НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

АТАА АРВАНГУРВАН ТЭНГЭРИЙН ШҮТЛЭГИЙГ ХАТАГИНУУД АВЧ ҮЛДСЭН...

Го.Аким     Нийтлэгч
2 жилийн өмнө /2016-12-16 12:21:35 GMT +8 / | 3871 удаа уншсан

Миний бие 2012 онд Өвөр Монголын Үүшин хошуунд очих завшаан тохиосон юм. Үүшин хошууны хатагин нар 2009 онд нэгэн жижиг сүм иргэдийнхээ хандиваар Ширдэгийн цайдам гэдэг газар босгож, Атаа арван гурван тэнгэрийн шүтээнээ дотор нь залжээ. Энэ шүтээний өргөө нь өмнө Усан цайдам гэдэг газар байсан боловч хятадуудын тариалангийн талбайд түрэгдсэн учир энд нүүлгэн авчирсан ажээ. Тийм ээ, ар халхын хатагинаас  Атаа арвангурван тэнгэрийн шүтээндээ анхлаж мөргөсөн азтан бол би юм.   Атаа арван гурван тэнгэр! Нууц шүтээн! 
“Эртний монгол овогтны шүтдэг тэнгэр нь Атаа арвангурван тэнгэр гэгч болно” гэж манай нэртэй угсаатан судлаач Х.Нямбуу агсан бичээд, “Атаа арвангурван тэнгэрийг тахих зан үйл нь Монголын Нирун аймаг, Хиад боржигины их тайлга болон дэлгэрч, яваандаа монгол хаадын гэрийн тайлга хэмээгдсэн ажээ” гэж тайлсан байна. Нямбуу маань энэ бичснээ баримтаар батласангүй. Түрүүлж ургасан чихнээс сүүлдэж ургасан эвэр гэгчээр молхи би батлах гэж оролдсу. Эзэн Чингис хааны нэгэн гол тайлгад уншдаг “Үхрийн үрс гаргах ёсон оршвой” гэдэг санд “Атаа тэнгэрт ес цацан мөргөнөм” гэж, Чингис богдын гэгээний сүн сацагсан өргөн их эсэг, таргын тахил, цагаан сацал оршвой” санд “Атаа тэнгэрт дүүрэн ёс цацнам” гэж гарч байна. Үүнээс үзэхэд хиад боржигинууд Чингис хааны шүтээн Мөнх тэнгэр буюу Хан мөнх тэнгэрийг шүтэхийнхээ зэрэгцээ эртний Атаа хан тэнгэртээ мөргөсөөр байсан байна. Нямбуу эрдэмтний Нирун аймаг гэж бичсэн нь учиртай юм. Алун гоо эхийн нуруунаас гарсан гэгддэг нирун нар гэж ер төлөвдөө язгуурын монголчуудыг хэлж байгаа юм. “Хамаг улсын сүлд болсон Хан Атаа тэнгэрт нэрт ариулан тахимуй” гэж нэгэн “Хан Атаа тэнгэрийн сан оршвой”-д өгүүлж байна . Энэ нь Атаа тэнгэрийг улс аймгаараа тахиж байсны гэрч юм. Тэрхүү улс аймагт хатагин нар нэгэн том овог болон багтаж байсныг санах хэрэгтэй. Чингэхлээр хатагинчуул ч энэ тэнгэрийг тахиж байсан гэсэн гаргалгааг оюун дүгнэлтээр хийж болно. Гэвч бас бодот баримт гаргаж тавибал бүр үнэмшилтэй болно хэмээн мунхагламу. 
Гэхдээ хэрхэн батлах? Атаа тэнгэрийн шүтээнээ өнөөг хүртэл хадгалж, тахиж ирсэн Ордосын хатагинуудын гавъяа үүнийг өлхөн батлана л даа. Гэвч дээр өгүүлснээр ардын билиг зүйн нэгэн төрөл болдог сангийн судрууд нь ер эртний монголчуудын уламжлалт тайлга, тайлга хийх ёсны шинжлэхүй ухааны баталгаа болж чадна хэмээн молхи би мунхаглаж байна. Энэ нь миний дээр өгүүлсэн гуравхан жишээнээс харагдаж байна гэвэл алдаа болохгүй мэт. Иймээс Арван гурван Атаа тэнгэрийн сангийн судруудыг сөхвөөс зүйтэй хэмээн санамуй. Ер Атаа тэнгэрийн сангийн судар зургааг олсноос хоёр нь Монгол Улсын номын сангийн ховор номын хөмрөгт хадгалагдаж байна. Хоёрыг Өвөр Монголын эрдэмтэн Солонгууд Хурцбаатар “Арвангурван Атаа тэнгэрийн тайлга” номдоо оруулсан байна. Нэгийг тэнгэр судлаач Д.Бум-Очир “Мөнх тэнгэрийн шүтээн тахилга” номдоо оруулсан байна. Мөн нэгийг Л.Хурцбаатар, Ч.Үзмээ нар Монгол бөө мөргөлийн тахилгын соёл” номдоо оруулсан байна. Ер эдгээрийн гуравт нь Атаа тэнгэр гэж ямар тэнгэр болох тухай дурдсан ажээ. Жишээлбэл, 
Гүр их дуут
Гүн их хүчит
Хүйтэн болд илдэт
Хөх мөнх
Хан атаа тэнгэр нэрт ариулан тахиму.
Цахилгааны их биет 
Цовоо бор морьт
Цоон [чуд] илдэт
Цогтой их ивээлт
Хан атаа тэнгэр нарт ариулан 
тахимуй гэх буюу
Атаа тэнгэр хан минь
Аянгын дууны нүргээн чинь
Асга хадны хавцалд цуурайтна.
Аливаа монголчуудын сэтгэлд нэгдэнэ.
Чиний чийрэг хүдзр уул мэт бие чинь
Цахилгаан цахих мэт сүртэй
Хөвөж дэгдсэн үүлсийн эзэн Та
Түг түмэн нүдтэй юм.
Тун аварга мөнх атаа тэнгэр минь...
гэж Атаа тэнгэр нар ямархуу төрх байдалтайг нүднээ үзэгдтэл дүрслээд,
Албин шимнусыг дарагч
Атаату тэнгэр эцэг чам юугаан тахин залбирму
Хэрцгий шимнусыг дарагч
Атаату тэнгэр эцэг чам юугаан тахин залбирму...
гэснээс үзэхүл энэ мөн маш догшин тэнгэр гэдэг нь тодорхой байна. 

Өөр нэгэн санд энэ догшин тэнгэр маань монголчууд биднийг “аман дур идэх хүнстэй болгогч...ар дур өмсөх хувцастай болгогч...алга дур унах унаатай болгогч тэнгэр” гэж дүрслэгджээ. Энэ бүхнээр бол Арван гурван атаа тэнгэр нь хортон дайсанд халтай, хатагин зондоо ээлтэй тэнгэр байна аа!
Эдгээр дотроос бидэнд хамгийн сонирхолтой нэг сан бол Арван гурван Атаа тэнгэрийн өчгийн судар буюу “Нууц судар” юм. Юугаараа сонирхолтой, юугаараа онцлог вэ гэвэл уг сударт хатагин нэрийг дурдсан байгаа юм. Сийрүүлсү. 
Хамгийн дээд
Хан Мөнх тэнгэрийн дор
Хан ястай хатагин овогт бядан явахуй дур
Хал хүлжин элбэгийн тул
Хагацуулан соёрхогч
Хан Мөнх Атаа тэнгэр минь хэмээн
Тахин залбиран мөргөмү, бид
Албат улс биднийг
Аван ирэгч  эрлэг хааны элчээс
Ангид зайлуулан соёрхогч 
Атаа хан тэнгэр минь хэмээн
Тахин залбиран мөргөмү, бид
Мөнх тэнгэрийн доор
Монгол улс бидэн чинь
Мундалгүй их буян хишгийг тэнь  хүртнэм
Мөнх атаа тэнгэр минь хэмээн
Тахин залбиран мөргөмү, бид
Адилтгашгүй буянт
Амлашгүй зарлигт
Торгон жолоог чинь барьсан
Тосон хишигт чинь хүртсэн
Дээш харан ивээн соёрхо.
Дорогш харж өршөөн соёрхо...  

Энд хан ястай хатагин овогтон Атаа тэнгэрийг шүтдэг тухайтад тов тодорхой өгүүлсэн байна. Үүнд энэ судрыг өнөөгийнхөөр ойлговол нэг нууцлаад баймааргүй мэт. Гэвч Чингис хааны үед хатагин нар аугаа их хүн түүн лүгээ эсэргэлцэн тэмцэлдсэн учирт буруутан, өөрсдийгөө хан язгуурт гэж хэлэх аргагүй болж, бүүр харцын зэрэгт буурч байсныг түүх гэрчлэх юм. Тухайлбал манай их хатагин Ц.Дамдинсүрэн абугай
Халх Монголын малчин
Хатагин овгийн нүүдэлчин
Харц язгуурт Дамдинсүрэн гэж шүлэглэж байснаас ч тодорхой. Ордосын хатагины даргач Баянхар хэмээх өтгөс Монгол улсдаа гавъяа байгуулсны учирт тайжийн зэрэг авах гээд бүтээгүй явдал түүнийг гэрчлэнэ. Гэтэл хатагин нар хан ястай гэдэг нь чухамхүү нэрнээс нь мэдэгддэг. Өөрөөр хэлбэл, Хатагин гэдэг үгийг задалбал “Хат”+“тагин” гэсэн үгс болох бөгөөд “Хат” гэдэг нь “хан” гэсэн үг, “тагин” гэдэг нь түрэг хэлний “тегин” буюу эзэн гэсэн үг, нийлүүлбэл “хан эзэн” гэсэн утгатай гэж түүхч Очир тайлсан нь буй. Тэр үнэн биз ээ! Ухаа нь, Боржигин гэдэг нэрийн “бор” гэдэг нь “бөри” буюу чоно, “жигин” нь “тегин” буюу эзэн гэсэн утгатай, нийлээд чоно эзэн гэсэн утгатай гэж Х. Нямбуугийн тайлсныг  үүнтэй таацуулахад илүүдэхгүй мэт. Ер Буга хатаги өвгөө хэн болохыг их өтгөс Баянхар мэдэлгүй яах вэ. Иймд тэрвээр харцын зэрэгт унасан хатагиныхаа нэр төрийг сэргээх гээд буруудсаны тул хан ястай гэдгээ Атаа тэнгэрийнхээ өчигт шингээн нууцалсан болов уу хэмээн таамаглаж байна аа. Улбариулан дүгнэхэд, Арвангурван Атаа тэнгэр бол хатагинчуудын язгуурын шүтээн гэдэг нь энэ судраас илт байна. 
Энэ судрыг жилд хоёрхон удаа гаргаж, их тайлга дээр уншдаг байжээ. Иймд энэ судрыг уншдаг эрхтэй хүн л цээжээр мэддэг байснаас Арван гурван Атаа тэнгэрийн шүтээний хамгийн сүүлчийн  жинхэнэ Зуму Цагаандун гэдэг хүн л цээжиндээ хадгалж үлдэснийг Хурцбаатар азаар тэмдэглэн авч үлдснээс бид өнөөдөр энд ярих боломжтой болж байгаа юм. 
Эцэст нь дүгнэхэд, хатагинчууд бид, тэр дундаа Ордосын Үүшин хошуунд аж төрөн суугаа хатагинчууд ийнхүү Арвангурван Атаа тэнгэрийн шүтлэгээ өнөө хүртэл авч үлджээ. Бидний алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий нар маань  түмэн төвөгдөл, мянган бэрхдэлтэй хичнээн тулгарсан ч Монголынхоо, Хатагиныхаа нэгэн нандин шүтээнийг хадгалан  авч ирж, өдгөө бидэндээ өвлүүлсэнд нь тэдэндээ баяр талархлын сүүн цагаан хадгийг нийт хатагинчуудынхаа өмнөөс өргөн дэвшүүлэх нь зүйтэй гэж өвгөн хатагин би мунхаглаж байна аа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.