НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Меган Фох:Трансформерс Дэлгэцэнд гарсан анхны өдрөөс л би дэлхийн хамгийн халуухан бүсгүй болж хувирсан

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
2 жилийн өмнө /2016-12-02 12:27:49 GMT +8 / | 5188 удаа уншсан

 

Меган Фокс “Шинэ бүсгүй” олон ангит киноны ээлжит цувралд 2017 онд тоглох болно. Харин одоо тэрээр энэ оны өнгөрсөн наймдугаар сард хорвоод мэндэлсэн бяцхан Жорни хүүгээ асраад завгүй байна. Энэ жүжигчин бүсгүй од, одтойгоо хөөрөлддөг “Interview” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Багадаа пиццанд дуртай ах дүү дөрвөн яст мэлхийд тохиолдсон адал явдлын тухай хүүхэлдэйн киног үзэх дуртай байсан” гэж хэлжээ. Түүнтэй “Вегаст зохиосон хөвгүүдийн үдэшлэг” киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин, кино зохиолч, продюсер Зак Галифианакс уулзсан байна.

-Юуны өмнө, надтай ярилцахыг зөвшөөрсөнд чинь баярлалаа.
-Зак, бидний яриа нэг л олигтой болохгүй байх даа...Гэхдээ яахав, хоёулаа хичээгээд үзье. 
-Чи буруу ярьж байна. Бид маш сонирхолтой яриа өрнүүлж чаднаа. Гэхдээ зориуд сонирхолтой болгох гэж чармайхыг хүсэхгүй байна. Бид нэлээн хэдэн жилийн өмнө ярилцаж байсныг мартаагүй биз дээ...
-Үгүй, үгүй. Тэгэхэд бид хоёр анх удаагаа ярилцаж байсан, гэхдээ утсаар шүү дээ... Чиний асуулт намайг залхаасан даа... за, за тоглосон юм. /инээв/
-Тэгвэл асуултаа эхлэе. “Мэлхий нинжа”-гийн гол продюссер, "Трансформерс" киноны нэрт найруулагч Майкл Бэй та хоёрын хооронд маш том хэрүүл дэгдсэн... Үнэхээр чи сэтгүүлчдэд түүнийг кино зургийн талбай дээр уран бүтээлчдийг Гитлер шиг дарангуйлдаг гэж хэлчихсэн юм уу. Энэ явдлын дараа гүйцэтгэх продюссер Стивен Спилберг жүжигчнийг өөрчлөхийг шаардаж, “Трансформерс”-ийн дараагийн ангид Рози Хантингтон Уйтлиг тоглуулахаар болсон гэдэг... 
-Энэ бүх таагүй явдал аль хэдийнэ ард хоцорчээ. Майклийн ар хударгаар би юу ч яриагүй. Намайг түүнтэй “тулалдаж” байх үед бидний ойролцоо хэвлэлийнхнээс хэн нэг нь байсан юм билээ. Майкл бид хоёр олон талаараа төстэй. Хэн, хэн нь хүчтэй захирангуй, өөрийн гэсэн бодолтой боловч, эелдэг зөөлөн зантай, хашир байж чаддаггүй, маш эмзэг хүмүүс. Тийм болохоор хоорондоо таарч тохирохгүй зөрөлдөх үе гарсан байх. Би нэг зүйлийг сайн мэдэж байна. Майкл Бэй надад дайсагнаж байгаагүй гэдгийг... Тэр ч байтугай, нөгөө яршигтай дуулиан шуугианы үеэр Майкл “Миний утгагүй, хоржоонтой тэнэглэл нь сэтгэл татам ялдам байдлын маань нэг хэсэг юм” гэж хэлж байсан. Хэрэв түүнийг шахаагүй бол тэр намайг “Трансформерс 3”-т тоглуулах байсан. 
-Гэхдээ энэ болсон явдлын талаар “Трансформерс” кинонд тоглосон Шайа Лабаф арай өөр зүйл ярьж байсан. Тэрээр “Меган супер эмэгтэй шиг хүч чадалтай, захирангуй зантай хүн. Энэ чанар нь түүнийг Майклтай ажиллахад саад болсон байх.  Кинондоо жүжигчдийг тоглуулахдаа зураг авалтын үеэр тавьж байгаа шаардлагаас нь үүдэн олон хүн түүнийг “завхай” найруулагч гэх нь бий. Меганд найруулагчийн хэлсэн болгоныг гүйцэтгэх нь эвгүй байсан болов уу” гэж хэлсэн. 
-“Трансформерс” дэлгэцэнд гарсан анхны өдрөөс л би хамгийн алдартай “халуухан бүсгүй” болж хувирсан.  Хэвлэлүүд “сексийн бэлгэ тэмдэг Меган Фокс” гэж бичээд л... Үнэндээ энэ нь ухаангүй хэрэг байлаа. Энэ утгаар нь авч үзвэл Майкл Бэй санасандаа хүрсэн. Гэхдээ жүжигчнийг дэлгэцэн дээр ийм байдлаар дахин, дахин харуулах гэж шахах хэрэггүй. Ялангуяа, үргэлжилсэн үйл явдалтай кинонд... Ийм шаардлага тавих нь жүжигчнийг хамгаалалтгүй, өрөвдөлтэй, өөртөө итгэлгүй нэгэн болгож хувиргадаг. Шоу бизнесийн зарим алдартай төлөөлөгч биднийг ийм байдал руу түлхдэг. 
- Чамайг анхны хүүхдээ төрүүлснийхээ дараа дүрийн сонголтод их анхаардаг болсон гэж ярьж байсан...
-Мэдээж, тэгэлгүй яахав. Энэ чинь эх хүний үүрэг шүү дээ. Жишээ нь,  хүүхдүүдийг маань сургуульд явах үед нь миний фото модель болж авахуулсан зургийг ангийнхан нь  тэдэнд үзүүллээ гэж бодьё. Хөвгүүдэд минь  би ёстой адгийн амьтан шиг санагдах байлгүй. Өөр хэрэг, тэднийг энэ хорвоод мэндлээгүй байхад ээж нь залуудаа фото модель байсан юм гэнэлээ гэвэл хэн ч тоохгүй “аа, тийм үү” гээд л өнгөрнө. Би ууган хүүдээ библийн   Ноа гэсэн нэрийг тохиолдлоор өгөөгүй юм. Меган Фокс сүсэгтэй нэгэн гэхээр хүмүүс гайхах байх л даа. Үнэхээр би сүсэгтэй. Хүүхэд байхдаа гэрийнхэнтэйгээ цуг сүмд очдог байлаа. Манайхан намайг шашинд ихээхэн итгэл үнэмшилтэй болгож хүмүүжүүлсэн. Хүнтэй сууж, хүүхэд гаргасан хойно энэ итгэл үнэмшил маань улам гүнзгийрсэн. 
-“Мэлхий нинжа”-гаа хүүхдүүддээ үзүүлэх үү?
-Магадгүй. Гэхдээ би тэдэнд хүүхэлдэйн кино ч үзэхийг хориглодог. Би том хүүдээ жижиг хүүхдийг яаж асрах ёстой вэ гэдгийг хэлж өгдөг. Дүүгийн нь хуурайлах, усанд оруулах, хооллох үедээ ахаар нь заавал туслуулдаг. Түүнд телевизор үзэхийг зөвшөөрдөггүй. Тэднийг ядаж наймдугаар ангид ортлоо гар утас битгий бариасай гэж хүсдэг. Би өөрөө компьютерээс аль болох хол байхыг хичээдэг.  Хүүхдүүдээ ч мөн компьютертэй  нөхөрлөөсэй гэж хүсэхгүй байна.
-Ямар хатуу ээж вэ, ёстой хэлэх ч үг алга... 
-Үгүй дээ, би өөрийгөө ямар нэг талаар тэдний өмнө буруутай юм шиг санадаг.  Гэнэт хүүхдүүд минь би тэдэнд ямар их хайртай байдгийг ойлгохгүй байвал яанаа гэж бодох үе ч гардаг. Хүүхдүүдийн маань хэрэгцээ, шаардлага өөр, би тэрнийг тооцох ёстойгоо мэдэж байна. Гэхдээ л тэднийг нас биед хүрч ухаан суусан хойноо техник, мэдээллийн хэрэгсэлтэй нөхөрлөөсэй гэж санах юм. Би тэдний хувьд алдартай жүжигчин биш жирийн л нэг ээж байхыг хүсдэг. 
-Чи улаан хивсэн дээгүүр алхаж явахдаа зургийг чинь авч байгаа гэрэл зурагчдыг нарыг хараад юу гэж боддог вэ? “Би зүгээр л Холливудын тогтсон дэг жаягийг “бэхэлдэг эрэг шураг”, эсвэл дахиад нэг гоёмсог Бентли машин өөртөө худалдаж авсан онцгой эрхэм... Бид тэдний хувьд зөвхөн хүүхэлдэй...” гэх мэтийн бодол төрдөг үү...
-Улаан хивсэн дээгүүр алхаж явахдаа гэрэл зурагчдыг хараад бухимддаггүй. Яагаад гэвэл, тэд папарацци нар биш. Олон нийтийг хамарсан үйл явдалд оролцон ажлаа хийж яваа хүмүүс...Тэдэнд  сэмхэн гэтэх юм уу, нуугдах ч хэрэг байхгүй. Бас би өөрийгөө Холливудын тогтсон дэг жаягийг “бэхэлдэг эрэг шураг” төдийхөн хүн мөн үү биш үү гэж бодоод суух завтай хүн биш. Хааяа би өөрийгөө чамлах үе гардаг ч үргэлж хэрэгтэй хэрэггүй юм бодоод явдаггүй.
-Чиний оронд би байсан бол, олны нүдний өмнө гадил жимс идээд явахгүй байх... Иймэрхүү зургийг чинь хэн нэгэн авчихаад дараа нь тайлбар бичих болов уу...
-Тийм л дээ. Гэхдээ яагаад ч юм бэ бүү мэд, гэрээсээ гараад явахаар надад дандаа бухимдуулах зүйл тохиолдоод байдаг юм. Саяхан би утсаар ярингаа машинаасаа бууж, эмийн сан орохоор явлаа. Тэгтэл бутны цаанаас бараг зургаан папарацци гэнэт гарч ирээд зургийг минь дарчихсан. Ямар их уур хүрсэн гэж сананаа... Хэнд ч гэсэн гудамжинд утсаар ярих хэрэг гарна биз дээ. 
-Хүүхдүүдийн чинь аав Брайан Остин Грин танай гэр бүлийнхнийг дагадаг папарацци нартай “тэмцдэг”-ээрээ алдаршсан нэгэн. Тэр папарацци нартай зодолдож шүүхдэлцэж байсан... 
-Хүмүүс биднийг том байшинд амьдарч, үнэтэй машин унадаг тул дуугүй явах хэрэгтэй гэж боддог бололтой.  Гэхдээ хэн нэгэн чамайг залхтал чинь дагаад зогсохгүй хувийн орон зайд чинь нэвтрэхийг оролдоод байвал өөрт чинь хөгжилтэй сайхан санагдахгүй л болов уу.
-Холливудын сонирхол татсан хүмүүсийн нэгний хувьд элдвийн, тэнэг ч  гэмээр асуултанд хариулах хэрэг гардаг байлгүй...
-Яахав дээ, хааяа хариулах болдог л юм. Алдартай байх нь өөрт нь их таалагддаг тийм хүмүүс байдаг. Мөн санамсаргүй байж байгаад алдаршдаг хэн нэгэн  байдаг. Би өөрийнхөө хувийн амьдралыг нууцлахыг хүсдэг хүний нэг болохоор ярилцлага өгөх маш дургүй.  Хэвлэлийнхэнтэй харилцаж ирсэн туршлагаасаа харахад, миний хэлсэн үг, хийсэн үйлдэл хэчнээн гэмгүй байлаа ч гэсэн тэдний арга мэхэнд өртөж нэг  л мэдэхэд ээлжит дуулиан шуугианы эзэн болж дуусдаг. 
-Энэ чинь л Холливудынхны амьдралын нэг хэв маяг шүү дээ. Жишээ нь, чи лааны тухай ярилцлага өгөхдөө “Надад тосон дэн таалагддаг, халуун байдаг” гэж хэлсэн байж. Тэгтэл хожим нь энэ өгүүлбэрийг чинь жинхэнэ утгаас нь салгаад биччихлээ гэж бодьё.  Тэгвэл юу болж хувирах вэ...
-Иймэрхүү юм надад байнга тохиолдож ирсэн. Ам ангайнгуут л, хэлсэн үгийг минь шууд шүүрч аваад шуугиан тарьчихдаг... Гэхдээ ингэлээ гээд бусдаас дандаа зугтаж явах нь тэнэг хэрэг. Би зарим нэг хүнтэй адил сонин хэвлэл уншин, телевизийн мэдээ сонсож, цахим ертөнцөөр “хэсэн”, санал бодлоо “бичээд” суудаггүй. Тийм зав надад байхгүй. Миний бодоход интернэтийн сүлжээ хүмүүсийг ажлаа хөнгөвчлөхөд туслахад чиглэсэн болохоос биш, бусдыг “намнах” зорилгоор бүтээсэн зүйл биш байлгүй. Миний хэвлэлийн төлөөлөгч надтай холбоотой мэдээллийг дуулгаж, хариу ямар үйлдэл хийх талаар зөвлөгөө өгдөг. 
-Хүмүүсийг өргөмжлөн магтчихаад, дараа нь тэднийг сууринаас нь буулгаад хаячихдаг гэм нийгэмд байдаг нь жирийн үзэгдэл. 
-Чамтай санал нэг байна. Тийм учраас л би өөрийнхөө тухай ярих үедээ аль болохоор даруу байхыг хичээж ирсэн. Чи өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаж, сул талаа ялж чадвал, хүмүүс чамайг сууринаас чинь татан буулгах шалтгаан олж чадахгүй байлгүй. Гэхдээ цаг ямагт өөрийгөө цэнээд байж чадахгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар бүх зүйл хяналтаас гарах үе байдаг. Дэлхийг аврахаар ирсэн хүчирхэг роботуудын тухай “Трансформерс”-д анх тоглож байхад бидний хэн нь ч энэ кино үзэгчдийн сонирхлыг ингэж их татна гэж санаагүй. Уг киноны хоёр дахь анги нь гарахад үүнийг маш том үйл явдал шиг л хүлээж авч байсан. Энэ бол хэвийн бус үзэгдэл юм. 
-Уучлаарай, ярианыхаа сэдвээс хазайж  өөр зүйл асууя. Чи ямар өнгөнд дуртай вэ?
-Ногоон, харин чи...
-Яг тодорхой хэлбэл оливын модтой адилхан тийм ногоон өнгөнд...
-Үүнээс илүү тодорхой яаж хэлэх вэ дээ. /инээв/
-Меган, би орь залуудаа ухаантай хүмүүс ногоон өнгө сонгох хандлагатай байдаг гэж нэг юмнаас уншиж байсан юм... Ер нь ингэхэд бид хоёр ногоон өнгөнд дуртай байдаг нь сайн хэрэг...
-Уучлаарай, би ухаантай хүн ногоон өнгөнд дуртай байдаг гэж сонсоогүй юм байна. /инээв/ Чамтай ярилцахад хөгжилтэй юм аа.
-Тийм байна уу. Одоо эргээд бодоход өвөө эмээтэйгээ хамт байсан үе минь хамгийн хөгжилтэй сайхан байж дээ. Чиний хувьд...
-Би сайн санадаггүй юмаа. Намайг бүр бага байхад тэд бурхан болсон. Эмээ минь, ижийгийн минь ээж, намайг их эрхлүүлдэг байсныг бүүр түүр санадаг юм. Би түүнээс надтай цуг шалан дээр суугаад морь юм уу, өөр ямар нэгэн амьтан болж тогло гэж гуйдаг байсан. Тэгэхэд эмээ “Уучлаарай, чадахгүй, өвдөгний яс өвдөнө” гэдэг байлаа. Хэдэн жилийн дараа би хүн бүрийн өвдөг ястай байдаг гэдгийг ойлгоод эмээдээ хэлтэл намайг түүний хэлсэн үгийг мартаагүй байгаад их гайхаж байсан. Энэ л эмээгээс минь үлдсэн хамгийн том дурсамж юм уу даа. Гэхдээ миний өвөг дээдэс ирланд, франц, индиан удмын хүмүүс гэдгийг мэднэ.
-Чиний хамгийн дуртай хоол...
-Би Теннеси мужийн өмнөд хэсэгт өссөн хүн болохоор  сэтгэл санаа тайвшрахад нөлөөлдөг тийм хоолонд дуртай. Байцааны навчнаас эхлээд, даршилсан амтат лууван, зөөлөн загасан талх, цагаан сүмс, нэрсний ундаа. Би гэрсэг хүн хэдий ч хоол хийх дургүй, юм угаахаас буцдаггүй ч, сав суулга угаах дургүй.
-Тэгвэл хамгийн сайн хийж чаддаг хоолоо нэрлэ гэвэл...
-Би чадварлаг тогооч биш л дээ. Энгийн хоол хийдэг. Шоколадны үйрмэгтэй хуймаг хайрдаг. Бас жимсний гайгүй коктейль хийж дөнгөнө. Би 15 настай байхдаа коктейль зардаг дэлгүүрт ажилладаг байлаа. Тэндээс коктейль ямар байх ёстойг мэдэж авсан. Хүүхдүүддээ хоол хийж, тэдэнд ундаа бэлтгэж өгч байхдаа яагаад ч юм бэ тэр үеэ санадаг.  
-“Мэлхий-нинжа”-д тоглож байхдаа чамайг хоёр дахь хүүхдээ тээж явсан гэдэг. Тэгэхэд кинонд зураг авахуулахад хэцүү байсан байх даа...
-Зураг авалт эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дараа хөл хүнд болсноо мэдсэн. Гэхдээ би хэний ч ажилд саад учруулаагүй. Эхний гурван сар дотор муухайрч, ядраад, нойр хүрээд төвөгтэй байсан л даа. Зургийн багийнхан маань намайг амгалан тайван, сандарч тэвдэхгүй байхад их анхаарсан. Энэ кинонд гүйж, харайх хэрэг их гарч байсан. Продюссер, найруулагч нар өглөөдөө ирж, миний биеийн байдлыг лавлаад ажилдаа ордог байлаа. Хоёрдугаар сард би Боди хүүгээ төрүүлсэн. Түүнийг хоёр сар хүрмэгц эргээд ажилдаа орсон доо. Би багаасаа л “Мэлхий нинжа” хүүхэлдэй кинонд дуртай байсан. Ялангуяа мэлхий Микеланжело их таалагддаг байж билээ.  Пиццанд дуртай ах дүү дөрвөн яст мэлхий гээд л гардаг ш дээ. Намайг дөрвөн настай байхад энэ яст мэлхийний тухай комик ном гарсан шиг санаж байна. Бас дөрвөн яст мэлхийтэй цуг гавьяа байгуулаад явдаг сэтгүүлч Эйприл О’Нил шиг мундаг болох юмсан гэж мөрөөддөг байлаа. 
-Тэгвэл одоо юу мөрөөдөж байна вэ? 
-Би багаасаа л эртний Египеттэй холбоотой бүх зүйлийг сонирхдог байлаа. Эртний олдворууд, эд өлөгийн зүйлс ч сонин санагддаг.
-Археологичийн тухай кинонд тоглохсон гэж бодож байв уу...
-Үгүй, үгүй. Нээрээ археологичийн тухай кинонд тогловол “Индиана Жонс”-ын “эмэгтэй” хувилбар болох байсан байх даа. “Ээ дээ, энэ шинжлэх ухаан гэдэг үү...” гэсэн 1980-аад оны үеийн нэг инээдмийн киног дахин хийгээсэй гэж боддог юм. Тэгвэл би тэр кинонд тоглоно. Энэ кинонд өсвөр насны хүүхдүүд шинжлэх ухааны туршилт хийсний дүнд дотуур хувцастайгаа явдаг эмэгтэй робот бүтээдэг юм. Тэгээд хүүхдүүд цааш нь юу хийхээ мэдэхгүй сандардаг. Ёстой инээдтэй кино...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.