НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ДЭЛХИЙГЭЭС НҮҮХ ЭХНИЙ ХҮМҮҮС АНГАРАГ ДЭЭР ГЭРЭЭ БАРИНА

Б.Ерэнтэй     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-01-20 12:28:10 GMT +8 / | 6454 удаа уншсан

Од гаригийг судалдаг Астрономын шинжлэх ухааны салбарт өнгөрсөн намар олны анхаарал татсан гурван үйл явдал тохиолоо. Нэгд, Үндэсний аэронавтик ба Сансрын удирдах газар НАСА-гаас тэртээ 1930 онд нээсэн 13 дахь орд “Ophiuchus”-ийн талаар нийтэд мэдээлж зарлалаа. Хоёрт, Европын сансрын агентлаг, ОХУ-ын сансрын агентлаг хамтран Ангараг гариг дээр буулгахаар илгээсэн газар уснаа явагч “Schiaparelli” аппарат нь газардахдаа эвдэрч сураггүй болов. Гуравт, манай гаригийн дагуул ганц эрхэс болох Сар 1948 оноос хойш гурван удаа буюу 10 дугаар сарын 16, 11 нэгдүгээр сарын 14-нд, 12 дугаар сарын 14-нд дэлхийд хамгийн ойрхон өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, хамгийн том Сар гарав.

Ангараг дээр усалгааны систем байгуулсан гэх онол

Одон орны судлал, тэр тусмаа Ангараг гаригийн тухай ярихад Америкийн эрдэмтэн Персивал Лоуэлийн (1855-1916) нэр заавал дурдагддаг. Тэрбээр 1890 онд Ангараг гаригийг судлахын тулд Аризон мужийн Флангстафт хувийн хөрөнгөөрөө Одон орны судлалын төв байгуулжээ. Энэ эрхэм нь Ангараг гариг дээрх оюун ухаант оршин суугчид суваг шуудуу ухаж таримал ургамалд зориулсан усалгааны систем байгуулсан гэсэн үзэл бодлоороо дэлхийн чихийг дэлдийлгэж байв. Үүнээс гадна П.Лоуэл нь Далайн вангийн цаана гариг байх ёстойг урьдчилан хэлж түүнийг хайж олох ажлыг анх зохион байгуулжээ. Түүнийг нас барснаас хойш 14 жилийн дараа Канзас нутгийн залуу судлаач Клайд Томбау тэрхүү Икс гариг буюу Дэлхийн ванг нээсэн.
Харин “Ангарагийн сувгууд” гэж нэрлэгддэг зүйл нь хүмүүсийн гараар бүтсэн гэсэн онолыг нь уг гаригийг судлахаар илгээсэн Америкийн сансрын Маринер-4 (1965 он), “Маринер-6, 7 (1969 он), Маринер-9 (1972-1979 он) хиймэл дагуулын авсан зургуудаар  үгүйсгэн няцаагдсан юм.
П.Лоуэлийн Ангараг гариг дээрх оюунт ухаант хүмүүсийн тухай үзэл баримтлал ийнхүү 80-аад жил оршин тогтносны эцэст шинжлэх ухааны үнэнд гүйцэгдэн худлаа болох нь батлагдсан түүхтэй. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ гэдгийн үлгэрээр энэ хугацаанд Ангараг гариг дээрх амьдрал нь уран зөгнөлийн хийсвэрлэн бодох оюуны сэтгэлгээний гол сэдэв болж байлаа. Тиймээс тухайн үед яруу найрагчдын дунд од эрхэсийн тухай шүлэглэх нь мода болтлоо газар авчээ. Монголчууд бидний хамгийн сайн мэдэх нь, Германд боловсрол эзэмшсэн их зохиолч Д.Нацагдоржийн 1931 онд бичсэн “Од”, 1933 онд туурвисан “Нар аа”, “Сар аа” шүлэг.  Их зохиолчийн шүлэг дэх, огторгуйн оргилын олон эрдэмтэн сонирхож байгаа “Марс” нь Ангараг гариг юм. Ангараг нь самгарди үг бөгөөд өрнөдийнхөн уг гаригийг Марс гэдэг. Эртний ромчуудын дайны бурхан нь Марс. Тэгэхээр шилжсэн нэр үг байх нь. Манай монголчууд Ангарагийг заримдаа Улаан нүдэн гариг гэж нэрлэдэг тал бий. Энэ нь Миг мар (мягмар) буюу нүд+улаан гэсэн төвд нэрийг орчуулсан хэрэг. XX зууны эхээр хүн төрөлхтөнийг эрдэм боловсролоороо түүчээлж байсан Баруун Европынхон бүгдээрээ манай Д.Нацагдорж найрагчийн нэгэн адил Ангараг гариг дээр “ямар хүн эрдэнэ оршном” хэмээн асуултад хариу эрж байлаа. Бас фантаазалж байлаа.
Тэдгээрээс хамгийн алдартай нь 1939 онд олны унших дуртай нэгэн сэтгүүлд гарсан зураг юм. Ангараг гаригийн хүмүүсийг дэлхийнхээс том биетэй, бас техник технологийн хувьд илүү дэвшингүй дээд төвшинд хүрсэн гэсэн бодож байсан нь өмссөн хувцаснаас харагддаг.

                                     ОД

Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо 
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо 
Нарт ертөнцийн дотор суугаа Марс од оо! 
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв.
Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ
Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу, үгүй юу? 
Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм
Орчлон ертөнц гэгчийг чи мэднэ үү, үгүй юү 
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ? 
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи!
Эрдэмт Марс од оо! Чи нэгд нэгээр харж байна уу? 
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи!
Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов. 
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай. 

 

Ангараг гариг руу хүн төрөлхтөн нүүх бэлтгэл ажил 

Шинжлэх ухаан нь (эрдэмтэн профессор Фрэнк Дрейкийн онол) хүн төрөлхтөнд нэгд, Ангараг гариг дээр сэтгэдэг матери оюун ухаант хүн байхгүй, хоёрт манай дэлхий шиг соёл иргэншилтэй, бидэнтэй адил оюун ухаантай бодгальтай гариг байлаа гэхэд хамгийн ойрхон нь 200 гэрлийн жилийн зайтай гэдгийг өнгөрсөн XX зууны дундуур хэлж өгсөн. Өнөөдөр бид “Хүн амьтан байна уу. Сайхан өвөлжиж байна уу. Хариу” гэсэн мессеж явуулахад 200 гэрлийн жилийн дараа тэд хүлээж авах юм байна. Алсын алс тэр гаригийн хүмүүстэй өнөөгийн бид гар барин уулзах нь уран зөгнөл болон үлдэх нь тодорхой. Харин жирийн иргэдээс одон оронч эрдэмтэн мэргэд, тэрбумтан баячууд бүгдээрээ л тэр хамгийн ойрхон байгаа амьд гаригийн байршлыг мэдэхийг хүсч байгаа, сонирхож буй.
Оросын тэрбумтан Юрий Милнер харь гаригийн эрэлд гарсан одон оронч эрдэмтдийг дэмждэг, тэдний төслийг ивээн тэтгэдгээрээ сүүлийн жилүүдэд нэрд гарч яваа нэгэн. Тэрбээр өнгөрсөн 2015 оны долдугаар сарын 21-нд Лондон дахь Хааны нийгэмлэгийн төв байранд соёл иргэншилт харь гаригийг олж нээх ажилд зориулан 100 сая доллар зарцуулна хэмээн зарласан. Юрий Милнер энэ үеэрээ профессор Стивен Хокинг, Фрэнк Дрейк нарыг байлцуулсан нь өөрийнхөө гэхээсээ одон орны шинжлэх ухааны нэр хүндийг нь өндөрт өргөсөн явдал байлаа. Энэ их мөнгийг зориулалтаар нь зарцуулахад урьд өмнө SETI-аас судалгаанд хамруулж байсан агаар мандлын нийт хэмжээ 10 дахин өргөжиж, радио долгионы хил хязгаар тав дахин алслах юм. Энэ ажил бол оюун ухаант бодгаль амьдардаг соёл иргэншилт харь гаригийг олж тогтоох шинжлэх ухааны эрэл хайгуул.
Харин Ангараг гаригтай холбоотой асуудал нь дэлхийн 7.3 тэрбум хүний тодорхой хэсэг тийшээ нүүж суурьшихад оршино. Ер нь өөрийн эх дэлхийгээ эс тооцвол эрдэмтэн мэргэдийн хамгийн их судалж таньсан сансрын эрхэс бол манай Нарны аймгийн найман гаригийн нэг Ангараг. Дэлхийгээс нүүдэл хийж өөр гариг дээр хүмүүс суурьшихад хамгийн анхных нь тус гариг байх болно гэдэгт эрдэмтэд, судлаачид бүгд санал нэгддэг. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш “Нүүж очих яах вэ, дараагийн асуудал. Эхлээд Ангараг гариг руу хүн нисгэе” гэж хэлснээс үүдэн зардал талаас нь тооцож үзэхэд 450 тэрбум доллар шаардлагатай, дээр нь сансрын багийн гишүүд бүгд амь үрэгдэх магадлалтай байв. Үүнээс үүдээд Америкууд нэлээд зоригтой эхлүүлсэн уг төлөвлөгөөгөө олонд зарлалгүй чимээгүйхэн цуцалсан байдаг. Асар их эрчим хүч бүхий Нарны тоосонцороос Ангараг гариг руу очих нисэгчдийг хамгаалах арга байхгүй, тэр нь генийг задлах болно гэсэн тайлбар бий.
Гэсэн хэдий ч ирээдүйд хүн төрөлхтөн Ангараг гариг дээр очиж суурьшина, гэрээ барина гэсэн зорилтот сэдлийн хүрээнд төрөл бүрийн бэлтгэл ажил хийж байгаа. Энд ОХУ-ын Сансар судлалын төв болон Америкийн НАСА-гаас эх дэлхий дээрээ Ангараг гаригийн хиймэл орчин бүрдүүлж хүмүүсийг олон сараар тэнд байлгаж дасан зохицуулах туршилт явуулж буйг дурдаж болно. Оросуудын Антарктид тив дээр байгуулсан хиймэл Ангараг дээр олон улсын багийнхан 520 хоног суурин байж туршилтад хамрагдсан. НАСА-гаас Флорида, Хавай мужид тус тус нэг удаа дээрхтэй нэгэн адил туршилт явууллаа. Хамгийн сүүлчийнх нь өнгөрсөн наймдугаар сарын 6-нд өндөрлөсөн төсөл юм. Бүтэн жил үргэлжилсэн уг туршилтад Францын биологич, Германы физикч, Америкийн нисгэгч, эмч, архитекторч, газарзүйч, нийт зургаан эрдэмтэн судлаач хамрагдсан. Эдгээр эрхмүүд өнөөдөр Ангараг гариг дээр шууд очоод л суурьшиж байгаа мэт нөхцөлд ажиллаж, амьдарсан. Зургуулаа 6х10 метрийн талбайтай, ирээдүйд Ангарагт угсарч барих загвар байшинд сууж, гадагшаа гарахдаа бүгд скафандар хувцастай, хүчилтөрөгчийн аппараттай гэх мэт.
Бүтэн жилийн энэхүү туршилт дууссанаас сар гаруйхны дараа Америкийн тэрбумтан, “SpaceX” фирмийн эзэн Илон Маск тус гариг руу шууд нислэг хийх сансрын хөлөг бүтээснээ зарласан. Тэрбээр Мехсикийн Гвардалахара хотод болсон Астрономын олон улсын хурлын үеэр 2018 онд Анагарагт дэлхийгээс эхний нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулснаа мэдэгдсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтөний сайн сайхны төлөө явуулж буй шинэ колоничлолын эхлэл гэж тайлбарлаж байв. Түүний яриагаар бол хүргэлтийн асуудлыг шийдсэн нь нэгдүгээр зэргийн ач холбогдолтой юм байна. Тэндэхийн агаарыг халаах, соронзон орны хоёр хиймэл туйл үүсгэх гэх мэтээр тохируулга хийж хүмүүс амьдрах ердийн нөхцөл бүрдүүлэх нь маш амархан гэнэ. Ирэх онд 46 нас хүрэх Илон Маскийн төлөвлөгөөг Саран дээр хөл тавьсан сансрын 12 нисэгчийн нэг Южин Сернан “Залуу хүний сэтгэлийн хөөрлийн, маш бүрхэг, тодорхой бус гаргалгаа. Олон улсын сансрын багийн  гишүүд ажилладаг хиймэл дагуул эх дэлхийгээс 400 км-ийн зайд байдаг. Тэгэхээр үүнээс хол газарт манай гаригийн хүмүүс одоогоор амьдарч үзээгүй гэж болно. Ангараг гариг нь Сартай жишихэд 135 дахин алсад, 54 сая км-ийн зайд байдгийг сайтар бодолцоогүй бололтой” хэмээн шүүмжиллээ. Тэрбумтан Илон Маск нь Сансар судлалын салбарт бизнес хийх зорилгоор НАСА-тай ойр дотно харилцаатай байдаг нэгэн. 2012 оноос хойш түүний “SpaceX” пүүс тус газарт 1.6 тэрбум долларыг хамтын ажиллагааны шугамаар өгсөн агаад тэдний гурван ч бараа бүтээгдэхүүн Олон улсын сансрын хиймэл дагуулд ашиглагдаж буй.
Илон Маскаас гадна, Ангараг дээр орон сууц барьж хүмүүсийг шилжүүлэн суурьшуулахаар төсөл хэрэгжүүлж эхэлсэн газар бол Голландын “Bas Lansdorpa” компанийн дэргэдэх “Mars One” байгууллага. Эднийх хүмүүсийг, Илон Маск шиг сая саяаар нь Ангараг дээр суурьшуулна гэж арай ч ярьдаггүй, юуны түрүүнд дотор нь 10-20 хүн амьдарч болох Ангарагийн угсармал байшингийн загвартай “ноцолдож” байгаа юм.
Сансар судлалын урьд өмнөх туршлага, Оросууд анх 1961 онд сансарт хүн нисгэсэн, Америкууд анхлан 1969 онд Саран дээр хүн буулгасан явцыг харахад эхний ээлжид сансрын хиймэл дагуул хөөргөж тойрох замд оруулаад түүнээсээ алсын удирдлагатай аппарат нисгэж, тэр нь гарч болох бүх эрсдэлийн мэдээллийг цуглуулдаг. Цуглуулсан мэдээлэлд эрдэмтэд тулгуур хийж хүний ам нас эрсдэхгүй нөхцөл бүрдүүлсний дараа сансрын нисэгчтэй хөлөг хөөргөдөг аж. Ангараг гаригийг эзэмших их ажлын анхны гараа ч дээр дурдсан дараалалтай ижил байгаа. НАСА-гаас 2004 онд тус гариг дээр газар уснаа явагч “Opportunity” аппаратыг амжилттай буулгасан. Нэг секундэд 5 см давхидаг “Opportunity”-ийн нийт туулсан зам нь одоогийн байдлаар 43 км 500 метр болсон байна. Энэ аппарат нь нарны зайгаар ажилладаг агаад шаардлага гарвал эрчим хүчний эх үүсвэрээ Ангарагийн салхинаас авдаг. Манайхаар 185 кг, Ангараг гаригийнхаар 69.7 кг жинтэй уг аппарат тэнд газардсан цагаасаа хойш одоо болтол маш сайн ажиллаж байгаа.
Харин Европын сансрын агентлаг, ОХУ-ын сансрын “Роскосмос” агентлаг хамтран Ангараг гариг дээр буулгахаар илгээсэн газар уснаа явагч “Schiaparelli” аппарат нь энэ 2016 оны аравдугаар сарын 16-ны лхагва гаригт газардахдаа эвдэрч сураггүй боллоо. Италийн алдартай одон орончийн алдраар нэрлэсэн уг аппаратыг сансрын тойрог замын TGO хиймэл дагуулд байрлуулан өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд Казахстаны нутаг дахь ОХУ-ын сансрын нислэгийн төв “Байканур”-аас хөөргөсөн. Ангарагт газардахаас хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 18-ны даваа гаригт Европын сансрын агентлагийн захирал Жан Воэрнер: - “Schiaparelli” төлөвлөсөн тооцооллын дагуу TGO хиймэл дагуулаас өчигдөр орой салж Ангарагийг зорилоо. Нөгөөдөр 16.48 цагт газардана. Европчууд Ангараг гаригийг судлах өөрсдийн эрин үеийг нээж байна” хэмээн цог заль төгс мэдэгдэж байв. Гэтэл “Schiaparelli” нь зөөлөн бууж чадалгүй секундэд 83 метрийн хурдтай явсаар газар мөргөж эвдэрсэн байна. НАСА-гийн америк аппарат “Opportunity” газардсанаасаа хойш 16 жилийн турш секундэд 5 см хурдтайгаар эвдрэлгүй явж байгаатай харьцуулахад түүнээс 1260 дахин хурдтай буюу 8300 см/сек-ээр явахдаа Ангараг дээр зөөлөн бууна гэдэг аз туршсан, ёстой амиа хорлосон хэрэг байж. Хэдхэн хоногийн өмнө эрдүү хоолойгоор “хашгирч” байсан, Европын сансрын агентлагийн захирал Жан Воэрнер энэ удаад их л нам дуугаар “Урам хугалж, сэтгэл гонсойлголоо. “Schiaparelli” бидний төлөвлөснөөр газардсангүй” гэж DPA агентлагт ярилцлага өгөхдөө хэллээ.
Европын сансрын агентлаг, ОХУ-ын сансрын “Роскосмос” агентлаг хамтран 2020 онд дахиад нэг газар уснаа явагч аппаратыг Ангараг гариг дээр буулгах төлөвлөгөөтэй байгаа. Бидний хүсэх зүйл: Тэр нь газардахдаа нэг секундэд 5 см-аас доош бага хурдтай байх болтугай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.