НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Эгэл юм бүхэнд ХАЙРТАЙ би

Б.Алтанхуяг     Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-12-09 01:21:09 GMT +8 / | 3517 удаа уншсан

Хувь хүний ухамсар юуг хүлээн авч, ойлгож, ямар ахуйд өөрийн тусгалыг толинд тусч буй дүрс шигээ олж хардагийг тухайн хүний уран бүтээлээс тодорхой мэдэж болох амой. Толинд сүүдэр, гэрэл тусахын аль алиныг хэн нэгэн шүүн цэгнэж болох ч бусдад тулгаж үл болно. Тийм л сэтгэгдлээр би МЗЭ-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт яруу найрагч Л.Батцэнгэлийн “Ариун тэнгэрийн эрхшээл” (2016) номын шүлгүүдэд хандаж буйгаа уншигчдад нуулгүй хэлэх ёстой болов уу. “Ариун тэнгэрийн эрхшээл” (2016) номд найрагчийн “Бүсгүй цэнхэр салхи” (2004), “Сэтгэл минь, тэнгэрийн уяхан шат” (2006), “Зүрх сэтгэлээ нэгжнэм” (2009), “Өр зүрхний хавар” (2010), “Миний элсэн цаг” (2012) номуудаас сорчилсон шилмэл шүлгүүд багтжээ.

Эл номын уншиж эхлэхүйц шил шиг тунгалаг бүрхүүл, түүнд ойх гэрлийн ер бусын олон өнгө гадаад ертөнцийн бүхий л зүйлсээс тусгаарлан биеийг минь хулдах шиг болов. Ийн суухуйд Монголын уран зохиолын хүүрнэлийн төрөлд томоохон байр суурь эзэлдэг П.Лувсанцэрэнгийн “Ус шиг цэнхэр” өгүүллэг санаанд харвав. “Ер бусын тунгалаг наран бүхий биенээс минь мандаж
Ертөнц дахины цэцэгс эргэн тойронд минь дэлгэрнэм
Хаврын бурхан би хаа сайгүй оршиж
Хад чулуу, бутны завсраар алтан цацраг минь шагайна”
/”Сэтгэлийн бадаг” 11-р тал/ гэсэн мөрүүдийг уншаад зүгээр л нэг яруу найрагчийн сэтгэлээс урган гарсан ариун тунгалаг шүлгүүд хэмээн ойлгож үл болно. Тиймдээ тулвал “Жинхэнэ яруу найргийг ойлгодог, үгийг мэдэрдэг уншигч манайд үгүй” гээд хэлчихэд буруудахгүй болов уу. “Ер бусын тунгалаг наран бүхий биенээс минь мандаж

Ертөнц дахины цэцэгс эргэн тойронд минь дэлгэрнэм” мөрүүдээс ухамсарын тухай асуултууд урган гарна. Бодит ахуйг нэгэн цул биед зангидан хийсвэрлэлийг бий болгож буйгаараа энэ мөрүүд нэлээдгүй онцлоготой. Эргэн тойронд оршиж буй бүхий л зүйлс “ахуй” гэх ойлготонд багтах ч өөрийн дотоод орон зайд хавар оршин буйг бүхий л эд эс, арьс, судсаар урсах цуснаас мэдэрсэн найрагч туйлын ахуйг бий болгож биеэс нь ер бусын тунгалаг наран мандаж буй туйлын ахуйг бий болгож чаджээ. “Хаврын бурхан би хаа сайгүй оршиж
Хад чулуу, бутны завсраар алтан цацраг минь шагайна” гэх дараагийн мөрүүдэд тус шүлгийн амин судас оршино. Уран бүтээлч хүн бүхний дотор өөрсдийн гэсэн зөн совин, улирлын байдлыг өөр өөрөөр тусган авах нарийн мэдрэмж оршин байдаг. Харин тэр бурхныг сэрээж ахуйг бүтээх нь хамгийн чухал. Ерөөс хүн өөрийн үзэл санаан дахь тусгай дүрүүдийг ахуйг мэдрэх мэдрэмжээрээ биежлүүлж бүтээж байдаг. Тийм л мөн чанар энэ шүлгийг хийсвэрлэгдсэн субьектив болгож байгаа юм.

Херменевтикийн эцэг хэмээн нэрлэгддэг Шлейермахер “Нийтэд хялбархан ойлгогддог бичвэрт тайлал хэрэгтэй бус, харин ойлгоход амаргүй тэр хэсгээс л ойлголтын тухай ярьж эхлэл учиртай” хэмээсэн байдаг. Ер нь яруу найраг уншигчидад ойлгогдохооргүй, нууцлаг шинжтэй байх тусмаа үнэ цэнэтэй байдаг. Гэхдээ хий хоосон хэлбэр, утга учиргүй мөр холболт, логик алдаатай шүлгүүд биччихээд оюуны томоохон туршилт хийж буй минь энэ хэмээн цэцэрхдэг эрхмүүд өнөө цагийн уран зохиолд олширсон. Тэдний сонирхлыг плюраль, философи хандлагатай шүлгүүд огтхон ч өдөөдөггүй. Харин яруу найргийн үнэнч уншигчдийн хувьд бол өөр.

“Навчис унахад жигүүрээ хумьдаг
Болжмор оо!(28-р тал) Халуунд орныг зорин нисдэггүйд нь талын нүүдэлчид эл жижигхэн биетэй, борхон шувуунд хайртай байдаг. Гэхдээ огт өөр философи үүнд агуулагдаж байдаг. Түүнийг л дээр шүлэгт буулгаж чадсан Л.Батцэнгэл найрагчийн эгэл юм бүхэнд хайртай байдаг сэтгэлтэй холбоотой. Тиймдээ ч навчис унахад жигүүрээ хумьсан болжмороор шүлэгч өөрийгөө буюу “би” баатрыг дүрсэлжээ. Намрын дүлий саарал мананд ороогдсон мэт нойрмог хэдий ч үзэсгэлэн төгөлдөр улиралд хамгийн олон шүлэг, хамгийн олон өгүүллэг, хамгийн олон роман төрсөн байдаг. Уран бүтээлчид хавар, намрын улиралд дотоод ертөнцийнхөө жигүүрыг дэвж ухамсарт байдлаас илүү гүн ахуйг эрж хайдаг. Гэтэл энд тэс ондоо ертөнц байна. Намрын навчис унахад жигүүрээ хумих найрагч... Намар бол уйтгартай, халуун наранд нозоорсон улирал. Тийм л хоосныг мэдрэх мөч бүртээ навчис ганц нэгхэнээр унаж, гунигтайгаар амь тавихыг үзээд эгэл юм бүхэнд хайртай “би” баатар маань жигүүрээ хумина. Гэвч нь өөрийнхөө дотоод амар амгаланг мэдрэх гэсэн оролдлого юм. Ургуулан бодох чадвар минь хэтийдсэн мэт санагдаж болох авч дээрх шүлгийн амин санаа ийм буюу.

Ахуйг туйлын үнэн болгох асуултанд Камю “абсурд” хүнээрээ хамгийн тодорхой хариултыг өгсөн байдаг. Тэрхүү хүн бол эд зүйлс буюу амьгүй зүйлсийн доторх амьд хөдөлгөөнийг нээж, хийсвэрлэлт оюун ухаанаар ахуйг бий болгодог. Яг л үүнийг шүлэгт буулгачихсан байгааг уншихад нэн таатай.

“Чиний өмсөх дуртай

Цэнхэр даашинзны хуниасанд

Үргэлж би нуугдаад

Сэмхэн чамайг аждаг” /“Сайхан бүсгүйд зориулсан охин улирлын уянга” 44-р тал/  Энэ шүлгэнд уянга, хийсвэрлэлээс үл ангижрах далд ухамсрын шинж зонхилсон байна. Уншаад нэн түрүүнд Японы алдарт детектив зохиолч Эдогава Рампогийн “Хүн сандал” гэх алдартай өгүүллэг санаанд бууна. Хэн нэгэн сууж сандал дотор нь төвхнөчихөөд өөрөөс нь сексийн таашаал мэдэрч байгааг мэдсэн эмэгтэй хүн агзасхийхээс өөр аргагүй. Гэтэл даашинзных нь хуниасанд нуугдчихаад цоо ширтэж буй мэлмийн тухай хэрхэн төсөөлж болох вэ. Хамгийн гол нь эл шүлгийг уншаад ямар ч эмэгтэй хүнд айдас төрөхгүй болов уу. Учир нь “уянга” байгаа юм. Шүлгийн айзам, уянга нь өөр өөрсдийн хил хязгаарыг огтхон ч зөрчөөгүй байна. Гол нь өмсөх дуртай цэнхэр даашинз гэхээр эмэгтэйн сэтгэлийн тухай дурьдсан байгаа биз. Үүнээс мөнөөх л эгэл юм бүхэнд хайртай сэтгэл тодхон харагдана. Гэвч сэтгэл нь даашизны хуниас шиг эмэгтэй аж. Сайхан бүсгүйчүүд ер нь ийм байдаг уу гэлтэй. Тиймдээ эл шүлэг гэгээн тунгалаг дурлалын дуун бус, цөхөрч, шаналсан сэтгэлийн зовлонт чимээ болж буй билээ. Тиймдээ ч жинхэнэ яруу найраг энэ бүрэлдэж буй юм. Цаашилбал энэ үзэл бодол, өөрийн дотоод ертөнцийг Л.Батцэнгэл найрагч

“Төөнөж бичсэн халуун шүлгийн мөрүүд

Төрсөн хоёр охины минь нулимс юм аа хө” / “Хуучин аялгуу” 45-р тал/ гэж тодотгосон нь буй.

Сэтгэлзүйн эрэхлхийлэл, шинийг хийх туршлага өнөөгийн яруу найрагт хэрэгтэй. Яруу найраг, уран зохиолд гарц байхгүй болсон гэж суутнууд үзэж байгаа. Гэвч найдвар буй болохоор уран бүтээлчид туурвиж, хүмүүс ажиллаж аж төрдөг. Гэтэл хамгийн гол нь эгэл юм бүхэнд хайртай байх сэтгэлээс толин тунгалаг шүлгүүд төрөн гардаг аж. Хавар цагийн тунгалаг гэгээн дор эгэл юм бүхэнд хайртай найрагчийн “Ариун тэнгэрийн эрхшээл”-ийг ийн анирдвай.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.