НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

РИНЧЕНИЙ ХЭЛ НАЙРУУЛГЫН ШИНЖИЙН НЭГЭН МӨХЛӨГ

    Нийтлэгч
2 жилийн өмнө /2017-01-20 12:57:01 GMT +8 / | 3538 удаа уншсан

Ри багш бол монгол хэл бичгийн их эрдэмтэн хүн. Монгол хэлшинжлэлийн анхны доктор. Монгол хэлийг нэн өвөрмөц сэтгэлгээгээр судалсан хүн. Даанч тэр эрдмий нь судлаагүй л байна. Тэрбээр мөн монгол хэлээр төгөлдөр найруулан бичигч байв. Энэ эрдмий нь мөн л судлаагүй байна.Түүний хэлшинжлэлийн сэтгэлгээний тухай энэ сонинд би нэгэнт үгүүлсэн учир энд үг найруулгынх нь тухай өчүүхэн үгүүлнэ. 
Ринчений зохиолуудыг уншиж ажихад түүний эрдэм ухаан, мэдлэг боловсрол, үзэл бодол, санаагаа илэрхийлэх чадвар гээд олон зүйл мэдрэгддэгийг та юу эс андах вэ. Тэрбээр монголоороо зөв найруулан бичих тухай олон үгүүлэл бичиж, найруулга нь ойлгомжгүйн жишээнд олон ч хүнийг тухайлан дурдаж шүүмжилж байснаас үзэхэд, хэрхэн найруулан бичих хичээлийг зохиолоороо дамжуулан заасан учиртай болж байна. Тэрхүү хичээлийг анхааралтай унших судлахын чухлыг энд дурдах нь илүүц болно биз ээ. 
Ринченг сонгодог бичгийн хэлний найруулгаар бичдэг гэж ярьдаг, бичдэг. Ингэхэд, сонгодог бичгийн хэлний найруулга гэж чухам ямар найруулга болохыг судалсан зүйл байна уу? Ямар үг хэллэг хэрэглэхээрээ сонгодог болдгийг бага ч болов хөндсөн судалгаа байна уу? Ингээд өчүүхэн эргэцүүлэхэд л, бид давын өмнө судлах ёстой зүйлийг судлах байтугай, бүр хөндөө ч үгүй байгаа нь илэрхий байна.
Ринчений зохиолын хэл найуулгыг судлахад бэрхшээлтэй зүйл бий л дээ. Тэрбээр, Монголын утга соёлын өргөн хүрээнд судалж байсан учир зохиолд нь тэр бүгд гүн гүнзгий туссан байдаг. Агуулга нь өргөн дэлгэрийн дээр хэл найруулга нэн нарийн учир хэрхэн хэн хүн тэр бүр тодорхойлон бичиглэж чадахгүй. Бичиглэх хүн эрхбиш Монголынхоо уламжлалт бичиг зохиол хийгээд тэдгээрийн тус тусын найруулгын онцлогийг төлөв гадарладаг, үүний үндсэн дээр Ринчений найруулга тэдгээрээс чухам юугаараа онцлог болохыг мэдэрдэг байх ёстой. Энэ шалгуур ёсоор үзвэл, баргийн хүн түүний хэл найруулгыг судалж чадахгүй болж байна. Бэлэн боловсорсон хүн тэнгэрээс унаж ирээд бидний хүсээд байгаа зүлйиг бичээд өхгүй нь ойлгомжтой учир бид л мэдлэгийнхээ хэрээр эмтэлж бичихээс өөр арга байхгүй. Үүнийг өнгөрсөн хэдэн арван жилийн туршлага бүрнээ харуулав. Зарим хүн Ринчений найруулгын онцлог нь хүний нүдэнд тодорхойёо тусан харагдаж буй үг, нөхцөлд байна, тэдгээрийг л цохлоод тайлбарлачихвал бараг болох биш үү гэж бодох магад. Тийн бодмоглодог нь юунаас харагднав гэвэл, бичсэн зүйлдээ “бөлгөө”, “ажгуу”,”өгүүлсү”,”хэлсү” зэрэг үгийг өм цөм хэрэглэснээ Ринчен гуай шиг найруулав, сонгодог бичгийн хэлний найруулгаар бичив гэдэг. Энэ тийм биш бөгөөд эдгээр үг нь ямар үед, юун тухай үгүүлж байхад, ямар үгстэй хамт бичигдэх нь цөм нарийн тогтсон ёст зүйл. Тиймээс найруулгын нэн чухал зүйл бол, ганц хоёр үг нөхцлийг хээнцэрлэн хэрэглэхэд биш, үгүүлбэр бадгийн агуулгад нийцсэн үг хэллэгийг оновчтой хэрэглэхэд байгаа юм. 
Та нар ажигласан бол, бидний сонгодог бичгийн хэлний найруулга гэдэг маань үгүүлбэрийг дуусгахгүй үргэлжлүүлэн хэдэн арав, хэдэн зуун үгээр хэлхэн бичихэд бус, үг хэллэгийн ончдоо байгаа юм. Ринчений хэл найруулгын тухай үгүүлэх атал, юун сонгодог бичгийн хэлний тухай үгүүлнэв гэж бүү бодогтун. Бид уламжлалт бичиг зохиолынхоо хэл найруулгыг судалсан туршлага бүүхэл, бичгийн их эрдэмтдийнхээ хэл найруулгыг ч судалсангүй өдий хүрсэн учир хэн нэгний үг найруулах эрдмийн тухай үгүүлэхэд яах аргагүй уламжлалт найруулгын тухай үгүүлэх болдог билээ. Ер нь, бичгийн мэргэд уламжлалт найруулганд шүтдэг юм. Утга илтгэх чадвар нь нэн боловсорсныг мэдэрдэг учраас тэр юм. Уламжлалт найруулга бол олон зуун жил боловсорсон найруулга. Энэ найруулгад үргэлжилсэн үйл явдлыг хэрхэн үгүүлбэл дүрслэл тод, утга яруу байх, ямар зүйлийг ямар үгээр илэрхийлбэл зохистой болохын нуруу төлөв тогтсон байдаг. Ерийн хүн бол тэр бүгдийг уншаад хэрэглээд явдаг. Бичгийн их эрдэмтэн бол ерөнхийдөө тэр найруулгыг, тухайлбал уламжлалт илэрхийлэх аргыг баримтлах авч, эрхбиш эрдэмтэн хүн тул, өөрийн санал сэтгэлгээр дүрслэх, үүнээ илэрхийлэхдээ уг дүрслэлд нийцэхүйц үг хэллэгийг хэрэглэх тул, уламжлалт найруулга улам баяжиж, утга илтгэх чадвар нь төгөлдөржихийн зэрэгцээ, зохиолчдын тус тусын хэл найруулга ялгарч байдаг. Тиймээс бид хэн нэгэн зохиолчийн хэл найруулгын тухай үгүүлэхийн тулд, ер нь уламжлалт найруулгын онцлогийн тухай үгүүлэх учиртай болно. Дараа нь, уламжлалт найруулгын зонхилох төлөөлөгч болсон зохиол, зохиолчдын хэл найруулгын онцлогийг тухайлан үзэх учиртай болно. Энэ үгүүлэлд тэр бүгдийн тухай дэлгэр үгүүлэх боломжгүй учир шууд Ринчений онцлогийг үгүүлэнгээ жич бусдын тухай дурдана.
Дээр үгүүлснээс үзэхэд, Ринчений хэл найруулга уламжлалт найруулгын хэв шинжид тулгуурласан нь ойлгомжтой байна. Үүний амин сүнс нь үгийн ончдоо байдаг гэж дурдсан. Тиймд, тэдгээр ончтой үг хэллэг Ринчений зохиолд уламжлагдах нь зүй юм. Чухам ямар үгий нь хэрэглэж байнав гэдгийг тодруулчихвал Ринчений хэл найхуулгын онцлог нэлээн тодорно. Гэвч чингэхийн тулд нэлээн хөдөлмөр хэрэгтэй аж. Үүнд нэмэр болгох үүднээс өчүүхэн тэмдэглэл үүнийг бичив.
Ринчен бол манай уламжлалт бичиг зохиолыг бага залуугаасаа уншиж, найруулгын онцлогий нь мэдэрсэн, түүнээ зохиолдоо тусгадаг эрдэмтэн. Жишээ болгож хэдэн үг үзье.
“Жирэв жарав” гэх үг. Энэ үгийн Ринчен “Шөнийн харанхуй огторгуйд түг түмэн од он жирэв жарав...” (Заан залуудай, дэд дэвтэр, т.18),
“Хар хөх огторгуйд одон жирэв жарав хийжээ.” (Үүрийн туяа, 1993, т.585) гэхчлэн хэрэглэсэн бий. Энэ “жирэв жарав” гэдэг үгийг хаа нэгтээ уншсан, хоногшсон үг байх чинь гэж бодох вий. Хувьсгалаас хойших манай уран зохиолын зүйлд Нацагдоржоос өөр хүн хэрэглэсэн нь бараг үгүй тул зарим хүн Нацагдорж ургуулан зохиосон үг гэж бодох магад. Үнэхээр түүний зохиолд:”түүний гэрэлд жирэв жирэв гялалзана” (Хэлхээгүй сувд хэмээх тууж), “Орой дээр олон од жирэв жарав гилтэгнэнэ” (Өвлийн хүйтэн, янагийн халуун), “олон од жарав жирэв” (Алс газар сураар явагч), “Олон од жирэв жарав гийлцэнэ” (Улаанбаатараас Берлин хүртэл) гэж байдаг. Дээрхээс үзэхэд, Ринчен Нацагдорж хоёр од хийгээд гэрэллигийн анивчин гилтэгнэх байдлыг илэрхийлэхэд төлөв хэрэглэжээ.
Хүмүүс ер нь Нацагдоржийн зохиолоос энэ хэллэгийг мэдэх болсон байх магад тул Нацагдоржийн үгийг Ринчен хэрэглэжээ гэж бодуузай. Энэ бол уламжлалт үг. Гагц, одон мэт гилтэгнэн анивчих зүйлд төдийгүй, хүмүүний сэтгэлийн пур пур үүсэн хөдлөх байдлыг ч мөн илэрхийлэхэд хэрэглэсэн нь тухайлбал, Инжаннаши “жирэв жарав төгс уянгалаг нүд” (Хөх судар, т.150), Нацагдорж “Сэтгэлийн дотор жирэв жарав” (Нойрын дунд) гэхчлэн бичсэнээс үзэж болно. Тиймд, энэ үг бол уламжлалт бичгийн хэлний үг байна.
Уламжлалт бичиг зохиолд нэр үгийн олон тооны нөхцлийг хэрэглэсэн нь маш баялаг байх бөгөөд одоогийн утга зохиолын хэлнээс ялгарах онцлогийг нэн тодруулж байдаг.Ринчений хэл найруулгад ч тийм жишээ цөөнгүй бий. Жишээлбэл, “тэдгээр начин шонход сайн нидэрч дээ” (Мөнгөн ноён, т.175), “амрыг эрсэн чөтгөдийн үг” (тэнд, т.102) гэх зэргээр арвин бий. Мөн өөрөө тайлбарлаж байгаад хэрэглэсэн “баатад” гэдэг үгийг ч та санаж байгаа байх. Жамсраны Цэвээн ч мөн “морь, хувцад, мөнгө сэлтийг “(Декамерон, т.58), “эсэхүл ноход гахдад хаяж өгөхийг “(тэнд, т.125) зэргээр бичдэг байв. Инжаннаши “уулын гөрөөд үргэж” (Хөх судар, 359), “гарын доор энэ мэт баатад байх тул” (тэнд, т.362) гэхчлэн маш арвин бий. Банзарын Дорж ч “сандалсыг талбимуй” (Фа Сианы жуулчилсан нь, т.15), “сайн үнэдийг (одоонхоор бол, үнэртнүүдийг-Ч.Ч), “хувцад”, “тойд (одоонхоор бол, тойнууд), “суваргас”, “цонхос” гэж тэр зохиолд бий.
Чухам ямар нөхцлийг ямар үгэнд хэрэглэх зүйг тайлбарлавал, сэдэв баахан явцуураад, нийтийн унших сонирхлыг баахан алдуулах тул энд явцууран үл үгүүлэв. Ринчений найруулгыг тодруулахад тухайлан дурдах ёстой зүйлийн нэг бол утгыг нарийнаа илтгэхэд хэрэглэж буй үйл үгийн зарим нөхцөл бөгөөд эдгээр нь уламжлалт болоод Ринчений нэгэн үе болон ойр үеийн бичгийн эрдэмтний ном зохиолд түгээмэл байдаг учир энд тухайлан эс дурдав. Тэр бүгдийг Ринчений хэл найруулгын тухайд бичсэн миний 2 дэвтэр номд тодорхой дурдсан юмсан. Үйл үгийн дагавар, нөхцлийг Ринчен уламжлалт зүй, өөрийн мэдрэмж хоёрын нэн нийцэлд хэрэглэдэг ээ. Тухайлбал, “отог нутагт мэнд хүрсэн цагт эр эм болохыг зөвшөөрсү” (Заан залуудай, т.54), “амсдаг бол тань амтат бал дарсаа барьсу” (Мөнгөн ноён, т.9), “зааны соёо хушуунд эрстсэн хүнээ сувилаар ухасхийсэн” (Заан залуудай, т.65), “мөхүйн ёсолж айлтгаруун” (тэнд, т.16) гэх мэтчилэн, бараг үгүүлбэр бүрд бий.Үүнд онцлоход, “-гтуй, -гтүй” нөхцлийг наруулгын ерөнхий хэв шинжийг илэрхийлж чадахуйцаар хэрэглэснийг чухам Ринчений найруулгын нэгэн онцлог гэж болно. 
Энэхүү нөхцөл зарим бичиг зохиолд тун мэр сэр таарах боловч Инжаннаши, Банзарын Дорж, Жамсраны Цэвээн, Нацагдорж хэн нь ч хэрэглэсэнгүй. Ринчен энэ нөхцлийг маш арвин хэрэглэснийг “уяа хүлээсий нь суллагтуй, хүүхээд”, “манай отогт саатаж хайрлагтуй”,”гарын чилээ, хөлийнхөө хөшөөг гаргагтуй”,”отог дээрээ хүргэж өгөгтүй”,”хоол унд өгөгтүй”,”нарийн далд үг ухаан бүү хэрэглэгтүй”,”марталгүй санаж явагтуй” гэхчлэнгээс харж болно. Энэ сайхан хэллэгийг та Ховд аймгийн Мянгад сумын зарим ардаас сонсож болно. Энэ нь “-гтун, -гтүн” нөхцлийн нэгэн хувилбар боловч, эерүүлэн тушаасхийх аясыг илтгэдэг юм. Мөн, Ринчений найруулгын онцлог болсон нөхцөлт хэллэг бол “-в шуу, -в шүү” юм. Жишээлбэл, “эмгэнийг алж орхилоов шуу”, “ноёын аминд тустайвшуу”,”асуун лавлаж ядлаавшуу” гэх зэргээр найруулганд тодорхуйцаар хэрэглэсэн байдаг. Хүүрнэл, бичгийн тогтсон уламжлалын зохисыг илэрхийлсэн энэ нөхцөлт хэллэгийг уламжлалт бичиг зохиолд болон дурдсан нэрт бичгийн эрдэмт мэргэд хэн нь ч хэрэглэсэнгүй учир яг л Ринчений онцлог гэж үзэж болно.
Ер нь түүний найруулгын нэг онцлог шинж бол хүүрнэл, бичгийн тогтсон найруулгын зохист харьцааг тун нарийн нийцүүлсэнд байна. Түүний ямар ч зохиолд, шаардлагатай үед ярианы хэлний шинжийг нэн тодруулсан, чөлөөт хүүрнэлийг ярианы хэлний шинжээр илэрхийлсэн нь цөөнгүй бий. Мөнгөн ноёнд “жанжин байхгүй болчихсоон”,”олсоон, авгай олсоон”,”харсаан харсан”,”хэлсээн хаантан минь”,”олон юм яншаад яахим”,”түлхүүр ацарлаа”, бусад зохиолд нь ч арвин бий. Лесковын “Зовлонгийн далай”-н орчуулганд “явцоон” гэдэг үг ч бий. Өнөөдөр манай уран зохиолын зүйлд, ярианы хэлний шинжээр бичих газар байсан ч бичгийн хэлний тогтсон загвараар бичих нь их байна, Ри багшаас суралцагтуй.
Ринчений найруулгын нэг шинж бол үйлийн үндсийг давтан хоршиход байна. Үүнийг их түгээмэл арга гэж бодох хүн байх вий, яг үзэхэд Цэвээн авгай ч, Банзарын Дорж ч, Нацагдорж ч бараг хэрэглээгүй юм. Үүрийн туяа зохиолд “шал шалсаар”,”цохь цохисоор”,”ухар ухарсаар”,”яв явсаар”,”бууд буудсаар” гэхчлэн зөндөөн бий.
“Чин хийгээд хас”. Уламжлалт найруулгын тун өвөрмөц үг бол “чин” юм. Ринчен ч хэрэглэж байсан, “чин санаа”,”чин үг”,”чин үг” гэхчлэн. Энэ үг нь найруулгад хийсвэр үнэмлэхүй утга үүсгэх бөгөөд ухагдахууны хийгээд дүрслэхүйн хийсвэрлэлийг үгийн хийсвэрлэлээр барилдуулсан сонгодог үг юм. Уламжлалт найруулгын түгээмэл нэгэн үг бол “хас”. Энэ үгийг Ринчен зохист газар нь уламжлалт зүйр үгийн хувьд ч тэр, өөрийн найруулгын хувьд ч тэр, цөөнгүй хэрэглэсэн. Олон хүн Нацагдоржийн зохиолд гардаг “хасын цагаан царай нь” зэрэг үгээс сайн мэдэх болсон байх аа. Энэ үг бол уламжлалт үг. Бичгийн зохиолд ч төдийгүй аман зохиолд ч түгээмэл бөгөөд хүслэнгийн, цэвэр аригууны, дээдийн, ертөнцийн буй бүхий юутай ч зүйрлэшгүйн утгыг илтгэдэг үг юм.
Энэ мэт тоочоод байвал маш их шинж бий. Эцэст нь үгүүлэхэд, Ринчений хэл найруулгыг судлахын тулд эхлээд уламжлалт найруулгын шинжийг тодруулах ёстой. Үүний тулд, уламжлалт бичгийн зүйл, нэгэн үеийн зохиолч, бичгийн эрдэмтний найруулгын ижил болоод ондоо шинжийг тодруулах хэрэгтэй. Ижил болон ондоо шинжийг ерөнхийлөн тодруулсны дараа чухам тус тусын нарийн онцлогийг тодорхойлбол ямар ч болов, найруулгын хэв шинж тодрох болно. Ринчений онч төгөлдөр олон хэллэг, яруу хэрэглүүр, хоршоо холбоо үг хийгээд найруулгын хэмнэлийн тухай дахин дахин бичихийн бэлгэ зохиож өчүүхэн тэмдэглэл үүнийг жаргаав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.