НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Тэнгэрээс ч цэлмэг сэнгэг хүсэл

Б.Алтанхуяг     Нийтлэгч
2 жилийн өмнө /2017-01-09 18:33:31 GMT +8 / | 5662 удаа уншсан

Сайхан шүлэг уншиж “Ай” хэмээн шүүрс алдсан мөчүүд цөөнгүй. Тэгээд ч Монголын яруу найрагт “ай” хэмээн шүүрс алдуулах шүлэгнүүд олон бий гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз ээ. Саяхан яруу найрагч С.Начингийн “Ай” хэмээх шинэхэн түүврийг уншиж суухуй дор төрсөн бодлуудаа бичиглэж сэтгэлийн амгалангаа ургуулахаар шийдлээ.

Зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Аюурзана нэгэнтээ “Энэ дэлхийн анхны яруу найрагч Хомер байлаа. Түүнээс өмнө шүлэг зохиодог, үг холбон аялгуулж туульс хайлдаг хүн, мэдээж, олон байсан. Гэвч тэр бүгдийг яруу найрагч гэдэггүй, тэр ч байтугай Хомероос хойшхи, нэр алдартай, шүлэг зохиол нь ном сударт үлдсэн олон найрагчийг жинхэнэ яруу найрагч мөн эсэхэд эргэлзмээр. Ерөөсөө саяхан болтол буюу Сэргэн Мандлын үед хүртэл “Хомероос хойш яруу найрагч төрсөнгүй, тэр анхных бөгөөд эцсийнх” гэж дэвшилтэт сэтгэгчид үзэж байсан юм” хэмээн бичсэн байдаг. Тэгээд л заримдаа бүхий л зүйл ганцхан бусад нь хуулбар юм гэж бодоход хүрдэг хэдий ч ганцхан төгс зүйлээс давж гарсан хуулбарууд олон буйд баярладаг. Эцэст нь дэвшилт гарч л байдаг. Хэн хүнд мэдэгдэлгүйгээр салбар бүхэн дор бүрнээ хөгжиж, урагшилсаар байдаг шүү дээ. Яруу найрагч хүн ганцхан шүлгээр мөнхөрдөггүй гэдэгтэй ихэнх суутнууд санал нэгддэг шиг ганцхан яруу найрагч төрсөн гэвэл бид Бодлер, Башё, Паунд, Уитмэн, Дү Фү, Рембо, Мур, Лорка, Иванов гээд цааш үргэлжлэх олон нэрсийг цаазлах хэрэг гарна. Харин над шиг уншигчид тийм шаардлага байхгүй л дээ. Би зүгээр л уншиж чадна, бусдыг нь сэхээтнүүд өөрсдөө шийдчих биз.

Хамгийн түрүүнд сэтгэлийн доторх өнгө будаг холилдсон зургууд шиг уг шүлгийн түүврээс намайг өөртөө дурлуулсан нь

“Орчлонгийн захад хүрэх гээд жигүүр нь цуцсан хүлгийн

Омруун дээр гэрэлтэх толионд хүслээ живүүлэхсэн” /С.Начин “Ай” 9-р тал/ гэх шаналант сэтгэлийн цог шиг мөрүүд байлаа. Үнэндээ эл шүлэгт буй “Орхиод дутуу үлдээчихсэн яруу найрагчийн шадыг гүйцээхсэн” гэх мөрүүд тун ч зохимжгүй санагдсан юм. Угтаа шүлэг найргаа гүйцээж чадалгүй тэнгэрт дэвшсэн найрагчдийг “орчлонгийн захад хүрэх гээд жигүүр нь цуцсан хүлэг” хэмээн дүрсэлчихсэн бус уу. Яг л энэ мөчид тэдний сэтгэлд гэрэлтэх, нэгээхэн агшны гэгээрлийг үзсэн хүн яруу найргийг гагцхүү сэтгэлдээ урлах биз ээ. Тиймдээ ч “омруун дээр гэрэлтэх толионд хүслээ живүүлэхсэн” гэж уулга алджээ.

“Шөнө өө, одод оо харанхуйн гэгээн туйл аа

Туйлын цаадах туяанаас хундага харшуулагч шүлэгч дээ

Шүүдэр үүрээр өвсний үзүүрт тогтох шигээр

Тунгалагаас тунгалаг болгож хайрлаач” /С.Начин “Ай” 11-р тал/ Тэнгэрээс ч цэлмэг сэнгэг хүсэл нь энэ. Зүгээр нэг амьдралын гэрэл гэгээтэй зүйлс дуулдаг гэж хэнхэглэх гэсэн ямарч зүйлс энэ шүлгэнд үгүй. Байгаа зүйл нь үнэн сэтгэл юм. Тиймдээ ч туйлын цаадтайх туяа буюу хэдийн үгүй болсон шүлэгчдийн хундага харшуулах дууг сонсчээ. Амьд сэргэг яруу найраг, цэлмэг сэнгэг хүсэл гэдэг энэ л юм шиг санагдана. Ерөөс дээрх дөрвөн мөр энэ номыг бүхэлд нь тодорхойлж чадна гэж мунхагланам. Шүлгийн ур хийц, дүр дүрслэлд шунах сэтгэл огтоос үгүй. Гол нь ахуйн дарамтаас хөндийрч тэмдэглэлийн дэвтэр, үзэг хоёроо шүүрч аваад тагтруугаа гүйх шиг тийм нэг амьд сэргэг хүсэл шүлэг бүрээс нь мэдрэгдэнэ. Үнэхээр үүрээр өвсний үзүүрт шүүдэр хэрхэн тогтдог бол. Гол нь энэ биш л дээ. Оройн цагаар бол шүүдэр үгүй боловч өглөө тэнд үүсэн бүрэлдсэн байдаг. Тэгэхээр тогтох үйл явц нь ямар бол. Угтаа энэ ч биш л дээ. Хамгийн гол нь өвсний үзүүр дээр тогтсон шүүдрийн дусал хамгийг тэтгэх их хайрыг дотроо агуулсан мэт мэдрэмжийг хүнд өгдөг, түүнийг анзаарч мэдсэн яруу найрагч хийгээд сэтгэлийн их чимээ, тунгалагаас тунгалаг болохсон гэх хүүхдийнх нь шиг гэнэн боловч “ҮНЭН” сэтгэлийн хүсэл нь хамгийн чухал. Яруу найраг гэгч яг л энэ юм шиг мэдрэмж төрнө.

 

Түүний “Цаасны амь нас” хэмээх шүлэг буй. “Ай”-хэмээн уулга алдах мөчүүд, зүрхний гүн дэх уй гунигийн чимээ бүхэн эндээс үүдэн гарсан мэт санагдах. Бид оршин буй ертөнцийнхөө гоо сайхныг анзааралгүйгээр бүгдийг цөмлөж, үгүйрэн хоословч оршихуйгаа мэдрэх бүртээ амьдралын өчүүхэн сайхнаас гэгээг нь амталж, өсөн өндийсөн, байгальтай дэндүү ойр гэдгээ мэдэрч чаддаг хүмүүс гэж аль эрт ухаарчих байсан ухаарлаа одоо л нэг олж авах шиг санагдана.

“Хашааны буланд хураалттай модод
Нэгэн цагт борооны үнэрээр
Түүний тунгалаг дуслуудаар хайрлагдаж
Түүгээр тэжээгдэн тэтгэгдэж байсныг
Намар үг дуугуйхэн ирээд хөрөөдсөн эр мэдэх болов уу?
Хашаа ч бас ойн нэг хэсэг байснаа санадаг болов уу? ...” /“Ай” 6-р тал/

Хэзээ ч билээ нэгэн хүн надад “Модод санааширдаг юм шүү” хэмээн хэлж билээ. Цэцэг ногоо, мод бут бүгд л амьтай зүйлс. Гэхдээ эд тэгээд санааширч, санаа алдаж суудаг тухайд эргэлзсэн удаа бий. Учир нь надад өөр бусдын тухай “өөр бодол” хийгээд үнэ цэнээ огтхон ч алдаагүй, загас эсвэл шувуудын дуун алдалтын гайхан биширч басхүү гуньж чаддаг зүрхтэй хүмүүсийн “зохист гавьяаны үйлс”-ийг мэдрэх өчүүхэн орон зай дотор минь ургаагүй байсан хэрэг. Гэтэл яруу найрагчид өвсний нүдийг олж хардаг, үүлсийн чийгтсэн сормуусийг мэдрэхдээ бороо ороход гунигладаг, зосоор өнгөлсөн банзан хашаа “өөрийгөө мод байснаа санан санаа алдахыг” нь олж сонсчихоод хөрөөдөж суусан эрийг өрөвдөхдөө гэм нүглийг нь цагаатгах гэж одоо ч хүрэн судал бүр нь мушгиралдсан хээ үүсгэж, өлмий дороосоо өвс ургуулж зогсоо банзан хашаа бүрийн амьд сэргэгийг мэдэрч чаддаг гэнэ сэрэггүй хүслийг юутай ч харьцуулмаар юм бэ дээ.

Дээрх шүлэг нь “Бид мэдэрдэг юм
Мод биш ч
Бичсэн, зурсан, урласан
Мөр бүхнийхээ цаасны амийг нөхөх гэж!
Эх дэлхийнхээ хэвлийд шингээд
Эргэж төрөхдөө өөрөөсөө үй олон ой төрүүлнэ гэдгээ” хэмээн төгсдөг.

Эл мөрүүдийг уншаад үйлийн үрийн тухай илүүтэй бодном. Дорно дахины яруу найраг дахь уран сэтгэмж, жам ёсны бэлгэдэл, эргэж төрөхдөө өөрөөсөө үй олон ой төрүүлэх сэтгэлгээний өгөгдөлд үүсэх мөн чанараар баяжин шүлгийн амь амьсгалыг бүтээжээ. Монголын уран зохиолд үе бүртээ шинэчлэл хийсэн цөөн найрагчдын шүлгүүд шиг эрс тэс уур амьсгалыг бүтээсэн, өнөөгийн яруу найрагт томоохон шинэчлэл болсон гэж би тодорхойлох аргагүй ч гэлээ замбуулингийн жам ёсны тойрогт орших хүмүүний үнэн явдал хийгээд хоосон чанарын тухай өгүүлсэн олон найргийн нэгээхэн тод өнгө бол “Цаасны амь нас” хэмээх шүлэг юм гэдгийг итгэлтэй хэлж чадна.

 

 

 

 

 

 

Нөгөөтэйгүүр хайр сэтгэлийн тухай яаж ийм өөдрөгөөр магтан дуулж чаддагийг нь гайхдаг юм. Хүн бүр өөрсдийн гэсэн хувь тавилан, тэнгэрээс өгсөн өгөгдөлтэй байдаг тухай олон удаа сонссон. Ямартай ч ихэнхи найрагчдын хайр дурлалын шүлгүүд шаналлын өнгө аяс, гунигийн хөнгөн чимээтэй байдаг. Харин түүний сэтгэл ингэж бичиглэсэн байх юм.

“...Дотор агуйд минь чи бамбар барин орсноос хойш

Догдлох, дурлах, эргэлзэх, гунихын шалтгааныг эгүүрд би мартсан”. Ийм л тунгалаг шүлгүүдээс эгшиглэх чимээ бүрийг сонордон аниргүй хоосонд хөхин баясч суумаар... Ямартай ч дээр мөрүүдийг Анна Ахматова эсвэл Марина Цветаева нарын нэг бичиж үлдээсэн бол өдгөө залуусын амны уншлага болчихсон байх болов уу. Бидний үеийн залуус яруу найрагч Ц.Доржсэмбийн “Цас бороо” шүлгийг хоороор уншиж, гоо зүйн мэдрэмж, хиргүй тунгалаг найргийг бахдан биширцгээдэг. Тэгвэл дээрх шүлэг ялгаагүй санагдана. Нөгөө талаар догдолж, гунихаа больчихвол амьдрал хэтэрхий энгийн мэт. Гэвч энгийн тусмаа юм бүхэн гайхалтай оршихуйг бий болгож байдаг. Гол нь “Дотор агуйд минь чи бамбар барин орсноос” гэх мөрүүдэд асар их хүч байх шиг.

Долоо хоног бүрийг бид өөрөөр нэрлэдэг. Гэвч долоон зуун өдөр хоногийг өөрөөр нэрлэх боломжгүй мэт ихэнхи хүмүүс санадаг. Харин уран зохиол, яруу найраг тэр долоон зуун өдөр хоногийг өөр мэдрэмжээр хөглөж, хүмүүсээс илүүтэйгээр гуниглаж, янжуурын цогонд дулаацаж, бүхнээс илүүтэй хөөрч, модны мөчрөөс хийссэн цасыг шувуудаар төсөөлж явдаг юм шиг... Харин энэ бүхний эцэст юу үлдэв. Зүгээр л ганц мөрийг дахин эш татахад хангалттай. “ГҮЙЦЭЭ харанхуй хотын гудам надад дэн мэт хэрэгтэй”.

Харанхуй гудам дэн мэт гэрэлтэй байдаг ч юм билүү. Гол нь сэтгэл зүрхийг айдсаар дүүргэгч гүн их харанхуйгаас гэрэл олж үзэх тэнгэрээс ч цэлмэг сэнгэг хүсэл л эцэст нь үлдэнэ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.