НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Янгир ГАРШУУЛАХАД АМАРГҮЙ...

Го.Аким     Нийтлэгч
2 жилийн өмнө /2016-11-28 12:19:13 GMT +8 / | 3358 удаа уншсан

Дэл уул... Энэ ууланд л эртний Монголын хамаг амьдрал болж байсан юм уу гэмээр. Хэтрүүллээ гэж зарим нь хэлэх биз. Гэвч... 30 орчим км сунаж тогтсон уул л даа. Энэ уулаар нэг хадны зураг бий. Молхи би заримынх нь тухай нийтлэл ухааны юм бичиж байсан. Тийм ээ, хадны зургийн сэдэв дуусашгүй мэт. Нэг очиход л нэг шинэ юм харагдах жишээний. Ухаа нь, Унгарын монголч эрдэмтэн, хүннү судлаач Обрушинскийн Борбала, зураач Батцэнгэл бид гурав өнгөрсөн зун очлоо л доо. Би өөрийн очиж үзээгүй Жиримийн худгийн “хуудас”-аар эхлэж орсон юм. 
Нутгийнхан уулынхаа хөндийг “хуудас” гэж нэрлэдэг юм. Тиймээс би тэдний хэлдгээр “хуудас” гэж бичлээ. За тэгээд, уг “хуудас”-ны хойт ухаа руу өгслөө. Уг нь би тэрэгтэй хүний зураг хайж яваа юм. Тэр талаар нэг өгүүлэл бичих санаатай. Тэрэгтэй хүн, тэрэгний зургийг ч олсон л доо. Гэвч огт өөрийг энд өгүүлэх гэсэн юм. Тэр юу вэ? Янгир гаршуулах гэж байгаа хүн! Яг үүнийг бичих гээд сууж байтал манай хоёр биологч ТV-гээр ярьж байна. 
Манайх чинь өч төчнөөн сувагтай болохоор чухам ямар сувгаар нь гарсныг санахгүй байна. Тэд юу гэж ярьсан бэ? гээч. Хонь аргалаас үүсээгүй, хромсомын тоо нь ондоо гэж. Бид чинь аргал бол хонины өвгө гээд яриад, бодоод дасчихсан улс. Би хичнээн гайхсан ч эрдэмтэддээ үнэмшилгүй яах вэ. Миний давхар эргэлзсэн нь, янгирыг гаршуулж гэрийн тэжээмэл болгосон нь үнэн үү? Ямаа, янгир хоёрын хоромсомын тоо адилгүй юу? Гэтэл яахын аргагүй, хадны зураг дээр янгиртай ноцолдож байгаа хүн байж байх юм. 

Гаршуулах л  гэж ноцолдож байж таарна. Алж идэх гэсэн бол харваад л алчихна биз дээ. Эргэлзээгээ тайлахын тулд Wikipedia ухлаа. Тэгсэн нь янгирыг Төв Ази, Дорнод Европт анх гаршуулсан, янгир бол ямааны өвгө гэж бичсэн байна аа.
 Хонийг бол wild mouflon, urial гэдэг хоёр амьтнаас үүссэн гэжээ. Эдгээр нь аргалын л төрлүүд байх юм. За, тэр ч яах вэ, хадныхаа зураг руу орсу. Нэгэн эр бөхийн, зүүн хөлийг ургаш жийн, солгой гаргаараа сэлмэн эвэртэй янгирыг хондлой хавиас барин хар хүчээрээ чангааж байна. Ээ дээ, тогтоож чадахгүй, алдах л болов уу. Бас өөр нэг эр том янгирын сэрвээнээс зүүгдэн, гэдийж, хоёр хөлөөр уллан татавч, зогсоож дийлэхгүй чирэгдэн яваа байдалтай. Ингэж яваад хадруу гуядуулчихвал яана. Эд маань улаан гараараа л үзэлцэж байна даа. Эдгээр зургийг харахад өөрийн эрхгүй ийм бодол зурсхийж байх юм аа. Энэ уран бүтээлчид хүч, хөдөлгөөнийг гаргасан нь дэндүү гайхалтай вэ гэж бахдах сэтгэл бас төрж байна. Өнөөгийн зураачдаас ч даан ч дутах юмгүй.  
Байгальд яваа зэрлэг амьтныг гаршуулна гэдэг тун амаргүй, туйлын амь дүйсэн ажил байсан бололтой. Гэвч хүн гэдэг амьтан нэг л зүтгэвэл бууж өгдөггүй л дээ. Эр хүн зорьсондоо, эр морь харайсандаа гэдэг үг дэмий гараагүй бололтой. 
Тэртээ дунд чулууны үед янгирыг амиараа дэнчин тавин гаршуулж өгсөн өвгө дээдсийнхээ хүчээр өнөөгийн малчид маань ямааны ноолуур гээч юмаар амь зууж байна даа. Бидэндээ амь зуулга залгуулж өгсөн тэдэнтээ мянгантаа залбирч, түмэнтээ ерөөл дэвшүүлүүштэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.