НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Г.Тэмүүлэн: Зурагтаар гарч олны танил боллоо гээд ДИВААЖИНД амьдрахгүй

ner.mn     Нийтлэгч
1 жилийн өмнө /2016-11-28 16:57:52 GMT +8 / | 5902 удаа уншсан

Сэтгүүлч Э.Энхтуяа 

Бид энэ удаагийн дугаартаа “Reggae” артист Раттабазтай ярилцлаа. Түүнийг Тэмүүлэн гэдэг бөгөөд “Улаанбаатар” такси компанид жолооч хийдэг. түүнтэй эгэл амьдралынх нь талаар ярилцлаа.

-Хоёулаа танилцъя. Ратабазз бол таны тайзны нэр биз дээ?
-Тиймээ. Намайг Хиад овгийн Ганбаатарын Тэмүүлэн гэдэг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. “Улаанбаатар” таксины жолооч. 
-Таныг хүмүүс реппер бас “Backyard”шоуны шүүгч гэдгээр нь сайн мэднэ. Гэтэл таксины жолооч гэхээр мэдээж гайхаж байгаа байх....
-Нэг зүйлийг тодруулж хэлэхэд би реппер хүн биш. Өмнө нь реп хийдэг байсан. Гэхдээ маш олон жил өнгөрчээ. Одоогоос 10 жилийн өмнөөс “Регги” дуулж эхэлсэн. “Регги” урсгалд бол дуучныг Сийнжэе гэж нэрлэдэг. Тиймээс реппер гэхээсээ илүү артист гэвэл тохиромжой. Нэг бол шууд Ратабазз гэдгээрээ л зүгээр дээ. 
-Та их содон хүн шиг надад санагддаг. Нэр тань хүртэл их сонирхол төрүүлээд байдаг гэх үү дээ. Раттабазз гэж ер нь ямар утгатай нэр юм бэ?
-Энэ нэрийг манай найзууд өгсөн юм. Найзууд нэгэндээ хоч өгдөг шүү дээ. Нэг өдөр сууж байгаад бид нар нэгнээ амьтнаар зүйрлэж хоч өгсөн. Тэр үед би туранхай, сахалтай, урт үстэй болохоор намайг хархтай зүйрлэж “Рат” буюу англиар харх гэж нэрлээд нэг хэсэг шоолцгоосон.  Удалгүй би Регги стилээр дуулж эхлээд тайзны нэртэй болох хэрэгтэй болоод “Rat” гэдэг дээрээ “Buzz” буюу тэр үед хүмүүс ихээхэн ашиглаж байсан мессенжерийн товчлуурыг нэмсэн. “Базз” гэдэг нь чичиргээ гэсэн утгатай үг. Би бас өөрөө яаруу, их адгуу зантай л даа. Яг шүдэнз зурах агшинтай адил хоромхон зуур дүрэлзэн асна гэдэг утгаараа Buzz-г сонгоод “ratt-buzz” гэж шууд залгаж болохгүй учраас “а” нэмж “Rattabuzz” гэдэг тайзны нэртэй болсон.
-Үнэхээр их дурсамж хадгалсан нэр байна. Дуулахынхаа хажуугаар мэргэжил эзэмшсэн байх. Та ямар мэргэжилтэй вэ?
-Би хувьдаа эзэмшсэн мэргэжилгүй. Төгсөөд ШУТИС-д автын инженерээр сурч байгаад төгсөж чадаагүй. Би өөрөө дуу хөгжим гэж явсаар байгаад л орхичихсон юм. 
-Дуу таны хувьд маш чухал зүйл бололтой. Энэ бүхний нэгээхэн хэсэг нь “backyard”шоу. Тэмцээний ялагч залуусын хувьд та ямар бодолтой байгаа вэ. Шоуныхаа талаар яриач?
-Ерөнхийдөө манай шоу өнгөрсөн жил маш амжилттай зохион байгуулагдсан. Бидний төсөөлснөөс ч илүү залуучуудад хүрсэн байдлаас харахад хүсч байсан зүйлийг нь бид зохион байгуулж чадсан юм болов уу гэж боддог. Шилдэг арван залуус бол яг өөрийн авъяас, чадвараараа ялгарсан, өөрсдийн дотоод ертөнцийг бүтээж, түүнийгээ репээр дамжуулан илэрхийлэх бүрэн дүүрэн чадвартай нь харагдаж байсан. Оролцогчид маань гуравдугаар шатанд хоорондоо өрсөлдөж шууд ялагч нь тодорсон учраас шудрага болсон гэж бодож байгаа. Түрүүлсэн залуу бол Өлзий-Учрал. Бид түүний олон талыг нь харсан. Яагаад гэхээр ялагчийн тал дээр үзэгчдийн дунд маргаантай байсан. Миний хувьд үзэгч, сонсогч нар буруу ойлгосон мэт санагдсан. Яагаад гэхээр “Хэн нь сайн Реппер вэ” гэдгийг шалгаруулах гэж бид тэмцээн хийгээгүй. Тиймээс шилдэг арав бол бүгдээрээ сайн. Харин хамгийн гол нь хэн “Backyard label” –д хэрэгтэй вэ? Бид үүнд л хариулт олох гэж хичээсэн. Өөрөөр хэлбэл тэмцээний зорилго нь “Backyard Label”-д тохирох артистийг сонгон шалгаруулах л байсан. Тиймээс Өлзий-Учрал бусдаасаа илүү тохирох учир сонгосон. Түүнээс шилдэг гэвэл бүгд л шилдэг байж чадсан. Тэмцээн хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Хэзээ гэдгийг нь одоогоор нууцалсан нь дээр байх. Учир нь хэлэлцээрийн түвшинд явж байгаа.
-“Улаанбаатар такси” компанид ороод хэр удаж байгаа вэ?
-Долоон сар болж байна. Гэхдээ туршлагагүй жолооч юмдаа. Таксины жолоочийг мундаг хүмүүс хийдэг юм байна. Санасныг бодоход хэцүү ажил юм. Өдөр шөнөгүй явж байгаа болохоор нойрны ядаргаанд орох нь элбэг. Туршлагагүй болохоор хаана, хэдийд хүн байхыг мэдэхгүй зэрэг олон хүндрэл гардаг. 
-Цаанаас нь заасан тогтмол цаг бий юу?
-Компаниас жолооч нарт тогтсон цаг заадаггүй. Нэг ёсондоо бид нар машинаа компаниас түрээслэж авч байгаа гэсэн үг. Миний хувьд маш олон давуу талтай гэж бодож энэ ажлыг сонгосон. Өөр ажилд оръё гэхээр тогтмол цагаар ажиллахаар уран бүтээл болон гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй. Өдрийн цагаар арга хэмжээн дээр очиж дуулахын тулд заавал чөлөө авах болно. Харин таксины жолооч дуртай цагтаа ажлаа амжуулчихаад л чөлөөтэй болдог. Дуудлага аваад хүнээ зөөгөөд байх боломжтой. Мөн унаагүй хүн бол унаатай болчихож байгаа юм. Манай гэр бас хотын төвөөсөө хол байдаг автобусанд суугаад явах хэцүү. Өвлийн цагт бол автобус хүлээж удаан цагаар зогсоно гэдэг олон хүнд тохиолддог хүндрэлүүдийн нэг шүү дээ. Гуравдугаарт гэвэл хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт зөөнө. Тэднийгээ өвөл дааруулахгүй машинаар зөөчихөж байгаа юм л даа. Тиймээс таксины жолоочийн хувьд бол маш том давуу тал болж байгаа юм.
-Энэ ажилд та яаж орсон бэ. Хэн нэгэн санал болгосон уу, өөрөө судалж байгаад орсон уу?
-Үргэлж дуу дуулаад их мөнгө олж чадахгүй. Надаас өөр мундаг байр сууриа олсон дуучид бол дуулаад амжиргаагаа залгуулж байгаа. Харин би тогтмол цалинтай ажилд орох гэхээр мэргэжилгүй, дээрээс нь цаг зав багатай гэх мэтчилэн асуудлууд байсан учраас энэ шийдвэрийг гаргасан. Зарим хүмүүс хэлдэг юм. “Чи хувийн машин лизиндэж аваад таксинд явж болдоггүй уу? Такси бааз юу нь илүү байгаа юм” гэдэг. Өдөрт 30.000 төгрөг өгнө. Түүнийгээ ажлын таван өдөрт тушаадаг. Тэгэхээр миний хувьд бол хийвэл хийсэн шиг хийж зориулалтынх нь тэргээр, албан ёсны байгууллагад нь ороод зорчигчдоо зөөх юм бол ямар нэгэн маргаангүй амар шүү дээ. Яг энэ чиглэлээр үйлчилгээ явуулдаг олон байгууллага байгаа. Мэдээж сонголтууд гарч ирнэ. Тэгээд энд орохын өмнөхөн киног нь үзчихсэн байсан. /инээв/ Сөрөлтийн тоглосон “Такси” гэдэг кино их нөлөөлсөн. Мөн “Улаанбаатар такси” компани миний сонирхолд их нийцэж байсан. 
-Ямар нэгэн шалгалт авсан уу?
-Мэдээж жолооч бол энэ нийгэмд маш хариуцлагатай хүний нэг байдаг. Би жолооч болоод 12 жил болсон. Жолооч болоод хэр удаж байгаа, хэр хариуцлагатай байх зэргийг л хардаг юм билээ.
-Өдөрт хэдэн төгрөгний орлого олдог вэ. Амжиргаагаа залгуулж дөнгөж байна уу?
-Өдрийн 30.000 төгрөгөө бол хангалттай хийчихнэ. Цаана нь гэртэй хоол хүнс, ахуйн хэрэглээгээ авчихна. Илүү дутууд шунахгүйгээр болоод л байна.
-Тэгэлгүй яахав ажил хийвэл, ам тосдоно гэдэг сайхан үг бий. Би таныг анх Регги стилиэр гарч ирсэн гэж боддог байсан. Яагаад гэхээр таны үс их сонирхол татаад байдаг. Регги стилиэр дуулдаг, сонирхдог хүн бүр дриэдлок үстэй байх ёстой юу?
-Анх Монголд оруулж ирсэн хүн бол би биш шүү. Их олон хүн байдаг. Би ердөө нийтэд түгээн дэлгэрүүлэх гэж яваа хүмүүсийн нэг. Тиймээс би энгийн үсний засалттай эсвэл нэг халзан нөхөр гарч ирээд Регги стилиэр дуулаад байвал хүмүүс анхаарлаа хандуулахгүй нь мэдээж. Мөн энэ стилийг дэлхийд таниулсан Бобмарлеи шиг дриедлок үстэй хүмүүс Регги гээд ярьвал арай илүү хүлээж авах байх гэж бодсон. Расста гээд шашины урсгал байдаг. Тэр ч утгаараа расста хэв маягийг дуундаа шингээж өгдөг. Тиймээс гаднаасаа ч тэр, дотроосоо ч тэр Регги харагдаж байж хүмүүст хүргэхийг хичээдэг. Мэдээж Регги-г хүн болгон дуурайх албагүй. Ямар нэгэн байдлаар Монголд энэ урсгалыг ойлгож, хүмүүс мэддэг болсон үед би заавал дриедлок үстэй явах шаардлагагүй. 
-Ер нь бол аливааг гаргаж ирэхэд гадна төрх их чухал байх. Хоёулаа яриагаа эргүүлээд жолоочийн амьдрал руу шилжүүлье. Ажилаа хийгээд явж байхад таних танихгүй олон хүнтэй яриа өрнүүлдэг байх. Ихэнхдээ ямар сэдвийг хөндөж ярьдаг вэ, таньтай хэрхэн харьцдаг уу?
-Анх такси компанид ороход би нэг зүйлээс айж байсан. Юу вэ гэхээр хүмүүсийн харьцаа. Тухайн хүн надтай “хэг ёг” гээд муухай харьцаад байвал урдаас нь бас бухимдах гээд байдаг талтай. Хүн яаж харьцана яг тэгж харьцах гээд байдаг сул талтай. Үүнээсээ их айж байсан. Гэхдээ хийгээгүй байж айгаад яахав хийгээд л үзье гэж шийдсэн. Тэгсэн  чинь харин миний бодсоноос өөр байсан. Харьцааны тал дээр манайхан илүү боловсон болжээ. Би долоон сар жолооч хийхдээ нэг ч хүнтэй муудалцсангүй. Харин дуудлагаар очихдоо хоцорч байсан тохиолдол бий. Тийм үедээ зорчигчдоо загнуулж байсан. Тэгээд “уучлаарай, шинэ жолооч байна” гээд л өнгөрч байсан. Таньдаг, таньдаггүй хүмүүс нэг л асуултыг асуудаг. 
-Ямар асуулт?
-Үсний талаар. /инээв/. Үсээ яаж угаадаг, ургуулахад хэцүү юу, арчлахад төвөгтэй юу гэх зэрэг асуулт байнга тавьдаг. Тиймээс энэ асуултнаас залхаад байгаа. Таньдаг хүмүүс сууна. Мөн Регги стилийг сонирхдог хүн ч суудаг. Буух газар хүртэл нь урлагийн талаар яриа өрнөнө. Зарим нэг нь хамт зургаа авахуулна. Гэхдээ ихэнх нь л та ямар энгийн юм бэ гэдэг. Тэр бол угаасаа ойлгомжтой зүйл. Дуулдаг хүн, зурагтаар олон гардаг хүний цаана диваажин шиг сайхан амьдрал байдаггүй. Зөвхөн дуулдагаараа л ялгаатай шүү дээ. Бид бүгдээрээ л амьдрах гэж хичээж, хөдөлмөрлөж яваа л хүмүүс.
-Дуугаа дуулж байхдаа их эмоци гаргаж, ширүүн үг хэллэг хэлдэг хэрнээ амьдрал дээрээ энгийн эр хүний үүргээ сайн биелүүлдэг юм байна. Иргэд таныг нөгөө өнцгөөс нь хараад ирэхээр таныг үнэлэх үнэлэмж нь илүү өндөр болсон байх?
-Тийм. Ер нь хип хопийн өөрийнх нь илэрч байгаа илэрхийлэл, эрч хүчтэй, эмоцийг бий болгодог учраас хүмүүс яг тэр байдлаар нь хүлээж авдаг. Гэтэл яг амьдрал дээрээ энгийн сайхан залуучууд байдаг. Яриа хөөрөөтэй, нөхөрсөг, тусархуу, хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр зүтгэж байгаа, хүний сайхан зан чанарууд бүгд л бид нарт бий. Зөвхөн хип хоп гэлтгүй рок попынхон гээд бүгд л адилхан. Хүн бүр адилхан биш байх. Гэхдээ бүгд сайн сайхны төлөө зөв зүйлийг хийх гэж зориглодог гэдэгт нь би итгэдэг.
-Тэгэлгүй яахав мэдээж залуучууд бидний сайн сайхнаас хамаарч улс орны хөгжил тодорхойлогдох бүрэн боломжтой. Та бид хоёрын яриа машин дотор өрнөж байна. Тиймээс энэ талаар ярилцахгүйгээр бууж болохгүй байх. Жолооч нарын хоёрдахь гэр нь машин. Таны машинд яг ямар зүйлс байнга байдаг вэ. Эмийн сан, галын хор гээд авч явах ёстой бүхэн бий юу?
-Мэдээж эмийн сан, бас галын хор, замын цагдаагаас шаарддаг ослын гурвалжин тэмдэг зэрэг зүйлүүд байгаа. Багаажинд бол илүү дугуй, багаж түлхүүрүүд, холбож асаадаг холбогч гээд жолооч хүнд шаардлагатай бүх л зүйлүүд бий. Хувийн нэмэлт зүйл гэвэл Регги хөгжимтэй мф3 тоглуулагч, амраад буухдаа татах тамхи, шүлэг бичдэг дэвтэр гэх зүйлс надтай хамт явж байна даа.
-Та шүлгээ машин дотроо ч бичсээр л явдаг юмуу. Толгойнд орж ирсэн үедээ хурдхан тэмдэглээд авна биздээ?
-Үгүй. Би тэгж чаддаггүй юмаа. Дууны төрлийн ажил хөөцөлдөх тохиолдол гардаг. Тэр үедээ ашиглах зорилгоор авч явдаг. Ойрд яагаад дэвтрээ байнга авч яваад байгаа вэ гэвэл энэ сарын 12-ны өдөр өөрийн бие даасан цомгийн хандивийн үдэшлэг хийх гэж байгаа. Тийм учраас төлөвлөгөө боловсруулаад, бичиж тэмдэглээд л явж байна. 
-Би өмнө нь номын худалдаачинтай ярилцаж байхад орчин үеийн залуучууд ном унших нь багассан. Сонирхож байгаа номууд нь“Яаж баяжих вэ”, “Мөрөөдөлдөө яаж хүрэх вэ” гэх мэт х номнуудыг түлхүү авч уншдаг гээд их л буруутгасан янзтай ярьж байсан. Таны хувьд ном хэр уншдаг вэ. Ямар төрлийн ном сонирхдог вэ?
-Их гоё асуулт байна. Би номыг маш их шимтэн уншдаг. Ямар л ном олдоно, бүгдийг нь унших дуртай. Гэхдээ чиний сая хэлсэн шиг номнуудыг унших их дургүй. Хэтэрхий уйтгартай байдаг. Мэдээж гарын авлага, сурах бичгийг би тухайн сэдвээр ажил хийх гэж байгаа бол авч уншина. Гэхдээ би баяжихын тулд 10 алхам ч юмуу, мөрөөдөл гэсэн номнуудыг уншихаар инээдтэй санагдаад байдаг. Ер нь бол би уран зохиолын ном унших дуртай. Жаахан байхаасаа л их ном уншдаг хүүхэд байсан. 
-Таны санаанд үлдсэн хамгийн гоё ном юу вэ?
-Их олон ном бий дээ. Жишээ нь сүүлийн уншсан номуудаа гэвэл Харри Поттерийн цувралууд үнэхээр гоё санагдсан. Би долоон ботийг нь бүтэн гурван удаа уншсан. Наймдугаар ангид сурч байхдаа тухайн үед олддоггүй байсан “Монте кристо гүн” зохиолын ангийнхаа нэг охиноос асуусан чинь надад гурван боть нь гурвуулаа байгаа гэж байна. Тэгэхээр нь “надад гурвууланг нь өгчих би уншаад өгье” гэсэн чинь “үгүй, чи нэг нэгээр нь ав” гэхээр нь  за гээд л эхний ботийг нь хичээл тарсны дараа авч яваад маргааш өглөө нь уншиж дуусгаад авчирч өгөөд дараагийн ботийг авч уншиж байсан. Одоо дээр үеийн хуучны номнуудыг алгасаж уншдаг болчихоод байна. Харин надад барууны зохиолууд их таалагдаад байгаа. Бас аймшигийн болсон явдлуудыг сонин, сэтгүүлээс их уншина. Адерналин ялгараад гоё санагдаад байдаг юм. /инээв/ Кино үзэхээс илүү ном унших нь сайхан санагддаг. Киног бол цаг үзээд дуусна, харин номыг гурваас дөрвөн хоног уншина. Зохиолын гүн рүү өөрөө орж, номоо амталж унших жаргал. Магадгүй тэр худалдаачин ахын хэлсэн зөв. Гэхдээ 2000 оны залуусыг бодвол одооны залуус харьцангуй их ном уншдаг болсон гэж би хувьдаа боддог. 
-Таны сонирхол, байгаа байдлаас ажиглаад байхад та компьютер тоглоом тоглодог юм шиг санагдаад байх юм. 
-Тиймээ тоглоно. Чи ер нь далдыг хардагуу. /инээв/. Компьютер тоглоомын бүхий л тоглоомуудаар тоглосон. Одоо ч гэсэн хааяа найзуудтайгаа долоо хоногт нэг удаа нийлж дота тоглодог. Гоё шүү дээ энэ чинь хямдхан, бас хөгжилтэй аргаар цагийг зугаатай өнгөрүүлж байгаагийн нэг хэлбэр. 
-Та одоо дуудлага авахдаа хаашаа л бол хаашаа явах уу. Хотын захаас ч хамаагүй зорчигч ав гэвэл төвөөс заасан газар руу нь явж очдог уу?
-Ерөнхийдөө ойрын нэг километр доторхи дуудлагыг авдаг. Тухайн зорчигчийн хэлсэн газарт ойр байгаа жолоочийг л төвөөс дуудна. 
-Таныг хаана явж байгааг төв чинь байнга хянана гэсэн үг үү?
-Ухаалаг утасны аппликейшн гэдэг зүйл бий шүү дээ. Би утсаа аваад 3G-гээ асаагаад “Такси дуудлага” гэсэн цэс рүү ороход дуудлагын төвтэйгээ холбогдоно. Мөн зорчигчийн аппликейшн бас байдаг. Иргэд маань хаанаас бол хаанаас 1991 гэсэн ногоон өнгийн “Такси дуудлага” гэсэн аппликейшн рүү нэвтрээд хаанаас хаа хүрэхээ бичихэд л хангалттай. Мөн таксинууд эгнээ харгалзахгүй зорчино. Бас дугаарын хязгаарлалт байхгүй. Тиймээс зав муутай, яарсан үедээ манай такси дуудлагыг ашиглаж байгаарай гэж хэлье.
-Зорчигч жолоочоо сонгох боломжтой юу. Таныг сонгож үйлчлүүлэх тохиолдол гардаг уу?
-Боломжтой. Би одоохондоо нөөцлөөд л байгаа. Тэгж байгаад зорчигчтойгоо энгийн яриа өрнүүлэнгээ “Раттатакси” нэвтрүүлгээ явуулах санаатай байгаа. 
-“Раттатакси” нэвтрүүлгийн үндсэн зорилго юу юм бэ?
-Таксинд янз бүрийн хүн суудаг. Мэдээж түгжрээнд явж байхдаа нэг сэдвээр ярилцана. Заримдаа нэг сэдвийг олон хүнээс асуухаар янз бүрийн хариулт өгдөг. Миний огт бодоогүй, төсөөлөөгүй өнцгөөс юмыг харсан байдаг. Басхүү маш их юм хийж бүтээсэн хэрнээ хэн ч мэддэггүй тийм хүмүүс бий. Би өмнө нэвтрүүлэгтээ хэлж байсан циркчин залуу Геннисийн хоёр амжилтийг эвдсэн тухай. Гэтэл үүнийг мэддэг хүн манай нийгэмд тун цөөн байсан. Нэр нь тодроогүй баатруудыгаа олонд таниулах зорилготой гэх юм уу даа. Одоохондоо нэвтрүүлгээ жигдрүүлэх шатандаа явж байгаа болохоор олны танил хүмүүсийг урьж оролцуулж, үзэгчдийг татах бодолтой байна. Ирэх долоо хоногоос дугааруудаа гаргаад явна даа.
-Та хэр шүтлэгтэй хүн бэ?
-Шүтлэгтэй шүү. Эхэндээ шашин шүтдэггүй гээд л явж байсан үе бий. Одоо бол бүх шашин хүний сайн сайхны төлөө байдаг гэдэг утгаар нь шүтнэ. Хүн гэдэг ер нь сэтгэлийн амьтан. Хүн зуун хувь өөртөө итгэж чаддаггүй шүү дээ. Итгэл бол биднийг амьдруулж чаддаг зүйл. Шашинд итгэж аливаа үйлээ даатгаад ирэхээр тэр бүх зүйл нь аяндаа бүтдэг. Тиймээс шүтлэг бол хүнд их чухал зүйл гэж боддог. Би сахиустай, өөрөө найман цагаан мэнгэтэй учраас мэнгэний бурхан маань “Бурхан багш”. Сахиусаа хүзүүндээ залсан, машиндаа судар байнга авч явдаг. Ер нь их шүтлэгтэй хүн юм шиг байна /инээв/. 
-Бидний ярилцлага өндөрлөх цаг болжээ. Их олон зүйлийн талаар энгийн сайхан ярилцлаа. Төгсгөлд нь та юу гэж хэлмээр байна?
-Баярлалаа. Маш олон зүйлийн талаар их удаан ярилцлаа. Төгсгөлд нь гэж хэлэхэд таксины жолоочийн хувьд замын хөдөлгөөндөө соёлтой оролцох нь та өөрийнхөө болоод бусдын төлөө хийж буй хамгийн зөв үйлдлүүдийн нэг гэдгийг хэлмээр байна. Бид бусдын төлөө цохилдог зүрх сэтгэлтэй байхад амьдралаас аз жаргалыг эрэх шаардлагагүй болно. Учир нь аз жаргал үргэлж таны хажууд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.