НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ПРЖЕВАЛЬСКИЙН АДУУ

Б.Ерэнтэй     Нийтлэгч
4 жилийн өмнө /2016-11-28 14:20:14 GMT +8 / | 8158 удаа уншсан

Худалдаж авсан 28-аа Ховдоос барьсан 52 унага гэж дэгсдүүлсэн 

Алдар цуутай хүмүүс, тэдний үйл хэргийг тойрсон худал яриа, санаатай болон санамсаргүйгээр цацсан алдаатай мэдээ, мэдээлэл ёс юм шиг дагаж байх нь элбэг. Ийм зүйл Оросын нэрт жуулчин, судлаач Н.М.Пржевальский болон түүний нээсэн Пржевальскийн адууг тойроогүй юм.
Тухайлбал, Бельгийн амьтан судлаач Бернар Эйвельманс өөрийнхөө нээсэн зэрлэг адуу-тахийг Н.М.Пржевальский илжиг гэж бодсон, уг зэрлэг адуунд тодорхойлолт бичсэн И.С.Поляков, энэ нь илжиг биш жинхэнэ адуу гэдгийг түүнд нотлох гэж тэсвэрээ барсан гэсэн нь Гиннесийн номд орохуйц хуудуутай бичвэрийн нэгд тооцогддог билээ.

Нөгөөтэйгүүр Веберн-Аббейн амьтны хүрээлэнд зориулан гүн Бедфордын захиалгаар Карл Гагенбек, Вилгельм Григер нарын экспедиц 1900 оны хавар манай Баруун хязгаар Ховдоос 52 унага барьсан гэх бас нэг худал баримт бий. Бодит үнэн гэвэл: Вилгельм Григер нь Оросын Бийскт ирж Н.И.Асановын пүүсийн анчдаас 15 эр унага, 13 охин унага худалдан авч Германы Гамбург руу тээвэрлэсэн бөгөөд замдаа нэг нь үхжээ. Зэрлэг амьтан барих талаар нэрд гарсан Карл Гагенбекийн пүүс Гамбургт авчирсан 27 унаганаасаа 12-ыг Англид, бусдыг нь Франц, Голланд, Герман, АНУ-ын амьтны хүрээлэнд худалдсан байна. Карл Гагенбекийн төлөөний хүмүүс хойтон жил нь 1901 онд Ховд хотод ирж мөн л Н.И.Асановын пүүсийн анчдаас 11 унага худалдан авчээ. Дашрамд хэлэхэд, тахийн талаар өнөө цагт бичиж буй хүмүүс Карл Гагенбекийн “Араатан амьтад болон хүмүүсийн тухай” номоос эшлэл авахдаа бодолтой байгаарай гэж зөвлөх байна. Энд л, хавар тахь унагалах үеэр Ховдод ирсэн тус пүүсийнхэн морьтон монголчуудаар 52 унага бариулсан, Европоос авчирсан ариутгасан сүүгээр тахийн унагануудыг угжиж байгаад монгол гүүнд хөхүүлсэн, Гамбург хотод иртэл 11 сар үргэлжилсэн аян замд 24 унага үхсэн, тэр ч бүү хэл “Хурдан давхиж чадахгүй, тэнхэл муутай тахийн унаганууд сүргээс хоцрон үлдлээ. Эцэст нь айснаасаа хамар нь сарталзан, бөөр нь түмбэгнэж зогсоо тэдгээр унагануудыг уургалан барьж авлаа” гэж үйл явдлыг нүдэнд харагдаж, сэтгэлд буутал дүрсэлсэн  зохиомол өгүүлбэрүүд байдаг юм.
    
Монгол тахь 1881 оноос Eguus przewalski гэсэн нэр авлаа

Н.М.Пржевальский 1870-1873 онд Төв Ази, Монголоор аялахдаа зэрлэг адуу тахийн тухай анхлан сонссон байна. Түүнд нутгийн монгол анчид “эдгээр тахь маш үргэмтгий, хүнээс үргээд эргэж ч харалгүй хэдэн өдөр хулжин давхиад бүтэн нэг хоёр жил өнгөрсний дараа л хуучин газартаа буцаж ирдэг” гэж ярьсан байдаг.
Харин 1870-аад оны төгсгөлөөр Баруун Монголын говь цөлийг туулж явахдаа тахийг өөрийн нүдээр анх харжээ. Тэрбээр “Зэрлэг адууны зөвхөн хоёр сүрэгтэй тааралдах аз надад тохиолдсон юм. Тэдний нэг рүү нь гэтэж, мэргэн буудалтаар авлах гэсэн боловч наад зах нь мод газрын зайнаас миний нөхрийн салхийг авч холдож одлоо. Азарга нь сүүлээ агсаж, хүзүүгээ духайлган, ер нь яг л жирийн адуу шиг байдлаар урьд нь орж давхихад түүний хойноос гүүнүүд бололтой долоон адуу даган одсон юм. Хэсэг давхиснаа, бидний зүг эргэн харж, заримдаа бие биенийгээ тангарч, дараа нь цаашлан хатирсаар цөл дунд алга болсон билээ” гэж бичсэн. Н.М.Пржевальский энэ удаад нэг ч тахь авлаж чадаагүй боловч Москвад ирэхдээ тахийн шир, толгой авчирсан байна. Түүнд Орос-Хятадын хилийн тосгон-Зайсангийн харуулын дарга А.К.Тиханов эдгээрийг бэлэглэжээ.
Жинхэнэ зэрлэг адуу ертөнц дээр бүгд төрөл зүйлээрээ сөнөсөн гэсэн шинжлэх ухааны дүгнэлтийг Оросын агуу жуулчин Н.М.Пржевальский ийнхүү нурааж Монгол газраа тахь хэмээх зэрлэг адуу  байгааг нээсэн бөгөөд 1881 онд Оросын эрдэмтэн И.С.Поляков тахийн тодорхойлолтыг бичиж “Пржевальскийн адуу” (Eguus przewalski) гэсэн латин нэр өгч амьтан судлалын britannica-д байршуулсан түүхтэй. Төв Азийн байгаль, ан амьтныг анхлан судалж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан нэрт аялагч, хошууч генерал Н.М.Пржевальский Төв Азид хийх тав дахь аяллаа нийслэл Их хүрээнээс эхэлж говийг туулан Оросын Туркестанд зорчих зууртаа өвчин тусч Иссык-Куль нуурын эрэгт 1888 оны 11 дүгээр сарын 1-нд 49-тэйдөө тэнгэрт дэвшиж төрөл арилжсан. Түүний шавь  болон залгамжлагч П.К.Козлов (1863-1935, Ноён уулын Хүннүгийн булшийг олж судалсан), М.П.Певцов (1843-1902, XIX зууны төгсгөлөөр Төв Азийг судлах гурван удаагийн экспедицийг удирдсан), В.И.Роборовский (1856-1910, Пржевальскийг 20-тойгоосоо дагасан гарын шавь нь, аяллын үеийн бүх зургийг зурсан), Д.А.Клеменц (1848-1914, Украины Аскани-Новагийн амьтны хүрээлэнгийн эздийн захиалгаар Монголоос тахь аваачиж байсан), ах дүү Грум-Гржимайло (1860-1936, 1861-1921, XIX зууны төгсгөл болон XX зууны эхээр Монгол дахь экспедицийг удирдсан) нар Төв Азид хийсэн эрдэм шинжилгээний аяллынхаа үеэр Пржевальскийн адууг нэлээд сонирхож амьдрах орчин, ааш авир, төрх байдлыг нь үргэлжлүүлэн судалсан.

Тахь судлалтай холбоотой анхдагчид

Грум-Гржимайло нь Төв Ази дахь 1899-1900 оны аяллын үеэрээ Пржевальскийн адууг авласан. Энэ нь Европоос тахь авласан анхны анчин гэж түүхэнд бичигддэг. Тухайн цагт онгон байгальдаа идээшин нутаглаж байхад нь нүүр тулж үзэж харсан энэ эрхэм Пржевальскийн зэрлэг адууны талаар юу гэж бичсэнийг уншиж, өнөө цагийн амьтны хүрээлэнгийн тахиас хэр өөр байсныг мэдэж, мэдэрч болох буйзаа хэмээн бид бодлоо. Иймээс түүний тэмдэглэлээс уншигчдадаа толилуулъя.
-“Намайг жаран алхам мөлхөж амжаагүй байтал бут дундаас азарга унгалдан нисэх мэт гарч ирэв. Зэрлэг адуу нь үлгэрийн морь шиг санагдмаар тийм сайхан байв! Миний ойролцоо огцом тойрч, өөрийн догшин төрх, унгалдалтаараа намайг айлгах гэж байгаа мэт хойт хөл дээрээ цовхчив. Түүний хамраас бөөн уур гарч байв...Дахиад тэр миний дэргэдүүр хар хурдаараа өнгөрч, нөмөр талд зогсов. Тэр дахин цовхчиж, тургин хангинатал янцгаав. Бидний зүг харж, командалсан юм шиг цувран зогсож байсан сүрэг эргэж (тэгэхдээ толгойд нь байсан адуу түрүүнд нь эргэн гарч), хатиран, нуураас холдон одов. Азарга, сүрэгтээ хоёр зуугаад алхам холдох бололцоо олгоод баруун зүүн тийшээ нумлан давхиж, тургиж, цовхчин, тэдний хойноос одсон юм...Турьхан хөлөөрөө давхиж, бусдыгаа гүйцэж амжихгүй байгаа жижиг унагыг азарга яаруулж байлаа. Эхлээд унага хоцорч эхлэхэд гүү, өөрийн намуун янцгаалтаараа түүнийг сэргээж зоригжуулах гэж оролдоод тус болохгүйг хараад үрээ орхихгүй гэж байгаа бололтой сүргээс тасарч байв. Гэвч азарга иймэрхүү замбараагүй байдлыг гаргуулахгүйгээр гүүг хоёр удаа тангарч, түүнд сүргээ гүйцэхийг албадан, харин өөрөө унагыг ивээлдээ авч байсан юм. Тэр унагыг хошуугаараа түлхэж сэрвээнээс нь шүүрэн авч явах буюу аль эсвэл хий тонгочиж өшигчин түүнийг зоригжуулах гэж оролдож байв” хэмээн бичжээ.
Тахийг эх нутагт нь авласан анхны Европ хүн нь Грум-Гржимайло бол Европ тивд хамгийн анх аваачсан эрхэм бол Оросын Бийскийн бизнесмэн худалдаачин Н.И.Асанов юм. Тэрбээр Украины амьтны хүрээлэн Аскони-Новаг үүсгэн байгуулагч Фридрих Фальц-Фейнд зориулан пүүсийнхээ анчин Власов, Захаров нараар 1899 хавар манай Баруун говиос 6 охин, 1 эр, нийт долоон унага бариулжээ. Тэдгээрээс 5 охин унагыг нь Ховдоос Бийскт аваачиж, улмаар тэндээсээ Аскани-Новад хүргүүлсэн аж. Энэ нь Европ тивд анхлан хөл тавьсан Төв Азийн зэрлэг хүлэг Пржевальскийн адуу  байв. Ер нь Н.И.Асанов болон түүний пүүсийн талаархи мэдээлэл бичмэл хэлбэрээр үлдсэн нь ховор байдаг. 
Хамгийн тодорхой нь гэвэл, манай хойд хөршийн эрдэмтэн М.И.Боголепов, М.Н.Соболев нарын “Орос-Монголын худалдааны тэмдэглэл” номд гардаг “Бийскийн худалдаачин Н.И.Асановын пүүс бол Ховд дахь Оросын хамгийн том пүүс байв. Түүний Монгол дахь гүйлгээ нь 300 мянган рубль болж байв. Энэ пүүс Монгол дахь Томскийн экспедицийг 500 рублиэр санхүүжүүлсэн ба Бийскийн Худалдааны сургуулийг байгуулсан” гэсэн өгүүлбэрүүд юм.

1956 оны Улсын наадмын түрүү хязаалан нь тахийн унага

Японы Токио хотын “Тама” амьтны хүрээлэн. 2015-6-19. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бэлэглэж, 2013 онд Швейцариас хүргүүлсэн тахийн гүү унагалжээ. Шинэ унаганд “Ирмүүн” гэсэн дуудлага нэр өгчээ.Өнөөдөр дэлхий дээр байгаа хоёр мянга гаруй, өөрөөр хэлбэл Москва, Токио, Прага, Мюнхен, Кэтскилль, Уипснейдын болон амьтны бусад хүрээлэн, мөн манай Төв аймгийн Хустайн нуруу, Завханы Хомын тал, Говь-Алтайн Тахийн нуруунд байгаа тахийн бүх сүрэг 1900-1901 онд манай Баруун хязгаараас Н.И.Асановын пүүсээр дамжин Европт хүргэгдсэн тахийн унаганы бүгдийнх нь бус, 3-хан хосынх нь удам юм. Өөрөөр хэлбэл ердөө гурван гүү, гурван азарганы үр төл, төлийн төлнүүд гэсэн үг. Энэ бүхэн гарал үүслийн гэрчилгээгээр батлагдсан зүйл. Харин эдгээр 3 хосын удам дээр нэмэгдэн цус сэлбэсэн нь, Монголын говиос 1947 онд унага байхад нь барьж 10 жилийн дараа 1957 онд Украины Аскани-Новагийн амьтны хүрээлэнд шилжүүлсэн зэрлэг тахь “Орлица III” гүү юм. Тухайн үед Төв аймгийн Жаргалантын Морин заводод цэвэр үүлдрийн энэ гүүнээс гадна мөн унаганд нь барьсан тахийн өөр нэг гүү байжээ. Тус Морин заводын даргаар ажиллаж сайн угсааны адуу өсгөж үржүүлэх зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж явсан Хөдөлмөрийн баатар Д.Аръяа хожмоо Соёлын гавьяат зүтгэлтэн, морь судлаач А.Баярмагнай абугайд ингэж ярьсан байна.
-“Хязгаарын цэргийн ангийн байлдагчид барьж авсан тахийн хоёр гүү, хулангийн нэг азарга байсан. Тэднийг сайн үүлдрийн адуутай эрлийзжүүлж байсан. Хуланг эрлийзжүүлэхээр ердөө олигтой төл гардаггүй, дандаа луус гардаг. Харин тахийн хоёр гүүг сайн үүлдрийн азаргаар гишгүүлэхээр сайхан төл өгдөг байлаа. Харамсалтай нь тахь зэрлэг амьтан болохоор хэдийгээр хүнд ойртож номхорлоо ч гэсэн монгол адуунааас хачин их догшин хазаж хайрдаг адайр зантай байсан. Тиймээс тэр хоёр гүүг хураах азарга олдохгүй. Ганцхан, багадаа адуунд өшиглүүлсний улмаас духан дээрээ том хонхорхойтой болсон өндөр хээр халзан азарга л тэр хоёрыг хураадаг байсан. Унага нь голдуу охин гардаг бөгөөд манай Морин заводоос цэргийн газар хэд хэдэн сайхан биетэй сартай хул хээр гүүнүүд шилжиж очсон доо. Тахийн хоёр гүүнээс цөөхөн эр унага гарсныг нь Дэндэв гуай гардан уяж байсан юм. Шар хээр, бор хээр хоёр үрээг бид дааганд нь сургах гээд дийлээгүй. Мөн шүдлэнд нь дийлээгүй, хязааланд нь арай гэж дээр нь хүүхэд тогтохтой болгосон юм. Гэхдээ наадмын их давхилаас бусад цагт дандаа том хүн унаж, тарлаж, хөлсөлж байсан. Бор хээр нь шүдлэндээ зориуд моринд сайн хүн мордуулаад тавихад Морин завод дээрээс Мэндийи хар үзүүр хүртэл ирэх очихын нийт 14 км газар туж булгиад ирж байсан юм шүү. Хязаалан насандаа бор хээр нь хадуураад өргөн ганга дээгүүр харайж ойчоод өрөөсөн далаа гэмтээчихсэн юм. Шар хээр нь улсын наадамд түрүүлсэн. Түрүүлэхдээ бас хадуурч байлаа. Морьтой хүмүүс шахаж барианд оруулсан юм. Амыг нь татаад хөлсийг нь хуcax гэхэд тойрч шавсан улсаас эвгүйцэж булгиад хүүхдээ унагаачихаж билээ" хэмээн өгүүлжээ. Энд яригдаж буй тахийн хоёр гүүний нэгийг 1957 онд Зөвлөлт-Оросын Маршал К.В.Ворошилов манай оронд айлчлахад нь түүнд бэлэглэжээ. Тэр гүү нь “Орлица III” юм.

Оренбургийн тахинуудад В.Путин тэжээл тавьж өглөө

Манай Монголд тахь нутагшуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш бүтэн 24 жил ард үлджээ. Тахийг анхлан сул тавьсан Хустайн нуруунд одоо 500 гаруй тоо толгойгоороо сүрэглэж байна. Манай хойд хөрш Хустайн нуруутай төстэй Оренбургийн байгалийн нөөц газарт тахийг задгай бэлчээрт нутагшуулах ажлыг энэ 10 дугаар сарын 3-нд эхлүүлэв. Амьтны хүрээлэнгийн орчноос байгалийн нөхцөлд шилжүүлэн суллаж тавих энэхүү үйл ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин биечлэн оролцож тахинуудад тэжээл тавьж өгөн, овъёосоор дайллаа. Задгай бэлчээрт энэ удаад 6 тахийг гаргасан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.