НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хан Канг: Хүн нэвт шингэсэн зохиол бичихийг хүссэн

Г.Баянжаргал     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-01-13 12:01:25 GMT +8 / | 2464 удаа уншсан

 

Өмнөд Солонгосын зохиолч Хан Канг энэ жилийн “Man Booker International Prize” олон улсын уран зохиолын шагналын ялагчаар хүн төрөлхтний хэрцгийлэл, хүчирхийлэлд цөхөрсөндөө мах идэхээ больж буй эмэгтэйн тухай Вежетериан” зохиолоороо Орхан Памук, Хосе Эдуардо Агуалуса, Яан Лианке зэрэг зохиолчидтой өрсөлдөн ялагчаар тодорчээ. Лан Канг манай сонины өмнөх дугааруудад гарч байсан Кюнг Сүүк Шин, Ким Ёонг Ха зэрэг зохиолчидтой мөр зэрэгцэх, өнөө үеийн Өмнөд Солонгосын уран зохиолын төлөөлөгч болсон нэгэн юм. Зохиолчдын гэр бүлээс гаралтай, 45 настай Хан Канг өнөөдөр Сөүлийн Урлагийн Инститүтэд багшилдаг бөгөөд төрөлх Солонгос хэлээрээ арван ном хэвлүүлжээ. Түүний The White Review уран зохиол, дүрслэх урлагийн сэтгүүлд энэ оны гуравдугаар сард өгсөн ярилцлагаас хэсэгчлэн хүргэж байна.

-Хорьдугаар зууны Солонгосын түүх сэтгэлийн шархаар дүүрэн байдаг. Тэгвэл та тэр олон түүхийн шархаас  яагаад  яагаад Гвангжугийн бослогыг онцгойлон сонгосон бэ?
-Хорьдугаар зуун бол ганцхан Солонгост биш, хүн төрөлхтөнд тэр чигт нь гүнзгий шарх үлдээсэн. Би 1970 онд төрсөн учраас 1910 оноос 1945 оны Японы эзлэн түрэмгийлэл, 1950 онд эхэлсэн Солонгосын Дайны алинийг нь ч үзээгүй. 1993 онд 23 настайгаасаа эхлэн би яруу найраг, зохиол хэвлүүлж эхэлсэн. Тэр бол 1961 оны цэргийн бослогоос хойших армийн бус, жирийн иргэн ерөнхийлөгч эрх мэдлийг гартаа авсан жил байлаа. Үүний ачаар би бас надтай ойролцоо үеийн зохиолчид бичсэн зохиолоороо дамжуулан улс төрийн тунхаг зарлах ёстой гэсэн гэм буруутай мэдрэмжгүйгээр хүний дотоод ертөнцийг сурвалжлах эрх чөлөөг олж авсан. Тиймээс миний бичлэг хүний дотор руу төвлөрсөн байдаг. Хүмүүн гэдэг галт тэргэний зам руу унасан хүүхдийг аврахын тулд амиа золиослохоос буцахгүй атлаа Аусшвицийн хорих лагерь шиг илт хүчирхийллийг үйлддэг байна л даа. Та миний номыг хүний хэрцгийллийн сэдвээр бичигдсэн гэж хэлж болно. Би өөрийнхөө дотор руу ороод, тэндээс Гуанжүгийн бослоготой тааралдсан. Энэ явдлыг би шууд бусаар 1980 онд үзэж туулсан.
-Та өөрөө романы дүр болж, өөрийн­хөө санамж дурсамжийг бичиж оруулсан байдаг. Энэ нь амьдрал ба урлаг, өнгөрсөн, өнөөдөр бас ирээдүйг холбох маш нөлөөтэй арга юм байна. Гуан­жүгийн бослоготой хэзээ анх тулсан бэ?
-Би Гуанжүд төрөөд, гэр бүлийн хамтаар есөн настайдаа Сөүл рүү нүүсэн. Аллага болсоноос дөрвөн сарын өмнө юм л даа. Бид зүгээр тохиолдлоор тийшээ нүүж, энэ жижигхэн гэмээр шийдвэрийн ачаар хохиролгүй үлдсэн. Бид ингэж амь гарсан нь гэр бүлд маань бид гэм буруутай мэт сэтгэл төрүүлж, удаан хугацааны турш хэцүү байлаа. Бослогын үеэр болсон аллагыг гэрчилсэн, нууцаар үйлдвэрлэж, тарааж байсан зурагт номыг анх би 12 настайдаа харсан. Тэр хуудаснууд дотор агуулагдаж байгаа цочирмоор хүчирхийллийн баталгааг хараад хэрхэн хүлээн авахыг мэдэхэд би хэтэрхий залуу байж. Хүмүүс яаж нэг нэгэндээ тийм юм хийж чадаж байна аа? гэсэн энэ эхний асуултын дараа ийм хүчирхийлэлтэй нүүр тулаад бид юу хийж чадах вэ? гэх асуулт аяндаа гарч ирсэн. Олон нийтийн цусны донор болох хүсэлтийн хариунд эмнэлгийн гадаах хүмүүсийн төсгөлгүй цувааны гэрэл зургийг би одоо ч гэсэн мартаагүй. Ингэж хариу нь үгүй хоёр оньсого: хүний хүчирхийлэл ба хүнийг эрхэмлэх хоёр миний зүрхэнд тамга мэт үлдэж. 
-Саяхан Сөүл хотод өнгөрсөн хэдэн жил туршид болоогүй том бослого боллоо. Үймээн самууны үеэр олон хүн гэмтсэнээс цагдаагийн  ус шүршигчинд оногдсон 79 настай фермер одоо ухаангүй хэвтэж байна. Энэ хүн хөдөө аж ахуйн худалдааны реформуудыг эсэргүүцэж жагссан. Гайхалтай нь, Пак Гынь-Хе эсэргүүцэл үзүүлэн жагссан хүмүүсийг Исламын улс бүлэглэлийн эсэргүүнүүдтэй харьцуулсан байсан. Өмнөд Солонгос дахь одоогийн улс төрийн нөхцөл байдлыг та  түүх ахин давтагдаж буй жишээ гэж харж байна уу? 
-2013 оны эхэнд Пак Гынь-Хе дөнгөж сонгогдоод байхад төмөр зам хувьчлалын эсрэг ажилчид эсэргүүцэн жагссан симбол шинжтэй үйл явдал тохиолдоход одоогийн засгийн газар нийгмийн эрхээ хасуулсан ажилчид, хөдөлмөрийн чухал сэдвүүдэд ямар хандлагатай байдгаа харуулсан. Ялангуяа, засгийн газрын масс бослогыг дардаг арга барил нь фермер Бэк Нам-киг ухаангүй болгосон. Тэр өөрийгөө хамгаалах чадваргүй, хоосон гараараа тэмцэж байгаад ус шүршигчинд оногдон унасан 69 настай хүний зургийг хараад би шоконд орсон. Цаашлаад Өмнөд Солонгосын сургуулийн хүүхдүүдийн нэгээс наймдугаар ангидаа уншдаг, албан ёсоор батлагдсан сурах бичгүүд одоо хэн нь үл мэдэгдэх хүмүүсийн бичсэн, зөвхөн засгийн газраар хүлээн зөвшөөрөгдсөн номонд дарагдаж байгаа нь чухал асуудал болоод байгаа юм. 
-Таны номнууд хүнийг чухалчлана гэдэг нь ямар утгатай тухай гэж байсан. "Хүмүүний үйлдлүүд" роман хүний зэрлэг балмадаас авахуулаад зөөлөн сэтгэл хүртэлхийг бичсэн байдаг. Гадна талаасаа, ардчилалд хүрэхийн тулд зүдэрч буй дайны дараах залуу үндэстний тухай "Хүмүүний үйлдлүүд" роман нэлээд хувийн шинжтэй “Вежетериан” романаас нэлээд өөр юм шиг ээ.
-Тийм шүү, гэхдээ хоёр роман нэгнээсээ ондоо харагдах хэдий ч үндэс нь холбогдсон хос шиг харагдаж бас болно. "Вежетериан" романыг бичиж байхдаа би хүний хүчирхийлэл, гэнэн байх боломжгүй эсэх тухай асуултуудыг өөртөө тээж байлаа. Нэг талаараа гол дүрийн Ёонг-хеэ хэрцгийлэл рүү нуруугаа харуулсандаа ургамал болон хувирч байгаагаар нь би тэр эмэгтэй хүн төрөлхтөнд эргэлзэж, цөхөрч байгааг харуулсан юм. Миний "Грекийн хичээлүүд" номны гол дүр хэрцгийллээс түдгэлзсэндээ ярьж чадахаа больдог тухай байдаг.
-Таны "Хүмүүний үйлдлүүд" номыг түүхийн роман гээд тодорхойлбол буруу юм шиг. Яагаад гэхээр түүхийн өнгөрсөн нь цэвэр төгсөөгүй, өнгөрсний санамж, шарх өнөөдөр ч гэсэн байсаар. Өнөөдөр, Гуанжүгийн бослогын аллага амьд санамж бас баримтын хоёуланд нь оршиж байгаа. Тэгэхээр та судалгаа бас төлөвлөгөө хийхдээ ямархуу үйл явц дамжсан бэ? Судалгаандаа түүхийн архив хэрэглэсэн үү?
-Номоо бичиж байхдаа би Гуанжүгийн түүхийн агуулгыг анхааралтай хянан шалгах гэж оролдсон. Өөрөөр хэлбэл, шууд 1980 оны тавдугаар сарыг гаргаж ирэхийн оронд цэргийн дэглэмтэй засгийн газар 1970-аад онд  хүний эрхийг зөрчиж байгааг харуулахыг хүссэн. Тэгээд л ажиллах хүчний хөдөлгөөнөөр номын эхлэлийг тавьсан юм. Номоо би 1990-ээд онд бичсэн бол тэр бүх бичиг баримтыг олно гэдэг том сорилт болох байсан. 2012 оны өвөл л бичиж эхэлсэн учраас их хэмжээний материал олох боломжтой болсон. Тиймээс надтай нүүр тулсан жинхэнэ сорилт бол тэр олон материалтай яаж ажиллах вэ. Ялангуяа олон зуун хүний бичсэн мэдүүлэг байсан нь 2000 хуудас болж байлаа. Тэр бүхнийг анхааралтай унших нь надад их чухал. Гэхдээ би романаа баримтат шинжтэй байлгахыг хүсээгүй. Харин хүн нэвт шингэсэн уран зохиолын бүтээл байлгахыг хүссэн дээ.
-“Контемпорари” буюу өнөө үеийн үндэсний Солонгосын уран зохиол гэж байна уу? Байгаа гэвэл та тэр бүхэнтэй "Хүмүүний үйлдлүүд" төстэй гэх сэтгэгдэл танд төрдөг уу?
-Би үндэсний эсвэл уран зохиолын гэсэн дан ухагдахууныг тоогоод байдаггүй. Үүний оронд хэл гэдэг намайг үргэлж гайхшруулсаар ирлээ. Миний хувьд аливаа соёлын давхаргуудын төвөгтэй бас торгон шинжүүд дотор үүссэн хэлний гүн гүнзгийн тухай тунгаах дуртай. Залуудаа Солонгос хэлээр бичигдсэн яруу найраг, зохиолд умбаж явсаныхаа хувьд би тэр хүмүүст их өртэй хүн. "Хүмүүний үйлдлүүд" бол Лим Чеол-вүүгийн “Зуун жилийн худаг”-тай төстэй сэдвүүдтэй. Залуу байхдаа Лив Чеол-Вүү Гуанжүгийн бослогод өөрийн биеэр оролцож явсан юм байна лээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.