НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

1949 оны “Адидас”-тай, 1500 жилийн өмнөх Ховдын Түрэг эмэгтэй

Б.Ерэнтэй     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-01-13 12:32:40 GMT +8 / | 6802 удаа уншсан

Манай судлаачид энэ 2016 оны хавар олон ястны өлгий Ховд аймгийн нутгаас, бүр тодорхой яривал Мөнххайрхан сумыг дайран хөндөлсдөг Алтайн (түрэгээр Алаг уул гэсэн үг) нуруунаас түрэг эмэгтэйн булш олсон билээ. Уг булш далайн төвшнөөс дээш 2803 метр өндөр хүйтэн газарт байсан учраас маш сайн хадгалагдсан байна.
Сайхь булш олдсон даруйдаа дэлхийн чихийг дэлгийлгэсэн юм. Нэгд, Монгол төдийгүй Төв Азийн нутгаас олдсон анхны, түрэгийн бүтэн булш аж. Хоёрт, сайхь түрэг эмэгтэй “Адидас” гутал өмсөж байсан болж таарлаа. Эмэгтэйн гутал дээрх гоёлын тоноглол нь тус фирмийн гурван судалт логотой адилавтар байсан нь шуугианы гол сэдэв болсон хэрэг. “Тахиа өндөгнөөс гарсан уу, өндөг тахианаас гарсан уу” гэдэгтэй төстэй, Ховдынхны “түрэг” гутлын гурван судалт лого анхдагч уу, “Адидас”-ын гурван судалт лого анхдагч уу гэсэн патентын асуудал ч босч ирэх төлөвтэй болж билээ. “Болж билээ” хэмээн өнгөрсөн цаг дээр өгүүлсний учир гэвэл маргах ямар ч шалтаг шалтгаангүй байсан гэсэн үг. Учир нь: Нэгд, түрэг эмэгтэйн булш одоогоос 1500 жилийн өмнөх үеийнх гэдгийг судлаачид тогтоосон. Хоёрт, гурван судалт логог “Адидас” фирмийнхэн өнөөгөөс 67 жилийн өмнө патент авч баталгаажуулсан талаар бид бүгдээрээ нэгдсэн ойлголттой болсноос үүдэл, үндэслэлтэй юм. 
Германы газрын эзэн-хөрөнгөлөг тариачин Дасслерийнхэн Дэлхийн I дайны дараа 1920-иод оноос эхлэн цэргийн хэрэглэхээ больсон дүрэмт хувцасны материал, машины хуучин дугуйны покрышекээр гэрийн таабчиг, тахир дутуу болсон тамирчдад зориулан өвөрмөц гутал гэртээ хийж байсан нь өнөө цагийн брэнд “Адидас”, “Пума” гэсэн хоёр фирмийн үүсч хөгжихийн гараа байлаа. 
Эцэг Дасллерийн заавар зөвлөлгөөгөөр ах, дүү Адольф, Рудольф нар хамтран 1924 оны 7 дугаар сарын 1-нд  “Ах дүү Дасслерийн гутлын фабрик” гэсэн нэртэй үйлдвэр байгуулан Герман төдийгүй Европын зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаж эхэлжээ.
Дэлхийн II дайны хүнд үеийг туулсны дараа, 1948 онд эцэг Дасслер нас барснаас төд удалгүй ах дүү хоёр түнжин хагарч зам салан Адолф нь “Ади”, Рудолф нь “Руда”(Рудолф Дасслер-ийн Ру+да) нэртэй тус тусын пүүс байгуулсан байна. Тэд Дасллер гэсэн нэр, мөн хамтын үйлдвэрийн логог хэн нь ч дахиж хэрэглэхгүй гэж тохирсон байдаг. Бие дааснаасаа хэдхэн сарын дараа “Ади” нь “Адидас” (Ади Дасслер-ийн Ади+дас), “Руда” нь “Пума” болж нэр нь өөрчлөгджээ. Тэр ч бүү хэл ах Адолф Дасслер нь дүүтэйгээ тохирсон хуучин лого ашиглахгүй гэсэн гэрээгээ зөрчиж Дасслерийн үйлдвэрийн үндсэн бэлгэ тэмдэг 2 туузан судлыг авч, дээр нь бас 1 туузан судал нэмснээр, нийт гурвал судалт логог 1949 оны 8 дугаар сарын 18-нд “Адидас”-ын албан ёсных болгон патент авч баталгаажуулсан байна.
Дашрамд дурдахад, Төв Азийн нүүдэлчдээс түрэгүүд манай эриний Y-YII зуунд хүчирхэгжин Түрэгийн хаант улсаа байгуулсан нь манай эриний 552-745 онд тохиож байсан түүхтэй. Одоогийн олон ястны өлгий Ховд нь тухайн үед Түрэгийн баруун жигүүр-тардушийн нутаг дэвсгэр байлаа. 
Энэхүү “Төв Азийн газар нутгаас олдсон хамгийн анхны түрэг булш”-ийг  Ховд аймгийн судлаачдын нэгдсэн баг Археологийн авран хамгаалах малтлагыг анхлан бие даан хийхдээ илрүүлсэн нь бас нэг өвөрмөц тохиолдол байлаа. Тус судлаачдын багт Ховд их сургуулийн Түүх, эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Г.Пүрэвдорж, багш, доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн, Б.Сүхбаатар, туслах Б.Батжин, Мөнххайрхан сумын Соёлын төвийн ажилтан, багш П.Сэмбэдорж нар багтсан байна. Уг хадны оршуулгын ажилд голлох үүрэгтэй оролцсон, судлаач Б.СҮХБААТАР-аас өнгөрсөн хугацаанд хэвлэлийнхэнд өгч байсан тодруулгаас уншигчдадаа толилуулъя. Тэрбээр:
-Мөнххайрхан сумын малчин Цоож “Манай  Борт багийн нутаг Үзүүр гялаанд  хадны оршуулга байна” гэж өнгөрсөн намар биднийг судалгааны ажлаар явж байхад хэлсэн. Cоёлын өвийг хамгаалах тухай хуульд Археологийн авран хамгаалах малтлагыг 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 4 дүгээр сарын 1-ний хоорондох хугацаанд хийхийг хориглосон байдаг. Тиймээс бид хүлээж байгаад энэ 2016 оны 4 дүгээр сарын эхээр гурван өдрийн турш ажиллан шарилыг гаргаж авсан юм.
-Булшин дотроос эд өлгийн ямар ямар зүйл олдсон бэ?
-Эсгийнд боолттой шарил, боолтыг задлахад уг шарил даавуун дээл, гутал хувцастай байсан. Мөн бүтэн адуу олдсон. Энэ бол маш ховор үзэгдэл. Ялангуяа Түрэгийн тахилга, тайлгын зан үйлд ховорт тооцогдох ийм олдвор юм. Миний урьд нь ажиллаж байсан малтлагаар оршуулгын эд өлгийн зүйлсэд зөвхөн морины толгойны яс, нурууны яс, туурайтай шилбэ байсан бол энэ удаа бүтэн морийг талийгчид зориуд тахил болгон өргөсөн байсан. Ингэхдээ адууг толгой доор нь хоёр чулуу давхарлаж, найман настай ирэг хонины дөрвөн шийр, хонины улаан хоолой багалзуур бүхий толгой бүтэн арьстайгаа байсан. Хадны оршуулгаас эмээл, хазаар, шавар ваар, модон аяга, хонь ямааны арьсан нэхий дээл, гадуураа саарал тааран даавуун өнгөтэй, хонины арьсан нэхий дээл нэг, хар тааран гадартай дээл бас гарч ирсэн. Нийт дөрвөн дээл гарсны нэг нь нимгэн даавуун тэрлэг. Мөн эсгий богцон дотор хонины ууц болон ямааны годонгийн хэсгийг хийсэн байсан. Аяганы ширэн уут, гурван хөлтэй модон аяга, мөн түүнтэй ижил төрлийн дөрвөн хөлтэй модон тэвш таваг, бас жижиг богц олдсон. Тэмээний ноосон хувцас байгаа. Түүнчлэн маш сайн хадгалагдсан эмээл, жолоотой хазаар олдсон.
-Хугацааг манай эриний 500-аад оных гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлсэн байсан. Үүнийг хэрхэн тодорхойлсон бэ?
-Хугацааг олдворууд өөрсдөө хэлээд өгчихөж байгаа. Түрэгийн үед хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, бусад судалгааны материалуудтай харьцуулахад яг ижил төрлийн байгаа нь харагдаж байгаа юм. Мөн тухайн хүний хэрэглэж байсан малгай байгаа, түүгээр хугацааг тогтоож болно.
-Ноёны эсвэл жирийн ардын булш гэдэг нь тодорхой болсон уу?
-Жирийн ардын булш, ингэхдээ нум сум байхгүй нь эмэгтэй хүний булш гэдгийг харуулж байгаа. 
-Одоо олдворуудаа хаана хадгалж байгаа вэ?
-Ховд аймгийн музейн харьяа Өв соёлын хүрээлэнд хадгалж байна.
-Зарим олдворын, тухайлбал гутал, богцны оёдол ханзраагүй хэвээр байгаа харагдсан.
-Энэ олдворууд өндөр уулын бүсээс олдсон. Далайн төвшнээс 2803 метрийн өндөрт хадны нөмөрт оршуулсан шарил. Бид малтлага хийж гурван метрийн гүнээс шарилаа олж гаргаж авсан. Тэр утгаараа хүйтэн сэрүүн нөхцөлд хадгалагдаж байсан тул хадгалалт нэлээд сайн байж.
 -Эд өлгийн зүйлс дээрх оёдол, хээ угалзууд маш чамин харагдаж байна лээ. Тухайн үеийн хүмүүсийн гоёлын хэрэглээ ийм өндөр төвшинд байсан гэсэн үг үү?
-Тухайн үед гар урлал нэлээд өндөр хөгжсөн нь олдворуудаас бүрэн харагдаж байна. Олдворууд дээрх оёсон хээ, шаглаа болгон маш чамин хийцтэй. Гэхдээ энэ бол энгийн хүний булш. Үнэт алт эрдэнэс байхгүй, зүгээр л энгийн, ердийн хэрэгтэй зүйлс гарч ирсэн. Хамгийн чухал нь энэ бүхэн бол бүрэн хэмжээгээрээ олдсон анхны хадны оршуулга юм.
-Олон нийт “Адидас”-ын гуталтай мумми хэмээн шуугьж байсан. Зарим тохиолдолд цаг хугацаагаар аялагчийг оллоо ч гэж мэдээлсэн. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Анх гарсан хувцас хунар дотор тоохуу маягийн гутал, тэрэн дээр нь “Адидас” бэлгэ тэмдэгтэй ойролцоо хээ байсан. Түүнээс үүдээд л сошиал ертөнцөөр “Адидас”-тай мумми олдлоо, цаг хугацаагаар аялагчийг илрүүллээ гэх мэтээр хэт туйлширсан, ташаа мэдээллээр шуугьж эхэлсэн. Ерөнхийд нь харахад тухайн үеийн угсаатны эдлэл хэрэглэл, хээ хуараар л чимэглэсэн гутал байгаа юм хэмээн өгүүлж буй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.