НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Нууц Ноёнтон

О.Содномпил     Нийтлэгч
3 жилийн өмнө /2017-01-23 11:58:53 GMT +8 / | 6949 удаа уншсан

Энэ нууц ноёнтонг наяаад оны хүүхдүүд, бүр тодотговол Дээвэр дээрх Карлсоныг уншсан бол андахгүй. Учир нь би ч түүний орчуулсан “Жаалхүү, Карлсон хоёрын тухай гурван тууж” (1983 он) номоор нь танил болсон юм. Түүний нэрийг Бичээч Норовын Пүрэвдагва хэмээнэ. 
Астрид Линдгрений дээвэр дээр суух Карлсон бол зөвхөн хүүхдэд зориулсан ном биш гэж боддог юм. Свифтийн Гулливерийн аялал, Дефогийн Робинзон Крузо ч уг нь багачуудад зориулсан зохиол биш л дээ. Тухайн нийгэмээ ёгтолсон, шүүмжилсэн, томчуудыг элэглэн шоолсон, юм бодуулах гэсэн зохиол юм шүү дээ. Свифт жир хүнийг 12 дахин ихэсгэж, бас 12 дахин багасгаж дүрсэлсэн гэдэг. Түүнээс гадна манайд энэ номыг том зураг голлосон, бага насны хүүхдэд зориулсан хялбаршуулсан хувилбарыг орчуулсан юм. 
Хүний мөс чанар, сэтгэл зүйг үзүүлэхийн тулд ийнхүү томруулж, жижигрүүлсэн аж. Бие хаагаараа битгий хэл албан тушаалаараа хүн дэвшин дарга болоход тааруухан эрчүүл бол ааш зан, харилцаа ямар их өөрчлөгддөг гэж бодноо.
Сайн зохиолын, сонгодог бүтээлийн давхар текст, чанар чансаа үүнд байгаа юм. Пүрэвдагва дээвэр дээрхи Карлсоныг анх далаад оны сүүлчээр орчуулсан юм билээ. Тэр үед ном хэвлэх шат дамжлага яст мэлхийн явдал мэт удаан байснаас наяаад онд гарсан аж. Орост гурван жил суралцаад өвчний учир буцаж ирчихээд байхад багын анд Готов найзтайгаа номын дэлгүүр хэсэж яваад орос дээр гарсан номыг харчихаад хамтарч орчуулахаар шийдэж. Гэвч Готов хойтон жил нь МУИС-аа төгсөөд цаг бусаар нас баржээ. Найзтайгаа ярьснаа хэрэгжүүлэх, анд нөхдийн захиасыг биелүүлэх нь түүнд буян болох юм гэсэн сэтгэлээр орчуулж эхэлжээ. I дэвтэрийг гурван жил нухсан шүү гэж толгой сэгсэрч байсан санагдана.  II III дэвтэрийг бол түргэн гараас гаргажээ. Орос хэл дээрх орчуулгын гэрийн хүүхэд асрагчийг Учитель, Мучитель гэсэнг захирагч, ахирагч хэмээн тун донжтой хөрвүүлсэн нь ихэд оносон шиг санагддаг юм. Тэр гэрийн асрагч Фрекель Бок гэх эмэгтэй ширүүхэн хүн байждээ янз нь.
Н.Пүрэвдагва төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлээр бол физикийн багш хүн.
Яаж яваад энэ жүжигтэй холбогдсон нь сонирхолтой санагдсан. Тэгсэн уг үндэс нь хүүхдийн байгууллагад хэсэг хугацаанд ажилласантай нь холбоотой болоод ирж билээ. Хуучин цагт хүүхэд багачуудад зориулсан харшийн ёлка гэж том гоё баяр байлаа. Онц сурлагатай, тэргүүний сурагчид урилгаар оролцоно. 1981 оноос энэ сүлд модны наадам олон улсын Найрамдал зуслан дээр шинээр зохион байгуулагдах болжээ. Монголын Пионерийн байгууллагын төв зөвлөлийн ажилтан Д.Энхээтэй санаандгүй таарч. Тэр хоёр бүр Сэлэнгийн дунд сургуулийн нэг жилийн төгсөгчид. Дарга нартайгаа уулзуулаад бүр ажил албатай ч болж. Тэр үед Н.Пүрэвдагва өвчний учир групптэй байж. Ийн сүлд модны наадмын хөтөлбөр бичих ажлаас л явсаар байгаад жүжигтэй холбогдсон урт зам эхэлсэн аж. Тэр сүлд модны хөтөлбөрийг монгол бас орос хэл дээр бичих хэрэгтэй болж. Нөгөө сурсан эрдэм хэзээ ч хэрэг болно гэдэг энэ биз. Энэ сүлд модны наадмыг найруулагч Лхаасүрэн найруулжээ. Ингэж тэр алдартай найруулагч, жүжигчинтэй танилцсан нь хожим дэлхийн хэмжээний олон жүжиг орчуулах, бүр өөрөө жүжиг бичихийн үүдэл болсон юм билээ. Д.Лхаасүрэн найруулагч ерээд оны эхээр “Шекспирийн эмгэнэлийг агуу гэх юм. Инээдэм нь ч агуу. Инээдмийн цаана эмгэнэл байгаа юм” гэж хэлсэн аж. Тэгж л Шекспирийн “Эндүүрлийн паян”-г орчуулсан (өөрийнх нь хэлснээр “дэлдүүлж”) юм байх. Сайн хүний нөлөө их шүү гэнэ. Тэр хүмүүст нь мэдээж Д.Лхасүрэн, Б.Баатар, Ч.Ганхуяг, Ч.Түвшин гээд манай улсын нэртэй, алдартай найруулагчид орно. Нэг мэдэхэд арав гаруй жүжиг орчуулчихсан байна лээ гэж Н.Пүрэвдагва инээмсэглэн хэлж билээ. У.Шекспир “Эндүүрлийн паян” Карло Гольдони “Феодал буюу садар эрийг номхотгосон нь”, Карло Гоцци “Хятад гүнж Турандот”, Бертольд Брехт “Хуримлаж тоглосон нь”, Эдуард Разинский “Кихот ноён” Бернард Шоу “Цезарь, Клеопатра хоёр” гээд жүжгийн нэр, бас зохиолчдыг дурьдахад том жүжгүүд. 

1984-7 Цэдэнбал даргын Маршалын хувцастай авахуулсан хамгийн сүүлчийн зурагБ.Баатар найруулагч ятгасаар байгаад өөрөөр нь Н.В.Гоголийн “Амьгүй албат” хэмээх найраглалаас сэдэвлэсэн “Амьгүй албат” жүжиг бичүүлсэн гэдэг. Энэ олон жүжиг орчуулсан нь Пүрэвдагвыг өөрийн эрхгүй театрын тухай цаашлаад Монголын тайз, дэлгэцийн урлагийнханд зориулсан бүхэл бүтэн номын сан бүрдүүлж өгөхийн эхлэл болжээ. 
Б.Е.Захава “Жүжигчин ба найруулагчийн уран чадвар” 2012 он, В.Э.Мейерхольд “Өгүүлэл, захидал, хэлсэн үг, яриа” 2 боть 2013 он, Питер Брук “Хоосон орон зай” 2014 он, Ёжи Гротовски “Ядмаг театраас хөтлөгч урлаг руу” 2016 он гэсэн номнууд театрынханд, оюутнуудад зориулж орчуулжээ. Энэ чинь урлагийн байгууллагын бодлого, төлөвлөлтөөр хийхээр нүсэр ажлууд шүү дээ. Н.Пүрэвдагва маань үргэлжлүүлэн Ж.Стрелер, Г.А.Товстоногов нарын бүтээлийг орчуулах гэж байснаа больчихлоо. Яагаад түдгэлзэвээ гэж асуутал Жоржио Стрелерийн ном европ театрын уламжлал, чиг хандлагад суурилсан учраас түр хойшлуулсан гэх. 
Бас манай театрын голлох мэргэжилтнүүд европт бэлтгэгдсэн, мөн бичиж хэвлүүлж буй ном хэвлэл нь евротивийн соёлд тулгуурлаж байгаа нь хойшлуулах шалтгаан бололтой.Оронд нь алдарт Б.Брехтийн ном орчуулж эмхэтгэнэ гэсэн. Брехт гэснээс СУИС-ийн багш, ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж оюутны театртаа Брехтийн жүжгээр төгсөлтийн дипломын ажлын ширээний сургуулилт хийж байхад нь саяхан таарч билээ. Б.Мөнхдорж Брехт, Станиславский, Мейерхольдын театрын жүжигчний ур чадвар, найруулга зүйн онол, арга, хандлага, эрэл хайгуулын талаар ч оюутнууддаа учирлан ярьж байх нь таатай санагдсан шүү. 
Гоголийн “Амьгүй албат” бол Орост бурханчлагдсан зохиол. Үргэлжилсэн үгээр бичсэн яруу найраг гэдэг. Б.Баатар найруулагч жүжиг болго гээд “Амьгүй албат”-ыг найруулах миний хүсэл мөрөөдөл, бараг ганц зорилго гээд учирлана. Жүжиг болгох хүн нь би байдаг мөн ч айхтар бөх зүрхтэй “тэнэг” хоёр хүн шүү гэж Пүрэвдагва инээж билээ. Сониноос “Амьгүй албат” Монголд жүжиг болж театрт тавигдсаны дараа төрлөх эх орон Орост нь жүжиг болон тавигдсан түүхтэй. /Маяковскийн театрт тоглогдсон/ Энэ чинь бас нэг юм хэлээд байгаа биз. Пүрэвдагватай “Буу халах” таатай байдаг юм. Юмыг эрэгцүүлж боддог, уг учгийг нь олох гэж мэрийдгээс тэр. “Театрыг ариун сүм гэдэг. Яагаад гээч, үнэнээс үнэнг шүүж тунгаадаг газар учраас л ариун сүм гээд байгаа юм” хэмээнэ. Нээрээн ч энэ үнэн л дээ. Тиймээс ч тэрээр чухал гэсэн жүжгээ орчуулж театрын тухай онол, аргачлалын сор болсон номуудыг орчуулаад байгаа бөлгөө. Саяхнаас тэрээр “Эпос”-оор “өвчлөөд” байгаа. Оросын сэтгэгч, утга зохиол судлаач Бахтинын номыг орчуулж буй юм. Манайх тууль, туульс гээд байдаг. Энэ ч өөр ойлголт байна шүү гээд тодорхой ойлголт, нэршилийн тухай мөрдлөг хийж яваа нь тэр, “Шерлок Холмс” шиг.
Пүрэвдагвынд очиход номын тухай л ярина. Номын айл гэж хэлж болно. Гэргий нь Санждоржийн Туяа. Манай хуучны тулхтай түүхч агсан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Санждорж гуайн том охин. С.Туяа анх тооны чиглэлээр сурч байгаад сүүлд түүхч болсон юм билээ. Дунд сургуульд байхдаа математит сонирхолтой, олимпиад уралдаанд дээгүүр байр эзэлдэг охин байж. Гэр бүлийн хоёрын сонирхол багаас нэг байсан юм шиг. Оюутан байхдаа л гэр бүл болж. 45 жил болсон байна шүү гэж “гайхсан” ч юм шиг цаанаа бахархсан ч юм шиг инээмсэглэн өгүүлж билээ. Гэргий Туяа нь Пүрэвдагвын ихэнхи номын хянан тохинуулагч, бас гэр орны гол хянан тохинуулагч.
С.Туяа гуай түүхийн хувьд бага бус нэгэн сэдэвт бүтээл туурвижээ.  “Нийгмийн улс төрийн систем дэх нам, төрийн харилцаа, түүх, уламжлал, өнөөгийн хандлага” 1989 он гэсэн нэгэн сэдэвт бүтээл бий.Редактор нь Б.Чимид абугай.
“Харьд хэлмэгдсэн монгол иргэд” 2013, өнгөрсөн жил “Хийрхлээс хэлмэгдүүлэлтэд” 2016 гэсэн ном нь гарсан. Түүхийн олон ном, баримт бичгийн эмхэтгэлд хамтын зохиогчоор оролцжээ. Зүгээр нэг жишээ хэлэхэд 2012 онд хэвлэгдсэн “Уул уурхай Монгол оронд” /нэн эртнээс XX зууны эцэс/ гэсэн судалгааны бүтээлийг эрдэмтэн Б.Баттөмөрийн хамт туурвисан нь их л сонин ном санагдсан. Охины хувьд эрдэмтэн аавынхаа гурван боть номыг эмхэтгэсэн. Пүрэвдагва, Туяа хоёр үр хүүхдүүд нь цөм бие даагаад ажил амьдралаа төвхөнүүлсэн болохоор тэднийх хувийн хэвлэлийн газар мэт л ном цаасны ажил ундарсан айл. Нам гүмхэн тэр л орон гэрээс ном төрдөг, соён гэгээрүүлэх их өргөө мэт санагдсан. 
Пүрэвдагва юмыг ихэд өргөн утгаар нь авч үзэх дуртай. Түүнд одоо бол хэн хүнгүй эмхэтгэдэг болсон байгууллагын түүхээр бичсэн ном бий. Нэр нь “Монголын хүүхдийн байгууллага” /түүх 2005/ хамтран зохиогч М.Тогтохням, Л.Зориг/. Хэмжээгээр бага биш, гучин хэвлэлийн хуудас. 
Монголын түүхийг хүүхдийн байгууллагын түүхээр нэвт харах гэсэн оролдлого юм. Энэ ном гурван бүлэгтэй.  
1.Нүүдэлдээ орших Монгол
2.Нүүж суухын зааг дахь Монгол
3.Нүүж суусан Монгол
Бас жирийн сумын түүхээр бас нэг харах гэж оролдсон. Энэ бол “Шаамар XX зуунд” ном юм. Дараа нь хувь хүний амьдралаар улс орныхоо түүхийг харах гэж оролдов.
Энэ бол “Будант жилүүдийн эмгэнэл буюу Лувсанцэрэнгийн Цэнд” /С.Туяатай хамтарсан/ ном ажээ. Нээрэн л улс орны түүх гэдэг жирийн хүн, сум, байгууллагын түүхээс л эхлэнэ. Улс орны түүхийн тэр л цагийн өнгө аяс, хувь хүний амьдралд тод харагдана. 
Аль наяад оны сүүлээр З.Бжезинскийн “Их сүйрэл XX зуунд коммунизм мэндэлж мөхсөн нь”, Эрих Фромм “Эрх чөлөөнөөс дайжихуй” зэрэг ном /С.Туяа хамтарч/ орчуулсан юм. Хаалттай хатуу үед хориотой ном байлаа шүү дээ. Олон хүний нүдийг нээсэн байлгүй. Юмны учир начирийг олоход ардчилал, эрх чөлөө хэмээн хий сүрчигнэх, цээжээ дэлдэхээс хамаагүй бодитой ажил. Ер нь орчуулагч хүний чухал чанар бол ямар зохиолыг орчуулах вэ гэсэн шилэлт сонголт. Тэр сонголт орчуулагчийн өөрийнх нь үзэл бодол, хүсэл эрмэлзэл, боловсрол, сэтгэлгээнийх нь цар хүрээтэй нь холбоотой байдаг. Тиймээс ямар зохиол орчуулсан бэ гэдэг нь орчуулагчийн тодорхойлолт юм даа гэж бодогддог.
“Үнэнээс үнэнийг шигшиж үзүүлдэг урлаг бол жүжиг. Тэгэхээр найруулагч, зураач, хөгжмийн зохиолч, жүжигчдийн үнэний эрэлд мордох анхны шалтаг нь жүжгийн зохиол” гэж Н.Пүрэвдагва хэлдэг юм. Жүжиг гэснээс манайх ер нь  дэлхийн сонгодог жүжгээс юуг орчуулж тоглосон улс вэ гэж бодон өнгөрсөн жил хэвлэгдсэн 11 боть 700 гаруй хэвлэлийн хуудас номыг /эрхэлсэн Н.Болд/ эргүүлэн үзлээ. Гадна үзэмж, дизайны хувьд ч сэтгэл шингэсэн гоё ном болсон шүү. Ер нь бол Азидаа л дэлхийн шилдэг бүхэнг шилж сонгож, орчуулж тайзан дээр тоглуулжээ гэж өөрийн эрхгүй бодогдсон. Юмыг бөөгнүүлээд харахад юу хийсэн, юу хийх нь тод харагддаг аж. Пүрэвдагвын орчуулсан жүжиг гэхэд найм орсон байна лээ.
Найз нөхөд нь түүнийг “Нууц ноёнтон” хэмээнэ. Тоглоом шоглоомын үг гэж би боддоггүй. Магтаж байгаа, үнэлж цэгнэж байгаа царай нь. Давхар санаа ч гэх юм уу даа. Хүүхдийн нэрт зохиолч С.Надмид агсан тээр жил Пүрэвдагвыг “нууц ноёнтон” гэж хэлсэн санагдана. Манайд ч одоо олон нийт нэг их танихгүй гэхдээ тухайн чиглэлийн нөлөөтэй хүнийг ингэж хэлэх нь шинэ цагийн маань нэгэн шинэ хэлц үг болж дээ. 
Улс орон минь өдрөөс өдөрт өөр болсоор байна. Улаанбаатар хот минь өргөөшөө ч өндөрөөшөө ч тэлсээр. Энэ их бүгчимдүүхэн, бөглөөтэйхэн хотын маань зөрөлдөн зорчих хүмүүсийн дунд хэнд ч үл ажиглагдан, хийх бүтээхээ чимээгүйхэн хийж яваа эгэлхэн хүмүүс ямар олон бэ. Энэ цагт ч ийм хүмүүсийн тухай бичихсэн гэж бодовч сонгуулийн сурталчилгаа мэт санагдах вий гэж бодогдох нь бий. Хотын минь үй олны хөл хөдөлгөөн дунд “нууц ноёнтон” маань алхаж яваа. Юмыг яаж мэдэхэв, яг одоохондоо “Эпос”-ийн тухай яриа өдвөл сонин яриа ундарч мэднэ шүү...
Н.Пүрэвдагва бол бичээч овогтон 
Ер нь “Болжморыг болжмор” гэнэ
Бүргэдийг бүргэд л гэнэ гэдэг ойлголт бол энгүүнээр хэлсэн болохоос биш нэрийн тухай маш чухал философи ойлголт гэж боддог. Тэрээр орчуулагч, багш, зохиолч, соён гэгээрүүлэгч хүн юм. Номоороо, орчуулгаараа, жүжгээрээ одоо ч гэсэн үндсэн мэргэжил болох багшийн ажлаа хийсээр л явна. Түүний тухай сэтгэл доторх, дээвэр дээрх “Карлсон” минь үүнийг бич хэмээсэн бөлгөө.
Пүрэвдагвын тухай бичиж суухад яагаад ч юм “Бурхан төрсөн нутагтаа хүндгүй” гэсэн онч мэргэн үг санаанд орж билээ.
Учир юун билээ...
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.