НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Өрнийн зурхайд, итгэх эс итгэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан

Б.Ерэнтэй     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-01-06 16:39:14 GMT +8 / | 6154 удаа уншсан

Од гаригийг судалдаг Астрономын шинжлэх ухааны салбарт өнгөрсөн намар олны анхаарал татсан гурван үйл явдал тохиолоо. Нэгд, Үндэсний аэронавтик ба Сансрын удирдах газар НАСА-гаас тэртээ 1930 онд нээсэн 13 дахь орд “Ophiuchus”-ийн талаар нийтэд мэдээлж зарлалаа. Хоёрт, Европын сансрын агентлаг, ОХУ-ын сансрын агентлаг хамтран Ангараг гариг дээр буулгахаар илгээсэн газар уснаа явагч “Schiaparelli” аппарат нь газардахдаа эвдэрч сураггүй болов. Гуравт, манай гаригийн дагуул ганц эрхэс болох Сар 1948 оноос хойш хоёр удаа аравдугаар сарын 16, арваннэгдүгээр сарын 14-нд дэлхийд хамгийн ойрхон өнгөрлөө.

Бидний хэдэн анд нөхөд өнөө цагийн Өрнийн хэмээх Оддын 12 сарын уламжлалт зурхайгаар Scorpio буюу Хилэнцийн ордныхон гэгдэж байгаа. Жил бүрийн X.24-XI.21-нд бүтэн үргэлжилдэг гэх энэ сарын эхний өдөр буюу X.24-нд төрсөн учраас ингэж тооцогддог хүмүүс. Уламжлалт энэхүү зурлагаар Их эзэн Чингис хаан, Энэтхэгийн БНУ-ын гурав дахь Ерөнхий сайд Индира Ганди, АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Т.Рузвельт, зураач Ф.Пикассо, зохиолч Ф.Достоевский, Нобелийн шагналт физикч Мари Кюри хатагтай, жүжигчин Ален Делон, нэрт аялагч Х.Колумб, хөлбөмбөгийн хаан Пеле, мөн Марадона нар Хилэнцийн ордынхон гэж бодоход өөрийн эрхгүй омогшил төрдөг байв. Нэг одонд төрсөн алдар цуутнуудыг нэр төрийн сүлжээ бизнес болгогчдын нэгээхэн хэсэг болохоо шууд хүлээн зөвшөөрнө.
Гэтэл НАСА өнгөрсөн есдүгээр сард тэнгэрийн мандлын 12 орд дээр “Офиукус” нэртэй 13 дахь ордыг шинээр нэмж, улмаар уламжлалт бусад бүх ордын эхлэх төгсөх өдрийг бүгдийг нь хөдөлгөж өөрчилснөөс болоод өөрсдийгөө Scorpio гэдэгт 100 хувь итгэх итгэл маань 50 хувийн эргэлзээ болж хувирлаа. Дээр нэр дурдсан суутнуудтай нэг одонд төрсөн, нэг ордынх гэж бахархах утга алдагдлаа. 
Одоо цаг дор мөрдөж байгаа уламжлалт өдөр хоногтой зурхайн 12 сарын орд болон НАСА-гийнхны яриад байгаа Одон орны шинжлэх ухаан дээр тулгуурласан 13 ордыг зэрэгцүүлж толилуулъя. Тэдний нээсэн шинэ “Офиукус” ордыг Өрнийн зурлагад ашиглах болбол XI.30-наас XII.18-ны хооронд төрөгсөд хамаарагдах болж байна.

Хонины орд  III.21 - IY.19                    Хонины орд  IY.19 - Y.14
Үхрийн  орд  IY.20 - Y.20                     Үхрийн  орд  Y.15 - YI.21
Ихрийн  орд  Y.21 - YI.21                    Ихрийн  орд  YI.22 - YII.20
Мэлхийн орд  YI.22 - YII.22                 Мэлхийн орд  YII.21 - YIII.10
Арслангийн  орд  YII.23 - YIII.22        Арслангийн  орд  YIII.11 - IX.16
Охины орд  YIII.23 - IX.22                   Охины орд  IX.17 - X.31
Жинлүүрийн орд  IX.23 - X.23            Жинлүүрийн орд  XI.1- XI.23
Хилэнцийн орд  X.24 - XI.21               Хилэнцийн орд   XI.24 - XI.29
                                                             Офиукусын орд  XI.30 - XII.18
Нумын орд  XI.21 - XII.21                  Нумын орд  XII.19 - I.20
Матрын орд  XII.22 - I.19                   Матрын орд  I.21 - II.16
Хумхын орд  I.20 - II.18                     Хумхын орд  II.17 - III.12
Загасны орд II.19 - III.20                   Загасны орд III.13 - IY.18

Энэ харьцуулалтаас харахад Хилэнцийн ордынхонд бүтэн сарын хугацаанд биш шинэ зурлагаар ердөө XI.24-нөөс XI.29-ийн хоорондох долоо хоногт мэндэлсэн хүмүүс багтаж буй учраас X.24-нд төрсөн бидний хэдэн анд нөхөд нь Монголын “Аура” төвийн тэргүүн, зөн билэгч Б.Сарантуяа эрхлэн шинэ жилийн өмнө худалдаанд гаргадаг, дараа оны 365 хоногийн зурхайтай өрнийн зурлагын сар тус бүрийн 12 номоос “Хилэнцийн орд”-ыг авч хэрэглэх нь буруу болох нь ээ. Түүний оронд бид X.24-нд төрсөн гэдгээрээ хөөж үзээд “Охины орд” (IX.17 - X.30)-ыг худалдан авах нь зохистой, сонголт зөв болох нь харагдаж байна. Тэгэхээр ирэх  2017 оны Өрнийн зурхайтай ном авах бол бидний хувьд “Хилэнцийн орд”-ыг бус гадар нүүрэндээ XI.18-нд төрсөн Эстон зөн билэгч Мэрилин Керрогийн зурагтай “Охины орд”-ыг сонгох юм байна гэдгийг уншигч Та анзаарч буй болов уу. 
Гэхдээ бидний хэдэн нөхөд өөрсдөдөө “Өрнийн зурхайн 12 орд, НАСА-гийн 13 орд ямар хамааралтай бол? Бидний шинэ сонголт зөв үү, эсхүл хуучин уламжлалаараа “Хилэнцийн орд” зурлага номоо худалдан авч хэрэглэсэн нь зохистой юу?” гэдэг асуулт тавьж хариуг нь олохоор шинжлэх ухааны ном товхимлын хуудас эргүүллээ.
3000 жилийн тэртээ Асторономын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан Вавилончууд  нэг хавтгай дээр байрладаг нар, сар, манай дэлхий болон бусад найман гариг хамтдаа (хойшид ойлгомжтой болгох үүднээс дэлхий гэж бичнэ) бүтэн жилийн хугацаанд тэнгэрийн мандлаар хөдлөн явах замдаа дайран өнгөрөх 12 бүслүүр зурвас буюу 12 ордыг нээж, түүндээ Хонь, Үхэр, Ихэр,  Мэлхий, Арслан, Охин, Жинлүүр, Хилэнц, Нум, Матар, Хумх, Загас гэж нэрлэсэн байдаг. Хялбаршуулан ойлговол, зорчигч тээврийн автобус Монгол Улсаа нар зөв бүтэн тойрохдоо, Дорнод аймагт төд хононо, Сүхбаатарт төд хононо, улмаар Дундговь, Өвөрхангай, Баянхонгорт төд хонож байрлана гэдэгтэй адилаар манай дэлхий  III.21 - IY.19-нд Хонины орд,  IY.20 - Y.20-нд Үхрийн  орд, Y.21 - YI.21-нд Ихрийн  орд гэх мэтээр тэнгэрийн мандал дахь 12 орд газрыг дайран өнгөрөх аяллын маршрутыг цаг хугацаатай нь тодорхойлсон байна. Вавилончууд тойргийн 360 хэмийг 30 хэмээр 12 тэнцүү хувааж, орд тус бүрт дэлхий дунджаар 30 хоног (+, -)-оор байршина гэдгийг харуулсан анхны цаг тооны хуанли гаргасан түүхтэй. Эхний үедээ яг зориулалтаараа, таны ширээн дээр байгаа Грегорийн календарь шиг л  цаг хугацааг мэдэх хэрэглээний зурагт хуудас болж байж.
Шинжлэх ухааны нээлт, ололтыг гуйвуулан ашиг хонжоо, бизнесийн салбарт ашигладаг, улмаар энэ нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй болж хувирдаг замыг Вавилончуудын цаг тооны бичгийг ч тойрсонгүй. Эцэст нь зурхайчид “тухайн хүний төрөх үеийн нар, сар, гаригуудын байрлал, дэлхий эдгээр 12 ордыг дайран өнгөрөх хөдөлгөөн нь хүний амьдалд шууд пропорционалаар нөлөөтэй” гэсэн шууд батлах боломжгүй хийсвэр томьёоллыг гаргаж ирэн “төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гаригаар” нь төлөг, мэргэ тавьж бизнес хийсэн байдаг. Хожмоо үүнд итгэгсэд төдийгүй, хуурамч онол гаргагсадын хойч үеийн залгамжлагчид нь хүртэл багш нарынхаа анхны зорилгыг мартахад хүрч өөрсдөө итгэл үнэмшилтэй болтлоо төөрөлдсөн.
Харин одон оронч эрдэмтэн мэргэд энэхүү буруу зөрүү ойлголтоос шинжлэх ухаанаа аврах гэж өнгөрсөн 3000 жилийн туршид “Зурхайчдын яриад байгаа Зурхайн тэмдэгт Шар зам (zodiac)-аас Астрономын хэлээр, бидний томьёолж буй орд гэдэг нь  тусдаа, огт өөр ойлголт” гэдгийг хэлээд бичээд л байгаа. Есдүгээр сард НАСА-гаас тэнгэрийн мандалд дэлхий дайран явдаг 13 дахь орд “Офиукус” байгааг хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн “Space Place” сайтад тавьсан нь бас л ордын тухай хоёр өөр ойлголт зэрэгцэж явааг хэлсэн хэрэг л дээ. Шинэ орд нь грекээр Ophiuchus буюу могойтой тулалдах гэсэн утгатай үг ажээ. Польшууд тэргүүтэй, Европын одон орончид уг ордыг “Могой” гэж нэрлэжээ. 
Өрнийн зурхайгаар бизнес хийх нь 1990 оны Ардчилсан хувьсгалтай хамт ирсэн гэхэд эндүүрэл болохгүй. Харин урьд өмнө нь “төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гаригаар” нь төлөг, мэргэ тавьж бизнес эрхэлж байсан уу гэвэл байжээ. Одоогоос 700-гаад жилийн тэртээ Хубилай хааны дэргэд 17 жил шадарласан Марко Поло “Ертөнцийн элдэв сонин” номдоо энэ тухай ямар баримт өгүүлснийг сонирхъё. “Ханбалык (Бээжин) хотын төлөгч зурхайч нарын тухай... 5000 орчим зурхайч, төлгөч нар байсан бөгөөд Их хаан тэднийг дээр өгүүлсөн үгээгүй ядуучуудтай нэгэн адил жил бүр хувцас хунар, хоол хүнсээр хангадаг байжээ. Харин тэр зурхайч төлгөч зурхайч нар хотдоо сууж одон зурхайн ажлаа байнга үйлдэнэ… 
Тэд тусгай бяцхан дөрвөлжин хүснэгтэд тэр жил тохиолдох бүх үзэгдлийг тэмдэглээд уг хүснэгтээ такуини хэмээн нэрлэх ба түүнийгээ ирээдүйн явдлыг урьдчилан мэдэхийг хүссэн бүгдэд нэг ширхгийг нь Венецийн нэг зоосоор худалддаг. Хэн нэгэн хүн их хэрэг үүсгэх буюу аль нэгэн алс холын оронд худалдаа, арилжаа, бас бус хэргээр одох аваас ажил явдлын эхлэл ямар болохыг мэдэхийг зорьж нэгэн зурхайчид хүрч очоод “Ямар болохыг ном зурхайдаа үзэж айлдана уу” гэхэд зурхайч: “Та надад эхлээд өөрийн төрсөн жил, сар, цагийг хэлнэ үү? 
Тэгсэн хойно таны  хэрэг явдал ирээдүйд сайн муу алин болохыг зөгнөн хэлж өгсүгэй” хэмээдэг” гэх мэтээр бичжээ.
Ер нь сансар огторгуйн татах хүчний нөлөөгөөр од эрхэсийн байрлал өөрчлөгдөг учраас тухайн үед Вавилончуудын томьёолсон астрономын ордууд нь дорно зүг бүгд хөдөлж, өнөөдөр манай дэлхий уламжлалт хугацаандаа эдгээр ордоор дайран өнгөрөхөө больсон гэж ойлгож болно. Ийм болсон байгааг Олон улсын одон орон судлалын холбооноос 1922 онд албан ёсоор зарласан юм. Тэнгэрийн мандал дахь нийт 88 одны хилийн зурвасыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэчлэн тогтоосон бөгөөд манай дэлхий Вавилончуудын нээсэн уламжлалт хугацаандаа 12 ордыг дайран өнгөрөхгүй болсныг зарласан билээ.
Бидний хэдэн нөхдийн хувьд Астрономын орд тусдаа, Өрнийн зурхайн орд тусдаа өөр гэдгийг эхний ээлжинд маш сайн ойлголоо. Гэхдээ дэлхийн 7.360.000.000 хүнийг 12 сард хуваахад зурхайн нэг ордод 610-аад сая хүн дунджаар ногдож байна. 610 сая хүний гэр бүлийн байдал, санхүүгийн байдал, эрүүл мэндийн байдал өдөр бүр яг адилхан байна гэж юу байх вэ гэж хэлэх нь энэ сэдвийг хөндөж байгаа бидний хувьд зохимжгүй юм. Нөгөөтэйгүүр манай Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан учраас Өрнийн зурхайд итгэх, эс итгэх нь хуулиар хамгаалагдсан гэж ойлгогдож байна. 
Иймээс Монголын “Аура” төвийн тэргүүн, зөн билэгч Б.Сарантуяагийн Өрнийн зурлага номыг худалдан авч ширээний номоо болгох, эс болгох нь иргэдийн өөрсдийнх нь сайн дурын хэрэг ажээ. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.