НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Сэтгүүлч хүнд төрийн ЖОЛООГ бүү АТГУУЛ

Б.Ганчимэг     Нийтлэгч
10 сарын өмнө /2017-01-27 14:03:20 GMT +8 / | 75085 удаа уншсан

 

Миний шинэ зочин сэтгүүлч Л.Мөнхбаясгалан. Тэрбээр саяхан фэйсбүүк хуудсандаа “Шилдэг мундаг болохгүй, албан тушаалд томилогдохгүй, шоронд орчихгүй сэтгүүлчээр ажиллана гэдэг алаан байхгүй юу” хэмээн бичиж цахим орчинг шуугиулаад амжсан. Ер нь л шуугиулж явдаг товарищ. Гэхдээ энэ удаа бидний ярилцлага өдөр тутмын сонин, хамтдаа буцалж явсан нөхөд, сэтгүүл зүй, хүний ёс, хувь тавилан гээд арай дотно сэдвээр өрнөлөө. Таны өмнө нь олж хараагүй Баясаа ч юм бил үү, саатан уншаарай.


-Таныг “Улстөрийн тойм” сониныг нээж байхад ярилцсанаас хойш хоёр дахиа ярилцаж байгаа юм байна. Бид нэгэн цагт “Өдрийн сонин”-д ажиллаж, өдөр тутмын сонины гал тогоонд буцалж явсан хамтрагчид. Сүүлийн нэг жилийн хугацаанд танд багагүй дайралтууд ирэх шиг боллоо. Бүр 10-15 жилийн хорих ялтай эрүүгийн хэрэг үүсгээд бас хэрэгсэхгүй болгов уу даа. Энэ дуулианаас улбаатайгаар өөрийг тань ярилцлагандаа урьсан юм. 
-Өө, юм юм л боллоо. (инээв)
-Ярилцлагаа хамгийн сүүлд хамт явсан сурвалжлагынхаа дурсамжаас эхлэе. Бас л нэг иймэрхүү бүүдгэр өдөр байж билээ?
-Саналгүй яахав. Юуны өмнө яг одоо ажиллаж байгаа сэтгүүлчид дотроос таны ярилцлаганд хоёр дахь удаагаа орж байгаагаараа би азтай хүн. Сэтгүүлзүйд хөл тавихаасаа өмнө л таныг уншдаг байсан. Тэгээд хамт ажиллах хувь тохиож, нэг албанд зүтгэж, хамтдаа сурвалжлаганд хүртэл явж байв. Тэгэхэд хоёулаа Есүхэй, Сүбээдэй, Цагаадай гээд баахан Чингис хааны хамаатнуудын нэртэй нөхдийн араас яваагүй юу. Гэртээ ажиллаж байсан туслах малчин хүүхнийхээ долоон настай хүүг хөнөөгөөд нуучихсан байсан хэрэг шүү дээ.  Хоёулаа нэг дэндгэр машинтай, дээр нь би шинэхэн жолооч. Өндөр хясаан дээгүүр явахдаа орилоод л... Уулгамч гэж жигтэйхэн. (инээв) Эргээд санахад сайхан байна шүү. 
-Сэтгүүлчийн амьдрал дандаа л цагдаа тагнуулынхантай тулгарч, байнгын хүнд байдалд орж байдаг ч юм бас биш. Дэндүү гоё, мэргэжлийн кайф авах үе олон. Тэр утгаараа энэ түүхийг сөхөж дурссан юм. 
-Тийм шүү. Хоёулаа гэрийн эздийг нь байхгүйд илүү гэр рүү нь орж, барааг нь ухаж, цустай хувцас олоод зургийг нь гялс авчихаж билээ. Тэр үед аппарат техник ч гэж юу байлаа. Том хар диктафонтой, савангийн хайрцаг шиг жижигхэн аппараттай. Тэр үед диктафон гэдэг юм ярилцлага хийдэг танд л байсан байх шүү, бараг. Одоо бол ганцхан гар утсаараа бүхнийг хийчихдэг болж. 
-Хэрвээ хэн нэг нь айсан, эсвэл угаасаа аймхай байсан бол бүтэхгүй ажил. Тэр сурвалжлаган дээр бид нэг нэгнийхээ нервийг нөхөж ажилласан гэж би боддог. Ярилцлага өгсөн эмэгтэй зурагаа авахуулахгүй гээд л... Гэтэл гэнэт чи Ганаа эгч, цонхоо онгойлго. Би сигналдая. Цочсон хүн  автоматаар эргэж харна. Тэгэнгүүт нь та дар гэж байж бид сурвалжлагандаа хүний зурагтай болж билээ. Буцах замдаа хоёулаа цуглуулсан юмандаа баярлаад л. Гэхдээ эргээд харахад одоо тэр ажлаас дутуу хийсэн юм юу санагддаг вэ?
-Сурвалжлага бол сэтгүүлзүйн хамгийн хүнд төрөл. Ярилцлага, дүрслэл, эргэцүүлэл бүр мэдээний элемент ч ордог. Энэ утгаараа маш гоё төрөл. Жинхэнэ ур чадвар шаарддаг л даа. Тэр өглөө хоёулаа цүнхээ савчуулаад л, бусдаасаа хаачих гэж байгаагаа, юу олсноо нуугаад л  чухал царайлаад гараад явсан шүү дээ, санаж байна уу... 
-Хүнд хэлэхгүй ээ, бас.
-Хэлэхгүй. Бусдаас  урьтаад  хийчих  санаатай. Айлдаа оччихоод буцах замдаа өнөө хүүхэд алсан хэрэгт оролцсон залуу морьтойгоо явж таараад, зам хаагаад өмнө хөндлөн зогсчихсон. Хоёулаа хаалгаа түгжчихээд гаднаас татаад онгойхгүй шүү гээд цонхоо бас хаачихсан гэж байгаа. Тэгж байснаа цонхоо жаахан буулгаад яриад л... (инээв) Тэр сурвалжлагыг бичихэд ёстой зовоогүй. Урсаад л явчихаж билээ. 
-Тийм шүү. Эхэлж бичиж талд нь оруулчихаад, одоо чи дуусгана шүү гээд л...
-Та эхлэл хэсгийг нь бичиж байснаа, за Баясаа энийг үргэлжлүүл гэхээр чинь би, Ганаа эгчийн сурвалжлагыг самраад хаячих вий гэж айгаад л.
-Аль хэсгийг нь хэн бичсэнийг уншигчид ялгаагүй. Би гайхдаг шүү. Уг нь чиний бичлэг минийхээс илүү хурц байхгүй юу.  Гэтэл сэтгүүлзүйн хувьд хөрвөх чадвар, хүний сэтгэл рүү урсаж орох, зөөлөн байх чанарыг чинь тэгэхэд л анх мэдэрсэн.  
-Олон жилийн дараа магтаал сонсож байна шүү. (инээв)
-“Өдрийн сонин”-оос холдсоноос хойш мэргэжлийн тухай халуун яриа өрнөх нь их л багассан байна. Өглөөний яриа, нөгөө аймаар өрсөлдөөн. Тэр үеийг санахаар аймаар. Ээ, бурхан минь гэж хааяа боддог юм.
-Тийм ш дээ. Өглөө сониноо шүүрч аваад Ганаа эгчийн нийтлэлийг гялс уншаад, талийгаач  Ш.Цэрэнпил, Ж.Гангаа ах, Г.Дашрэнцэн ахынхыг уншина. Тэгээд л өглөөний хурал дээр уншсанаа яриад л. Санал бодлоо хэлж, алдаа оноогоо хэлэлцэж, бие биенийгээ хөглөнө. Урмын үгэнд нь хөөрч догдолно, хатуу үгэнд нь навсайтлаа гутарна. Ер нь өдөр тутмын сонины амьдрал аатай л даа. Гол нийтлэлийг анхааралтай уншчихаад маргааш би Ганаа эгчийн энэнээс илүү гоё юм бичихсэн, миний материал нэгдүгээр нүүрнээс даваасай гэж бодохоос нойр хүрдэггүй. Нэгдүгээр нүүрнээс бичлэг маань даваагүй бол өө, би муу биччихсэн юм байна гэж санааширч, сэтгэлээр унадаг л байсан даа. Бид нэг л тийм буцалсан, даргисан, шаагисан амьдралтай байжээ.  
-Хэдэн сарын өмнө сэтгүүлч Ж.Тэгшжаргалтай ярилцаж байтал  нулимс цийлэгнээд л ирсэн. Өнөө буцалсан юмаа санаад байдаг юм байна л даа. Телевиз бол өөр. Телевиз рүү хөрвөхөд сониноо санагалзах юм уу. Илүү өм цөм нэг юм дутаад байгаа юм шиг, ханамж авч чадахгүй ч юм шиг тийм  юм юу байна вэ?
-Сониноо бол алхам тутамдаа санана. Телевиз рүү урваад дөрвөн   жил болчихлоо. Одоо хүртэл сониноо санадаг. Өглөөний шуурхай, гал дүрэлзсэн  шүүмжлэл, урам өгдөг чихэр шиг үг, ахиад алдахгүй болтол банга хүртдэг хатуу үг телевизэд бага. Эхлээд би энэ бүхэнд дасахгүй, ганцаардах шиг санагддаг байлаа. Одоо бол дасчээ.  Сониныхонд байдаг хавтастай ном шиг луугарууд телевизэд байхгүй юм шиг. Одоо телевизүүдэд бараг хамгийн ахмад нь мань мэт нь л болж дээ. Өмнөх мундагууд нь  бүгдээрээ гараад явчихсан. Нэг тийм даргисан халуун уур амьсгал байхгүй.  Бурхан минь, би чинь буцалсан шаагисан ур чадварын өрсөлдөөн дунд амьдралынхаа 17 жилийг өнгөрүүлсэн хүн шүү дээ. Үгүйлдэг л юм, үүнийгээ.  Бас нэг зүйлийг хэлэхэд телевизийн нэвтрүүлгүүдэд судалгаа орхигдоод байх шиг санагддаг.    
-Гэхдээ л их нүсэр хөдөлмөр. Бүхэл бүтэн багийн хөдөлмөр нэг нэвтрүүлгийг босгодог гээд бодохоор.
-Тэгэлгүй яахав. Сонинд бол ганцаараа гүйж яваад л ажлаа хийчихнэ. Зөвхөн өөрөөс л бүх юм шалтгаална. Харин телевиз бол тэс өөр. Заавал багаар ажиллана. Бас  тэгээд техникийн хараат. Багаа зөв зангидаж нэг сэтгэлтэй болгохгүй бол нэвтрүүлгийн чанар унана. Тухайлбал, зураглаачдаа ямар нэвтрүүлэг хийх гэж байгаа, юуг анхаарч, хаана нь юу шигтгэх гэж байгаагаа ойлгуулахгүй бол ямар ч ач холбогдолгүй зураг авчихна. Нэг үйл явдал дээр зураг авах агшин ганц л олдоно. “Өө, энэ л зургийг авах байсан юм, дахиад очьё” гээд буцаж яваад тэр үйл явдлыг эргүүлэн босгож ирж чадахгүй. Боломж ердөө ганц л тохионо. Тэр ганц боломж дээр юу хүссэнээ дүрсээр авч чадаагүй бол хохь чинь. Ийм хатуу. Хөтлөгч нэг зүйлийг мэдэрнэ. Зураглаач бас өөрийг мэдэрнэ. Тэр бүү хэл хажуугаас хараад зогсож байгаа хүн бүүр өөрийг мэдэрнэ.  Тэр мэдрэмжүүдийг  зангидаж  нэг хэлээр нийгэмд гаргана гэдэг телевизийн урлаг. Хэрэв энэ урлагийг эзэмшиж чадаагүй бол телевизийн хаалгаар бүү ор. Гэхдээ аз таараад  босгыг нь давж чадсан бол тэр урлагийг эзэмшсэн хэн нэгэнд үг дуугүй захирагд. Тэгж байж бүтээл гарна. Чадвар дутуу бол чадвартай нэгнийхээ команданд цэрэг шиг явж зэрэг хөдөл. Ингэж чадаж гэмээнэ дутуугаа нөхөн нэгэн сайн баг болж, сайн уран бүтээлийг үзэгчдэд хүргэнэ. Ийм л бичигдээгүй дүрэмтэй. 
-Тийм шүү, энэ хатуу дүрмийг хэд нь давж чадах юм бол доо... Эрх чөлөө, дур зорго л шаардах нь энэ цагийн нийтлэг өнгө шүү дээ?     
-Эрх чөлөө юү. Сэтгүүлчээр ажиллаж байгаа бүх л сурвалжлагчид хэвлэлийн эрх чөлөөг мөрөөддөг. Гэхдээ хэвлэн нийтлэх эрх чөлөө тийм ч хүсэхээр юм биш санагдсан. Үүнийг би  өөрийнхөө л амьдралд тохиолдсон адал явдлаар тайлбарлахыг хичээе. Энд онол хамаагүй шүү. “Өдрийн сонин”-д ажиллаж байхад миний бичсэн нийтлэл сурвалжлагыг албаны дарга та эхлээд уншиж засна. Дараа нь дугаар удирдагч уншина. Тэгээд  хариуцлагатай нарийн бичгийн дарга засна. Тэр мундаг хүмүүс засаад алдааг маань хашаад явдаг байж.  Тэр үед “Би ингэж хэлэх байсан юм. Гэтэл дарга засчихлаа. Тэр хэсгийг нь хасчихлаа” гээд л эрх чөлөө мөрөөддөг байв. “Өдрийн сонин”-оос гараад  өөрөө хувийн сонин байгууллаа. Хэн ч миний бичсэнийг засаж хашихаа болив. Мөрөөдөж байсан эрх чөлөө...Гэвч удалгүй өнөөх хязгааргүй их  эрх чөлөө чинь дарамт болох нь мэдрэгдсэн. Би алдаа хийх эрхтэй болсон байсан. Гэхдээ алдаа хийхийг хэн хүсэх билээ. Бичсэн зүйлээ нэг даргаар уншуулчих юмсан. Ганаа эгчид нэг харуулчих юмсан гэтэл байхгүй. Алдаа руугаа өөрөө  цүлхийтэл үсрээд ороход бэлэн. Энэ бол аймаар... Телевизийн шууд нэвтрүүлэг бүр хатуу. Миний алдааг хэн ч хянахгүй. Шууд үзэгчдэд хүрнэ. Олны өмнө ширээн дээр ил гаргаад тавьчихсан "закуск" шиг. Залуу байхдаа энэ бүхнийг эрх чөлөө л гэж бодож явж. Үгүй юм билээ. Алдаа хийх боломжийг маань хаадаг, амжилт гаргах боломжийг маань нээж өгдөг туршлагатай дарга нарын том түшиг нөлөө надад байсаныг би өөрөө байхгүй болгосон байсан. Гээд яалтай билээ. Урьд сайн сэтгүүлчид намайг уул мэт ханхайн нөмөр нөөлөгтөө байлгадаг байсан бол одоо өөрөө уул болж салхи шуургыг хаах хэрэгтэй болсон. Өөрийнхөө сонгосон алдаа дүүрэн замаар дэнжигнэн алхах ёстой байв.  Тэр алдаанууд дотроо алдаж гишгээд л, онож алхаад л явж байгаа хэрэг. Хязгааргүй эрх чөлөө өөрөө хязгааргүй алдаа, хязгааргүй хариуцлагыг дагуулж ирдэг. Энэ хүсэх юм биш.  
 

Монголын улстөрчдөөс надад мөнгө амлачих сачийтай аавын хүү байхгүй

-Одоо ч хүнтэй ярилцлага хийсний төлөө цагдаад байцаагддаг болчихлоо л доо. Би ч бас ярилцлагын төрлөөр шүүхэд оччихсон л байж байгаа. “Цензургүй яриа” бол телевизийн нэлээн өндөр рейтингтэй контент. Тэрний дараа “Цензургүй сурвалжлага” хийлээ. Энэн дээр л ачаа үүрэх, цагтай уралдах, бензин түлш, багийн хамт олон орж ирнэ. За, тэгээд дараа нь гэрэл монтаж, өрөлтүүд, баримт баталгаажуулалт гээд бөөн ажил шүү дээ. Камерын өмнө хүн баримтаа май гээд гаргаад өгчихдөггүй. Хэн ч шүү. Камер дээр тултал далд ажиллагаа, баримт салгах ухуулга хийнэ. Энэ бүхэн хэр их цаг авдаг юм байна?
-“Цензургүй яриа” гайгүй контент  болчихлоо гэж та хэлж байна. Тийм ч биз, үгүй ч биз. Хэрэв сайн контент болсон бол сониноор дамжсаны гавьяа. Тэрнээс биш өчнөөн сайхан ток шоунууд байна. Олон жил гараад хэдийнэ үзэгчдийг байлдан дагуулсан нэвтрүүлгүүдтэй өрсөлдөнө гэдэг  харанхуй шөнө зүү хайгаад явахтай адил байсан. Гэвч би сониноор дамжсан, тэд дамжаагүй. Ялгаа энэнд л байгаа. Сонины сэтгүүлч өөр. Бид чинь өнцгөө олно, гарчгаа бодно, эхлэл төгсгөл, өрнөл бүхнээ эхлээд бодно. Хийчихээд бодох биш хийхээсээ өмнө бодно. Архиваа ухна. Туршлагатай хүмүүсээс асууж тодруулна. Ёстой л нөгөө барилдахаасаа таахалзах нь гэдэг шиг юм болж байж арайхийж нэг нэвтрүүлгийн ард гарна. Нэг нэвтрүүлгийн 80 хувь нь судалгаа. 70-80 асуулт бэлдэж байж 10 гаруйхныг нь асууж амжина даа. Энэ бол “Цензургүй яриа”. Харин эрэн сурвалжлах чиглэлээр бэлтгэгддэг “Цензургүй сурвалжлага” бол бүүр хэцүү. Таны хэлсэнээр хэн ч баримтаа май гээд гаргаад өгөхгүй. Гэхдээ 20 жил ажиллах хугацаандаа бий болгосон эх сурвалжийн сүлжээ бий. Энэ сүлжээ үгүй бол би өнөөдөр хэн ч биш. Сэтгүүлч хүний мэргэжлийн нэр төр, карьер, амьдралын баталгаа, үнэ цэн бол эх сурвалж. Эх сурвалж ямар хүнд бий болох вэ. Хүний итгэлийг алдаггүй, нууцыг чандлан хадгалж чадсан сэтгүүлч л эх сурвалжтай  болно. Энэ эх сурвалж мэргэжлийн үнэ цэн бол алтан гэрэгэ л гэсэн үг. Алтан гэрэгэтэй хүнд баримт олдохгүй байна гэж үгүй. Энэ бол давуу тал. Танд энэ алтан гэрэгэ бол хэд хэдээрээ бий шүү дээ.    
-Хүмүүс энэ хоёр сонины угшилтай болохоор сониноо илүү магтаад байна гэх вий дээ.
-Үнэн юмыг нууж яах юм бэ. Та бид хоёрын давуу тал сонины сэтгүүлч байсан нь. Сонинд ямар дүрс өгөх биш. Бүхнийг нүдэнд харагдаж, гарт баригдсан мэт  бичих ёстой. Таны “Туул тунин тунисаар ирэв”, “Аав бид хоёр”, “Ээж бид хоёр”, “Талын цагаан суурин” гээд нийтлэлүүд байна. Яг л кино шиг. Нийтлэл атлаа кино шиг. Харин телевизийн нэвтрүүлгийг дүрсээр зоддог гэсэн ойлголт бий. Зодно. Гэхдээ дүрсээ бүгдийг нь чихчихэж болохгүй нь гаслантай. Жишээ нь Ирвэс хамгаалагч залуугийн амь үрэгдсэн нууцын мөрөөр нэвтрүүлэг бэлтгэж явахдаа  нийт 4000 км хөр цасан дундуур явсан. 1000 гаруй км давхиад Тосон Бумбын нуруунд очиж байгаа юм. Арван хэдэн цагийн бичлэгийг өвлийн хүйтэнд гадаа чичирч дааран байж хийнэ. Камер цантана, жаахан дулаацуулна. Дахиад гарна. Зураглаачийн маань гар даарна. Би өөрөө даарна. Ингэж явж явчихаад нэг удаагийн нэвтрүүлэгт таван минутын дүрс л орвол их юм. Тосон Бумбын нуруунд өвдгөөр татсан цастай, машин суугаад явдаггүй. Дөрвөн км газар бүх камераа үүрч явган явчихаад, буцаад дөрвөн км газар алхаж ирсэн. Тэр үед сониноо үнэхээр их санасан. Хэрвээ сонины сэтгүүлч байсан бол бодит байдлыг зураглаж, базаж бичих байсан юм. Харин телевизэд болохгүй. Ямар өөрөө бид тэгсэн ингэсэн гээд яриад суултай нь биш. Арван хэдэн цагийн бичлэгээс хоёр нэвтрүүлэгт 20 минутын дүрс л ашигласан. Зөвхөн Тосон Бумбын нуруу. Хөвсгөл далайн хүйтэн жаварт ажилласан хорин хэдэн цагийн ажлаас 20 минутын бичлэг л ашиглагддаг гэхээр хайран байгаа биз. 
-Үзэгчид иж бүрэн юм хүсдэг. Сүүлийн үед сэтгүүлзүйн салбар мэргэжлийн бус хүмүүсийн дутуу хагас мэдэрсэн, хатуу ширүүн шүүмжлэлд өртөөд л явж байна. Би “Цензургүй сурвалжлага”-ын тэр байгаль хамгаалагч залуугийн тухай сурвалжлагыг үзээд сэтгэл судлаачийн шинжилсэн яриа  дутчихаж гэж харсан.
-Үнэн, сэтгэл судлаачийн яриа дутсан.
-Сэтгүүлч бид маш том өмөөрөл тээж явдаг хүмүүс. Яагаад тэр өмөөрөл хүмүүст харагдахгүй байна вэ. Өмөөрч өмөлзсөн сэтгэлийнхээ дуудлагаар явлаа гээд чи нэр төрийн ямар ашиг олсон юм бэ?
-Нэр төрийн ямар ч ашиггүй. Та ч гэсэн салбараасаа нэр төрийн ашиг олсон юм уу. Зүгээр л мэргэжлийн кайф авдаг. Хийе гэснээ санаандаа тултал хийчихээд олонд чичлүүлж, доромжлуулж бас эсрэгээрээ магтуулж бахархуулж  явах чинь  кайф байхгүй юу. Их ажлын дараах сэтгэл ханамж. Ирээдүй цагт үлдэх хүн энэ цагийнхантай үзэлцээд яана гэдэг агуу үг бий. Миний нэвтрүүлэг он цагийн шалгуур дааж үлдэнэ. Харин өнөөдрийн доромжилж, гутааж байгаа хүмүүс тэр үед хумхийн тоос болсон байна. Хэн тэднийг дурсах вэ. Харин нэвтрүүлгийг маань ирээдүй цагийн сэтгүүлчид, судлаачид магадгүй киноны уран бүтээлчид тосч авна. Ялгаа нь энэ. Таны ч бас олон жилийн өмнө бичсэн нийтлэлүүд он цагийн шалгуураар одоо  ч уншигдсаар байгаа. Гэтэл Ганчимэгийг доромжлогчдыг хэн санах билээ. Ингээд бодохоор сэтгүүл зүй  шударга шалгууртай. Хүний зовлонг зүрхэн дотуураа урсгаж, уйлахдаа уйлж, элэг зүрхээ эмтэлж, сэтгэлээ чилээж хийсэн бүхэн ирээдүй цагт өмөөрөл, цагаатгал хоёроо хамтад нь тээж ирнэ. Итгэ. Хүлээ. Тэр болтол тэвч.    
-Эмгэнэлтэй явдал, хүний зовлонтой хувь заяаны араас явж хохирогчдын зовлонг хуваалцах хэцүү. Зовлон нимгэрнэ гэж байдаггүй. Явах тусам хүндрээд байдаг. Гэсэн ч сэтгүүлчид хуваалцдаг. Мэргэжлийн хүний хувьд бид хоёрын хөндөх ёстой нэг өнцөг энд бий. Эхний нэвтрүүлэг, нийтлэл гарлаа. Дараа нь яахав дээ. Олон баримт гарч ирнэ. Зохиомол эсвэл иш үндэсгүй ч байж болно. Ер нь алга болсон хүн дээр юу ч зурж болно. Жаахан сэтгэцийн асуудалтай ч гэж байх шиг. Гэхдээ хүний дурсгалыг хүндэтгээд товчхон яръя. Чи ч гэсэн хангалттай нервтсэн. Талийгаач Лхагвасүмбэрэлийн үлдээсэн бичлэгийг шинжээчид араас нь янз бүрээр л тайлбарлаж байна. 
-Тэгж байгаа.
-Хутгалуулаад уруу газар гүйгээд байхад амьсгааны хуваарилалт, бичлэгийн үеийн шум энэ бүхэн дээр жаахан асуудал байна гэж хараад байгаа. Криминалистикаар шинжүүлчих байж уу. Гэхдээ хийсний ар дээр тэгчих байсан юм, ингэчихгүй гэх аяг аашинд би бас дуртай биш л дээ?
-Илүү л хийгүй ажил хүсээд, санаа тавьж, элдвийг бодож эргэцүүлж байгааг тань би мэдэж байна. 
-Цагдаагийнхан бүхэл бүтэн гар утас  олохгүй байна гэж байх уу. Нөгөөтэйгүүр талийгаач хатуу тэмцэгч. Зүгээр ч үгүй хүмүүсийн их том ашиг сонирхлыг хаасан тэмцэл хийж байсан юм билээ.  Аав нь ч бас хэцүү хүмүүстэй хонзон санахаар харилцаатай байсан гээд өш хонзонгийн юм байх магадлал өндөртэй. Өмнө нь тийм харилцаатай байсан нэг хүн яг хүүгийнх нь өнгөрсөн газар бас нас барсан байх юм. Мэдээж миний яриад байгаа  баримтууд өөрт чинь ирсэн л байх. Ингэхэд сурвалжлагынхаа гурав дахь дугаарыг нь хийх үү. Мэдээж зогсох эрх нь биднийх?
-Тэр ч тийм шүү. Бичлэгийн тухайд  нэвтрүүлэгт  ашиглахдаа  шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Сэтгүүлчид олсон баримтаа л гаргах ёстой. Гэхдээ тэр бичлэг яг хутгалуулчихаад гүйж явах үеийн бичлэг биш шүү дээ.  Надад задлаагүй баримтууд үнэхээр их үлдсэн. Хайран... Сэтгүүлч хүний баримт хайх шуналдаа хөтлөгдөж цуглуулсан материалын маань 60 хувь нь үлдсэн. Телевиз чинь хугацаатай, цагт баригдана. Бүгдийг нь гаргахаар үзэгчид уйдна, залхана. Нэвтрүүлэг гэдэг чинь  хэмжээ хязгаартай  шүү дээ. Гэхдээ би тэр сурвалжлагыг хийсэндээ өөртөө үнэхээр сэтгэл ханасан. Яг л эрэн сурвалжлах сэтгүүлзүйн жанраар хийсэн. Чадсан. Үнэнээ хэлчих үү, нэвтрүүлэг гарсны дараа телевизийн сэтгүүлчид маань утасдаж баяр хүргэнэ дээ гэж бас их хүлээсэн шүү... (хэхэ )
-Наадах чинь сонинд л байдаг уур амьсгал юм биш үү?
-Тийм юм билээ. Би тэсээгүй ээ. Хэрвээ энэ материал сонин дээр гарсан бол манай сонинынхон надад гайхамшигтай гоё баяр хүргэх байсан гээд хэлчихсэн. Гэхдээ хийсэн ажлын маань үр дүн гарсан. Талийгаач залуугийн амь насыг золин, Гурван тэсийнхэн Тост, Тосон Бумбын нурууг авраач гэж гурван жилийн турш УИХ руу 3800 хүсэлт илгээхэд хайхраагүй атлаа нэвтрүүлэг гарсны дараахан Тост, Тосон Бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтанд авлаа. Үр дүн биш гэх үү. Гэхдээ талийгаачийг ямар өнгийн машин дагаж яаж явж байсан, мөн комьпютерт нь үлдсэн эргэлзээтэй бичлэгүүд надад байгаа ч одоохондоо гурав дахь нэвтрүүлгээ хийе гэж бодохгүй байна. Цаг хугацаа хэрэгтэй. Жаахан харзная. Би ямар дөнгөж төгссөн сэтгүүлч биш юундаа яарах вэ. Баримтандаа хөтлөгддөг, нийгмийн цуурайг дагаж хөөрдөг нялхасын өвчнөөсөө аль хэдийнэ салчихсан хүн шүү дээ. “Ми-8”-ыг осолдсоноос жилийн дараа “Ми-8”-ын ослыг нэхэн сурвалжлахад” гээд бичиж л байлаа. Цаг хугацаа оройтдоггүй. Таван жилийн дараа ч хийж болно. Бид нар бүх юмаа нэг дор гаргаад нэг сэдвээр улиглаад хамгаа гүвээд хаячихдаг хүмүүс биш.  Чадах ч үгүй биз.
-Бүхэл бүтэн 20 жилийн юм яривал их л дээ. Эргээд харах нь ээ, улс төрд их олон дайсантай болж. Нэг хэсэг улстөрчид өөртэй чинь холбоотой таагүй мэдээллийг хачин сайхан тарааж байлаа,  сошил ертөнцөд. “Машин” яг номоороо ажиллаад эхэлчихлээ гэж бодож л байлаа...
-Сэтгүүлч хүн ямар ч юманд бэлэн байх хэрэгтэй. Та тухайлбал сониныхоо бүх нүүрэнд өөрийнхөө тухай бичвэл бичнэ ш дээ. Таны эрх. Гэвч тэгдэггүй. Тэгж болохгүй гэсэн дүрэм байхгүй. Гэхдээ бидний мэргэжлийн соёл, ёс зүй үүнийг зөвшөөрдөггүй. Яг тийм амьдралаар ёс зүйгээр би өнөөдрийг хүртэл явсан. Өнгөрсөн жил надад 10-15 жилийн ялтай зохиомол эрүүгийн хэрэгт холбож шалгаж хилийн хориг тавьж хэрдээ л намайг “зовоов”. Түүнээс өмнө миний бэлтгэсэн хоёр гурван нэвтрүүлгийг телевизүүдээр гаргахыг хориглосон. Хөдөөний телевизүүд гаргая гэж аваад цаг төлөвлөнгүүт Засаг дарга нь болиулчихаж байх жишээтэй. Хаанаас хэний нударга ирж байгааг, тэр хүн юу хүсч байгааг  надад бүтэн таван сарын турш маш сайн ойлгуулсан. Би маш сайн ойлгосон. Хязгааргүй шуналаа, увайгүй, дээрэнгүй үзэл бодлоо хангалттай тулгасан. Би тэвчээртэй сонссон. Хариу болгож тэр нөхөрт нэг ч үг хэлж амжаагүй явна. Харин одоо танай сониноор дамжуулаад нэг үг хэлье.  Тэр хүн олон жилийн өмнө надтай уулзахдаа ингэж хэлсэн юм. Өөрөө санах байх. “Энэ олон даган баясагчид, тойрон эргэлдэж байгаа найз нөхөд бүгд мөнх биш. Ихэнхи нь худлаа. Харин үхсэн хойно оршуулган дээр минь ганц цэцэг бариад ирэх хүн л одоо хэрэгтэй” гэж. Энэ үгийг  түүнд  эргүүлж хэлмээр санагдаад удаж байна.  Миний хэлэх үг бол “Тиймээ, эргэн тойрон эргэлдэж байгаа тойрон хүрээлэгчид, найз нөхөд гэх хүмүүс бүгд худлаа. Тэд мөнх биш. Харин оршуулган дээр чинь шавсан олон дүр эсгэгчдээс бүүр хойно мартагдаж балрахын цагт булшин дээр чинь цэцэг бариад чин үнэнээсээ ирэх хүн хэд үлдсэн бол...” гэж. 
-Эрүүгийн хэрэг үүсгэгдээд улс даяар зарлуулчихаад сууж байхад чинь олон хүний үнэн нүүр царай эрхгүй харагдсан байх л даа?    
-Яг. Хувь тавилан сайхан харуулаад өгсөн шүү. Ялангуяа манай хэвлэлийн зарим хүн ямар аймхай, яасан богино бодолтой, арьсаа хамгаалсан өчүүхэн болох нь харагдсан. Бас зарим нь ямар агуу сэтгэлтэй, уужуухан ухаалаг юм гэж бодогдсон. Надад хэцүү цаг үеүд байсан, байсан. Өглөө гарахдаа  пүүз, футболк, нэг дулаан цамц, солих оймс, шүдний оо сойз тэргүүтнээ  машиныхаа ард хийгээд явдаг байлаа. Хоригдчихож магадгүй гэж тэр шүү дээ. Ээжийгээ хоригдвол хүүхдүүдэд минь хүндээр нөлөөлнө гээд хүүхдүүдээ хол хөдөө явуулсан. Нөхөртөө яах ийх тухай захиад л.  Хоригдох л юм бол өлсгөлөн зарлах сэтгэл зүйн бэлтгэлтэй. Бүр үхэх бэлтгэлээ ч базаасан. Гэвч төд удалгүй би ажил хийх ямар ч боломжгүй болсон. Оффшорын тухай хийж байсан нэвтрүүлгийг маань гаргуулахгүй гэх бүлэглэл, гаргах сонирхолтой бүлэглэл, мөн өрсөлдөгчөө оффшорчин хэмээн гүтгүүлэх сонирхол бүхий хүмүүсийн дунд би үрэгдэхээ шахсан. Бас нөгөө талаас жирийн хүмүүс үзэгчид маань намайг гудамжинд явуулахгүй болж ирсэн. Хүмүүс намайг  хаа ч явсан уулзаж зогсоож намайг дэмжиж байгаагаа илэрхийлж, бүр замын хажуугаар явж байхад ч машиныхаа цонхоор  “Битгий сэтгэлээр унаарай, бууж өгч болохгүй шүү...” гэх зэргээр хашгирч дэмжих болсон. Энэ бүх сэтгэлийн дэмжлэгт нь би  хайлчих шахна. Бас хямарна. Энэ тэнд ресторанд хоол идэх гээд ороход хүрч ирээд дэмжинэ, гар барина, бүр тооцоог минь хийх гэж айлгана, такси барихаар үнэгүй хүргэж өгөх гэнэ, зах дээр бол бараагаа хямдруулж өгөх гээд, эсвэл өмөөрч байгаагаа хэлэх гээд шавчихна. Ингээд би гудамжаар явах нөхцөлгүй болж гэртээ гурван сар бүгсэн. Тэр саруудад миний найз нөхөд, хамтран зүтгэгчид бүгд хэн нь хэн гэдгээ харуулаад ялгараад өгсөн дөө. Одоо би энэ туулж барсан тэдгээр сарууддаа баярладаг. Их олон юмыг ойлгож, ухаарч, нөхдөө таньсан их бясалгалын сарууд. 
-Үүний дараа Мөнхбаясгалан өөрчлөгдсөн үү?  
-Мэдээж Мөнхбаясгалан шал өөр хүн болохгүй. Гэхдээ би амьдралын шалгуурт сайн чанагдаж бүрэн болсон доо. Ёстой нөгөө долоо буудууллаа гэдэг шиг. Амьдралын том сургууль дүүргэсэн. Хэр баргийн юманд гутаж гунихгүй, бас баярлаж хөөрөхгүй болж сэтгэлийн хий дарагдсан. Ямар ч өндөр албан тушаалтны хурц түрэмгий үг, зэвүүн харцны өмнө дальдрахгүй болсон. Хэлье гэснээ улам хатуу хэлдэг болсон.  Нэр төр, алдар гавьяа, дагаж хөөрөгсөд, дарамтлан гутаагчид бүгд хоосон, түр зуурынх гэдгийг мэдэж авсан. Энэ хорвоо диваажин биш зовлонгийн мөн чанартай гэдгийг гүнзгий мэдэрсэн. Тиймээс байгаадаа ханаж одоо амсаж буй аз жаргалдаа талархан амьдардаг болсон. Бурханаас юм гуйхаа больж харин түүнд талархаж сурсан. Аливаа зүйлийг долоо хэмжчихээд  огтлохгүй ч байж болдог гэдгийг ухаарсан.  Хамгийн сонирхолтой нь юу байсан гээч, Ганаа эгчээ... Та тэгж асуу л даа.... 
-Юу байсан бэ? 
-Надад үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон прокурорын тогтоол гарахад би баярлаж хөөрөхгүй байгаадаа гайхсан. Уг нь тийм цагийг мөрөөдөж хэрэг хэрэгсэхгүй болох үед найз нөхдөө цуглуулаад парти хийх юм  боддог байсан чинь сэтгэл хөдөлдөггүй. Юм дууслаа гэдэг мэдрэмж төрж өгөхгүй. Би дахиад л хийдэг ажлаа хийнэ. Тэр цагт хариу яг ингэж эргэж ирэх юм шиг. Туулж өнгөрүүлсэн энэ бүхэн төгсгөл биш эхлэл юм шиг. Тэр бүгдэд миний сэтгэлийн хөдөлгөөн зогсчихсон юм шиг... Би сүүлийн таван жил хэтэрхий эрх чөлөөтэй элин хальж явсаныхаа хариуг ингэж амссан. Эрх чөлөө үнэтэй. Тэр дундаа үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөө асар их үнэтэй. Тэр эрх чөлөөнийхөө үнийг би төлсөн. Дахиад цаашид ч төлж амьдрах байх. Одоо харин би таниас нэг зүйл асууя. Та бол алдартай сэтгүүлч. Тэгвэл алдар нэр гэж юу юм бэ? Алдар нэр танд аз жаргал авчирсан уу? 
-Гавьяа юм, гай зовлон юм гэж хэлж чадахгүй нь. Гэхдээ хүнд юмыг хүн өөрөө л туулдаг. Алдар нэртэй юм даа гээд хэн ч гүйж ирж тусалдаггүй. Нарийн ярих юм бол хүн зовлонгоо хүнд ярьдаггүй ш дээ. Үхэл амьдралын зааг дээр очиход, яг нүцгэн зүрхээрээ нөхөрлөсөн нөхөд, ах дүү амраг садан л хагалгааны өрөөний гадаа түгшээд зогсож байдаг. Алдартай сэтгүүлчийн тус дэмийг аваад явж байсан хүмүүс алга болчихдог. Манайд ч угаасаа хэзээ од хүн, од шиг амьдарч байлаа. Хий л үзэн ядаад байдаг. 
-Үнэхээр тийм.  
-Харин миний хувьд аз болж 90:60:90 байж илүү их хорсол төрүүлсэнгүй. Аюултай шүү, хөөрхөн хүүхэн байсан бол дуусаа. Ер нь бол эфирт хүссэн сонины сэтгүүлч бүр суудаггүй. Хамгийн наад зах нь хоолойны өнгө гологдоно. Инээмсэглэл, харц гээд нарийн стандарттай. Харин сүүлийн үед бүх юм хэтэрхий дураараа явчихлаа. Ажаад байхад энэ нийгэмд эмэгтэй хүнийг илүү барьж, илүү шүүж хэлэлцдэг болж. Манай эрчүүд чинь яасан ч том сэдэвтэй улс вэ дээ. Ганц сэдэв нь л хүүхнүүд байх юм. 
-Эрчүүд нь авлига аваад хор найруулаад завгүй. Хүүхнүүд нь ажлаа хийдэг. Алдар нэр асар их атаархал, хов жив, үзэн ядалтыг дагуулдаг. Олны танил болж байгаа юм байна гэдгээ  би одоо л мэдэрч эхэлж байна. Хүмүүс таньдаг болчихож. Гэхдээ энэ бол нэмэх оноо биш юм байна. 
-Жаргалтай байх шалтгаан биш л дээ. 
-Биш, жаргалтай байх шалтгаан ерөөсөө биш. Харин ч хасах оноо авчирч байгаа юм байна. Хасах оноо дагуулдаг цагаан лай юм.  
-Би нэг юм асууя. Олон жил сэтгүүлзүйн салбарт, байнгын дуулиан шуугиан дунд хутгалдаж ажиллахаар ард нь гэр бүл их ядардаг. Манай нөхөр, намайг эрүүл байвал л боллоо, одоо боливол яасан юм бэ гэдэг шаардлагыг тавьж байгаа. Чи харьцангуй залуу хүн. Гэр бүлдээ чамгүй олон дарамт авчирлаа даа. Өнгөрсөн жил аваар осолд орсон гэж сонссон. Эрсдэлээс яагаад айж сурдаггүй юм бэ, Баясаа.
-Та нарын л өвлүүлсэн өв шүү дээ.  Өөрсдөөсөө, “Өдрийн сонин”-ынхоос асуу. Эрсдэж унадаггүй сэтгүүлч бол хэн ч биш гэж сургасан биз дээ. Бас сэтгүүлчийн эрсдэл хохирол бүхэн хэнд ч хүртээлгүй гэж сургасан. Сэтгүүлч зовж, ар гэр нь хохирч, үхэж үрэгдэж  байсан ч хамаагүй, хэнд ч бүү нялзаа гэж бидний үеийнхэнд дээд үе минь сургасан. Эрсдэл болгоныг чи өөрөө үүр. Арчаагүй бол ар гэрийнхэнтэйгээ хамт үүр. Харин өөр хүмүүсийн зовлон жаргалын  төлөө ажилла гэсэн дүрмээр хүмүүжүүлсэн. Энэ гэхдээ их арчаагүй дүрэм юм билээ. Өөрийгөө эрүүгийн хэрэгт гүтгэгдчихээд байхад өөрийгөө өмөөрч хэвлэл мэдээллийнхнийг босгоод ирэх боломж байсан уу,  байсан. Гагцхүү нөгөө дүрэм маань үйлчлээд өөрийнхөө зовлонг өрөөлд нялзаахгүй гэж гүрийсээр энэ хүрсэн. Сураагүй юмыг хүн хийж чаддаггүй юм билээ. Үнэхээр хатуу. Гэр бүлээ бол хашрааж байна даа. Манай нөхөр надаас болж ажилгүй болсон, та мэднэ. Гэр бүлээрээ явж байтал гэнэт өмнөөс хурдтай машин гарч ирээд л мөргөсөн. Тэр болгоныг гадуур амтай болгонд яриад сенсацлаад явах ч хаашаа юм бэ. Та санаж байна уу, Б.Ганболд эрхлэгч, та нар шиг хүүхнүүдийн нөхөр байгаа Амгаа, Идрээ хоёр жинхэнэ эрчүүд шүү гэж нэг удаа та бид хоёрыг зэрэгцүүлж суулгаж байгаад загнаж билээ. Нээрээ л бид нарыг замнах замаар минь замнуулж өгөөд өөрсдөө ард нь үлддэг эрийн дээд эрчүүд юм байна лээ л дээ. 
-"С1" телевизэд контентоо нийлүүлдэг болсноос хойш өөрөө “эзэн”-тэй болсон. Таныг  Идрээгийн эхнэр биш Женкогийн эхнэр гэх нь холгүй л ярих юм. Ер нь бол илүү судалсан, мэдэж байгаагийн хувьд хамгаалахгүй байж боломгүй үйл явдал, баримт, хувь хүмүүс гэж байдаг. Угаасаа субьект рүү ойртож байж л хүн нэвтэрч ажиллана. Хэцүү л харагддаг юм.  Хийсэн ажил болгоныг чинь Женкогийн явуулга гээд байхаар.
-Одоо бараг нүүрээ угаалгүй, үсээ сэгсийлгээд явж байвал Женкогийн даалгавраар сэгсийгээд явж байна гэх байлгүй. Сэтгэхүйн өвчин. Олон хүн энэ өвчнөөр өвдөж. Тэдэнд зориулж эмнэлэг барих хэрэгтэй дээ. Шуудхан хэлчихэд, телевиз болгон эзэнтэй ш дээ. Би "ТВ-9"-тэй гэрээ байгуулсан бол Н.Энхбаярын явуулга гэх байсан байх. Өнөөдөр ямар ч эзэнгүй телевиз, сонин гэж  байхгүй. Би "С1"-д ирээд гурван жил болох гэж байна. Энэ хооронд  үнэхээр эрх чөлөөтэй ажилласан. Дуртай хүнээ урьдаг, дуртай юмаа асуудаг. Харамсалтай нь сонгуулийн үеэр улс төр хачин болоод "С1" өөрөө дарамтанд орж миний гурван ч нэвтрүүлгийг гаргаж чадаагүй. "С1"-ийн хаалгыг тас саваад хэвлэлийн эрх чөлөөг боолоо гээд гарах шиг амархан юм байгаагүй. Дараагийн телевизэд очоод дахиад л тэр зовлонг амсана. Тэгэхээр эндээ тэсч үлдээд давж гарч, өөрийнхөө зөв байсныг  нотлох хэрэгтэй.  
-Залуу байхдаа зочин болгонтойгоо явалдагч болчихдог байлаа. Хөгшрөөд эзэмшилд нь очдог болчихоод байна. С.Баяр дарга нэг удаа ярилцлагад орж байхдаа  улаан гүжрийн өмнөөс хэлэх үг олддоггүй юм аа гэж байсан нь сүүлийн үед санаанд ороод байдаг болчихлоо. Ингэхэд телевизийн ярилцлага сонины ярилцлага хоёрын ялгаа, авдаг кайфыг сонирхож асуумаар байна?
-Миний нэвтрүүлэг шууд явагддаг учраас тухайн мөчид тэр хүнээс гарах эмоци, бачимдах баярлах нь шууд явчихдаг нь миний хувьд кайф. Бичлэгийн нэвтрүүлэг кайфгүй. Тэрийгээ хасчихаарай, энийгээ таначихаарай гээд эхэлдэг. Нэг ёсондоо жүжиг тавьж байгаа байхгүй юу. Сонин бол арай өөр. Энд алдаатай асуучихсан юм байна гээд янзалчихаж болно. Эргээд өнөө хүн рүүгээ яриад би таниас дутуу асуучихаж гээд тодруулчихна. Ялгаа нь энэ. Кайфын хувьд би аль алинаас нь л кайф авдаг. Гэхдээ би сонинд ярилцлагаар амжилт олоогүй ш дээ.  Би ярилцлагаар амжилт олохгүй юм байна гээд хувь тавилантайгаа эвлэрээд явж байсан. 
-Ярилцлага гарахаар хүмүүст их л загнуулах байх даа. Энэ одоо, зочинтойгоо нялуураад гэх байх. Гэхдээ энэ бол бидний бие биендээ үзүүлж байгаа хүндэтгэл бас хайр юм.  Энийг хүмүүст яаж тайлбарлахаа би мэдэхгүй юм. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч учраас бид тал талаас нь шүршиж л байна. Гэхдээ хайрлах цагтаа хайрлаж явсан. Алтай ах, Сарангэрэл эгч байна. Бүгдийг нь хайрлаж ирсэн. Одоо манай Уянгаа мөн ч их гөвшүүлэх юм. Гэхдээ бид бусадтай нийлж бичдэггүй. Манай тогооны бичигдээгүй хууль юм даа. Яаж ч тайлбарламаар юм.
-Манай дээд, ахмад үеийнхэн биднийг бие биенээ хайрла гэж боловсруулсан юм шиг байна. Сэтгүүлчид бие биенээ  хайрладаг байх ёстой. Хэцүү болгоныг туулж бичдэг бидний зовлон ижил учраас бие биенээ хайрла гэж сургачихсан шиг байгаа юм. Би одоо нэг сэтгүүлч хоригдлоо гэвэл улаан галзуу орилоод давхиад ороод очдог хүн байхгүй юу. Бүр сурцтай.  Гэхдээ сүүлийн үеийнхэн өөр болж. Тэд хүйтэн, зуумтгай, алдахаасаа айдаг,  нэгнээ гал руу унахад араас нь орж гараас татаад гаргаад ирэх биш харин ухаалаг гар утсаа гаргаж ирээд сээлфи хийчихээд гал команд дуудах маягийн л болчихож дээ.
 

Энэ бүхэн эрх чөлөөтэй элин хальж явсны минь үнэ цэн

-Өмнөөс аятайхан байгаарай л гээд байх болсон байна билээ. Хөгжилтэй ч юм шиг.
-Өмнөөс хэрэлдэж ихэрхэх юу ч биш.  Би "2 дугаар суваг" телевизээ  ажиллуулж байхдаа нэг сонин юм үзсэн. Бид чинь хэдэн сараар ч хамаагүй дагалдан хийдэг байсан. Тэгсэн телевизэд маань нэг охин сар дадлага хийлээ. Ур чадварын хувьд тэр тэнцсэнгүй. Тэгсэн чинь шүүхэд өгчихөж байгаа юм. Заргалдаж гүйсээр байгаад буцаад ороод ирвэл яах вэ... Ур чадваргүй байж шүүхийн шийдвэрээр орж ирж байгаа сэтгүүлчийн оронцогийг тэгээд цалинжуулах нь ээ. Ж.Гангаа ах миний бичсэн юмыг шууд ураад шидчихдэг. Би мэлмэртэл уйлаад суухаар “Үхсэнээ хийж уйлдаг юм бэ, дахиад бич” гэдэг. Нусаа татаад л дахиад бичдэг байсан даа. Харин одоо бол шүүхэд өгдөг болж. Залуу сэтгүүлч нар бүр юүтүүб, гүүглийн орчинд л ажлаа хийж байна. Тэгээд болоогүй ээ, хүмүүсийг  сошиалаар доромжилно. Сэтгэгдэл бичнэ.  Гэнэн харанхуй, гэзэг ороосон, өнгөцхөн цочмог мэдэгдэл үе үе хийнэ. Үүнийгээ мөнхийн бүтээл туурвичихсан юм шиг бардамнана. “Оноё гэснээ оносон ганц шүлэг яахав ...Овооны ганц наадамд түрүүлсэн морины   дайтай” гэж Чойномын шүлэгт гардаг шиг ганц мэдээ бичсэнээ, ганц нэвтрүүлэг хөтөлсөнөө зууны шилдэг бүтээл хийчихсэний дайтай онгирох  залуу сэтгүүлчийн өмнөөс мянгантаа ичиж муу нэрийг нь хамтдаа үүрнэ гэдэг ч бас таатай биш шүү.  
-Ингэхэд сонинд дараагийн үед од төрсөн үү?
-“Өдрийн сонин”-д уу?
-Ер нь сонин, сэтгүүлд?
-Пээ, бурхан минь гэнэт ямар аймаар юм асуудаг юм бэ. Од уу, унших дуртай сэтгүүлч үү. Ингээд хэлбэл бүгдээрээ гомдоно шүү. Ж.Тэгшээг уншдаг. Шахсан бяслаг шиг бичдэг. Ньюанс, өнцөг нь их гоё. Г.Улсболдыг, Гандөлийг, С.Ононтуулыг, Г.Отгонжаргалыг бас уншдаг. Цэвээнхэрлэнгээ уншина. Ганчимэгийг уншина, та биш шүү хэхэхэ. Б.Цэндоо, Баабар, Ерэнтэй... Ер нь уншина аа уншина. 
-Ил санагалзаад санаад, үгүйлэгдээд байдаг нь хэн бэ?
-Та бичээд байгаа болохоор таныг санадаггүй. Харин хэзээ ч бичихээ больсон хэдийгээ санах нь хэцүү. Ж.Гангааг л их санаж байна. Ж.Гангаагийн, Г.Дашрэнцэн ахын нийтлэлүүд. Сая ном нь гарсан байсан. Уйлаад л уншлаа.  
-Ингэхэд телевизүүдийн ток шоунуудаас өрсөлдөгч гэж хардаг контент чинь юу вэ? 
-Өрсөлдөж байна гэж харсан юм алга. Надаас хойш гарсан контентуудыг тэгж харж болох л юм. Би “Монгол Тулгатны 100 эрхэм”-ийг биширч үздэг. Үнэхээр гоё нэвтрүүлэг. Гэхдээ ток шоуны төрөл биш л дээ. Бас “Ам нээвэл” гээд Мөнхтуулын нэвтрүүлэг, Дагиймаа, Жаргалмаа, Болдко... Өөрсдийнхөө гортигыг татаад тугаа босгочихсон.  Тэр тугийг ойрын 10-20 жилдээ цавчиж унагаах нь юу л бол. Сүүлийн үед “100 асуулт хариулт” бас их таалагддаг болоод байгаа. Энэ хэдийгээ байнга үзнэ. Асуултууд нь ямар чанга юм бэ, пээ би бол ингэж асууж чадахгүй байсан даа гээд л үзнэ. Тэмдэглэж аваад дараа энэ хүнтэй уулзвал гээд л... "Өдрийн сонин"-д байхдаа ч гэсэн дэвтэр дээр үйл явдлуудыг тэмдэглэдэг байсан даа.
-Одоо ч бичиж тэмдэглэдэг хэрэг үү?
-Хэвээрээ, сурсан зан тавигдахгүй юм байна лээ. Худалдаа хөгжлийн банкийг тэдэн сарын тэдэнд, төдөн хувийг Жеральд хувьчилж авлаа гэхчлэн тэмдэглэл хийсэн баахан дэвтэр байгаа ш дээ. Одоо ч өдөр тутмын сонин  гарчиглаад тэмдэглэдэг хэвээрээ. Залхуу хүний л хэв шинж, архив руу явахгүй гэж байхгүй юу. /инээв / 
-Сэтгүүлчийнхээ ажлын хажуугаар бас буяны ажил их хийж байгаа шүү. Тухайлбал, Хавдрын эмнэлэг дээр маш их ажил хийлээ... Хараад байгаа...? 
-Би амьдралдаа нэг удаа тангараг өргөсөн. Ээжийнхээ алтан шарилын өмнө өргөсөн тэр тангарагаа насан туршдаа баримтална. Тэр бол өөрийн үлдсэн ухамсарт амьдралаа хорт хавдрын эсрэг буяны ажилд зориулна гэж андгайлсан юм. Ээждээ хэлсэн хамгийн сүүлчийн үг минь тэр юм. Тэгэхээр буцах янцах зүйл гэж үгүй. Ээж минь бурхны оронд одохдоо өөрийнхөө оронд надад ийм нэг сэтгэлийн орой зай өгчихөөд явчихсан даа. Хэзээ нэгэн цагт би ч бас энэ хорвоогоос буцахдаа ээжтэйгээ уулзана. Тэр үед хийсэн ажлаа ярьж ээжийгээ баярлуулна. Тэгээд “Элэг нэгт монголчууд” санг үүсгэн байгуулсан. Манай санд нэвтрүүлэгч Гантигмаа, яруу найрагч Хулан, дуучин Ариунаа нар нэгдсэн. Бид бол буянаар барилдсан буяны садангууд. Манай сангийн тэргүүн Чинбүрэн эмч сая ХСҮТ ийн дарга болсон. Тэр хүн маш эрчтэй ажиллаж байгаа.  Бид сангаараа элэг шилжүүлэн суулгахад шаардагдах тэрбум төгрөгийн эрэлд гарч маш их ажил хийсэн. Биднийг Монголын мэргэжлийн урлагийн бүх байгууллагууд дэмжиж 21 аймагт зэрэг тоглолт хийж бүх орлогоо хандивласан. Бас оны өмнө Улаанбаатар хотын захирагч С.Батболд  ХСҮТ-д шаардагдах тоног нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг авч өгсөн. Энэ бол эрүүл лобби хийсний үр дүн. Одоо манай эмч нар хагалгаагаа хийнэ дээ. Гадагшаа явж асар өндөр үнээр хийгддэг элэг солиулах мэс заслыг Монголдоо хийж эхний 20 хүнд үнэгүй хагалгаа хийнэ. Элэг солиулах гэж 100 хэдэн сая төгрөг олох гэж хамаг юмаа ломбарданд тавиад гадаад руу явахааргүй болно. 
-Дараагийн шатныхаа ажил дээр биднийг мэдээллийн спонсороор уриарай. Би аавыгаа хавдраар алдсан. Чамайг ээжийгээ алдаад ямар хэцүү байсныг, одоо ч нулимс чинь хатаагүйг мэдэж байгаа болохоор энэ сэдэвт жаахан эмзэг байна. Гээд яалтай, хүний амьдралын бүх муу юм биднийг тойрчих биш. Далавчаа унжуулах үедээ унжуулчихаад, хөрөөдүүлэх үедээ хөрөөдүүлчихээд хугалахгүй яваад байдагт чинь хайртай шүү. Жаахан гунигтай юм аа, залуус хэргийн түүх, хүний түүхийг мэдэхгүй байж бичдэг болж. Ер нь манай залуучууд хэцүү сэдвээс тойроод сошиалаас юм цуглуулж биччихээд цалингаа аваад яваад байна. Сошиалын юмыг мэдээ болгочихоор чинь шоолохоос яах юм бэ. Энэ байдал сэтгүүлзүйн салбарыг хямдхан харагдуулаад байна. Сүүлийн үед бидний зарим маань маш эргэлзээтэй хэцүү байдлаар амь насаа алдлаа. Зарим нь өвчин зовлонтой, мөнгө төгрөггүй байж байгаад үрэгдлээ. Хоёулаа талийгаач Л.Болормааг дурсахгүй байхын аргагүй. Та болсон явдалд, гарч байгаа мэдээлэлд эргэлздэг үү?

-Эргэлздэг. 
-Араас нь хөөхөд гэр бүлийнх нь зөвшөөрөл маш чухал. Тэрэнтэй л их эвтэйхэн учраа олж байж ажиллах хэрэгтэй. Манай “Глоб интернэшнл”-ийн Х.Наранжаргал эгч уйгагүй дуугараад л байна. Энд яалт ч үгүй эргэлзээ байна, тийм үү?
-Бий. Надад маш их эргэлзээ байдаг. Би амьд сэрүүн байхдаа найз нөхөд явсан сэтгүүлч найзаас нь асуусан л даа. Алалцвал алалцая, босьё гэхэд ар гэрийнхэн нь татгалзнаа, битгий гэсэн. Энэ тохиолдолд бид яах юм бэ. Хүндэтгэхгүй байж болохгүй. Гэр бүлийнхэн нь, ойр дотныхон нь шоудаж байна гээд бодчихвол яах юм бэ. Хэцүү шүү дээ. Бид ялангуяа мэргэжил нэгтнүүддээ хүндэтгэлтэй хандах ёстой.
-Дурсаад л дотроо сэрдлэгээ нуугаад л явж байх уу? 
-Таныг аймаар гүтгэдэг. Гүтгэх нэг өөр. Доромжилно. Би чинь эх хүн, хугарч л байгаа ш дээ, дотроо. Ямар хэвлэлийн бага хурал хийгээд яриад тайлбарлаад уйлаад суултай нь биш. Тулгарсан бүхнийг дотроо л тээдэг.  Яг ийм үед та нээрээ яамаар санагддаг вэ?
-100 грамм татмаар санагддаг. Наргиа шүү.
-Хэн нэгэнд хэлмээр санагддаг уу?
-Тэр чинь ичмээр сэдэв ш дээ. За, тэгээд ах нар маань ч биднийг эмэгтэй юм гэж харж үзээгүй. Тэсвэрлэг болчих юм.
-Хэцүү үеийг тэвчих ёстой. Хогийн сав шиг тэвчиж байна даа, заримдаа. 
-Шоронгийн хулгайч хүртэл гарч ирээд донгосч байна шүү дээ. Чи бол бүр илүү тэсвэрлэг юм аа.
-Би яг тэр үед ээждээ гүйж очоод хэлмээр санагдсан. Би ээжийгээ амьдад зовлон болгоноо тоочиж очиж уйлдаг охин байгаагүй юм. Уруулынхаа дотор талд цус шүүртэл зуугаад нулимсаа нуудаг хүн байхгүй юу. Би их хатуу ш дээ, тэр тал дээр. Харин ээжийгээ өнгөрчихөөр эрхэлмээр санагдаад байдаг болсон. Хэвлэлийн хурал хийх гээд сууж байхдаа, ээж ээ охин чинь залилангийн хэрэг хийгээгүй, хийх ч үгүй гэж хэлэхийг хүссэн. 90 саяын Гансүхийг тэгж байхад хүмүүс энэ үнэн үү, үнэн үү гэж дайраад л тэр үед ч бас ээждээ хэлэх юмсан гэж бодсон. Би постолсон. Та л ойлгосон доо. 
-Чамайг улстөрчдөөс маш их мөнгө авдаг, за бараг л мөнгөөр гулигаад сууж байдаг гэлцэх. Намайг ч бас тэгж хараадаг л юм. Гэхдээ үүний ард үнэн байдал ямар вэ?
-Амны билгээр бол гэхгүй юу.... хэхэ.... “Цензургүй яриа” нэг хийхэд л бараг 10-20 сая төгрөг авдаг юм шиг боддог хүмүүс бий. Тэд болох улстөр дотроо нялхасууд юм. Өөрсдөө энэ нэвтрүүлэгт орчих санаатай, гэхдээ шалгуурыг нь давахгүй, босгонд нь бүдэрдэг болохоороо иймэрхүү яриа гаргаад араас сайн сэвээд өгдөг биз. Тантай ч бас тэд таардаг байх. Монголын улстөрчдөөс надад мөнгө амлах сачийтай аавын хүү байхгүй дээ. Ёстой нэг бардам хэлчихье. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ямар шалгуураар ордог юм бэ гэж хүмүүс асуудаг. Хариулья. Хоёрхон шалгууртай. Нэгдүгээрт, Та Монгол Улсад ямар гавьяа байгуулсан бэ. Хоёрдугаарт, та Монгол Улсад ямар гай тарьсан бэ. Энэ хоёр шалгуураар өөрийгөө нэг шүүчихээд манай нэвтрүүлэгт орох хүсэлтээ тавьж болно шүү. Хүмүүс мэдсээр байж илт худал гүтгэлэг тараагаад байхаар өмнөөс нь адарч байсан нь дээр. Тэгээд энэ хорвоо өөрөө маш адармаатай шүү дээ.       
-Улс төр рүү ороход сэтгүүл зүй бол маш дөт зам. Магадгүй Л.Мөнхбаясгалан улс төр рүү орохыг үгүйсгэх аргагүй ч юм шиг ...?
-Сүүлийн үед хүмүүс надаас ингэж асуудаг болсон. Миний мөрөөдөл бол сэтгүүлч болох л байсан. Би ерөөсөө сэтгүүлч болох л гэж төрсөн. Над шиг хурц, түрэмгий зантай хүн улс төрд ороод амжилт олохгүй. Намын эрх ашиг, фракцийн эрх ашгийн өмнөөс худлаа ярьж чадахгүй. Харин над шиг хүн сэтгүүл зүйдээ байгаад энэ хэвээрээ ажиллаж байвал нийгэмд илүү тус хүргэнэ гэж боддог. Өдий хүртэл явсан энэ карьераа улстөрч болгож тээр доош нь унагах хэрэггүй. Харанхуй засагт бурангуй түшмэл таяг болсон энэ үед төрөөс хол явсан нь дээр. Төрийн саалийн үнээг нэг хөхөж үзсэн хүн тэр үнээнийхээ махыг нь идэж үзэх юмсан гэж боддог юм гэнэ билээ. Шуналаа тэвчиж сурсан хүнд шунал нь хязгааргүй болсон тэр орон зайд үсэрч ороод олны хөлд үйрч үхсэнээс энэ муу үзгээ бариад бороохойдуулах үед нь бороохойдуулаад, гүтгүүлээд доромжлуулаад унаж босч явсан нь дээр юм. Нэг үг байна хэлчих үү? 
-Хэл л дээ... 
-Олон үйл явдлыг харлаа. 20 жил ажиллалаа. Сэтгүүл зүйн салбартаа унаж босч явлаа. Улс төр гээчтэй тун ойрхон ажиллалаа. Одоо нэг дүгнэлтэд хүрч байна. “Сэтгүүлч хүнд төрийн жолоог бүү атгуул” гэж үр хойчдоо захимаар санагдах боллоо. Одоо та надаас юу ч битгий асуугаарай. Ярилцлагаа ингээд дуусгая. 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.