НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Г.Ундармаа: Би хэдэн сая долларын нууц хадгаламжтай офшор данстан биш ч...

Б.Алтанхуяг     Нийтлэгч
10 сарын өмнө /2016-12-05 17:56:34 GMT +8 / | 5782 удаа уншсан

 

Сүүлийн үед жүжиглэхээсээ илүү хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж нийгмийн салбарт ажиллах болсон СТА Г.Ундармаатай “Итгэлийн танхим” төсөл болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Дайчин, зоригтой, эрч хүчтэй жүжигчин маань тайзны ард бол даруухан, намбалаг бүсгүйн дүрээр манай нээлттэй хаалгаар зочилсон юм. 

-Хошин урлагийн чадварлаг эмэгтэй жүжигчдийн бүрэлдэхүүнийг танигүйгээр төсөөлөх аргагүй. Харин сүүлийн үед урлаг гэхээс илүү нийгмийн сайн үйлсэд зүрх сэтгэлээ зориулж, ихээхэн анхаарал хандуулах болсон. Олон ч эмнэлэг тохижуулж, олон хүмүүст амьдрал бэлэглэж яваад тань талархал илэрхийлэх хэрэгтэй байх.
-Баярлалаа. Бусдад хамгийн их хэрэгтэй байгаа тэр зүйлийг нь өгөх гэж энэ бүхнийг эхлүүлсэн. Олон түмэнд хүндлэгдэх, тэднээс хайр хүндлэл хүлээх, нэр төрийн төлөө биш. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг шүү дээ. Хамгийн аюултай, хүний амьдралын тэсэхийн аргагүй хатуу мөчүүд эмнэлэгт өрнөдөг. Эмч нар бусдын алтан амийг аврахын төлөө хэчнээн зүтгээд ч техник технологийн дутагдал, алдаанаас болж хүний амь эрсдэх тохиолдол цөөнгүй. Тиймээс зүгээр л туслая гэж бодсон. Хүмүүст амьдрал бэлэглэдэг гэсэн чинь их сайхан сонсогдож байна шүү. 
-Харин таныг “буяны үйлстэн” гэж хүмүүс их ярьдаг юм билээ. Та ч үүнд жаахан эсрэг байр суурьтай ажиглагдсан.
-Тийм. Буян хийх гэдэг ондоо ойлголт шиг санагддаг. Нэг талаараа буяны үйлс мөн боловч би хүмүүст туслах үүднээс, хийж чадах зүйлээ хийж байгаа. Түүнээс нэг их буян хураах гэсэндээ биш. Хүн байна гэдэг өөрөө сайхан амьдрахын нэр биш. Бусадтайгаа цуг аз жаргалтай, халуун ам бүл, найз нөхдийнхөө хүрээлэлд амьдрах нь чухал гэж боддог. Хүнд үе бишгүй тохиолддог шүү дээ. Тийм л үед дэргэд нь байж бусдад тусалж чадах хэмжээгээрээ тус болж, гэрэл тусгахыг хүсдэг. Энэ л сэтгэлээс минь бүх зүйл эхэлсэн гэж болно. 
-Хүмүүс их ярьдаг, санаа зовнидог боловч өөрсдөө хөдлөж, хийж бүтээж чадахгүй зүйлс олон бий. Тэдний нэг нь яалт ч үгүй эмнэлгийн барилга байгууламж, техник технологийн асуудал. Би таныг их зөв зүйлийг олж харсан гэж боддог л доо...
-Үнэнийг хэлэхэд би ч өөрөө тэгж бодож байгаа. Хамгийн эрхэм зүйл эрүүл мэнд гэдэг биз дээ. Шалан дээр гудас дэвсэж эмчилгээ хийлгээд тэр хүний эрүүл мэнд дордоно уу гэхээс биш сайжрахгүй шүү дээ. Тиймээс эмнэлгийн өрөө, ор дэвсгэр, техник технологийг дээд зэргээр сайжруулах шаардлагатай. Тэгж байж л бусдын амь насыг аварна. Өнөөдөр эмчүүлж байгаа нэртэй, олон өвчтөн хүйтэн байшинд шалан дээр хэвтсээр л байгаа. Тийм газар өчнөөн бий. Харин би бүгдийг засч чадах хэмжээний их хөрөнгө мөнгөтэй биш юмаа гэхэд чадах чинээгээрээ сайжруулахыг хүсч байна. Хүмүүс ч миний ажилд туслаж, сэтгэлээрээ дэмжиж хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа. 
-Энэ ажлыг эхлүүлэх болсон нэг шалтгаан бол таны аав. Та өөрөө ярьж байсан шүү дээ. “Аав минь өвдөөд Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Аавыгаа сахиж байх хугацаанд тухайн эмнэлэгт эмчлүүлэгсэд чулуун шалан дээр гудас дэвсээд унтчихсан, төмөр сандалтай, өрөө хүрэлцэхгүй байгаа зэргийг харахад үнэхээр эмзэглэмээр байсан” гэж. Тэр үеийн дүр зураг таны бодлоос огтхон ч салахгүйгээр өрцөнд тань үүрэлчихсэн байсан юм шиг ээ. Энэ байдал их нөлөөлсөн байх, тийм үү?
-Тийм. Өвчин зовлонгүй ч гэлээ би тэр үед эмнэлгээс сэтгэлийн өвчин тээгээд гарсан. Төмөр сандал дээр суугаад л, аавыгаа сахиж байгаа охинд ч тухгүй байсан. Зүгээр сахиж суугаа хүмүүс нь өвдөх магадлал өндөртэй. Анх баригдсанаасаа хойш огтхон ч засал хийгээгүй, яг хуучин хэвээрээ байх шиг санагдсан. Түүнээс хойш энэ талаар их боддог болсон. Хааяа бодолдоо түүртээд сэтгэлийн дарамттай явах ч үе байлаа. Тэгээд л нэг өдөр зориглож эмнэлэг сэргээн засварлах ажил эхлүүлэхээр шийдсэн. Эцсийг нь үзнэ гээд ханцуй шамлаад л дайрчихсан даа. Таван жилийн өмнө “Ард Аюуш” гэдэг нэртэй зурагтын реалити шоунд оролцсон. Оролцсон хүмүүст “Нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүст тус зүйл хийхийг даалгавар болгосон. Тэр нь юу ч байж болно, чөлөөтэй” гэсэн шаардлага тавьсан. Миний толгойд шууд л Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрыг янзлах санаа орж ирсэн. Судлаад үзэхэд Улсын клиникийн нэгдүгээр амаржих газарт өдөрт нийт 50 хүүхэд мэндэлдэг. Шинээр мэндэлсэн хүүхдүүд дээр хамгийн багадаа таван хүн ирдэг гэж үзвэл хүлээлгийн танхимаар өдөрт 250 гаруй хүн үйлчлүүлдэг байгаа юм. Тухайн үед надад шинээр мэндэлсэн үрсээ эмнэлгийн гаднаас, цонхны цаанаас олж харах гэж догдолсон аавуудын төрх буусан. Сайн ч харж чадахгүй, сэтгэлээ баясгасан болоод л буцдаг. Яг тэр үед хүлээлгийн танхимыг нь засварлаж, аавуудын өрөө бий болгоё гэж бодсон. Азаар тэнд нэг жижигхэн сул өрөө байсныг хүүхдийн өрөө шиг тохижуулж, аавуудын өрөө болгосон. Хүлээлгийн танхимаа ч засварласан. Камер байршуулж, аавууд шинээр мэндэлсэн хүүхдээ дүрс бичлэгээр хардаг, хайртай гэргийтэйгээ ярьж биеийг нь асуудаг, нялх үрийнхээ дууг сонсдог болгож өгсөн. Тэмцээндээ ялж хүмүүс их баяр хүргэж урмын үг харамгүй хайрлаж байсан. Энэ үйл явдал их нөлөөлсөн. Хүн зоригловол хийж бүтээж чаддаг юм байна, би цааш нь үргэлжлүүлэх ёстой гэж бодсон. Ер нь манай Улсын эмнэлгүүдийн орчин нөхцөл хөгжилтэй орнуудын жишигт хүрч чадахгүй байгаа нь надад нэгийг бодогдуулсан байх. 

-Өөр нэг асуудал байна. Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засч тохижуулж, анх удаа аавуудын өрөөг бий болгон камержуулах ажлыг гүйцэтгэхэд 26 сая төгрөг зарцуулсан. Та үүнийг хувиасаа гаргасан. Цаашид хийж бүтээсэн ажлууд ч бас нэлээд их хөрөнгө шаардсан байх. Хэн нэгнээс тусламж, дэмжлэг авч засварын ажил гүйцэтгэх санхүүг шийдсэн үү, ихэнхдээ өөрөөсөө гаргаж байна уу гэсэн асуулт ургана. Тэгэхээр зарим хүмүүс Ундармаа их мөнгөтэй, баян хүүхэн юм гэж ярих болсон. Үүнд юу гэж хариулахгүй вэ?
-Харин тийм. Хааяа энэ тухай бодохоор инээд хүрдэг шүү. Ямар их хөрөнгөтэй хүүхэн бэ, за яахав сайн үйлд зарцуулж байгаа юм чинь гэж ярих хүмүүс нэлээд бий болж байх шиг. УНТЭ-ийн ЯТТ-ын хүлээлгийн танхимыг засч тохижуулах ажлын хүрээнд иргэдийн хүлээлгийн танхим, өвчтөний үзлэгийн өрөө, эмч нарын ажлын өрөө, амралтын өрөө гээд нийт 220 метр квадрат талбайг 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар янзалсан. Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн өдөрт 500 өвчтөн, тэдний ар гэрийнхэн гээд 700 гаруй хүн үйлчлүүлдэг Зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг бүрэн засч тохижуулсан. Нийт 220 метр квадратыг, эмчлүүлэгсэд болоод хүүхдүүдийн тоглох өрөөнөөс эхлээд хүлээн авах хэсэг гээд нийт 89.2 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийсэн. Хан-Уул дүүргийн Яармагийн эмнэлэг гээд цааш яривал олон бий учраас энэ хэдийг жишээ авч байгаа юм. Ер нь хийсэн бүх ажлаа нэгтгэн дүгнэж үзэхэд 250 сая төгрөг зарцуулсан байсан.
-Маш их мөнгөний тоо гарч байна шүү?
-Тийм. Энэ бүхнийг би хувиасаа гаргана гэдэг хэцүү. Би Оросын тэрбумтан, Холливудын асар их хөрөнгөтэй жүжигчин эсвэл хэдэн сая ам.долларын хадгамлажтай нууц оффшор данстан биш шүү дээ. Маш олон байгууллага, хүмүүс надад тусалсан. Тэдний сайхан сэтгэлийн өргөл, хандиваар энэ бүхэн амжилттай хийгдсэн. “Итгэлийн танхим” төсөлд тусгагдсан эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд “Алтай констракшн”, “MCS”, “Юнител” зэрэг албан байгууллагаас гадна хувь хүмүүс ч хандив өргөсөн. Миний бүх төсөлд “Анун” компани тавилгаар хангаж, “Тефло монтаж” гээд компани бүх цахилгааний асуудлыг шийдвэрлэж өгдөг. Төслүүдийн нийт өртөгийн 18 хувийг би өөрийн зүгээс гаргасан. Бас хандив л гэсэн үг. АНУ-аас хүртэл гурван ээж 10 сая төгрөг хандивлаж байснаас гадна фэйсбүүкээр дамжуулан зураач охид “Итгэлийн танхим”-д зураг зурж, өөрсдийн чадах бүхнээр тусалсан. Би тэр бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Бусдад хүнд хэцүү үед тохиолдоход сэтгэлийнхээ сүү шиг цагаан гэрлийг тусгахдаа тэд үргэлж бэлэн байдаг. Хүмүүс ингэж их дэмжиж, бусдад туслах гэж хэчнээн их хичээл зүтгэл гаргаж байгааг нь харахаар хааяа баярласандаа уйлмаар ч юм шиг болдог. /инээв/ Би тэр үед бусад хүмүүс юу ярьж байна, намайг баян цатгалангаар минь дуудаж байна уу гэдэгт анхаарал хандуулж чаддаггүй. Анхаарал хандуулах ч зүйл биш гэдгийг мэднэ. 
-“Итгэлийн танхим – Хавдрын эсрэг” уриатай төслийг өнгөрсөн жилээс амжилттай хэрэгжүүлж, энэ жил ч гэсэн үргэлжлүүлэн хийж бүтээсээр явна. Энэ төсөл анх хоёр жилийн хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн. Цаашид тэгэхээр үйл ажиллагаа явуулахгүй гэсэн үг үү?
-Ямартай ч хийж чадах бүхнээ хийнэ. Гэхдээ би байнга эмнэлэг тохижуулж, засварын ажлыг нь хийгээд явж чадахгүй. Учир нь би тийм баян хүн биш шүү дээ. Хүмүүс ч байнга хандив өгнө гэж үгүй. Манай эдийн засаг үнэхээр доошоо орчихсон байгааг ам.долларын өсөлт хангалттай харуулж байна. Өнгөрсөн онд “Итгэлийн танхим” төсөлдөө маш их цаг гаргаж, анхаарал хандуулж ажилласан, энэ жил ч гэсэн. Харин цаашид чадах хэмжээгээрээ оролцоно. Гэхдээ би мундаг улстөрч, бизнесмэн биш учраас хүндрэл их бий. Биднийг тусалж дэмжих, сайхан сэтгэлтнүүд олон байсан учраас эмнэлэг тохижуулалтын ажил маань амархан бүтдэг. Нэг эмнэлэгт засварын ажил хийхэд хамгийн багаар бодоход л зургаан сар орчим ажилладаг. Эхний дөрвөн сард дизайнерын бүх ажлыг хийж гүйцэтгэнэ. Мэдээж энэ их чухал учраас хугацаа их зарцуулдаг. Зураг гарсны дараа барилгын компаниа олж, нийт төсвөө тооцно. Үүний дараа мөнгө босгох ажилдаа ордог. Харин тав дахь сараас нь барилгачид ажлаа хийж эхлэх бөгөөд сүүлийн сард өөрөө бараг өдөр, шөнөгүй цуг байдаг. Хамгийн гол нь өөрөө материалдаа явдаг, худалдаж авдаг. Яагаад гэвэл хүмүүс дундаас нь мөнгө унагаах гээд чанаргүй материал авчих магадлал өндөр. Дээр нь чанартай сайн материалыг хоорондоо ярилцаж, тохиролцоод хямдруулаад авчих хүн ховор. Ер нь ч хийж буй зүйлдээ сэтгэл гаргахгүйгээр зүгээр л нэг нүүрээ будаад орой нь угаачихдаг шигээ халтуурдаж болохгүй биз дээ. Хувиасаа ч чамгүй мөнгө гаргадаг, түүнийгээ бусдад өгч буруу үйлд зарцуулмааргүй байдаг. Цаашид энэ ажил үйлсийг үргэлжүүлж хийх дайчин, зоригтой эмэгтэйчүүд, шударга, сайхан сэтгэлтэй эрчүүд олон бий гэдэгт би итгэдэг. Бусдынхаа сайн сайхны төлөө хүн бүр аливаа нэг үйлийг эхлүүсэй, түүнийгээ бүрэн дүүрэн хийж гүйцэтгээсэй гэж боддог. Сүүлд нь та өөрийгөө ямар их аз жаргалтай байгааг мэдрэх болно. 
-Хоёулаа энэ сэдвийг ингээд орхиё. Бага насны чинь тухай ярилцмаар санагдлаа. Таныг “Дугуй цагаан” гэж хочилдог байсан гэсэн. Яагаад ийм хочтой болчихов?
-Олон нийт энэ хочийг маань их мэддэг болж байх шиг байна. “Дугуй цагаан” гээд дууддаг болохвий дээ. /инээв/ Тухайн үедээ хааяа ичдэг. Гэхдээ нэг их тоодоггүй басан. Одоо бодоход ямар нэгэн хоч зүүнэ гэдэг бага насны хөгжилтэй, гэгээлэг дурсамжуудын нэг юм шиг санагддаг. Хүн өнгөрсөн хойно нь тухайн анзаараагүй зүйлсийн үнэ цэнийг ухаардаг шүү дээ. Би эмээгийн хайртай охин байсан. Буурал ээжийнхээ хашаанд байнга очиж, гадаа гарч ёстой нэг дураараа эрхэлж нааддаг байлаа. Тэр үед эмээгийн маань хашаанд Батмөнх гэж эмчийнх байсан юм. Надтай нас чацуу, дээр нь яг адилхан Ундармаа гэдэг нэртэй охинтой. Тэгээд бид хоёрыг ялгахын тулд улаан Ундармаа, цагаан Ундармаа гээд нэрлэчихсэн. Сүүлд дугуй цагаан болж хувираад олон жил надтай хамт явсан даа. Жаахан мяраалаг, дээр нь цагаан царайтай байсан болохоор тэр байх. 
 

Зовох цагт нь туслахдаа монголчууд үргэлж бэлэн байдаг

-Оюутан болоод энэ нэрнээсээ салсан уу, одоо ч ойр дотнынхон чинь хааяа дугуй цагаан гэж дууддаг уу?
-Арван жилтэй маань цуг энэ хоч ард хоцорсон. Чи харин сануулчихлаа. 
-Хүн бүхэн өдөр бүр өөр өөрийн араншинтай байдаг. Урд өдрийнхөөсөө огт өөр хүн болчихсон байх нь ч бий. Та өмнө нь хэвлэл мэдээллээр олон ярилцлага өгч байсан хүн. Сэтгүүлчид амьдралын тань талаар хангалттай яриулчихсан, уншигчид таныг ямар хүн бэ гэдгийг сайн мэднэ. Гэвч надад өгөх хариулт чинь бас өөр байна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс би урьд нь хэн нэгэн асуучихсан ч байсан хамаагүй таны гэсэн бүхнийг мэдэхийг хүсч байна л даа. Тийм ч учраас бүр бага наснаас тань эхэлсэн юм. Та урлагийн хүн болох гараагаа Эрдэнэтийн “Хүүхэлдэйн театр”-аас эхэлсэн гэдэг байхаа...

Эцсийг нь үзнэ гээд Ханцуй шамлаад л Дайрчихсан

-Хүнд урлагийн гэр гэж байдаг. Жүжгийн бэлтгэлийн үеэр тухайн газраа хонож өнжин ажиллахаар бараг гэр шиг дотно болдог шүү дээ. Түүнтэй адилхан Эрдэнэтийн “Хүүхэлдэйн театр” миний урлагийн гэр юм даа. Тэндээс л би өөрийгөө нээсэн, олсон, цаг мөч өнгөрөх тусам Ундармаа гэдэг хүнийг урлаг хүмүүжүүлж, бүтээж байсан. Миний ээж бүжигчин байсныг уншигчид сайн мэдэх байх. Тиймдээ ч намайг тухайн үеийн театрынхан “Бүжигчин Туяагийн охин. Мундаг бүжиглэх нь тодорхой” гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгээд нэг казах бүжиг бүжиглүүлэхээр болж ээж хувцсыг нь олж өгч байсан. Анх удаа ингэж л тайзан дээр гарсан даа. Тухайн үед ээж минь охиноо ямар их өхөөрдсөн харцаар харж, хайрлаж байсан бол гэж бодохоор сайхан санагддаг. Яг тэр үеэс л өнөөг хүртэл явж ирсэн. 
-Бүжигчин ээжийн амьдрал таныг урлагийн зам руу ороход их нөлөөлсөн юм байна, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Хар багаасаа ээжийгээ дагаж гуч машины кабин дотор суугаад л аялан тоглолтоор явдаг байсан. Тухайн аймгийн сум, бригадаар ихэвчлэн явж тоглодог. Ээжийг минь маань жаахан хүүхэдтэй болохоор намайг тэврээд кабинд суугаад яв гэнэ. Харин ээж минь “Өө, яах юм бэ, дээр ахмадууд байгаа. Нэгэнд нь Ундармааг тэврүүлээд суулгачихъя. Би өөрөө ачаан дээр явчихна” гэдэг байсан. Ээж гарч бүжиглэх болоход намайг нэг хүн тэврээд л үлддэг байсан. Би ч хүнээс нэг их гэрэвшидэггүй охин байлаа. Зургаан настай байхдаа л ээжийг тайз руу гарч бүжиглэх үед дараагийн үзэгдэлд өмсөх хувцсыг нь бариад хөшигний ард зогсож байдаг байсан. Хамт өнгөрүүлсэн олон сайхан дурсамжууд бий. 
-Та чинь Говь-Алтай аймгийн хүн байхаа. Нутгаа санадаг уу. Хүмүүс сэтгэл нь тавгүйтсэн үедээ нутаг усаа хамгийн их санадаг гэж ярьдаг. Та мөн тэгдэг болов уу?
-Би уг нь Говь-Алтай аймгийн Алтай хотын хүн л дээ. Одоогийн Есөнбулаг сумынх. Миний бага насны шувуу шиг шулганаж, дэрвэлзэн нисч явсан өдрүүд тэнд өнгөрсөн. Хааяа дурсамжаа хөврүүлж суухдаа нутаг усаа их санадаг. Ер нь тэгээд амьдралд ухаажих тусам хүн өнгөрсөн рүүгээ их тэмүүлдэг юм билээ. Нутгийнхаа салхинд үсээ хийсгээд жаахан охин шиг дуулж, эрвээхэй хөөж гүймээр санагдах үеүд зөндөө. Бүр зүүдэнд хүртэл орж ирнэ шүү дээ. Сэрээд нутаг минь намайг дуудаж байгаа юм болов уу гэж бодно. Ер нь зав л гарвал нутгаа зорихыг хичээх болсон. Гэхдээ энд надад хийх зүйл их байгаа учраас хүсэл тэмүүлэлдээ жаахан хориг тавиад л байна.

-Урлагийн хүний амьдрал цаг наргүй их хэцүү байдаг гэж ярьдаг. Мэдээж тоглолттой үед бол гэр бүлийнхэнтэйгээ ч ховорхон таарах тохиолдол бий. Мөнхүү хүмүүс тухайн хүний бүтээсэн зүйлд өөнтөгч ханддаг, шүүмжлэх гээд байдаг. Тэр бүхнийг хэрхэн хүлээж авч байв. Шантрах үе байв уу. Уг нь та багадаа эмч болох мөрөөдөлтэй байсан гэсэн. Энэ мөрөөдлөөсөө юуны учир татгалзах болсон бэ?
-Жаахан байхдаа л тэгж мөрөөддөг охин байсан. Цагаан халаат дэрвүүлээд ажилдаа яаран гүйж яваа эмч нарыг харахад их гоё санагддаг байж. “Хүнийг урт наслуулдаг” хүмүүс гэж буурал ээжий минь хэлсэн нь их сайхан сонсогдсон байх. Тэгээд л жаахан охин заавал эмч болно доо гэсэн мөрөөдлөө жигүүрлэн гүйж байсан байхгүй юу. Гэтэл нэг л өдөр ээжийгээ дуурайж бүжигчин болохоор шийдээд сүүлдээ жүжигчин болчихсон юм л даа. Хүний амьдрал юм хойно хэцүү үе байсан. Гэхдээ би хэцүү байна, хүмүүс намайг шүүмжилж байна гэдэг талаар огт боддоггүй. Ер нь шантарч байна гэдэг чинь өөрийгөө олоогүй, өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээгүй байна гэсэн үг. Би бол тодорхой хэмжээнд өөрийгөө олж, нээсэн гэж боддог. Тийм ч учраас аливаа зүйлээс халширч үзээгүй. 
 

Ер нь шантарч байна гэдэг чинь өөрийгөө олоогүй, өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээгүй байна гэсэн үг. Би бол тодорхой хэмжээнд өөрийгөө олж, нээсэн гэж боддог. Тийм ч учраас аливаа зүйлээс халширч үзээгүй. 

-Уран бүтээлийн чинь талаар ярилцъя. Та “Тютю” хэмээх бүрэн хэмжээний кино зохиол найруулан тавьсан. Маш хүнд сэдэвтэй. Яагаад заавал энэ сэдвийг барьж авах болов. “Тютю”-гээр дамжуулан юуг илэрхийлэхийг хамгийн их зорьсон бэ?
-Чиний хэлдэг үнэн. Сэдвийн хувьд маш хүнд байсан. Тиймээс ч жаахан зөөллөж харуулсан. Киноны зохиолыг Г.Бадамцэрэн гэдэг зохиолч эмэгтэй надад санал болгосон. Хүчирхийлэл, гэр бүлийн дарамтын талаар маш зоримог хөндөж бичсэн байсан. Яалт ч үгүй хийх ёстой сэдэв гэж бодсон. Эмэгтэй хүн бол бүх зүйлийн эхлэл, үндэс байдаг. “Бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шүү дээ. Гэргий хүн аз жаргалтай байвал тухайн айл гэрэл гэгээтэй байна. Нийгэм маань ч дагаад саруулшина. Хамгийн гол нь хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо “Тютю”-гээр дамжуулж илэрхийлсэн. Эмэгтэй хүн хэдийд хамгийн аз жаргалтай байдаг хийгээд төрсөн эцгийнхээ төлөө өөрт байгаа бүхнээ золиослох зориг, тэвчээр хатуужилтай байдаг. Нөгөөтэйгүүр хайр сэтгэлийн үнэ цэн болон нөхөрлөл юун дээр тогтдог вэ гэх зэрэг амьдралын утга учрыг дотроо агуулж байдаг бүх л зүйлсийг нэгтгэн зангидахыг хүссэн. Эмэгтэйчүүдийн дотоод сэтгэл рүү өнгийвөл та юу харж чадах вэ? гэсэн асуултад “Тютю” хариулж чадсан байх гэж боддог шүү.
-Кинонд 1980-аад оны үйл явдал өрнөдөг. Үүгээрээ онцлог шийдэлтэй бүтээл болсон гэж шүүмжлэгчид үзэж байсан. Нөгөөтэйгүүр манайхан өөрсдийн ганц мэддэг балетын урлагийн сор бүтээлд тооцогдох “Хар хун”-тай холбож түүний хуулбар ч гэцгээж байсан шүү дээ.
-Гол эмгэнэл нь үүнд байлаа. Манайхан ерөөсөө балерина урлагийн талаар ойлголтгүй юм билээ. Тиймдээ ч “Хар хун”-тай холбож байсан. Киноныхоо гол дүрд ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн оюутан охиныг тоглуулсан. Мэргэжлийн балетчин. Зүгээр нэг бүжигчин охин энэ дүрийг амилуулж чадахгүй гэдгийг сайн мэдэж байсан. Тиймдээ ч дүрээ сонгох гэж нэлээд зүдэрсэн л дээ. Гэхдээ эцсийн мөчид зөв сонголт хийж чадсан гэж бодож байгаа. Монголын анхны мэргэжлийн балетмейстер нь Д.Лхасүрэн гуай бөгөөд С.Гончигсумлаагийн хөгжмөөр 1958 онд “Ганхуяг” хэмээх анхны бүрэн хэмжээний үндэсний балетыг дэглэн найруулсан нь бидний оюун санаанд томоохон амжилт болсон. С.Гончигсумлаа гуай бүтээлийнхээ агуулга, утга санааг илтгэсэн, түүнээ илэрхийлж чадсан хөгжмийн өгүүлэмжийг маш чадварлаг гаргаж чадсаны дээр бүжгэн жүжгийнхээ баатруудыг хөгжмийн дүрээр тод товгор зурж чадсан гэж бий боддог. Харин “Тютю” анх үүссэн балетын урлагтай харьцуулахад нэгэн зууны өмнөх үйл явдал өрнөдөг. Тиймээс энэ бүтээлдээ харьцуулж, арай ондоо шийдлээр киногоо бүтээхийг хүссэн. 

-Мөнхүү "Single ladies" инээдмийн уран сайхны кино хийсэн. Ер нь эмэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн бүтээлүүд дээр их анхаарал хандуулж ажиллаад байх шиг. Зарим талаараа хөнгөн үйл явдалтай, инээдмийн жанрын кино боловч утга санааны хувьд мөн л өнөөгийн нийгэмд охид бүсгүйчүүдэд тулгамдаад буй дийлэнх асуудлыг зоригтойгоор хөндөж чадсан гэж хэлж болно. Гэхдээ жинхэнэ уран бүтээл заавал нийгмээс хамааралтай байж болохгүй гэж зарим мэргэжлийн судлаачид үздэг. Үүн дээр та ямар байр суурьтай ханддаг вэ?
-Ер нь өнөөгийн нийгэмд амжилттай ажиллаж, амьдарч яваа хүмүүсийн ихэнх нь ганц бие бүсгүйчүүд юм уу аль эсвэл өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг. Тэд хэн нэгэн эрийн эрхшээлд орж өөрсдийн эрх чөлөө, хүсэл тэмүүлэлд хориг тавина гэхээс айдаг болсон. Энэ бол нууц биш зүйл. Түүнийг л харуулахыг хүссэн. Ер нь нийгэмд тулгамдаад буй асуудлыг дэлгэцийн бүтээлээр түлхүү хүргэж хүмүүст нэгийг бодогдуулах юмсан гэж хүсдэг.  Дээр нь цахим ертөнцийн талаар ч бодитой асуудлыг хөндөж чадсан гэж боддог. Өнөөдөр хэн хүнгүй фэйсбүүк хуудастай болоод хүссэн зураг, мэдээллээ оруулж байгаа. Гэвч тэр бүхэнд тодорхой хэмжээний хяналт тавьж, бусдын эрх ашгийг зөрчсөн янз бүрийн бичлэг болон хориотой мэдээлэл оруулах тал дээр хязгаарлалт хийдэг ямар ч газар алга. Цахим сүлжээгээр бид найз нөхөд болон, ойр дотнынхонтойгоо сайн сайхан мэдээллээ хуваалцаж байдаг. Гэтэл хэн нэгэн таалагдсан эмэгтэйн зургийг хуулж тавиад, шинэ хуудас нээчихээд дуртай хүн рүүгээ юм бичдэг болсон. Үүний эсрэг байр сууриа илэрхийлсэн юм. Яахав зарим хүмүүс хэтэрхий нийтлэг талтай гэж ойлгоод байх шиг. Уран бүтээл нийгмээс хэт хөндий болчихвол үнэнээс зөрдөг. Урлагийн ямар ч төрөлд нэг зүйлийг би хатуу баримтлах хэрэгтэй гэж боддог. Тухайн зүйл үнэн байх ёстой. Гол шалгуур нь энэ. Тиймдээ ч би хэт хөндий, ахуйгаас тасарсан бүтээл хийхийг хүсээгүй. 
-Бас нэг талаараа үнэн байх. Зарим нь хэт чамирхал, хоосон хэлбэр хөөсөн ойлгомжгүй утга санаа бүхий уран бүтээл хийчихээд асуултад хариулахдаа, далд утгыг нь хүмүүс ойлгохгүй байгаа юм. Манайд дээд зэргийн үзэгч алга гэж хариулдаг...
-Монголчууд дэлхийн дайтай сэтгэдэг хүмүүс. Мундаг том эрдэмтэд, сонгодог урлагаар дэлхийн байлдан дагуулж буй олон залуучууд байна. Тэдний сэтгэлгээг дорд үзэх явдал жирийн нэг найруулагчид байх ёсгүй. Яахав гүн гүнзгий утгатай кино хийж болно. Үнэхээр чадварлаг найруулгатай, сайн уран бүтээл болсон бол мэргэжлийн шүүмжлэгчид заавал дуугарна. Үүнд би итгэлтэй байдаг. 
-Сүүлийн үед та “Инээмсэглэл” сэдвээр лекц уншиж байгаа сонсогдсон. Энэ талаараа ярихгүй юу. Мөн эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлын талаар хөндөж ярьсан уу? 
-Миний хамгийн их ярих дуртай сэдэв юм л даа. Өнгөрсөн оноос лекц уншиж эхэлсэн. Хүн их хувирамтгай амьтан. Өглөө гэрээсээ инээмсэглэж гараад юунд ч юм санаа зовж орой нь уйлж гэртээ орох тохиолдол байдаг. Бүсгүйчүүд ер нь ямар үед аз жаргалыг бүрэн дүүрэн мэдэрч чаддаг юм бэ, бусдад яаж гэрэл гэгээ түгээх вэ, хэн нэгэнд гомдож тунирхаад яваад байвал бид өөрсдийн гэсэн сайн сайхан үйлсийг эхлүүлж, хүмүүст амьдралын сайхнаас хуваалцаж чадах бил үү? гээд маш олон асуулт урган гардаг. Энэ бүхэнд хариулахыг хичээсэн. Олон ч сэдвээр лекц уншиж байгаа. Анх би нөхөртөө “Намайг нэг телевиз дуудаад ярилцлагад орохыг урилаа. Би юу ярина аа” гэж хэлсэн. Гэтэл манай нөхөр “Чи өөрөө энэ бүх ажлыг хийсэн биз дээ. Хийсэн хүнд хэлэх зүйл байдаг юм шүү дээ” гэж хэлж байсан. Би үүнээс маш их урам авсан. Өөртөө итгэх итгэлтэй болж, бусдад хэлэх зүйлтэй хүн гэдгээ тодорхой хэмжээнд ухаарсан. Эмэгтэйчүүдийн тухай “Single Ladies” “Тю Тю” гээд хоёр өөр жанрын кино хийсэн. Тэр бүртээ эмэгтэй хүний талаар нарийн мэдээлэл цуглуулж, эргэцүүлж, олон талын судалгаа хийсэн. Энэ бүхнийгээ дүгнээд үзвэл надад бас лекц уншихад тодорхой хэмжээний мэдлэг, мэдээлэл байгаа гэдэгт эргэлзэхээргүй болсон. Дунд сургуулийн хүүхдүүд, эмэгтэйчүүд намайг уулзалтад их урьдаг. Тиймээс би өөрийн тархинд байгаа зүйлтэйгээ очихоос илүү тэдэнд зориулж судалгаа хийсэн, уншсан мэдсэн зүйлтэй очих дуртай. Одоо бол энэ ажилдаа дурлаад байгаа шүү. /инээв/
-Та өмнө нь жүжиглэхийн сацуу “Анун” төвд ажилладаг байсан гэдгийг уншигчид сайн мэднэ. Тиймдээ ч таны цуглуулга их өвөрмөц гэж сонссон...
-Миний амьдралын 13 жил “Анун” компанитай холбоотой. Олон сайхан дурсамжийг бүтээсэн газар. Хааяа ганцаараа байхдаа би дурсамжуудаа нэхэн санадаг. Маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Борлуулалтын ажилтнаас захирал хүртлээ дэвшсэн. Тэр бүх хугацаанд хүн хөдөлмөрлөвөл амжилтад заавал хүрдэг гэдгийг сайтар ойлгосон. Оройн таван цаг өнгөрөөгөөд тоглолтондоо очиж орчихоод хийж дуусгаагүй ажил байвал эргэж ирээд л гүйцээдэг байлаа. Хүмүүсийн хобби янз бүр шүү дээ. Сонирхлынхоо дагуу сонин содон зүйлс цуглуулдаг, тэр нь ирээдүйд хувь хүний хийгээд, улсын түүх болж үлдэх нь ч бий. Харин минийх бол даруухан цуглуулга. Үнэхээр ажиллаж байсан газартай минь холбоотой байх. Надад олон жижиг сандлын цуглуулга бий. Сандлын сувинер гэж хэлж болно. Миний цуглуулга төмөр, модон, шилэн, даавуун гээд их олон загварын сандлаас бүрддэг. Хамгийн үнэтэйг нь Бээжингээс 50 ам.доллараар авч байсан. Цуглуулга маань нэлээд өргөжсөн. Яг хэд болсныг  одоогоор тоолж үзээгүй л байна. Дэлхийн олон орноос авчирсан этгээд загварын сандлууд ч бий. Намайг сандал цуглуулах дуртайг найз нөхөд минь мэддэг болсноос хойш цуглуулга маань улам ч арвижсан даа.
 

-Ер нь ямар ч цаг үед зорилготой байхыг эрмэлзэж явдаг таны хувьд амьдралын баримталдаг зарчим юу вэ?
-Ажил төлөвлөчихөөд түүнийгээ хийж гүйцэтгэх үедээ нэлээд зарчимч зантай болчихдог. Хийх зүйлээ үнэнч шударгаар гүйцэтгэхийг л цаг үргэлж эрхэмлэж явдаг. Хааяа зорилгогүй сул дорой байдалтай болох ч үе бий. Юу ч хиймээргүй, зүгээр л ном уншиж хэвтэхийг хүсдэг. Хааяа бүр зүгээр л цонх ширтээд суумаар болно. Би чинь бас эмэгтэй хүн шүү дээ. Гомдож тунирхсан үедээ өөртөө итгэх ямар ч итгэлгүй болчихдог юм.
-Ном унших дуртай гэлээ шүү дээ. Ихэвчлэн ямар төрлийн ном уншдаг вэ?
-Хийж буй ажлаасаа шалтгаалж унших үе бий. Тааваараа, дуртай нэг зохиолын номоо бариад суух ч бас сайхан байдаг. Сүүлийн үед хийж буй уран бүтээлтэйгээ холбоотой олон ном их уншсан. Харин одоо бол кино зохиолууд уншаад нэлээд завгүй байгаа. 
-Тэгвэл удахгүй шинэ уран бүтээл төрөх нь ээ?
-Бүтээл цагаа олж гардаг байх гэж боддог. Ямартай ч бид хэн нэгний шахалт шаардлагаар биш үргэлж дотор минь асч, өсөн бойжиж байдаг хүсэлдээ хөтлөгдөж бүтээлээ хийдэг. Ямар ч үед шантрахгүйгээр урагшлах нь л хэрэгтэй. Надад бусад нь юу гэж хэлсэн нь хамаагүй. Учир нь би өөрийнхөө мэргэжилд хайртай. Анхнаасаа хийнэ, бүтээнэ, чадна гэж бодож л энэ замыг сонгосон бол төөрсөн ч бай ухралгүйгээр шинэ зам зурж чадах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.