НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Багшаа бус, цолоо дээдэлдэг Монгол бөх

Б.Ерэнтэй     Нийтлэгч
4 жилийн өмнө /2016-12-02 11:50:12 GMT +8 / | 7474 удаа уншсан

Бидний монголчууд төрөө дээдэлж, багшаа хүндэлдэг уламжлалт ёс суртахуунтай ард түмэн. Тиймээс “Төрийн минь сүлд өршөө, түүнчлэн номд мөргөмүү, багшид мөргөмүү” гэж хэлдэг. Дэлхийн бусад улс оронд ч ийм байх. Харин зарим бөхөд багшаа бус цолоо илүү хүндэлдэг бичигдээгүй хууль үйлчилдэг ажээ. Авсан цол бөхчүүдийн хувьд амьд багшаас үнэ цэнтэй болдог шалтгаан нь Монгол бөхийн алдар цолонд хүрэх зам нь “амьдралын төлөөх чонын өрсөлдөөн”-ий мөн чанар агуулсан Байгалийн шалгарлын хуулиар явагддагийг хэтрүүлэн ойлгосон өөрсдийнх нь буруу дүгнэлтэд оршино…
Ахлах цолтонгууд тухайн үед доороос цоорон гарч ирж байгаа, өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдийг “барын зулзагыг бага дээр нь” гэж амлан авч хаяна. Эсвэл амлалгүй үлдээж тунаа, мушгианд хооронд нь барилдуулан нэгийг нөгөөгөөр нь даруулна. Цолгүй бөхчүүд ах нарын энэ шалгуурыг давж байж үнэхээр сайн бол аварга арслан цолонд хүрнэ. Ингэж шинээр гарч ирсэн бөхчүүд цолоо авангуут хойч үеийн залгамж халаа бөхчүүдэд, өөрт нь хэрэглэж байсан “барын зулзагыг бага дээр нь” гэдэг аргыг хал цэргийн дэглэлт мэт уламжлуулан хэрэглэдэг.
 Нэгэнт “амьдралын төлөөх чонын өрсөлдөөнөөр” явж цол авсан болохоор өөрөөс нь доош цолтойчууд ахмад настай байна уу, бөхийн эрдэм заасан багш нь байна уу гэдгийг үл харгалзана, бүүр тэдэнд томорно. Айлд хамтдаа ороход нас үл харгалзан ахлах цолтой нь дээр нь сууж, хоол цайны дээжийг эхэлж хүртэнэ. Гэрийн эзэнтэй эхэлж яриа үүсгэнэ гэх мэт. Улсын их баяр наадмын ам авдаг даваанд ахлах цолтой бөхчүүдийн зарим нь бага цолтой жижигчүүлээс аль бяр чадал муутай, нас ахисан таарууг нь (сүүлийн үед санхүүгийн чадавхи муутайг) сонгон амлаж ид хаваа гайхуулан хаядаг.
Бөхчүүд баяр наадамд ам авч өрсөлдөгчөө сонгох нь жирийн эгэл хүмүүний ёсонд үл нийцэх, бидний санаанд хүрэхгүй, тухайн бөхийг бусдад дээрэлхэж байгаа, улмаар жудаггүй, хүний мөсгүй (совесть) мэт харагдуулдаг тал бий. Гэвч зөвтгөх үндэслэл нь Монгол бөхийн бусад спортоос ялгагдах уламжлалт философи нь цолны эрэмбээр ам авч барилдахад байгаа билээ.

Монгол бөхийн цолоо дээдэлдэг энэхүү уламжлалыг хэтрүүлэн жишээ болохуйц харуулсан олон хүчтэний нэг бол Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнх-Эрдэнэ арслан юм.
1980-аад оны дундуур Нийгмийн аюулаас хамгаалах яамны “Хүч” нийгэмлэгт бөх болох ирээдүйтэй хоёр сайхан цэрэг байлаа. Тэр үед “Хүч” нийгэмлэгийн залуучуудад Монгол бөхийн эрдэм заадаг багш нар нь улсын заан Д.Мягмар, Р.Давааням, улсын начин Д.Дашжамц. Сайн багш нарын хичээл зүтгэл, байгалиас заяасан өгөгдөл энэ бүхний нийлбэрээр тэдгээр залуус алдар цуутай монгол бөх болж тодорсон нь  өнөөдрийн Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан. Хоёул 1964 онд төрсөн, нас чацуу луу жилтнүүд. Д.Мөнх-Эрдэнэ 1986 оны Улсын баяр наадамд улсын шилдэг начин Ц.Улаанхүүгээр гурав давж наадамчин олныг шуугиулж байв. Тэр намраа Орост Нисэхийн сургуульд суралцахаар одсон. Харин Б.Бат-Эрдэнэ эх орондоо дээд сургуульд суралцаж, наадмын зүлэг ногоон дэвжээнээ жил алгасалгүй хүч үзсээр 1991 он гэхэд далай даян дархан аварга цолтой болсон байлаа.
Д.Мөнх-Эрдэнэ хээрийн галуу үл хүрэх хойт газраас эрдмийг өвөртөлж ирээд 1991 онд Улсын баяр наадмын 5-ын даваанд улсын начин Ч.Бямбадоржийг (1994 оны заан) хаяж начин болсон. Тэр хоёрын багш Д.Дашжамц талбайд алхаад, Ч.Бямбадорж начин “би унаагүй, давуулж шидэхэд нь дээр нь тусч хаясан” багшдаа тайлбарлаж уйлаад л, наадамчин олон цэргийн арслан Д.Мөнх-Эрдэнийг дэмжин уухайлж байсан дүр зураг одоо ч нүдэнд тодорч байна. Шударгаар хэлэхэд уг барилдаан хайн болсон бөгөөд дахиулах ёстой байсан. Ч.Бямбадоржийн дотнын анд том П.Сүхбат гарьд найзаа өмөөрч 6-гийн даваанд улсын шинэ начин Д.Мөнх-Эрдэнийг амлан зориуд хоёр барилдаж хоёр удаа илүүрхэн хаяж, энэхүү үйлдлээрээ хариуг нь авч сэтгэлийг нь тайтгаруулж байлаа.
Үүний дараа жилийн 1992 оны Улсын баяр наадмаас эхлэн хоёр Эрдэнийн үе эхэлж, өвөр хоорондоо үзүүр, түрүүнд таван удаа барилдсан түүхтэй.
Д.Мөнх-Эрдэнийг 1995 онд гурав дахь удаа үзүүрлэж улсын заан цолоо хоёр дахь удаа баталсны (одоогийнхоор бол 3 удаа 8 давж үзүүрлэсэн гарьд юм) дараахан МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн эчнээ хурлын шийдвэрээр түүнд улсын арслан цол олголоо гэж зарласан. Эчнээ хурлын шийдвэр гэж, Цэцийн 67 гишүүний олонхи нь тэдэнд тараасан санал асуулгын цаасан дээр Д.Мөнх-Эрдэнэ заанд улсын арслан цол олгохыг дэмжсэнийг хэлсэн юм билээ.
Номд мөргөмүү гэдгийн үлгэр жишээг үзүүлэн Орост суралцсан Д.Мөнх-Эрдэнэ ийнхүү 31 насандаа Цэцийн зөвлөлийн эчнээ хурлын шйидвэрээр улсын арслан цол аваад хойтонгийн 1996 оны наадмаас нь эхлэн жил дараалан Монгол бөхийн “багшид бус цолонд мөргөмүү” гэдэг философийг чанд мөрддөгөө батлан харуулсан.

“Будаг нь ханхалсан” шинэ арслан Д.Мөнх-Эрдэнэ 1996 оны Улсын баяр наадмын 3-ын даваанд өөрийн багш Д.Дашжамц начинг (42 настай), 4-ийн даваанд өөрийн багш Д.Мягмар зааныг (47 настай) амлан авч хаясан. Дараа жил нь 1997 оны Улсын баяр наадмын 4-ийн даваанд мөн л өөрийн багш Д.Мягмар зааныг (48 настай) амлан авч өвдөг шороодуулж байлаа.
Энд хүчит арслан Д.Мөнх-Эрдэнээр жишээ авсан нь цаг хугацааны хувьд ойрмогхон, амлуулсан бөхчүүдийг нь олон нийт сайн мэддэгийг харгалзсантай холбоотой юм. Дашрамд дурдахад, түүнийг 1992, 1993, 1995, 1996, 1997 оны Улсын баяр наадмын түрүү үзүүрт хаяж байсан дархан аварга Б.Бат-Эрдэнэ дараа нь 2000, 2002 онд 7-гийн даваанд хоёр ч удаа амлан авч өвдөг шороодуулж оноогоо 7:0 болгож байв. Эдгээр хоёр наадамд Б.Бат-Эрдэнэ аварга 7-гийн даваанд долоон бөхөөс нэр сонсон ам авч байв. Цаана нь, Д.Мөнх-Эрдэнэ арслангаас гадна байсан зургаан бөхөөс аль нэгийг нь амлавал амлах л байсан даа. Гэхдээ энэ нь бөх бус хүмүүн бидний буруу бодол байх. Монгол бөхийн илүү цолтой нь унагах учраагаа зөөлчилж амлана гэдэг дүрэмдээ бол зохицсон үйл явдал байж таараа. 
2002 оны Улсын баяр наадам. Наадмын өмнөхөн Үндэсний их баяр наадмын хууль гарч урьд жилүүдийн улсын наадамд зургаа давсан өсөх идэр начингуудад харцага, найм давсан заануудад гарьд цолыг нөхөн олгосон юм. Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр начин нь ҮИБН-ын хуулийн дагуу харцага цолоо нөхөн авсан. Д.Сэрээтэр харцага шинэ цолоо мялаана гэж, олон жил өнжсөний дараа Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ зодоглов. Хоёр давлаа. Тэрбээр их баярлаж “Дэвжээ нь өгч байна, хөөрхий. Одоо гурвын даваанд Ц.Магалжав шавиа (одоо заан, тэр үед аймгийн арслан) амлана” хэмээн бидэнд ярьж байв. Гурвын даваанд аварга, арслан цолтонгууд ам авч эхэллээ. Бөхийн тайлбарлагч ам авсан байдлыг танилцуулж улсын аварга О.Балжинням шинэ харцага Д.Сэрээтэрийг амлалаа хэмээн зарлав. Бидний хэдэн наадамчин “Балжинням аварга таныг амлаж яах нь вэ. Түүнийг 1984 онд шинээр улсын начин болоход нь та дөрвийн даваанд амлан дээш нь гаргаж өгч байсан бус уу” хэмээн Д.Сэрээтэр харцагад хэллээ. Тэрбээр “Зүгээр ээ, ахлах цолтой нь хаях бөхөө зөөлчилж амладаг Монгол бөхийн ёс” гээд хээвнэг өгүүлж, огт тоохгүй байж билээ. Үүнийг одоо ч эргэн санаж Х.Баянмөнх аваргын гарын шавь, хүргэн А.Сүхбат аварга, өөрийн хадам Б.Гантогтох гарьдад бууж өгөлгүй хаяж, улсын арслан болоход нь хаалт болсныг буруушаах бодлоо эерүүлдэг.

Уншигч та бүхэн 2004 оны Улсын баяр наадмыг санаж байгаа болов уу. Алдарт Х.Баянмөнх аваргын отгон хүү Б.Гантогтох гарьд тэр жил тун сайн байсан. Тавын даваанд улсын начин Б.Сайнбаярыг (хожмоо заан), зургаад шинэ начин Р.Ганхуягийг, долоогийн даваанд улсын харцага Ц.Мягмарсүрэнг (заан), наймд улсын гарьд Д.Сумъяабазарыг (аварга) хаяж улсын аварга А.Сүхбаттай үзүүр түрүүнд шалгарсан. Төв цэнгэлдэхэд очсон бид хэд төдийгүй, орон даяар мянга мянган бөхийн хорхойтнууд Б.Гантогтох гарьдыг түрүүлж улсын арслан болно, “жижиг” А.Сүхбат идэвхгүй барилдаж үзүүрлэнэ хэмээн хүлээж байсан. Гэтэл үйл явдал эсрэгээрээ өрнөж А.Сүхбат аварга Б.Гантогтох гарьдыг үзүүр түрүүнд 2000 онд хаяснаасаа хойш хоёр дахиа унагаж даян аварга цолонд хүрсэн юм. Бөх бус хүмүүн бидний бодоход А.Сүхбат нь Х.Баянмөнх багшаасаа илүүтэйгээр даян аварга цолыг дээдлэн хүндэлсний бас нэг жишээ ажээ. Гэвч…
Монгол бөхийн цол дээдэлдэг философийг мөрдлөг болгож ийнхүү түрүүлсэн А.Сүхбат аварга нь 2000, 2001, 2004 оны гурван түрүү амжилтаараа хожмоо ҮИБН-ын хуулийн өөрчлөлтийн дагуу Монгол бөхийн эрхэм дээд цолонд хүрч дархан аварга болсон билээ.

БАРИМТ:

ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЧНЭЭ ХУРЛЫН ПРОТОКОЛ

1995.7.23 Дугаар Улаанбаатар хот. 

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн 1995 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 70 тоот тушаалыг үндэслэн Цэцдийн зөвлөлийн хурлыг эчнээ хэлбэрээр 7 дугаар сарын 14-23-ны хооронд саналын хуудас тараан, хуудсыг мөн хугацаанд буцаан авч, тушаалаар баталсан хавсралтын дагуу протокол үйлдэн, тогтоол гаргахыг нарийн бичгийн даргад хариуцуулсны дагуу доорх зүйлийг бүрдүүлж эцсийн шийдвэр гаргалаа.  
Санал авах хуудас 67 тарааснаас 47 гишүүн санал ирүүлж  20 гишүүн тогтоосон хугацаанд саналаа ирүүлээгүй тул энэхүү 20 гишүүнийг түдгэлзсэн гэж үзэв. Санал өгсөн 47 гишүүдийн 41 нь буюу 87.2 хувь нь дүрмийн зүйлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн байв. Зөвшөөрсөн санал өгсөн 41 гишүүн Цэцдийн зөвлөлийн нийт гишүүд (67 хүн)-ийн 61.2 хувь болж байгаа тул дүрэмд өөрчлөлт орох хангалттай санал бүрдсэн гэж үзэн, дүрмийн 6 дугаар зүйлийн 3-д “Улсын баяр наадамд наадамд 5, 6 давбал улсын начин цол, 7, 8 давбал улсын заан цол, 9, 10 давах буюу эсвэл 3 ба түүнээс дээш үзүүрлэвэл улсын арслан цол, арслан цолтой бөх түрүүлэх буюу эсвэл улсын наадамд түрүүлсэн арслан гурав дахь удаагаа үзүүрлэвэл улсын аварга цол...олгоно” гэж өөрчлөх үндэстэй болов. 

(Гишүүн Ш.Гоохүү, Д.Цэрэнтогтох, Б.Мандалсүрэн нар дэмжээгүй болно)     
Поротокол үйлдсэн: Нарийн бичгийн дарга Г. Пүрэв-Очир

ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЧНЭЭ ХУРЛЫН ТОГТООЛ

1995. 7. 23   Дугаар   Улаанбаатар хот. 

Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 6-р бүлгийн нэгдүгээр зүйлийн “Г”-д заасан заалтад өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн Цэцдийн зөвлөлийн эчнээ хурлын протоколыг үндэслэн Цэцдийн зөвлөлиийн хурлаас ТОГТООХ НЬ:1. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 6 дугаар бүлгийн нэгдүгээр зүйлийн “Г” заалт “Улсын баяр наадамд наадамд 5, 6 давбал улсын начин цол, 7, 8 давбал улсын заан цол, 9, 10 давах буюу эсвэл 3 ба түүнээс дээш үзүүрлэвэл улсын арслан цол, арслан цолтой бөх түрүүлэх буюу эсвэл улсын наадамд түрүүлсэн арслан гурав дахь удаагаа үзүүрлэвэл улсын аварга цол…олгоно” гэж өөрчлөн, нэмэлт оруулж баталсугай. 
2. Энэхүү заалтыг 1990 оноос буцаан хэрэглэхийг МҮБХ-ны тэргүүлэгчдэд зөвшөөрсүгэй.

МҮБХ-ны тэргүүн, Цэцдийн зөвлөлийн хурлын дарга Р.НЯМДОРЖ
Цэцдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.ПҮРЭВ-ОЧИР

 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

1995.7.23          Дугаар       УБ хот     Бөхчүүдэд цол олгох тухай

МҮБХ-ны Цэцдийн зөвөлийн 1995.7.23-ны өдрийн эчнээ хурлаар хэлэлцэн нэмэлт өөрчлөлт оруулан баталсан “Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 6-р бүлгийн нэгдүгээр зүйлийн “Г” заалтыг үндэслэн

ТОГТООХ НЬ:

1. Улсын баяр наадамд нэг удаа түрүүлэн, нэг удаа 9 давж үзүүрлэсэн Баянгол дүүргийн бөх, Увс аймгийн Наранбулаг сумын уугуул Монгол улсын арслан Одвогийн Балжиннямд Монгол улсын аварга,

2. Улсын баяр наадамд найм давж гурав дахь удаагаа үзүүрлэсэн 
МИАТ-ийг удирдах ерөнхий газрын бөх, Архангай аймгийн Булган 
сумын уугуул , Монгол улсын заан Дуламжавын Мөнх-Эрдэнэд 
Монгол улсын арслан цол тус тус олгосугай. 

ТЭРГҮҮЛЭГЧИД: Р.Нямдорж, Н.Батмөнх, П.Даваасамбуу, П.Дагвасүрэн, Ц.Дамдин, Д.Данзан, Ю.Жаргал, Б.Мандалсүрэн,

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.