НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Ли Куан Ю: Америк Энэтхэг, Хятад хоёрт зай гаргах хэрэгтэй

Г.Баянжаргал     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-01-13 13:29:20 GMT +8 / | 2437 удаа уншсан

 

Сингапурын Ерөнхий сайдаар гучин жил ажилласан, хөгжлийн эцэг гэгддэг Ли Куан Ю сэтгүүлч Чарли Рөүстэй дэлхийн геополитик, улс төр, хөгжлийн шинэ чиг хандлагын тухай 2011 онд ийнхүү ярилцжээ.

-Ли Куан Ю энд хүрэлцэн ирсэн байна. Сингапурыг үүсгэн байгуулагч  тэрээр 1990 он хүртэл 30 жил ерөнхий сайдаар ажиллажээ. Өнөөдөр Ли Куан Ю хүү, ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг юм. 86 настай Ли Куан Ю Нью-Йоркт Хенри Киссинжер зэрэг хүмүүстэй, харин Вашингтон хотод Дэлхийн банкны ерөнхийлөгч Боб Зоелликтэй уулзахаар ирсэн байна. Түүнтэй ярилцлага хийх гэж буйдаа би баяртай байна. Тавтай морил.
-Баярлалаа.
-Бид дэлхийн дэг журмын хувьд одоо хаана явж байна вэ? 1989, 1990 онд ЗХУ-ын задрал, Берлиний хана нурахыг харлаа. Дараа нь АНУ Ойрхи Дорнодтой удаан хугацааны дайн хийлээ. Ингээд дэлхийн эдийн засгийн хямралтай учирсан. Олон хүмүүс энэ бүгдийн дараа юу болох вэ гэцгээж байна.
-Миний хувьд Ирак, Афганистан хоёрыг анхаарал сарниулгаар хардаг. Тэнд юу ч тохиолдож байсан ч дэлхий өөрчлөгдөхгүй. Учир нь хамгийн том өөрчлөлтүүд бол гурван зууны өмнө өрнөдийн колончлогчдын эзэлж байсан Хятад орны сэргэлт бас багахан хэмжээгээр Энэтхэгийн сэргэлт хоёр болоод байна. Хятад ахиад өсөлтийн зам руугаа явж байна. Хятад жил ирэх тусам хэнээс ч илүү хурдтай байгаа гэдгээ бас дараагийн 20, 30 жил тэгж чадна гэдгээ ч мэдэж байна. Яагаад гэвэл Хятадад маш олон тооны ажилчид байна. Гучин жилийн дараа Хятадын нэг хүнд ноогдох эдийн засаг нийтдээ АНУ-аас илүү том болно. Энэ нь Хятадад нөөц, улс төр, стратеги зэрэг нь бий гэсэн үг. Ер нь бол хүмүүс ч Хятадад өөрөөр хандаж байна. Бидний мэддэг байсан дэлхий Кавказ, Европ хүмүүсээр дүүрэн байлаа. Технологи, усан онгоц, агаарын онгоц дэлхийг байлдан дагуулсан, аж үйлдвэрээр дүүрэн үе байсан даа.
-Даяарчлал.
-Яахав, эхлээд аж үйлдвэр, дараа нь даяарчлал. Нэмээд Америк өөр арьс өнгийг хүлээн авсан, арай өөр Европын өргөтгөл шүү дээ. ХХ зуун бол Америкийн зуун байсан. XXI зууны эхэн хагасын нэлээд хэсэг нь Америкийн зуун байна. Гэхдээ миний үнэмшлээр Америк топ байраа Хятад бас Энэтхэгтэй хувааж, тэдэнд зай гаргаж өгөх хэрэгтэй.
-Энэтхэгт Хятадтай харьцуулбал давуу тал байна уу? Зарим хүмүүс Энэтхэгийг ардчилсан, Хятадыг ардчилсан биш гэж маргадаг л даа.
-(инээв ) Хэрэв Энэтхэг, Хятад шиг сайн зохион байгуулалттай байсан бол өөр хурдаар явна. Гэхдээ Энэтхэг учраас одоогийн хурдаараа явж байгаа юм. Энэ чинь нэг үндэстэн биш. Олон үндэстэнтэй . 320 өөр хэлтэй, 32 албан ёсны хэлтэй байна. Делид ерөнхий сайд ганц хэлээр ярилаа гээд орон даяараа түүнийг ойлгож чадахгүй. Харин Бээжинд бол эсрэгээрээ.
-Тэгвэл та эцсийн эцэст Хятадын систем өөрчлөгдөнө гэж боддог уу?
-Хүмүүс нь зохион байгуулалттай болох тусам өөрчлөгдөх хэрэгтэй гэж би боддог. Өнөөдөр Хятадын хүн амын 40 эсвэл түүнээс их хувь нь хот сууринд, үлдсэн 60 хувь нь хөдөө тосгон амьдарч байна. Дайвалзах цэгтээ хүрээд ирэхээр 60, 70 хувь нь гар утастай болж, түүгээрээ хүссэнээ татаж, явуулдаг болмогч нэг нэгэндээ нөлөөлж эхлэнэ л дээ.
-Тэгэхээр та харилцаа холбоо, технологи, мэдээллийн урсгал Хятадын системд нөлөөлнө гэж байна уу.
-Бас хотжилт. Хөдөө байдаг хүн бол өөр л дөө. Бүх юмны гадуур байж болно. Хятадуудад 40 сая хүнийг дөрвөн мега хотод цуг амьдруулах төлөвлөгөө байгаа. Ингэхээр хүн хүссэн цагтаа дуудлага хийж, хүссэн цагтаа бослого хийж болно. Тиймээс их өөр ертөнц байгаа биз. Энэ шалтгаанаар Хятадын төр хүмүүсийн юу бодож байгаад анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр Хятадын төр интернэтийг анхааралтай ажиж байна. Дундаж хүн юу боддогийг тэд мэдэж байгаа учраас.
-Тэд юунаас айгаад байгаа юм бэ? Айх юм юу байгаа юм бэ?
-Айсан юм байхгүй. Зүгээр хяналтаа алдахыг хүсэхгүй байгаа юм.
-Тийм байж. Тэгвэл Оросын тухай бидэнд ярьж өгнө үү. Та Оросыг яаж хардаг вэ?
-Намайг Орост ажилтай байгааг та мэдэж байгаа биз дээ. Сколково бизнесийн сургуулийн дарга нарын албанд би ерөнхийлөгч Медведевийн урилгаар элссэн. Орос системээ зөв авч яваад байвал илүү сайн байж чадна гэж би хэлнэ. Гэхдээ систем нь болж өгөхгүй байна. Хэд хэдэн мужид хяналтаа алдсан учир бүх юмыг төвдөө байрлуулах гэж оролдож байна. Тэгэх хэцүү шүү дээ.
-Путин, Медведев хоёрын харилцааны тухай та юу гэж боддог вэ?
-Медведевийг Путины сайн найз гэдгийг, Путиныг маш хүчирхэг нөхөр гэдгийг хэн ч мэднэ шүү дээ. (инээв)
-Ази руу эргэн оръё. Японы тухайд?
-Японд сэргээн засварлалт хэрэгтэй гэж би боддог.
-Улс төрийн системийн хувьд уу?
-Тийм ээ. Бас цагаачлагчдыг хүлээн авах тал дээр ч гэсэн. Японы төрөлт манайхтай харьцуулвал арай өндөр. Тэднийх 1.30 бол манайх 1.29 хувьтай. Японд төрөлт багассаар байна. Гэхдээ манайх хүн ам цөөтэй. Залуу, цовоо сэргэлэн Энэтхэг, Хятад, Малайз гэх мэт дэлхийн ямар ч орны ямар ч хүмүүс манай хүн амыг бүрдүүлж болно.
-Ингэхэд Америкийн хүч чадал цагаачлалд оршиж байгаа юу
-Яг тийм. Гэхдээ та бодоорой. Дээд түвшиний сэхээтэн бас маш шаргуу ажилладаг хүмүүсийн цагаачлал шүү. Тэрнээс биш жимс түүдэг цагаачлагчдаар нэг их хол явахгүй байх аа. (Инээв)
-Дэлхий хэзээ ч ЗХУ, АНУ хоёр шиг нөхцөл байдал руу эргэж очихгүй биз дээ.
-Мэдээж, тийм юм ахин болохгүй. АНУ гэж байна. Хятад гэж байна. Энэтхэгүүд байна. Яахав, Энэтхэг Хятад шиг том ДНБ-тэй биш байх л даа.
-Та бас хэлж байсан даа. Энэтхэгийг аж үйлдвэрийн хүчин чадлаа хөгжүүлэх хэрэгтэй гэж.
-Мэдээж. Европ тив бол эдийн засгийн хүч. Стратеги, улс төр эсвэл цэрэг зэвсгийн хүч байж чадахгүй. Яагаад гэхээр тэд гадаад бодлогын хувьд нэгдэж чадахгүй.
-Сингапурыг чухал шинжээ хадгалах ёстой гэж та хэлж байсан.
-Тиймээ. Дэлхийд ашигтай хэрэгтэй газар байх хэрэгтэй. Үгүй бол яаж орших билээ.
-Яаж чухал шинжээ хадгалах юм бэ?
-Өөрчлөлт хийж. Нэг байрандаа байж чухал байдлаа хадгалсаар байж чадахгүй. Энэ дэлхий чинь өөрчлөгдөнө. Геополитик, дэлхийн эдийн засаг хоёр өөрчлөгдөж байна. Өөрчлөлтийг нь хараад, даган өөрчлөгдөх хэрэгтэй. Бид Америк, Япон, Европтой тогтоосон харилцаагаа хэвээр барина. Тэд Сингапурын өнөөдрийн түвшинд хүргэсэн.
-Хятад, АНУ хоёр харах өнцөгөө өөрчлөх хэрэгтэй гэдгээрээ та юу хэлэх гэсэн юм бэ?
-Америкийн хувьд Хятадуудыг өнөөдрийнхөөр нь бодох хэрэгтэй. Өнөөдрийн Хятадууд бол ялангуяа Маогийн удирдлага дор удаан хугацааны турш зовж хорвоо ертөнц тэдэнд харгис гэх сэтгэлийг тээсээр ирсэн хүмүүс. 60 гарсан Хятадын удирдах албан тушаалтнуудтай ярилцахаар хоёр дахь хэл нь Орос хэл байдаг л даа. Тэгвэл 20, 25 жилийн дараа гэхэд өнөөдөр доод албан тушаалтай байгаа хүмүүс АНУ, Британи, Европоор яваад үзчихсэн, Англиар ярьдаг, өөр загвараар боддог үе болоод гарч ирнэ. Үүгээр Хятадууд дэлхийд ганцаараа хүчтэй чадалтай байж чадахгүй гэдгээ мэдэж авна.  Яагаад гэвэл энэ бол даяарчлагдсан дэлхий. Хятадууд ч өөрсдийгөө дэлхийн өсөлтөөс хамааралтай гэдгээ мэдэж байгаа.
-Та бид хоёр улс орны удирдагчдын тухай ярилцаж байхад таны уулзсан хүмүүсээс хамгийн их биширдэг нь Дэн Сяопин гэж байсан. Дэн Сяопин ч бас таныг биширдэг гэдгээ хэлж байсан. Тэр 30, 40 мянган Хятад цэргүүдийг таныг тагнуулахаар Сингапур руу явуулж байсан гэсэн. Тэр юу харахыг хүссэн юм бэ?
-Дэн Сяопин 1978 онд  Вьетнамыг Камбож руу дайрахаас урьдчилан сэргийлэх тухай сануулахаар анх удаа манайд ирсэн. Ингэх явцдаа Сингапур хэмээх хөгжин цэгцэлсэн, дэг журамтай, хүн бүр амьдрах гэр, хийх ажилтай тийм нийгмийг олж харсан байна л даа. Тэгээд надаас “Та нар яаж энэ хүртэл хүрэв ээ?” гэж асуухад нь би “Яахав, бид ард түмнээ боловсролтой болгосон. Энэ компаниудыг хар даа. Америк, Япон, Европ компаниуд бидэнд технологи авчирч, ард түмнийг бэлтгээд, бид яаж хийхийг нь сурсан” Тэгээд “Та нар илүү тэгш нийгэм бүтээхийн тулд капитализмыг ашиглажээ. Хүн бүр амьдрах гэртэй юм байна. Би ч бас адилханыг хийнэ ээ” гэж байлаа. 
-Сүүлийн 20 жилд таны хорвоо ертөнцийн тухай бодох бодолд тохиолдсон хамгийн чухал өөрчлөлт юу вэ?
-Боломжгүй юм тохиолддог юм байна гэх өөрчлөлт. ЗХУ-г би хэзээ ч тийм амархан дотроосоо задарна гэж бодож байсангүй. Хятадыг коммунист системээ тийм амархан хаяад, чөлөөт зах зэл рүү тэгж бэлэн хөдөлнө гэж ч бодсонгүй. 20 жилийн өмнө бодошгүй байлаа. Гэхдээ аль аль нь тохиолдсон. Хорвоо ертөнц өөрчлөгджээ.
-Таталцлын төв нь Ази руу бас хөдөлж байна.
-Тэгэх ёстой. Яагаад гэвэл хүн ам нь энд байна. 1.3 тэрбум авъяасын сан (Хятад) дээр нэмээд Япон, Солонгос, Вьетнам бас бусад улсууд гээд Европ, Америктай тэнцэхүйц сан Азид байна. Гэхдээ энэ авъяасын сан бол инерц болохоос мэдлэг, технологийг мэддэг эсвэл энэ тухай тоодоггүй авъяасын сан л даа. Өнөөдөр тэгвэл Азиуд эсийн судалгаа руу орж ирж байна. Жижигхэн Сингапур Хятадуудын өрсөлдөж чадахгүй салбар руу орж ирлээ. Гэхдээ л Хятадууд маш том аргаар ороод л ирнэ. Биднийг хараад Хятадууд та нар юу ч хийсэн бай, бид бас хийнэ л гэж хэлнэ. Одоохондоо Хятадууд бидний ард байгаа ч, цаг нь ирэхээр гүйцэж л таараа. 
-Хятадууд их сониуч байх нь ээ.
-Тэгэлгүй яахав. Зүгээр ч нэг сониуч биш бас маш амбицтай.
-Сайн шалтгаанаар уу?
-Тэрийг та Хятадуудаас л асуудаг байгаа даа. Миний бодож байгаагаар Хятадуудад  бид удаан хугацааны турш доор байлаа гэх гонсойсон мэдрэмж бий.
-Тэгвэл АНУ Хятадыг зоригжуулах хэрэгтэй юу?
-Тэгэх хэрэг байхгүй. Та нар Оростой адилгүй нь Хятадуудад өрнөдийн хүндэт гишүүн болох хүсэл байхгүйг ойлгох хэрэгтэй. Хятадууд Хятадаараа байгаадаа нэлээд жаргалтай. Тиймээс Хятадуудад Америк энийг хийх ёстой, тэрийг ч хийх ёстой гээд байх юм бол тэд тэгнэ ээ, баярлалаа гэж хэлсэн мөртлөө дотроо бид 5000 жил оршин тогтносон, та нар тэгсэн бил үү?  гэж бодох байхгүй юу. Таны хувьд Бээжингийн олимпын мессеж юу байсан бэ?
-Бид эргэн ирлээ.
-Үгүй. 5000 жил. Бид энэ бүгдийг бүтээсэн бас дараагийн 5000 жилдээ бүтээнэ гэдгийг битгий мартаарай гэж хэлж байгаа юм. 5000 жилийн турш устаагүй үлдсэн хэлтэй цорын ганц орон бол Хятад. Одоо үе нь өнгөрсөн үетэйгээ адилхан боддог цорын ганц орон бол Хятад. Үүгээрээ ч тэд бахархдаг. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.