НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ХАР, ЦАГААНЫ эсрэгцэл

Б.Алтанхуяг     Нийтлэгч
1 жилийн өмнө /2016-12-10 19:11:46 GMT +8 / | 4513 удаа уншсан

 

Бид одоо Диккенсийн “Хүйтэн байшин” романы тухай Набоковын задлалыг уншихад бэлэн болцгоосон. Учир нь уг номын хуудас бүрийг алгуурхан эргүүлж, шимтэн унших бүрийд “Хүйтэн байшин” романы талаар та өөрийн гэсэн цогц ойлголттой болж чадна. Набоковын задлалын хамгийн үнэт зүйл нь энэ ч байж мэднэ. Тэр тухайн зохиолын үйл явдлыг холбосон шугам бүрийг нарийвчлан ажиглаж, жишээ татахдаа романыг тэр чигээр нь хуулчихсан юм.

“Хүйтэн байшин” анх маш хүчтэй “сатир” мэт сэтгэгдлийг Набоковт төрүүлж байжээ. Үнэндээ сатир л даа. Гэхдээ өөр ямар нэгэн нууцлаг үйл явдал, бичлэгийн чадмаг ур маяг нь уг романы сэтгэлгээний онцгой хэв шинжийг бүтээж, “литерантурная классический” хэмээх дээд төвшний уран зохиолд хамаатуулах шалтгааныг үүсгэж буй хэрэг.

Диккенсийн тухайд гэвэл Монголчууд түүний цөөхөн хэдэн сонгодог зохиолуудыг уншиж байсан билээ. 1990 онд гэхэд Н.Энхбаярын орчуулж, эмхэтгэсэн “Хатсан гар” шилмэл өгүүллэгийн түүвэрт Диккенсийн “Сумчин” өгүүллэг нь багтсан байдаг. Мөнхүү 1850 онд туурвисан сод бүтээлүүдийн нэг болох “Дэвид Копперфийлд” басхүү “Оливер Твист” зэрэг зохиолууд нь орчуулагдаж гарсан. Гэхдээ бидэнд нөөц бололцоо байна. “Дэвид Копперфийлд”-ийг уншсан хэн бүхэнд Диккенсийн бичлэгийн хэв маяг, зохиол бүтээлийн талаарх баримт өгөгдсөн байх учиртай. Нөгөөтэйгүүр уншигчдийн зүрх сэтгэлийг үргэлжид догдлуулж хэдхэн мөчийн дараа юу ч үлдээлгүй хоослон цөхрөлтгүйгээр долгисуулж байдаг түүний амьдралын тухай эмгэнэлт жүжгүүдэд бид хэдийн оролцоод эхэлсэн гэсэн үг. Муу муухайн эсрэг бүхий л хүч чадлаараа тэмцэж, ахуйн ёроолгүй ангалд уналгүйгээр хүмүүсийн дотор үлдээд үргэлжийн мөнхөд өсөн үржиж байдаг сайхан сэтгэл бий гэдгийг нотлохын тулд тэрээр “Хүйтэн байшинг” өрсөн мэт санагдана.

Энэ тухай Набоков “Романы дуализм бүхэлдээ: эрчим хүчний хувьд буянт сайн үйлтэй бараг эн тэнцэм нүгэл хилэнц Талкингхорн, Вуолсон гэсэн чөтгөр – эмиссарууд болон хар өнгийн хуучирч муудсан нэг ижил хувцас өмсгөлтэй олон тооны бяцхан чөтгөрүүд бүхий нэг ёсны там болох Канцлерын шүүхэд биежин нэвт шингэсэн. Буяны талд Жарндис, Эстер, Вудкорт, Ада, миссис Бегнет; тэдний дунд уруу татагдагсад бий. Сэр Лестэр зэрэг зарим хүнийг хайр сэтгэл нь аварна” хэмээсэн байдаг. Түүний зохиол болгонд энэ дүр зураг их бага хэмжээгээр харагддаг. Хар, цагааны эсрэгцэл. Хэзээ ч хорон санаат чөтгөрүүд, Канцлерын шүүх хийгээд Жарндисынхны гэр бүлийн хооронд нэгэн дор сүлэлдсэн, амтлаг оройн зоог шиг үйл явдал өрнөж байсангүй. Тус зохиолд гарах азгүй багачууд ч өөрсдийн хувь тавиланг ямагт муу үйлээс өмөөрч хамгаалах зүрх сэтгэлтэй байсныг ч давхар санах хэрэгтэй. Нөгөө талаас Диккенс муу муухай бүхний эсрэг аж төрөхүйгээс олж авах, амсч хүртэх ёстой гэрэл гэгээ, бид бүхний мэдэх хамгийн сайхан зүйлсийг илүүтэй өгүүлэхийн тулд ийнхүү эсрэгцэл бий болгосон юм. Сүүдэр байсан цагт хүн гэрлийг олж харна гэдэг шүү дээ. “Хүйтэн байшин” зохиолын өмнөтгөлд ч энэ тухай тодорхой өгүүлсэн байдаг бус уу.

Диккенсийг бага байхад асрагч нь нэгэн том хар муур хүүхдүүдийг барьж иддэг тухай үлгэр ярьж өгдөг байж. Эндээс л тэр уран сайхны төсөөлөл дэх хорон чөтгөрүүдээ амилуулж, тэдний өмнөөс эцэж цухахыг мэддэггүй эр зоригт хүмүүсийг сөргүүлэн тавьсны эцэст Английн нийгмийг бүхэлд нь тодорхойлчихсон юм. “Хүйтэн байшин”-д олон хуудас дамжин үргэлжлэх Канцлерийн шүүх болоод, Жанрдисынхны аж төрөхүй нь ердөө л энэ хоёр зүйлийн эсрэгцлээс үүдсэн бөгөөд зарим тал дээр тэр алдсан ч байж мэднэ.

Харин тус зохиолд гарах “Дедлокын дүрээр Диккенс субкультураг үргэлж дэмжиж ирсэн, тэр алсыг харсан” гэх Жонсны тайлбар надад үнэнээс тун зөрөөтэй санагддаг. Ганц миний ч бодол биш бөгөөд энэ талаар Набоков тодорхой баримттай зүйл өгүүлээгүй ч далдуур эсэргүүцсэн байдал нь уншихад илт мэдрэгдэх болно. Ж.К.Чэстэрон “Төрөлх авьяасыг давсан гоц авьяас гэж үгүй юм” хэмээн Чосэрийн өмнөөс уулга алдсан байдаг. Гэхдээ суу билигт хүмүүсийн тухайд гэвэл бий болов уу. Төрөлх авьяасыг давсан гоц авьяас байдаг гэдгийг Диккенс хүн төрөлхтөнд хэдийн батлаад харуулчихсан шүү дээ.

Балдоржийн Алтанхуяг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.