж таарна. Амьтад гаднын өдөөлтөд шууд хариу үзүүлдэг, харин хүн ийм хариу үзүүлэхийн тулд сэтгэн бодож, боловсруулалт хийх ёстой болдог. Иймийн учир хүн зөвхөн физик (байгалийн) ертөнцөд төдийгүй, мөн бэлгэдлийн ертөнцөд аж төрнө. Э.Кассирерийн нотолж буйгаар, энэ бол шидэт домог, хэл, урлаг, шашин, түүх, шинжлэх ухааны ертөнц байх бөгөөд энэ ертөнц нь хүний эргэн тойронд нь бат бэх торлог үүсгэж байдаг. Соёл цаашид хөгжиж дэвшихдээ гагцхүү энэ торон сүлжээг л бөхөлж чангаруулж байдаг буюу. Иймд, хүнээс ертөнцтэй харилцах символик арга нь амьтдад байх дохионы системүүдээс эрс ялгаатай. Дохионууд нь байгалийн ертөнцийн нэг хэсэг болдог байхад байгалилаг оршихуйгаас ангижирсан байх бэлгэдлүүд нь, юуны өмнө, функциональ үнэлэмжтэй болохыг Э.Кассирер онцолдог. Амьтад хүртэн мэдрэхүйнхээ ертөнцөөр хязгаарлагддаг тул энэ байдал нь тэдний үйлдлүүдийг гаднын өдөөлтөд хандсан шууд хариу үйлдэл болгодог. Харин хүн өөрийнхөө л бүтээсэн хэмжүүрээр ертөнцтэй харьцаж түүнийг танин барьдаг.
Дарвинизмд ихэд анхааралтай хандсан Э.Кассирер хүн бол зөвхөн биологийн феномен төдий биш, тэр хэдийвээр хязгаарлагдмал байдалтай ч, байгалийг хянаж захирах өсөн нэмэгдэж буй чадвар бүхий трансцендент уг чанартай амьтан мөн гэж үзсэн явдал түүний кантач аргазүйнх нь илрэл билээ. Тийм ч учраас, хүний үүслийн асуудлыг түүний биологийн уг чанарын хүрээнээс гаргаж авч үзсэн бөгөөд энэ нь хүний оршихуйн асуудлуудын гүнзгий эргэцүүлэл болсон юм.
Хүний мөн чанарын тухайд философи сэтгэлгээний түүхэнд буй болсон олон онол тодорхойлолтыг ангилан бүлэглэж авч үзсэн М.Шеллер тэдгээрийг ямар нэгэн нэгдмэл зүйлд нэгтгэх ямар ч бололцоогүй гэж үзсэн тухай дээр тэмдэглэсэн билээ. Харин Э.Кассирер хүний мөнчанарыг тайлбарлахын тулд аргазүйн чухамхүү өөр байр сууринаас ханджээ. Хүний тухай онолууд оюуны төвөө алдсаны учир бол тэдгээр онолд нэгэн логик алдаа байгаа явдал гэнэ. Энэ нь тэдгээр онол хэсгийг бүхэл болгон авч үзсэн байдал, өөрөөр хэлбэл, хүний уг чанарын аль нэг талыг нь мөнөөх уг чанар байдлаар бүхэлтгэн авч үзсэн явдал ажээ.

Олон сэтгэгч хүний үндсэн шинж чанар болгон авч үздэг рациональ (оюун ухаант) байдал нь түүний цор ганц, төгс төгөлдөр болгогч шинж байж үл чадна, учир юу гэвээс, хүний уг чанарт иррациональ (ухамсар оюунд үл баригдах, үл захирагдах) байдал ч дээрхээс ч дутуугүй чухал юм. Дээр дурьдсанчлан, Э.Кассирерийн үзсэнээр, хүн зөвхөн оюун ухааны ертөнцөд төдийгүй, мөн шашин, урлаг, түүх, хэлний ертөнцөд аж төрж буй юм. Шүтлэг бишрэл, мэдрэмж гээд иррациональ зүйл давамгайлсан ийм бодот ертөнцөд онолын тайлбар өгөхдөө Э.Кассирер “бэлгэдэл” (“символ”) хэмээх ойлголтыг оруулж ирдэг. Оюун санаа бас иррациональ дүр төрхтэй. Энэ дүр төрх нь дээр дурьдсан бүх хэлбэртэй. Эдгээр хэлбэрийн нэгдэл символик чанарт нь байдаг хэмээн Э.Кассирер үзжээ. Энэ бүхэн символик хэлбэрүүд байх учраас хүний цорын ганц тодорхойлолт нь “Xүн бол бэлгэдэл бүтээгч амьтан мөн” (“Animal symbolicum”) гэсэн томъёололтой байх ёстой бөлгөө. 
Харин ийм тодорхойлолт нь биднийг соёлын хүрээ рүү оруулж, чухам энд хүний сурвалж язгуурыг эрж хайхад хүргэдэг. Бүх символик хэлбэрийн бүхэллэг шинжийг Э.Кассирер онцолдог. Тэдгээрийн олон талт байдал нь зайлшгүй учир холбогдлоор зарчмын шинжтэй нэгдэл рүү нийлж байх агаад уг нэгдлийн гол нуруу нь субстанциаль (мөн чанарлаг) хэлбэр болох бэлгэдэл (символ) л байх аж. Тийм болохоор, ертөнцийн нэгдлийг зөвхөн шинжлэх ухаан төдийгүй, басхүү хэл, шидэт домог, урлаг гэх мэт символик хэлбэрүүд тайлбарлах бөлгөө. Тэгэхээр, физик (байгалийн) орчлонг соёлын ертөнц нөхөн гүйцээдэг болж таарна. Харин хүний мөнчанар символик бодот байдалд хэлбэршин төлөвшдөг. Ийм бодот байдал нь соёлын орчлон ажаам. Энэ бүхнээс харахад философийн хүн судлал, соёлын философи хоёр Э.Кассирерийн хувьд нэн уялдаа холбоотой байгааг тайлбарлах нь илүүц биз ээ. Харин антропосоциогенезийн (хүн нийгмийн хамтын үүслийн) нууцыг шинэ өнцгөөс харах боломж олгосон Э.Кассирер соёлын символик хэлбэрүүд болох шидэт домог, хэл, шашин, шинжлэх ухаан, түүхийн мөнчанарыг “Эсээ” бүтээлдээ дэлгэрэнгүй тайлбарласныг товч өгүүлье. Бэлгэдлийн хэлбэрүүд нь хүний үйл ажиллагааны орон зайг тодорхойлж, функциональ зорилгоор ашиглагддаг багаж хэрэгслүүд юм. 
Шидэт домог нь хүрээлэн буй ертөнцийг дүрслэн төсөөлсөн систем болохынхоо хувьд урлагтай ойр дөт байдаг боловч танин мэдэхүйн обьектийн хувьд ялгаатай хэмээн Э.Кассирер үздэг. Шидэт домог бол хуурмаг ухаан биш, тэрээр учир шалтгааны холбоостой. Харин шидэт домог юмсын уялдаа холбооны тухай өгүүлдэг бол шинжлэх ухаан нь юмс тус бүрийн дотоод дахь өөрчлөлтийн тухай ярьдаг.
Шашин нь шидэт домгийг даван туулдаг боловч энэ нь бүрэн гүйцэд даван туулсан байдал биш аж. Тэдгээрийн ялгаа нь хорио цээрийн (табу) системд байдаг. Тухайлбал, шидэт домог дахь хорио цээрийн тогтолцоо нь идэвхгүй хориглох шинжтэй байдаг бол шашин дахь тийм систем нь өөр онцлогтой. Энэ систем айлган сүрдүүлэх гэхээсээ Бурхан тэнгэрийн билиг авьяас руу, гэгээлэг ирээдүй рүү хөтлөн хүргэх зорилготой.
Хэл бол, Э.Кассирерийн үзэж буйгаар, үйл ажиллагаа, эрчим, өрнөж буй үйл явц байхын зэрэгцээ үр дүн, биежсэн бүтээгдхүүн юм. Хэлний хөгжлийн дээд хэлбэр нь шинжлэх ухааны хэлбэр юм. 
Урлаг нь бодит байдлын цэвэр натуралист дүрслэл, эсвэл, уран сайхны зохиомж юм. Урлаг, шинжлэх ухаан хоёр нь нэгэн бодот байдлыг л өөр өөрөөр тайлбарлана. Шинжлэх ухаан нь бодот байдлын обьектийг хураангуйлж товчлох маягтай байх бол урлагт эрчимжилт болдог гэнэ. 
Шинжлэх ухаан баримт хийгээд хуулийг нээдэг, харин уран бүтээлч нь байгалийн хэлбэрийг мэдрэмж араншингаар дамжуулан нээдэг. Шинжлэх ухаан нь тогтвортой цэгүүд, хөдөлгөөнгүй туйлуудыг тайлбарладаг, энэ үйл явцад тоо онцгой үүрэг гүйцэтгэдэг ажээ. 
Түүх нь, Э.Кассирерийн үзэж буйгаар, байгалийн шинжлэх ухаанаас дутуугүй обьектив шинжтэй. Тэрбээр түүхэн мэдлэгийг байгалийн ухааныхтай харьцуулж авч үзсэн бөгөөд физикийн (байгалийн ухааны) баримтыг туршилтаар шалгаж болно, харин түүхийн баримт нь өнгөрсөн цаг үе юм. Тийм болохоор, түүнийг хэмжих боломжгүй гэж үзжээ. Дээр өгүүлсэнчлэн, сэтгэхүйн болон туршлагын хүрээний өчүүхэн төдий дэвших өөрчлөлт ч эдгээр бэлгэдлийн хэлбэрийн өвөрмөц торлог сүлжээг нягтруулан чангалж байх бөлгөө. Тэгэхээр, эдүгээ хүнийг эргэн тойронд нь юмсын оронд хэлний хэлбэрүүд, уран сайхны дүрүүд, домгийн бэлгэдлүүд, шашны зан үйлүүд гэх мэтчилэн хүрээлж байна. Тийм болохоор, хүн эдгээр зохиомол зуучийг хэрэглэхгүйгээр юуг ч харж, юуг ч ойлгох боломжгүй. Э.Кассирер хүний мөнчанарын тухай символик үзэлдээ ийнхүү дүгнэлт хийжээ. Замбатив дээр хүнээс өөр ямар ч адгуус байгаль болон өөрийнхөө хооронд символик орчныг бүтээн байгуулдаггүй билээ. Энэ бол зөвхөн хүний л бүтээл. Ийнхүү хүн адгуусны зөн билгээ аль хэдийнээ гээж, символик амьтан болсон бөлгөө. Түүнд зөн совин байгаа, тэр нь соёл иргэншлийнх ажгуу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.