НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ли Сянь Лун: Сингапур Азид байхгүй системтэй орон болох хэрэгтэй

Г.Баянжаргал     Нийтлэгч
3 жилийн өмнө /2016-12-16 12:39:38 GMT +8 / | 2386 удаа уншсан

 

Ли Сянь Лун Сингапурын гурав дахь ерөнхий сайдаар 2004 онд сонгогдсон бөгөөд тэрээр гурван сонгууль дараалан “Ардын Хөдөлгөөн Нам”-ынхаа хамтаар ялалт байгуулсан юм. Лий Куан Югийн ууган хүү тэрээр 1984 онд анх парламентын гишүүнээр сонгогдож байжээ. Түүний 2015 оны зун өгсөн ярилцлагаас хэсэгчлэн хүргэж байна.

-Сингапурын өмнө тулгараад байгаа хамгийн том сорилт юу вэ?
-Хэрэв та 10 жилээр нь харах юм бол эдийн засгийг дараагийн шатанд ахиулна гэдэг маш том сорилт. Хэрэв бид дараагийн түвшинд гарч чадахгүй бол олон хөгжиж буй орнуудад байдаг айдас, түгшүүр бий болно. 25 жилийн дараа хэрэв бид хүн амаа буюу төрөлт, гадаадын ажилчдын цагаачлалаа тэнцвэржүүлж чадахгүй бол японуудын адил нэлээн баригдмал байдалд орно. 50 жилийн дараа хамгийн чухал нь Сингапурын үндэсний идентит. Яагаад гэвэл бодлогоо тодорхойлж, хүмүүсээр “Би энийг тэрийг хийхийг хүсч байна” гэж хэлүүлэхээс өмнө ард түмэнд бид сингапурууд, бид хамтдаа байхыг хүсдэг, бид бусдаас өөр, бид онцгой гэсэн сэтгэлийг тээдэг байх ёстой. Ийм нэгдмэл, онцгой мэдрэмжийг удаан хугацааны турш тогтоон барина гэдэг чухал.
-Эдийн засгийн дараагийн түвшин гэдгээрээ та юу хэлээд байна?
-Их сургуульд явж байгаа оюутнуудын 30 хувийг 40 хувьд болгох гэж байна. Маш олон хүмүүс төрийн системээс гадуур гадны их сургуулиуд, Австрали, Британи руу янз бүрийн зэргээр суралцахаар явдаг. Эргэж ирээд тэд менежер, гүйцэтгэх албан тушаал, техникийн мэргэжлээр ажиллахыг хүсдэг. Бидэнд тийм чанарын ажлыг гаргаж, их сургуульд яваагүй хүмүүсийг аваад явчих эдийн засаг хэрэгтэй. Тэгсэнээрээ дээд боловсролтой ба боловсролгүй хүмүүсийн хооронд том ялгаа гарахгүй. Энэ бол коллежийн зэрэгтэй хүн, ахлах сургуулиа хаясан хоёрын хооронд их ялгаа гардаг Америкт тохиолдоод байгаа үзэгдэл. Үүнийг эдийн засгийн өсөлтгүйгээр хийх боломжгүй. Тиймээс надад чанарын хувьд олон янзын ажил буюу бүхэлдээ үр нөлөөтэй эдийн засаг хэрэгтэй. Миний дэд бүтэц гайхалтай сайн ажиллах ёстой. Миний бүхэл систем хэн ч Азид хаана ч харж чадахгүй тийм өөр систем байх ёстой. Бусад орнууд биднийг гүйцэж байна. Одоо бид шилдэг нь байгаа ч гэсэн дараагийн түвшин рүүгээ ахих хэрэгтэй.
-Гадаадын хүмүүс Сингапурын хөгжлийн загвар гэж их ярьдаг.
-Загвар байгаа гэж би бодохгүй байна. Гэхдээ бидэнд Сингапурт тохирсон арга л гэж байгаа. Идеологийн таамаглалаас илүү биелдэг арга замыг хайдаг прагматик засгийн газартай байх. Энэ бол эдийн засгийг үр нөлөөтэй болгодгоороо тодорхой хэмжээгээр чөлөөт зах зээлээс хамааралтай. Гэхдээ үүний зэрэгцээ засгийн газар орон сууц, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэцдээ маш идэвхитэй үүрэг гүйцэтгэдэг байх ёстой. Та нар нийгэм, улс төрийн системийн тухай яриад байгаа бол бид эдийн засгийн бүлгэмүүд эсвэл ондоо угсаатай хүмүүс, эсвэл ядуу ба баян, эсвэл улс төрийн хувьд зүүн эсвэл баруун гэсэн хоёр талыг хуваахын хооронд дундажийг нь барихаар зорьдог. Ерөнхийдөө ихэнх хүмүүс системээс ашиг авч, эргүүлээд системээ дэмжиж тусладаг. Бид 50 жилийг туулаад, оноогдсон даалгавраа тогтвортой биелүүлсэн. Энэ бол нэлээд гайгүй амжилт.
-Сингапурын энэ аргыг бусад орнууд дагаж чадах уу?
-Бидний Сингапурт хийж чадах юм бүх газарт боломжгүй байж болно. Гэхдээ үр дүнтэй, цэвэрхэн ажилладаг, авилгалгүй засгийн газар, ард түмнээ боловсролтой болгох, орон сууцтай болгох гэх мэт чинь хаана ч  нууц биш. Сингапурт ч онцгой биш. Гэхдээ яаж хийх нь маш хэцүү бас улс оронд бүрт ондоо. Жишээлбэл, бид засгийн газар, эвлэл, ажилчдаа нийлүүлж, байгуулах гэж маш шаргуу хөдөлмөрлөж байсан. Бид тохиролцдог, ярилцдаг, олон удаагийн яриа, сайн мууг үзсэн туршлагаа хуваалцсаны үр дүнд хоёр тал өгөө аваатай байж, итгэлцэл бий болгодог. 
-Та ялангуяа залуу хүмүүсийн өөрчлөгдөн буй хэрэгцээг мэдэж байгаа гэж ярьж байсан. Гэхдээ саяхан гэхэд 16 настай хүүхдэд интернетэд тавьсан видеоноос нь болж, 17 настай блогчин хүүд бичсэн постноос нь болж ял тулгасан.
-Эрх чөлөө, хуулийн дүрэм хоёр хоорондоо үргэлж тэнцвэртэй байдаг. Эрх чөлөө хэзээ ч тэр чигтээ хязгааргүй байдаггүй л дээ. Эрх чөлөө бас тодорхой хязгаарлалтаар ажиллаж байдаг. Янз бүрийн арьс өнгө, шашинтай манай нийгэмд нэгнийхээ шашин, угсаа гарал, арьс өнгө, хэлийг нь доромжилбол маш ноцтой явдал. Таны хэлсэн тохиолдолд 16 настай тэр хүүд зохистой арга хэмжээ авах хэрэгтэй. Яагаад гэвэл 16 бол залуу нас. Блогчин хүүгийн хувьд хүн бүрт үгээ хэлэх эрх эрх чөлөө бий. Засгийн газрыг бодлого, өрсөлдөх чадвар зэргээр нь шүүмжилж болно. Гэхдээ ерөнхий сайдыг Сингапурчуудын тэтгэврийн мөнгийг завшсан гэж гүтгэсэн бол их л ноцтой хэрэг. Хэрэв тэр нь үнэн гэвэл ерөнхий сайд хариуцлагаа хүлээж, шоронд орох ёстой. Харин үнэн биш байвал хэргийг тодорхойлж, шүүх шийдвэр гаргах хэрэгтэй. 
-Лий Куан Ю бидэнд Хятадын удирдагчдын ярьдаг үндэсний “энхтайванч мандалт”-ыг нэр томьёоны хувьд зөрчилтэй гэж хэлж байсан. Тэр цагаас хойш Хятад улам л хүчирхэг, улам л нөлөөтэй боллоо. Хятадын хүч чадлаа тэлж байгаа нь тэднийг хөрш орнуудаасаа хөндий болгож байна уу? 
-Жил бүр Хятадын удирдлага АСЕАН-ы Удирдагчдын Уулзалтанд оролцохдоо АСЕАН-ы орнуудтай хамтран хийхийг хүсч буйгаа илэрхийлсэн, маш болгоомжтой бодолцон гаргасан төлөвлөгөөтэй бас хүн бүрт Шинэ жилийн бяцхан бэлэгтэй ирдэг. Ингэснээрээ Хятадын удирдагч хүн бүрт хоёр орны хооронд ашигтай байж чадах харилцаа байгаа шүү гэдгийг харуулдаг. Тиймээс Хятадууд хөршөө найзаа болгохыг хүсдэг. Үүний зэрэгцээ бас Өмнөд Хятадын Тэнгисийн маргаан зэргийг харвал тэд өөрсдийн сонирхлоо давамгайлахыг хүсдэг. 
-Өмнөд Хятадын Тэнгисын маргааны хувьд танайх эзэмшилгүй байх аа.
-Бидэнд эзэмшил байхгүй, гэхдээ маргааныг олон улсын хууль ба НҮБ-ийн Далайн хуулийн дагуу энхтайванч байдлаар шийдэж, зохицуулна гэж найдаж байгаа. Бидэнд ч гэсэн тэнгисийн цэргийн, агаарын эрх чөлөөтэй байх сонирхол бий.
-Тэгээд та Хятадуудад юу гэж хэлж байна?
-Бид Хятадуудад та нарт эрх бий, эрхээ хэлэх ч зөвшөөрөлтэй, гэхдээ үүний хажуугаар Өмнөд Хятадын Тэнгисийн маргааныг яаж зохицуулах чинь хүчирхэг Хятад дэлхийд өөрийн байр сууриа хэрхэн тодотгох вэ гэдгийг нь харуулна гэсэн.
-Тэд ойлгож байна уу?
-Би мэдэхгүй, гэхдээ би тэдэнд хэлдгээ хэлсэн. Гэхдээ та Хятадын ард түмнээс асуувал тэдний инстикт лав “биднийг эелдэг зөөлөн пандагаар харагдуулах учраас зөөлөн арга хэмжээ авая” гэж хариулахгүй л байх. Хядадад байдал би иймэрхүү байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл Хятад орон их  хөгжлөө, илүү хүчтэй боллоо, агаарын тээвэртэй боллоо. Тэд хөл дээрээ босож, эрхээ хэлэх цаг нь болсон гэж бодож байгаа. 
-Бээжинд та Хятадууд Америкийг доогуур үнэлэхгүй байх хэрэгтэй гэж ярьж байсан. Үүнийг Хятад ойлгодог уу?
-Хятадууд технологи, цэрэг зэвсэг эсвэл мэдлэгийн салбаруудад Америкийг гүйцэх хүртэл олон жил болно гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ дөхөн ирж буй Америкийг сонгууль, Обамагийн засаглал эцсийн шатандаа дөхөж байна. Америкууд хаана ч юм бэ анхаарал нь сарних цонх нээгдэнэ гэж бодож байж болох юм. Энэ бол тактикийн тооцоо.
-Харин Америкуудад та Азид юу хийх ёстой гэж зөвлөх вэ?
-Та нарт энд олон найз бий. Энд та нарт олон хөрөнгө оруулалт бий. Тэр бүхнийг харж чадахгүй байна гэдэг та нарын хувьд тиймхэн байна даа. Америк шийдвэр гаргахдаа бодох хэрэгтэй.
-Хятад Сингапурыг хэтэрхий Америкийн талд байдаг эсвэл Америкийн харах өнцгийг хэтэрхий тусгадаг гэж дургүйцэж байна уу?
-Улс орон бүр найзыгаа улс төр, чухал асуудлуудад ойр зогсохыг хүсдэг. Гэхдээ би Хятадыг яагаад Сингапур тийм байр суурьтай байгаагийн шалтгааныг ойлгодог гэж боддог. Жижигхэн орон Сингапур өөрийн гэсэн бие даасан байр суурьтай байхгүй бол хэн биднийг чухлаар хүлээн авах юм бэ.
-Таны ярьж байсан Сингапурын философийг ихэнхийг нь Лий Куан Ю цогцлоосон. Таны өөрийн улс төр, соёл, гадаад бодлого, амьдралын тухай бодлуудад аав тань хэр нөлөөлсөн бэ?
-Маш их. Миний аав учраас би түүнээс ихийг сурч өссөн. Ерөнхий сайд байхад нь би түүний дор, нас барах хүртэл нь 30 жилийн турш цуг ажилласан. Тиймээс надад их нөлөөлөхөөс өөр замгүй. Гэхдээ үүний зэрэгцээ өнөөдрийн хорвоо ертөнц их өөр болсон гэдгийг ч тэр сайн мэдэж байсан учраас Сингапурыг урагшаа хөдөлгөж, ганцхан Лий Куан Ю-д  баригдсан болгохгүйн тулд маш сайн бэлтгэсэн. Маш ховор тохиолдолд тэр хүчтэй харах цэгээ илэрхийлж, биднээс ахин бодохыг шаардаж байв. Нөгөөтэйгүүр тэр Сингапурыг түүний хийснээс ч хол давсныг хийлгэхийн тулд хувьсал болохыг зөвшөөрдөг байсан юм. Түүнийг нас барахад бид маш их гашуудсаныг та харсан байх. Гэсэн хэдий ч Сингапур амьдардагаараа амьдарсан. Хөрөнгийн бирж нураагүй, хөрөнгө оруулагчид айгаагүй, Сингапурын өөртөө итгэх итгэл хэвээр хадгалагдсан шүү дээ.
-Та эсэргүү хүүхэд байв уу?
-Миний үед ийм үг бид боддог байгаагүй. Эцэг эхтэйгээ үргэлж санал нийлээд байхгүй шүү дээ. Гэхдээ би хэзээ ч үсээ ургуулж, тарпецен өмд өмсөж байгаагүй.
-Лий Куан Ю-гаас гадна дэлхийн удирдагчдийг харахад өнгөрсөн бас өнөө үеэс таны биширдэг удирдагч гэвэл хэн байна?
-Бразилийн Луис Инасио Лула да Силва үнэхээр илт мэдэгдэхүйц амжилттай байсан. Маш бага боловсролтой, зүүний талын хүн бүтэн үндэстнийг хөдөлгөж, ерөнхийлөгч болохдоо ганцхан ард түмнээс дэмжлэг аваад зогсохгүй өсөлт, хөгжлийг бий болгож, ард түмний амьдралыг сайжруулсан маш мэдрэмтгий бодлогоор дагнасан. Түүнтэй уулзахад надад үнэхээр гүнзгий сэтгэгдэл төрж байлаа. 
-Тэгвэл Си Жинпин танд ямар мэдрэмж төрүүлж байна?
-Би түүнтэй нэлээд хэдэн удаа уулзаж, ерөнхийлөгч болохоос өмнө бас дараа нь утсаар ярьж, оройн хоол идэнгээ ярилцаж байсан. Си Жинпин маш сайн ярьдаг, юу хүсдэгээ мэддэг, уулзахаар их юм багатааж ярьдаг хүн. Хүмүүс коммунист орны удирдагч гэхээр Брежнев эсвэл Титог боддог. Си бол тэдэнтэй адилгүй. Тэр юу хүсдэгээ мэддэг, хорвоо ертөнцийг сониучирхдаг хүн. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.