НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

П.Бямбацэрэн: Үндсэн хууль Монголын ард түмний хамтын бүтээл, өмчлөгч эзэд нь Монголын ард түмэн

    Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-01-13 12:02:14 GMT +8 / | 4903 удаа уншсан

Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хууль (1992 оны) батлагдсаны 25 жилийн түүхт ой энэ өдрүүдэд тохиож байна. Үндсэн хуулийг боловсруулах, ард нийтээр хэлэлцүүлэх, УБХ-аар 4-5 удаа шүүн хэлэлцэж тал бүрээс нь нягтлан эцэслэж улмаар БНМАУ-ын АИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, мөрдүүлэх их үйлст гар бие оролцож, чухал үүрэг гүйцэтгэгчдийн нэг БНМАУ-ын УБХ-ын гишүүн асан, Хөдөлмөрийн тэргүүн дэд сайд, УИХ-ын Тамгын газрын орлогч дарга, Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны дарга зэрэг төрийн өндөр алба хашиж явсан төр, нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор П.Бямбацэрэнтэй Үндсэн хуулийн асуудлаар хийсэн ярилцлагыг толилуулж байна. 
Тэрбээр Үндсэн хуулийн 10 жилийн ойн өмнөхөн байнгын ажиллагаатай парламент үүсч байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэх үеэр Монголын мэдээ сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа УБХ-ын гүйцэтгэсэн түүхэн үүргийн талаар   “УБХ-ын гишүүд хувийн ашиг сонирхлыг өчүүхэн ч боддоггүй өндөр ёс зүйтэй байсан” гэдгийг маш тодорхой дурдсан байдаг. Үндсэн хуулийн 15 жилийн ойд зориулж "Өдрийн сонин"-д өгсөн “Улсын бага хурал төрийн өвөрмөц институт байсан” хэмээх ярилцлагадаа Үндсэн хууль төрөх үеийн түүхэн нөхцөл байдал, нийгмийн уур амьсгал,Үндсэн хууль хэлэлцлэгдэн батлагдсан процесст дүн шинжилгээ хийж, Үндсэн хуулийг мөн чанараар нь ойлгож хэрэгжүүлэхгүй байгаа талаар хөндөн сэрэмжлүүлэг дохио болохуйц чухал санаа сэдлийг дэвшүүлж байсан юм. 
Парламентын 20 жилийн ойн өмнө "Өдрийн сонин"-д өгсөн “Эрх мэдэлтнүүдээс болж хариуцлагын механизм дампуурчихаад байна” гэсэн ярилцлагадаа төрийн хэрэгт бүлэглэлийн ноёрхол тогтож, хариуцлагагүйн зуд нүүрлэх болсон,УИХ-ын гишүүд олноороо Засгийн газрын гишүүн,сайд хийх болж,харилцан хяналттай байх  ардчилсан төрийн тогтолцоонд гажиг үүсч, хууль дээдлэх ёс алдагдах болсныг хурцаар шүүмжлэн төрийн хяналтын зохистой бүтэц үгүйлэгдэж байгааг баримтаар нотолж “Үндсэн хуульд зохих өөрчлөлт оруулах замаар хоёр танхимтай парламентын тогтолцоог сонгох шаардлага үүсч байх шиг байна” гэсэн санааг дэвшүүлсэн байдаг юм. Дээрх ярилцлагуудаас нь харахад П.Бямбацэрэн Үндсэн хуулийн хувь заяаны талаар байнга санаа зовж, түүхэн тодорхой цаг үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, нөхцөл байдлыг шинжлэн судлаж өөрийн үзэл бодол, байр суурийг ил тод илэрхийлсээр иржээ. Үндсэн хуулийн 25 жилийн ойтой зэрэгцэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах яриа ихээхэн тархсан өнөө үед бид түүний байр суурийг сонсохыг зориуд чухалчилж үзсэн юм.

-Ардчилсан Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай яриа хөөрөө, санал бүх шатанд яригдах боллоо. Төрийн хямралд хүргэж, Засгийн газар тогтвортой ажиллахад өнөөгийн Үндсэн хуулийн “Засаглалын эрх мэдлийн хуваарилалт саад болж байна” гэж яриад байгаа, энэ талаар таны байр суурийг сонсмоор байна.
-Энэ асуудалд би сүүлийн үед маш их санаа зовних болсон. Учир нь Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээний дорвитой ажил явуулж нийтээр хүлээн зөвшөөрөгдөхүйц, үндэслэл нотолгоо бүхий үнэлэлт, дүгнэлт гаргаагүй байж улстөржсөн хийрхэл, хоосон яриа, цэцэрхэл дэгдээхээс хэтрэхгүй байна. Саяхан төрийн ордонд Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан онол, практикийн бага хурал болж манай эрхтэн дархтан, эрдэмтэн судлаачид гээд давхар давхар гуншинтай, том шар тэмдэгтэн олон хүн илтгэл, айлтгал хийнэ лээ. Харамсалтай нь Үндсэн хуулийн аль бүлэг, ямар зүйл заалт үүргээ гүйцэтгэж чадахгүй, төрийн хэргийг хямралд хүргээд байна вэ?, түүний учир шалтгаан юунд байна?, тэрийг хэрхэн яаж өөрчилбөл ямар  сул тал нь арилж, юу нь хэрхэн яаж засагдан сайжрах юм бэ? гэдэг талаар итгэл, үнэмшил төрүүлэхүйц бодитой зүйл бараг яригдаагүй. Нөгөө л бахь байдгаараа тулга тойрсон цуу яриа төдий зүйл, ихэвчлэн хувь судлаачдын үзэл бодол, гаднаас хуулбарласан ёс төдий номлолын чанартай системчлэгдээгүй дайвар үгс хөвөрсөөр өндөрлөсөн. Эндээс Үндсэн хууль судлалын тухай цэгцтэй ойлголт манайд төдийлэн тогтоогүй байна уу даа гэсэн бодол төрсөн. Дэлхий ертөнц асар богино хугацаанд өөрчлөгдөөд байгаа учраас 25 жил мөрдөгдөөд ирчихсэн юм чинь хангалттай, одоо Үндсэн хууль хоцрогдолгүй яахав өөрчлөлт оруулах нь зүйтэй гэх маягийн юм яригдаж байгаа нь харамсалтай. Бидэнтэйгээ таарсан иймэрхүү ойлголттой гадаадын зарим зөвлөхүүд бас байдаг л бололтой юм. 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзээд байгаа нэг гол шалтгаан нь Засгийн газрыг хүчирхэг болгох, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж өгснөөр Засгийн газар тогтвортой ажилладаг (огцордоггүй) болно. Энэ нь монголын эрх ашигт амин чухал юм гэж яриад байгааг та юу гэж бодож байна?
-Өнгөрсөн хугацаанд тохиолдож байсан төр, засгийн ажлын муу муухай бүхнийг, тэр тусмаа Засгийн газар олон удаа огцорч байсныг Үндсэн хуультай шууд холбож үзэх нь туйлын буруу. Жишээ татая л даа. Шинэ Үндсэн хуулийн дагуу УИХ-ын анхны сонгууль явагдаж, 1992-1996 онд П.Жасрай агсаны Засгийн газар байгуулагдаж маш сайн ажилласан. Тэр дөрвөн жилд улс орны амьдралд эрс шинэчлэлт хийгдсэнээр ололт амжилт дүүрэн байв. Эдийн засгийг сэргээн хөл дээр нь зогсоож чадсан. Тэгвэл улс төрийн зарим намуудын удирдлагууд сэм хуйвалдаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт (дордохын долоон өөрчлөлт гэж нэрлэгдэх болсон) оруулсны дараах үе, 2000-2004 онд Н.Энхбаярын Засгийн газар бас л тогтвортой сайн ажилласныг олон түмэн мэднэ. Их өрнөөс салгасан, Бүсчилсэн хөгжил, Мянганы зам гэх мэтчилэн хөгжлийн шинэ бодлого, их бүтээн байгуулалтууд эхэлсэн, хүмүүсийн амьдрал ахуйд эерэг өөрчлөлт, улс орны эдийн засагт  өсөлт бий болж байлаа. Гэтэл 1996-2000 онд Үндсэн хуулийн анхны орчин ижил байхад Засгийн газар нь дөрвөн удаа огцорч, хагас жилийн турш үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай явсаар УИХ-ын ээлжит сонгуультай золгож байв. Тэрчлэн 2004-2008 оны хооронд юу болсон билээ. УИХ-д олонхи болсон МАН (МАХН)-ын Засгийн газар зөв зүгээр хэвийн ажиллаж байхад нь Намын ерөнхий нарийн бичгийн даргынх нь санаачилгаар эрх мэдэлд шунасан нөхдүүд ордны эргэлт хийж намын даргаа буулган авч, Засгийн газраараа туг тахиад тэр бүх дээд албан тушаалд С.Баяр хуйвалдаанаар заларсан. Тэр хүн 2008 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулж 45 суудалтай болсон ч, 7 дугаар сарын 1-ны эмх замбраагүй байдлын улмаас 5 сайхан залуугийн амь эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон. С.Баяр нүглээ наманчилж сөрөг хүчинтэйгээ хамтарч Засгийн газар байгуулж өөрөө толгойлсон. Эндээс хар даа, ерөнхий сайд гэдэг хүний эрх мэдэл Үндсэн хуулиар хязгаарлагдаад байгаа юм  байна уу. Харин ч ерөнхий сайд С.Баяр “юм л бол ...Би толгойгоороо хариуцна дуугүй дэмж, шийд...” гэж УИХ-руугаа дайрч давшлан санасан бүхнээ хийж болоод л байсан биздээ.

Ийм тохиолдол Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын үед ч давтагдаж байлаа. Оюутолгой, Таван толгой, Цагаан суврагын уурхайнуудын асуудал, бүр саяхан Эрдэнэтийн 49 хувийн асуудал гээд хуулиас гадуур, дураар авирласан зөндөө л юм болоод байгаа шүү дээ. Н.Алтанхуягийн огцролт бол бас л намынх нь доторхи эрх ашгийн зөрчил, фракциудын өшөө авалт байсан. Өмнөх олон огцролт, огцруулалт бүгд адил. Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдэг чинь энгийн ухамсрын түвшний л яриа юм. Хууль дээдлэх ёс, хуулиар олгогдсон бүрэн эрх, хэм хэмжээг чанд мөрдөж үүрэг хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлж чадсан Засгийн газар, ёс зүйтэй ерөнхий сайд, сайд нартай Засгийн газар тогтвортой ажиллаж болдог л Үндсэн хуультай улс шүү Монгол бол. Үүнийг амьдрал харуулсан. Тэгж ажиллаж чаддаггүй ерөнхий сайд, сайдуудтай Засгийн газар бол үтэр түргэн огцорч байх нь харин ч Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Ингэх нь хэвийн үзэгдэл. Сайд гэдэг бол ирж л байдаг, явж л байдаг албан тушаалтан. Тэр бүхэнд төрийн жинхэнэ мэргэшсэн ажилтнуудыг халж, сольж төрийн албыг тогтворгүй болгож байгаа нь л харин эмгэнэлтэй. Органик хуулиар үүнийг засч болно. Тиймээс иймэрхүү ёсгүй, ёс ноёрхсон ямар ч нэр хүндгүй, тохиолдлын улс төрчид олширсон, иргэд олон түмний төрд итгэх итгэл суларсан, нийгэм тэр чигээрээ тогтворгүй, савлагаатай, нийгмийн сэтгэлзүйд таагүй уур амьсгал давамгайлсан энэ цаг үед Үндсэн хуулиараа оролдох нь “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-той адил хэрэг болно гэж болгоомжилж байна. Харин энэ завшааныг ашиглаад Үндсэн хуулийн төгсгөлийн хуудсанд тодоор бичигдсэн “Мэдэгтүн, сахигтун” гэсэн гүн гүнзгий агуулга бүхий уриалгыг төрийн зүтгэлтнүүд болон түмэн олондоо хандаж сануулахыг хүсч байна.
-Эрх баригчид болохоор ард түмнээсээ асууна. Тэдний санал асуулгаар Үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гээд байгаа бишүү?
-Наадах чинь тийм ч найдвартай төгс төгөлдөр механизм биш. Маш сайн бодож боловсруулж нягтлан судалж байж хэрхэх вэ? гэдгийг тогтоох ёстой. Ч.Сайханбилэгийн нэг өглөө босч ирээд л “Оюутолгойг хөдлөхийг дэмжих үү, үгүй юу?” гэж санал асуулга явууллаа. Монголын ард түмний дийлэнхи нь дэмжсэн байр суурьтай байгаа юм байна гэж худлаа цуу тарааж, хулхиддагтай л ижил юм болж мэднэ. Их осолтой.
-Сонгодог парламентын жишгээр Монгол улсын Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болъё, УИХ-ын гишүүдийн тоог нэмье гэсэн байр суурьтай улс төрчид олон байдаг.  Энэ тухайд... 
-Монгол Улсын хувьд “Парламентын Бүгд Найрамдах улс”-ын зарчмаа нэг хэсэгтээ мөрдөх нь дээр. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээсээ сонгодог хэвээрээ л байг. Ер нь тэгээд нэг хүнд хэт их эрх мэдлийг хамаатуулж, төвлөрүүлэхээс аль болохоор татгалзаж байх нь хүн ам цөөтөй, хоёр том гүрний дунд байршилтай манайх шиг орны хувьд өлзийтэй байх болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өнгөрсөн парламент баталсан. Түүгээр бол Үндсэн хуульд (одоогийн) маш хязгаарлагдмал хүрээнд л асуудлыг ярьж болно. Уг хуулиар энэ цуураад байгаа төрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах асуудлыг ярих ямар ч боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Үндсэн хуульд хүрэхгүйгээр бий болсон олон гажуудлыг органик болон ердийн хуулиар засч залруулах боломж байгаа л даа. 
-Энд ямар гарц байна гэж та хэлэхсэн бол?
-УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль тодорхой субьектүүдийн хууль санаачлах эрх, хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль хэлэлцэж батлах процедурын хэм хэмжээг зохицуулсан хуулиудаар дамжуулан Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуулийн хэм хэмжээнээс хальсан, төрийн засаглалын эрх мэдлийн хуваарилалтын харилцан хяналттай байх зохицуулалтыг алдагдуулсан зарим хууль, хуулийн заалтыг хүчингүй болгох, Үндсэн хуульд нийцүүлэн хууль хоорондын зөрчлийг арилгах асуудлыг соргогоор олж харж, шуурхай засч залруулж байх шаардлагатай. Үндсэн хуулийн цэцийг сайн ажиллуулж, шийдвэрт нь хүндэтгэлтэй ханддаг байх ёстой. Мөн миний нэг бодож явдаг зүйл бол органик хууль, ердийн хууль хоёрыг нэг адил зарчмаар ердийн олонхоор баталж байгааг өөрчилмөөр байгаа юм. органик хуулийг УИХ-ын гишүүдийн олонхын (50+1 хувийн саналаар баталдаг) байхын бол, Органик хуульд тийм ч амархан өөрчлөлт оруулаад байдаггүй болж, хууль эрх зүйн орчин тогтвортой байх дархлаа нэмэгдэнэ. Органик хууль ба ердийн хуулийн чадамжийн ялгаа зааг ч тодорхой болно. Ингэснээр юм бүгдийг Үндсэн хууль руу хамаатуулж түлхэх гээд байдаг сэтгэлгээний хөөрөл (синдром) илааршиж намжихад эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
-Нэгэнт тантай уулзаж байгаагынх нэг зүйлийг нэмж асуумаар байна. Үндсэн хуулийн ойн баяр гэхээр зөвхөн АИХ-ын депутатуудын гавьяа  болоод явчихдаг. АИХ-ын депутатуудад байрны мөнгө өглөө, депутатуудыг төрийн дээд цол, одон медалиар шагнаж урамшууллаа, тусгай эмнэлэгийн үйлчилгээнд хамруулдаг боллоо ч... гэх шиг зүйл яригддаг. Гэтэл Үндсэн хууль бүтээлцсэн олон хүмүүс гадуурхагдан орхигдлоо... гэсэн яриа, гоморхол нилээд дуулддаг юм билээ. Үндсэн хууль тогтоогчдын холбоо гэдэг байгууллага гарч ирж, зөвхөн депутатуудынхаа талаар ярьдаг болсон. Түүнд нь дургүйцсэн хүмүүс ч тааралддаг боллоо. Та энэ талаар юу хэлэхсэн бол...
-АИХ-ын депутатуудыг Монголын төр, иргэд олон түмэн хайрлаж, хүндэлж, тэднээр бахархаж байгааг би хувьдаа бүрэн дэмжиж явдаг. Тэд бол Монгол Улсын хөгжил дэвшил, хүн ардын амьдрал ахуйг сайжруулахын төлөө бүхий л амьдрал, мэдлэг чадвар, удирдан зохион байгуулах агуу их авъяас, ур ухаанаа зориулсан, салбар бүрийн шилдэг тэргүүний менежерүүд, жинхэнэ эх оронч, бүтээн байгуулагч, өөрчлөн шинэчлэгч байсан хүмүүс. Монголын нийт ард түмний, сонгогчдын итгэлийг олж, төлөөлөл нь болж Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан гавьяатай хүмүүс. Гэхдээ Үндсэн хууль батлагдах хүртэл чамгүй урт хугацаа (хоёр жил шахам) -ны турш маш олон хүний оролцоотой нөр их ажил хийгдэж байж Үндсэн хууль маань бэлэн болсон гэдгийг мартаж болохгүй. Өргөн утгаар нь авч үзвэл Үндсэн хуулийг бүтээгчид нь Монголын нийт ард түмэн. Бүр тодорхойлж хэлэхийн бол БНМАУ-ын Ерөнхийлөгч, Ардын их хурал, Улсын бага хурал, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, тэдгээрийн удирдах албан тушаалтнууд, оролцсон Үндсэн хуулийн ажлын хэсгүүд, түүнд багтаж ажилласан төрийн өндөр мэргэшсэн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, ажлын албадын мэргэжилтнүүд голлох ачааг үүрч гардан боловсруулсан. Тэд бол Үндсэн хуулийн жинхэнэ бүтээгчид яах аргагүй мөн. УБХ-ын гишүүд бол Үндсэн хууль бүтээхэд голлох үүрэг гүйцэтгэж зөвхөн чуулганаараа гэхэд л 4-5 удаа хэлэлцэж байж, төслийг эцэслэн АИХ-д оруулж хэлэлцүүлгийг авч гарч байлаа шүү дээ. АИХ-ын депутатууд маань 70 гаруй хоног шүүн хэлэлцээд баталсныг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлан гарын үсэг зурж, төрийн тамгаа дарснаар манай Үндсэн хууль даяар олонд зарлагдан мөрдөгдсөн түүхтэй. Тэгэхээр Үндсэн хууль Монголын ард түмний хамтын бүтээл, өмчлөгч эзэд нь Монголын ард түмэн гэдгийг хэлэх ёстой. Үндсэн хууль тогтоогчдын холбоо гэснээс, саяхан нэг цахим сайтад Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой иргэдийн санал (коммент) дотор “Үндсэн хууль тогтоогчдын холбоо гэсэн хэдэн нөхөд 2-3 шатлалтай парламент ч гэнэ үү юм ярьж байна. Эд нар чинь Үндсэн хуулийг чөдөрлөгч (тогтоогч), сүйтгэгчид болсон юмуу ха ха...” гэсэн нэг бичвэр харагдсан шүү. Холбогдох хүмүүс нь анзаарч л байгаа байлгүй. За тэр шагнал урамшлын тухайд бол, улс нийгэмдээ хөдөлмөрлөж, хийж бүтээсэн гавьяат үйлсээ шударгаар үнэлүүлж, төрийн хайр хишгийг хүртэж байгаа нэг ч болов иргэн хүн байваас, түүнд  атаархах бус талархан дэмжиж баяр хүргэж байх хэрэгтэй гэж би боддог шүү.   
-Уучлаарай ганц зүйл лавлая. АИХ-ын депутат бус гэдгээр УБХ-ын цөөн хэдэн гишүүд төрийн анхаарлын гадна гадуурхагдан үлдсэн гэсэн гомдол дуулддаг юм билээ. Энэ тухайд юу хэлэхсэн бол...
-Сэтгүүлчид та бүхэн голыг нь олж анзаарсан байна. Үнэний хувьтай.  Монголын ард түмэн ухаантай хэн нь хэн бэ гэдгийг харж л байгаа. Уг нь төрийн хэрэгт том, жижиг асуудал гэж байх ёсгүй учраас ямарваа зүйлд ялгаварлал, гадуурхал аль ч түвшинд гаргах ёсгүй юм л даа. Энэ бол Үндсэн хуулийн зарчим.
-Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.