НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ө.ЧОЙНДОН-ГАВАА:Сурах бичиг эрэлт ихтэй байдаг хэрнээ хэрэгцээ нь хангагдахгүй байхаар үнэ нь автоматаар өсдөг.

    Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-01-13 13:06:40 GMT +8 / | 5107 удаа уншсан

Ө.ЧОЙНДОН-ГАВАА: АНХ “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНЫГ МОНГОЛООС ХАЙГААД ОЛООГҮЙ

-Сайн байна уу. Та номын худалдаа эрхлээд хэр удаж байна вэ. Ном бол маш гэгээн зам мөртэй зүйл гэж хүмүүс үздэг. Та ч үүнтэй санал нэгддэг байх гэж бодож байна...

-Тэгэлгүй яахав. Ном бол хамгийн гэгээлэг зүйл шүү дээ. Номын худалдаа хийж буй хүмүүс бусдын л адил алдаж, онож явдаг ч гэсэн онох нь их байдаг болов уу гэж би боддог Ер нь номын худалдаа эрхлээд 10 гаруй жил болж байна.

-Номын худалдаанаас ашиг олох нь чухал биш. Үүнийг заавал бизнес болгох аргагүй гэж зарим хүмүүс ярьдаг. Яагаад заавал номын худалдаа эрхлэх болсон юм бэ?

-Биднийг бага байхад “Фейсбүүк” интернэт орчин гэдэг зүйл байгаагүй. Тиймээс хар нялхаасаа л номтой нөхөрлөж өссөн болохоор надад их ойр санагдсан. Амьдрах л гэж яваа болохоор ашиг харах номноосоо ашиг харалгүй яахав. Гэхдээ нэг их бизнес гэж хүлээж авдаггүй. Бусдыг хэрэгцээтэй зүйлсээр нь хангаж байна гэсэн үг шүү дээ. Хүн бүр өөрийн дуртай ажлаа хийхдээ түүнээсээ эрч хүч авдаг. Би ч мөн тэгдэг. Энэ ажлыг дурлаж байж эхлүүлсэн болохоор ухрах эрх надад байхгүй.

-Таны яг өөрийн эзэмшсэн мэргэжил юу вэ?

-Уг нь “Өндрийн цахилгааны инженер” мэргэжилтэй хүн. Станцад мэргэжлээрээ ажиллаж байсан.

-Номын худалдаанаас гадна номтой холбоотой өөр үйл ажиллагаа явуулдаг уу?

-Худалдаа хийхээс гадна номын ломбард шинээр нээж ажиллуулаад жил болж байна. Би номын ломбардыг ашиг харж нээгээгүй. Хүмүүст ихээр тулгамдсан нэг асуудлыг шийдэх гэж л ломбард нээсэн. Хараад байхад хүмүүс эртний их үнэтэй номнууд худалдаж авсан байдаг. Хүнд юу ч тохиолдож болно. Гэнэт мөнгө хэрэг болоод номоо үнээр нь зарах гэхээр авах хүн бас ховор. Учир нь өнөөдөр хүмүүс номыг гар утас шигээ хэрэглэхгүй шүү дээ. Харин эртний номууд үнэ цэнээ алдаагүй хэвээр байдаг. Шинэ утас гарсны дараа өмнөх загвар нь хуучирдаг бол ном хуучрах тусмаа үнэтэй болдог. Тэр номнуудыг л эргэлтэнд оруулах гэсэн үүднээс номын ломбардыг ажиллуулж эхэлсэн. Мэдээж би хүнд эргэлтийнхээ хөрөнгөнөөс мөнгө гаргаж өгч байгаа учраас тодорхой хэмжээний хүү бодож авдаг.

-Хэдэн хувийн хүү авдаг вэ?

-Долоо хоногийн хугацаанд 10.000 төгрөгөнд 1000 төгрөг гэх мэтээр бодож авдаг.

-Номын сангуудад тухайн уншигчаас барьцаа авч ном гэрээр олгодог үйлчилгээ байдаг. Та тэгдэг үү?

-Би үнэтэй номоо хэн нэгэнд өгч явуулахдаа иргэний үнэмлэхийг нь авч үлдлээ гэж бодоход энэ нь хуулиараа хориотой. Гэхдээ итгэлцлээр үнэмлэхийг нь аваад үнэтэй номоо гэрээр олгохоор боллоо гэж бодоё. Гэтэл одоо Монгол Улсын иргэний үнэмлэхийг дахин авахад ердөө 25,000 төгрөг л байдаг шүү дээ. Миний номнуудад ховор хуучний номууд их бий. Түүндээ жаахан харам байдаг юм. /инээв/

-Танд нийт хэдэн ном байдаг вэ?

-Яг өнөөдөр дэлгүүр дээр 5000 гаруй ном байна. Гэрт хоёр өрөө байшин дүүрэн ном бий. Мөн лагерийн байшинд ч олон ном байгаа.

-Таны бодлоор бусад хүмүүс ном хэр их уншиж байна. Яг тань шиг ийм хүмүүс олон байгаа боловуу, юу гэж боддог вэ?

-Монголчууд амьдралдаа баригдаад номонд нэг их мөнгө зарцуулахгүй байх шиг. Эдийн засаг ч хэцүү байна. Би анх “Тунгалаг тамир” романыг Монголоос хайгаад олоогүй. Гэтэл урд хөрш болох Хөх хотоос анхных нь хэвлэлтийг монгол мөнгөөр 200.000 төгрөгөөр олж авч байсан. Ер нь эртний ховор номнууд Монголд анхны хэвлэлээрээ байхгүй хэрнээ урд хөршид орчуулагдаад гарсан тохиолдол их байдаг. Тиймээс манайхан номонд дурлаж, мөнгө зарцуулахгүй байна гэдэг түүх, соёлоо харьд алдаж байгаагийн нэг илрэл мөн байх.

-Хүмүүс хуучны сонгодог зохиолуудыг хаанаас авахаа мэдэхгүй байгаа юм биш үү?

-Хүмүүс орчин цагаа дагаад ямар ном реклам, сурталчилгаар гарч, хаана сүртэй нээлт хийж байна тэр ном руу олноороо шуурах болсон. Интерномын дэлгүүрийг аваад үзье л дээ. Тэнд бол шинэ сонгодог зохиолууд л байдаг. Гэтэл хуучны номнууд хуучны ном сонирхдог хүмүүст байдаг юм.

-Таны номын санд хэдээс хэдэн оны номнууд байдаг вэ?

-Хамгийн эртнийх нь 1911 оны ном бий. Гэхдээ хүмүүст хамаагүй тэдэн оны тийм ном байгаа гэж хэлэхээр тонох, хулгайлах тохиолдол гарч байсан. Тэгэхээр энэ тухай нэг их ярьмааргүй байна.

-Танд сурах бичгүүд бас байдаг юм байна тиймүү, арван жилийнхэн хэр их худалаа хийдэг вэ. Намар болохоор номын гүйлгээ сайн байдаг уу?

-Сурах бичиг гэснээс надад нэг ийм хувийн бодол бий. Сурах бичиг эрэлт ихтэй байдаг хэрнээ хэрэгцээ нь хангагдахгүй байхаар үнэ нь автоматаар өсдөг. Тэгэхлээр иргэд төдийлөн мөнгө зарж авдаггүй. Хүүхдийнхээ боловсролд зайлшгүй анхаарах шаардлагатай болохоор л авдаг. Дээрээс нь засаг солигдох болгонд сурагчдын сурах бичиг солигддог шүү дээ. Тэгээд л стандартад нийцүүлж байна гээд бөөн алдаатай сурах бичиг хэвлүүлдэг. Мөн хэвлэх үйлдвэрээс тогтоосон үнэ ард нь байдаг боловч яг тэр үнээрээ олдох нь ховор. Сурах бичгийг би олоод зарах боломж байвч үнэ нэмж зарах боломжгүй. Мэдээж би хүнд хэрэгтэй, эрэлттэй байгаа номыг зарж байгаа хүн ч гэлээ ядаж автобусны мөнгөө нэмээд зарах хэрэгтэй биз дээ. Ингээд хоорондоо уялдаа, холбоогүй байснаас болж номын худалдаачид үнэтэй зардаг, номоор бизнес хийдэг гэх ойлголтыг иргэдэд өгдөг. Хуучин ахын номыг би үздэг миний номыг дүү хэрэглэдэг гэх мэтээр дамжуулж үзээд болоод л байдаг байсан. Тиймээс сурах бичгийг сурагчдад үнэгүй өгчих хэрэгтэй байгаа юм.

- Номын худалдаагаар инэхдээ хэдээс хэдэн насны хүмүүс үйлчлүүлж байна вэ?

-“Найман настай балчираас авахуулаад наян настай хөгшин” гэдэг шиг бүх л насныхан орж ирнэ.

-Залуучууд ихэнхдээ ямар ном асууж, сонирхож байна вэ?

-Голцуу хийсвэр сэтгэлгээний ном авдаг. Одоогийн залуус бөөн стресс дунд амьдарч байна шүү дээ. Үздэг кино нь Солонгос сериал. Тэгсэн хэрнээ яг тэр амьдралын тухай өгүүлсэн номыг унших их дуртай байдаг. Яагаад гэвэл одоогийн залуучууд эртний зохиолуудыг уншаад ойлгохгүй. Гэхдээ бүгд тийм биш л дээ. Тэр төрлийн номыг барьж аваад уншихаасаа айдаг болсон мэт санагддаг. Би залуучууд орж ирэхээр хэлдэг л дээ. “Залуу хүний заавал унших ёстой 100 ном гэж байдаг юм. Тэрийг биш юмаа гэхэд эмэгтэй хүний заавал унших таван ном гэж бий. Түүнийг аваад унш. Ямар нэгэн байдлаар чиний амьдралд нөлөөнө” гэж зөвлөдөг. Зарим нэг нь авна зарим нь бол тоох ч үгүй.

-Одоо тэгвэл та залуучууддаа хандаж ямар ном унш гэж зөвлөмөөр байна даа?

-Хувьсгалын түүхийг өгүүлсэн номуудыг сайн унших хэрэгтэй. Мэдээж ном уншина гэдэг цаг заваа үрж байгаа хэрэг. Тиймээс өөртөө хэрэг болно гэж бодсон номоо л унш. Гэхдээ бүгдийг нь уншихад амьдрал хүрэлцэхгүй. Сонголтоо зөв хийх хэрэгтэй. Намайг бодвол залуус та нар мэдээлэл сайтай байгаа байлгүй дээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.