НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ББСБ-ын дүрмийн санг 800 саяас 2.5 тэрбум болгож нэмэгдүүлжээ

ner.mn     Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-11-18 13:35:39 GMT +8 / | 3253 удаа уншсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж энэ үеэр гишүүд томилогдож буй хүмүүсээс зарим асуудлыг тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Эдийн засаг хямарсан үед санхүүгийн байгууллагууд нягтарч ажилладаг, ажиллагаандаа хяналт тавьдаг байх хэрэгтэй. Байнгын хорооны хуралдааны үеэр "Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хэдэн удаа хуралдсан бэ" хэмээн асуусан чинь "Хоёр удаа" гэж хариуллаа. Ийм хариулт сонсоод би сэтгэл дундуур байна. Иймд хэн нь юу хийх гэдгээ сайн тохирох хэрэгтэй. Хоёрдугаарт эрдмийн ажил хийж байсан хүмүүсийг томилоод байдаг. Ийм хүмүүс онол яриад байдаг, ном нь ажил дээр хэрэгждэггүй тал бий. ОУВС-тай хамтарна гэдэг ч өнөөдөр олигтой шийдвэрт хүрээгүй байна. Тал тал л ажиллаад байна шүү" гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Санхүүгийн зохицуулах хорооны орон тоог УИХ-аас баталдаг. нэр орж буй хүмүүсийг харахад, залуу, боловсрол өндөртэй хүмүүс байна. Гэхдээ СЗХ-ны ажил амаргүй. Байнгын дарамтад байдаг ажил. Та нар дарамтыг дааж, төрийн бодлогыг хэрэгжүүлээрэй. Санхүүгийнхээ орчны зах зээлийг хяналтдаа ав. Санаачилгатай ажилла. Өмнө нь юу хийх гээд байгаа нь тодорхойгүй ажиллаж ирсэн шүү. Өмнөх УИХ-аас салбарын хэд хэдэн хуулийг баталж өгсөн. Амьдрал дээр хэрэгжихгүй л байна. Хуулийг хэрэгжүүлж, зоригтой ажиллаарай" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ үеэр хэлсэн үгэндээ Санхүүгийн зохицуулах хороо шинэлэг байдлаар ажиллах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь мэргэжлийн холбоодтойгоо хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан, "СЗХ бодлогын өөрчлөлтийг ирэх 4 жилд хийх ёстой. Одоо бол лиценз өгдөг байгууллага шиг болчихоод байгаа шүү" хэмээн сануулсаны зэрэгцээ ББСБ-гийн дүрмийн санг 800 сая төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэнийг буруутгав. Учир ББСБ нь өөрөө эрсдлээ хариуцдаг байхад хүчээр нэмэгдүүлэх шаардлагагүй байсан хэмээн үзэж байгаагаа хэллээ.

Мөн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр дэвшигчдээс Хөрөнгийн биржийг хувьчлал сөрөг болон эерэг нөлөөг тодруулахад нэр дэвшигчид, "Хөрөнгийн биржийн зөвшөөрөлтэй хоёр байгууллага байдаг. Үүний зэрэгцээ ХАА-н болон Эрдэс баялгийн гээд нийт 4 бирж үйл ажиллагаагаа явуулж байна. Хөрөнгийн бирж бол товчдоо бол зах. Энэ зах үр ашигтай ажиллахын тулд хууль тогтоомж сайн мөрдөгддөг байх ёстой. Хувьчлалын хувьд мэргэжлийн өндөр түвшинд хувьчлах нь зүйтэй юм" гэсэн тайлбарыг хийлээ. 

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, "Хөрөнгийн бирж өнөөдөр зогсонги байдалтай байна" гэсний зэрэгцээ ББСБ-гийн дүрмийн санг 800 сая төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгосны мөн буруушааж байгаагаа илэрхийлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.