НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Эдгар Аллан По: Ноён Вальдемарт тохиолдсон ер бусын явдлын үнэн учир

ner.mn     Нийтлэгч
2 жилийн өмнө /2017-01-27 14:10:32 GMT +8 / | 5386 удаа уншсан

Ноён Вальдемарт тохиолдсон ер бусын явдал цуу яриа дэгдээсэнд огтхон ч гайхширахгүй байгаа минь учиртай. Бүх нөхцөл байдлыг мэдсээр байж тайлбар эс хийвэл илбэ шидийн зүйл болмоор санж. Энэ явдалд хамаарал бүхий этгээдүүд нууцыг задлахаас ядаж түр хугацаагаар зайлсхийх гэсэн хүслийн улмаас гэх үү, эсвэл судалгааг үргэлжлүүлэх боломжийг олох хүртэл чухамдаа түүнийг нууц байлгах гэсэн бидний оролдлогын улмаас худал мэдээ юм уу, хэтрүүлэгтэй цуурхал олон нийтийн дунд тарж, өдий төдий хуурмаг төсөөлөл үүсгэж, улмаар энэ байдал олон хүнд үл итгэл төрүүлсэн нь мэдээжийн хэрэг. 
Чухам иймд хэрхэн ойлгосон хэмжээгээрээ баримтуудыг бичих минь зайлшгүй шаардлага болов. Тэдгээр нь, товчхондоо, дараахи байдлаар өрнөсөн юм. Сүүлийн гурван жилийн туршид сонирхол анхаарал маань ховсын соронзон нөлөөллийн асуудалд татагдаад байсан нь нэг бус удаа. Тэгтэл, одоог хүртэл хийсэн бүх туршлагад нэгэн тун чухал бөгөөд тайлбарлагдашгүй хийдэл байсаар байна, өөрөөр хэлбэл, үхлүүт амь тэмцэн байхдаа хэн ч ховсын соронзон нөлөөлөлд ороогүй гэсэн санаа есөн сар гаруйн өмнө намайг гайхшируулдаг юм байна. Тэгэхээр, нэгдүгээрт, тийм байдал дахь хүн ховсын үйлчлэлд орох уу, хоёрдугаарт, энэ үед ийм үйлчлэл нь сулардаг уу, эсвэл, хүчтэй болдог уу, харин, гуравдугаарт, үхлийн үйл явцыг ховсын тусламжтайгаар ямар хэмжээнд, хэр удаан саатуулан барьж болох вэ гэх зэргийг тайлбарлах хэрэгтэй боллоо. Бусад асуудал ч үүсэв. Гэхдээ дээр дурдсан асуудлууд миний сонирхлыг хамгаас илүү татлаа. Тэр дундаа ихээхэн чухал үр дагавар авчирч болох гурав дахь нь намайг бүр гижигдлээ. Тийм туршлагад тохирох обьектийг хаанаас олоё доо хэмээн би бодох зуураа “Шүүхийн номын сан”-гийн алдартай эмхтгэгч, Иссахар Маркс хэмээх нууц нэрээр “Валленштейн”, “Гаргантюа” зэргийг польш хэл рүү орчуулагч, анд нөхөр ноён Эрнест Вальдемарынхаа тухай дурслаа. 1839 оноос Гарлемд (Нью-Йорк муж улс) голдуу амьдрах болсон ноён Вальдемар юуны өмнө ер бусын эцэнхий туранхай байдлаараа анхаарал татна (эсвэл татаж байв), учир нь, түүний хоёр хөл Джон Рандолфынхтой тун адилхан билээ. Мөн түүнчлэн олон хүн хиймэл үсээр орлуулдаг харавтар үснээс нь эрс ялгарсан цайвар шаргал хууз их сахал нь анхаарал татна. Тэрбээр онцгой мэдрэмтгий нэгэн. Тийм болохоор, ховсын туршлагад тохирох обьект байв. Хоёр гурван удаа би түүнийг төвөггүйхэн зүүрмэглүүлсэн боловч бие нь аяндаа үүсгээд буй хүлээлтүүдийг тэр бусад талаар харуулсангүй. Би түүний сэтгэлийг бүрэн эзэмдэхүйцээр өөр рүүгээ татаж нэг л чадахгүй байв. Харин урьдаас зөгнөн мэдэх мэдрэмжийн тухайд гэвэл, түүн дээр хийсэн туршилтууд найдвартай үр дүнг ерөөс өгөөгүй юм. Энэ талаарх бүтэлгүйтлээ би ямагт түүний эрүүл мэндтэй холбон боддог байв. Бид хоёрыг танилцахаас хэдэн сарын өмнө эмч нар түүнийг сүрьеэ өвчтэй хэмээн оношилсон байлаа. Тэрбээр ойртон буй үхлийнхээ тухайд ямар нэг зайлшгүй бөгөөд харамсал үл төрүүлэх зүйл байдлаар тайван гэгч нь ярьж зуршжээ. 
Дээр дурьдсан асуудлууд төрөх үед би ноён Вальдемарын тухай дурсах нь зүйн хэрэг байв. Түүний зүгээс татгалзал санал гарах эсэх тухай болгоомжлохдоо би философи үзлийнх нь хат чанарыг дэндүү сайн мэдэж байв. Тэгээд ч түүнд хөндлөнгөөс оролцож саад болох төрөл төрөгсөд Америкт байсангүй. Би түүнтэй энэ сэдвээр илэн далангүй ярилаа, тэгтэл, санааг минь тэр урамтай нь аргагүй сайшаан сонирхсон явдал намайг гайхшируулчихлаа. “Намайг гайхшируулчихлаа” хэмээн би хэлж байгаагийн учир бол тэрбээр миний туршилтуудад орохыг ямагт зөвшөөрч байсан ч, тэдгээрийг сайшааж байсныг нь нэг ч удаа сонсож байсангүй. Түүний таалал төгсөх хугацааг яг таг тодорхойлж болохуйц өвчин нь тийм илэрхий болсон байв. Тэгээд, эмчийн урьдчилан таамнаж товлосон таалал болох тэр өдрөөсөө нэг хоногийн өмнө тэрбээр надад хэл хүргэж бид болзлоо. Ноён Вальдемараас өөрийнх нь гараар бичсэн доорх зурвасыг би хүлээн авснаас хойш эдүгээ хэдийнээ долоон сар өнгөрчээ, 
“Хүндэт П. алдарт аа!
Таны ирэх цаг одоо болж байх шиг байна. Маргаашийн шөнө дунд гэхэд миний хоногийн тоо гүйцэж, тоос хөдөлгөхөө болино хэмээн Д. Ф. хоёр нэгэн дуугаар нотолж байна. Тэгээд ч тэд тун нарийн тооцсон шиг надад санагдаж байна.
Вальдемар” гэжээ.
Би энэ зурвасыг бичсэнээс нь хойш хагас цагийн дараа хүлээн аваад нүд аних гэж буй этгээдийн өрөөнд арван таван хормын дараа гэхэд хэдийнээ ирчихсэн байлаа. Би түүнийг арав хоног хараагүй байсан болохоор ийм богино хугацаанд нүднээс гартлаа өөрчлөгдсөнд нь гайхширлаа. Нүүр царай нь сүүдэртэн хөвхөртөж, нүднийх нь гал сүүмийж, шанаа түүшүүний яс нь арьсаа арай л цоолчихолгүй тун ч турж эцжээ. Бүхий л бие нь чийгтсэн гэж тоймгүй. Судас нь цохилох төдий. Харин энэ бүхнээс үл хамааран ухаан санаа нь гайхалтай тод санаж сэрж, бие нь өөв сөөв хүч тамиртай бололтой. Биеийнх нь зовиурыг нимгэлж хөнгөлөх зарим эмийг тэрбээр өөрөө бусдын тус, гар харалгүй авч ууж, үг яриа нь ойлгомжтой байв. Тэрбээр намайг орж очиход тэмдэглэлийн дэвтэртээ ямар нэг юмыг харандаагаар бичиж харагдлаа. Олон дэрээр түшлэг хийн налж хэвтэх бөлгөө. Дэргэд нь эмч Д. Ф. хоёр байв. 
Би Вальдемарын гарыг барьж мэндлээд, энэ эрхмүүдийг зайдуухан аваачиж, тэднээс өвчтөний биеийн байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо. Зүүн уушигны тал нь бүтэн хагас жилийн туршид шохойжиж устсан, тийм болохоор, ажиллах, амьдрал тэтгэх чадваргүй гэдэг нь ойлгомжтой. Баруун уушигны дээд тал нь бас өөр хэсэгтээ шохойжсон, доод тал нь тэр аяараа сүрьеэгийн идээт үрэвсэлд баригджээ. Энэ хэсэгт хэд хэдэн томоохон сэв суусан байх агаад нэг газар хавиргатай наалдац үүсчээ. Баруун уушгин дахь эдгээр өөрчлөлт нь харьцангуй саяхных гэнэ. Шохойжилт ер бусын хурдтай явагдсан байв. Тэрээр сарын өмнө гэхэд байгаагүй, наалдац нь ердөө сүүлийн гурав хоногт үүссэн гэнэ. Сүрьеэгийн хажуугаар өвчтөний голын судас өргөссөн байж болох сэжиг таамаг байгаа ч, шохойжилт нь түүнийг яг таг оношлох боломж олгоогүй аж. Хоёр эмчийн хэлж буйгаар бол, ноён Вальдемар дараачийн өдрийн (ням гаригийн) шөнө дунд гэхэд өөд болох ёстой байв. Одоо бямба гаригийн орой долоон цаг болж байна.  Эмч Д. Ф. хоёр надтай ярилцахаар өвчтөний дэргэдээс холдохдоо түүнтэй салах ёс гүйцэтгэсэн юм. Тэд түүн рүү эргэж очихоор завдсангүй. Харин миний хүсэлтээр маргааш оройны арван цагийн орчимд өвчтөний өрөө рүү ороод гарахаар амлацгаалаа. 
Тэднийг гарсны хойно би ноён Вальдемартай ойртсоор буй үхлийнх нь тухай, бас хийх гэж буй туршилтынхаа тухай нэлээд дэлгэрэнгүй, илэн далангүй ярьж эхлэв. Тэрбээр бэлэн байгаа бөгөөд туршилтыг сонирхож байна гэдгээ нотлоод, надаас даруй эхлэхийг хүслээ. Түүний дэргэд асрагч үйлчлэгч хоёр байсан боловч ямар нэгэн юм боллоо гэхэд эдгээр хүмүүсээс илүү найдвартай гэрчүүдгүйгээр иймэрхүү үйл хэргийг эхлэх нь зохистой биш хэмээн би өөрөө мэдэрч байв. Тиймээс, би туршилтыг маргааш оройны найман цаг хүртэл хойшлуулж, миний бага зэрэг танилцаад байсан оюунтан-эмч (ноён Теодор Л-л.) ирсэн явдал нь намайг хүнд байдлаас гаргалаа. Би эхлээд эмч нарыг хүлээх бодолтой байв. Гэвч, нэгдүгээрт, ноён Вальдемарын шалж шавдуулснаар, хоёрдугаарт, хугацаа хичнээн бага үлдэж, тэрбээр эгшин зуурт доройтон муудсаар буйг нь би өөрөө харсаар байсан учраас туршилтаа эртхэн эхлэхээр боллоо. 
Ноён Л-л болж буй бүхний талаар тэмдэглэл хөтлөхийг найрсгаар зөвшөөрөв. Миний одоо ярих гэж буй бүх зүйлийг үгчлэн бичсэн эдгээр тэмдэглэлээс авсан бөгөөд заримдаа хураангуйлж товчилсон юм. 
Би өвчтөний гараас бариад, ховсын одоогийн соронзон нөлөөллийн төлөв байдалд сайн дураараа орж байна гэдгээ болж өгвөл тодхон нотлохыг ноён Вальдемараас хүсэхэд найман цагт таван минут дутуу байв. 
Тэрбээр сулхан төдий дуугарах боловч бүрнээ тодорхой үгээр ингэж хариулав. “Тиймээ, би ховсод орохыг хүсч байна” гэснээ, “Таныг хэтэрхий удаашруулах вий гэж би эмээж байна” хэмээн тэр дороо нэмж хэлэв. Түүнийг ярьж байх зуур урьд нь түүнд хамгийн их нөлөө үзүүлж байсанчлан би гараа хөдөлгөн ховсдон залж эхлэв. Гар минь түүний магнайд хүрэх төдийд шууд нөлөөлж байсан боловч дараа нь хичнээн оролдоод ч, өмнө болзсончлон, эмч Д. Ф. хоёрыг арван нэгэн цаг болохоос өмнөхөн хүрч ирэхэд би дорвитой үр дүнд хүрээгүй байв. Би ямар үр дүнд хүрснээ тэдэнд цөөн үгээр тайлбарлаад илүү ч юм хэлсэнгүй. Тэд ч өвчтөнийг амь тавих шатандаа байна хэмээн тогтоогоод өөрюм хэлсэнгүй, би үл эргэлзэн, харин хавирган талаас тууш дагууд нь чиглүүлэн гараа хөдөлгөхдөө үхлүүт байгаа хүний баруун нүд рүү ширтэн харж ховсдох үйлээ үргэлжлүүллээ. 
Энэ үед түүний судасны цохилт үл мэдрэгдэж, харин хэржигнэх амьсгал нь хагас хормын зайтайгаар тасалдаж байв. 
Тэрбээр тийм байдалд хорь гучаад минут болов. Дараа нь хальж буй этгээд гүнзгий амьсгал авлаа, хэржигнэх нь тасалдлаа, дуулдахаа больсон гэсэн үг. Амьсгалах нь улам бүр цөөрөв. Өвчтөний хөл гар нь мөс лугаа адил цэв хүйтэн болжээ. 
Арван нэгд таван хором дутуу байхад ховсын байдлын эхний шинжүүдийг би анзаарлаа. Шил мэт гөлийсөн нүдэн дээр нь гагцхүү ховсын нойрын үед ажиглагддаг, андуурахын аргагүй, дотогшоо ширтсэн гунигт харц тодров. Би гараа хажуу биеэр нь түргэн түргэн хэдэнтээ хөдөлгөн зүүрмэглэх үеийнх шиг аньсагаа анивчуулахыг ховсдон тулгав, бас хэдэнтээ хөдөлгөн аньсагыг нь аниулав. Гэхдээ би үүнд сэтгэл ханасангүй, зүүрмэглэгч этгээдийг эвтэйхэн байдалд оруулж, биеийг нь бүрэн хөших хүртэл бүхий л сэтгэл зоригоо хөвчлөн итгүүлгээ эрчимтэй гэгч нь үргэлжлүүлэв. Хөлийг нь жийлгэн, гарыг нь биеийн дагууд, ташаанаас нь жаахан зайтай тавилаа. Дэрийг нь ялигүй өндөрлөв. Ингэж байтал шөнө дунд боллоо. Би ч ноён Вальдемарыг үзэж магадлахыг байлцагсдаас хүслээ. Тэд хэд хэдэн туршилт хийгээд түүнийг ховсын ер бусын гүн нойронд автсаныг тайлбарлав. Хоёр эмчийн сониуч зан ч ихэд  сэргэв. Эмч Д. бүхэл шөнөжин өвчтөний дэргэд байхаар тэр дороо шийдэв. Харин эмч Ф. үүрээр эргэж ирэхээ хэлээд гарлаа. Ноён Л-л, сахиур асрагч хоёр үлдлээ. 
Шөнө дундаас хойш бараг гурван цаг хүртэл бид ноён Вальдемарт саад болж амгаланг нь эс алдагдуулав. Би түүн рүү дөхөж очоод Ф. эмчийг гарахын өмнөх янзандаа байхыг нь харлаа. Тэрбээр яг л тэр байрлалаараа хэвтэх аж. Судасны лугшилт нь эс мэдрэгдэнэ. Амьсгаа нь маш сул (гагцхүү уруулд нь ойртуулсан мэдрэгч толины тусламжаар л анзаарагдам байв). Яг л унтаж буй хүн шиг нүд нь аниатай, харин бие нь хатуу, гантиг чулуу мэт хүйтэн байх аж. Гэлээ ч гэсэн энэ нь үхлийн дүр зураг огт биш байв. Би ноён Вальдемарт ойртоод, нүүрнийх нь өмнүүр гараа зөөлөн хөдөлгөж, түүний гар энэ хөдөлгөөнийг даган хийхийг залахаар оролдлоо. Урьд өмнө түүнтэй ийм туршилт хийх боломж надад ерөөс байсангүй, тийм болохоор, энэ удаад ч амжилт гарна хэмээн би бодохгүй байв. Гэвч түүний гар тамиргүй хэдий ч, маш дуулгавартайгаар гарын минь бүх хөдөлгөөнийг дагаж байсан нь миний гайхлыг төрүүллээ. Би түүнтэй ярилцаж үзэхийг оролдохоор шийдэв. 
-Ноён Вальдемар аа, та унтаж байна уу? хэмээн намайг асуухад тэрбээр хариулсангүй боловч уруул нь өмөлзөж байхыг би анзаарав. Тэгээд асуултаа дахин дахин давтлаа. Гурав дахь удаагаа давтсаны хойно бүх бие нь зөөлөн гэгч зарсхийв. Нүдний цагаан нь зураасын төдий харагдан аньсага нь нээгдэх төдий болов. Уруул нь дуртай дургүй хөдлөх аядан, цаанаас нь мэдэгдэх төдийгөөр шивнэн, 
-Тийм ээ, одоо би нойрслоо. Намайг битгий сэрээгээрэй! Надад ийнхүү үхэх бололцоо олго! гэв.
Бие нь хөшсөн хэвээр байгааг би мэдэрч байлаа. Баруун гар нь миний гарын хөдөлгөөнийг үргэлжлүүлэн дагаж байв. Би дахиад л асуулаа, 
-Цээжин дотор чинь их хөндүүрлэж байна уу, ноён Вальдемар аа?
Энэ удаад урьдынхыгаа бодвол түргэн боловч бүр намуухнаар 
-Юу ч өвдөхгүй байна. Би үхэж байна хэмээн хариуллаа. 
Би түр зууртаа түүний амгаланг алдагдуулахгүй байхаар шийдлээ. Тэгээд Ф. эмчийг ирэх хүртэл бид юу ч ярьсангүй, юу ч хийсэнгүй. Эмч нар мандахаас өмнөхөн хүрч ирсэн бөгөөд өвчтөнийг амьд байхыг хараад хэлэхийн аргагүй гайхширав. Тэрбээр нойрсогчийн судасны лугшилтыг барьж үзээд уруулд нь мэдрэгч толь ойртуулснаа түүнтэй дахин ярилцахыг надаас гуйлаа. 
-Ноён Вальдемар аа, та унтсаар л байна уу? хэмээн би асуулаа. Урьдын адил хариултыг хэдэн минут хүлээх хэрэгтэй байв. Тэнгэрүүдийн орон руу унаалж буй хүн маань хариу хэлэхийн тулд бүхий л хүчээ шавхан байх аж. Намайг асуултаа дөрөв дэх удаагаа давтахад тэрбээр маш намуухнаар, бараг л үл сонсогдох байдлаар 
-Тийм ээ, би унтсаар л байна. Би үхэж байна гэв. 
Эмч нарын бодлоор, үнэндээ, хүслээр бол, ноён Вальдемарыг одоо үхэх хүртэл нь тайван орхих хэрэгтэй байв. Хэдхэн хормын дараа үхэл нөмөрнө гэдэгт бүгд л итгэл төгс байлаа. Харин би түүнтэй дахин ярилцахаар шийдэж, өмнөх асуултаа ерийн байдлаар давтлаа. Энэ үед нойрсогчийн царайд мэдэгдэхүйц өөрчлөлт гарлаа. Нүд нь алгуур нээгдэж, хүүхэн хараа нь томорч, арьс нь салстлаг зөөлөн биш, цаас лугаа цагаан, үжлийн өнгө аястай болж, хацар дээр нь туяарсаар байсан улаан толбонууд гэнэт унтарлаа. Би энэ үгийг хэрэглэж буй учир бол тэдгээр толбо гэнэт алга болох нь чухам салхинд үлээгдсэн лааг надад санагдуулсан явдал юм. Дээд уруул нь дээш татгавнахад шүд нь бүхэлдээ ярзайж, доод эрүү нь түгхийх чимээ гарган доош унжиж ам нь ангайхад хавдаж харласан хэл нь харагдлаа. Үхлийн аймшигт үзүүлбэртэй энд л анх тулгарч буй хүн бидний дунд байхгүй хэмээн би бодож байсан хэдий ч, ноён Вальдемарын дүр төрх тун аймшигтай болж, байлцагсад бүгд орных нь дэргэдээс эгшин зуурт ухасхийн зайлцгаав. Ямар ч уншигч надад итгэхээс шийдвэртэй татгалзахуйц хүүрнэл ярианыхаа тэр цэгт хүрсэн гэдгээ би энд мэдэрч байна. Гэхдээ миний ажил хэрэг бол яриагаа ердийнхөөр үргэлжлүүлэх явдал билээ. Одоо ноён Вальдемарт амьд байгаагийн өчүүхэн ч шинж тэмдэг илрэхээ болив. Бид түүнийг үхсэн хэмээн үзээд, сахиур, асрагч нарт нь даатгахаар хүрч ирцгээхэд гэнэт түүний хэл нь хүчтэй гэгч чичирхийлэв. Энэ байдал хэд хэдэн хором үргэлжиллээ. Тэгээд ангайж хөшсөн эрүүнээс нь тийм гэхийн тэмдэггүй дуу хоолой сонсдов. Энэ дуу хоолойн тухай ярих нь солиормоор. Үнэндээ, ийм дуу хоолойд холбогдуулан зарим талаар хэрэглэж болох хоёр гурван дүрслэмж үг бий юм. Жишээлбэл, эдгээр дуу авиа нь сөөнгө, тасалдаж зангирсан, хөндий дүлий байсан хэмээн би хэлж чадах ч, иймэрхүү дуу авиа ерөөсөө хэзээ ч хүний чихэнд чийр болж байгаагүй болохоор аймшиг зовиурын энэ дуу хоолойг бүхэлд нь тайлбарлан бичих бололцоогүй юм. Харин тэдгээр нь энэ ертөнцийн дуу чимээ биш болох талаар зарим төсөөлөл төрсөн болохоор би хоёр шинжийг онцлог нь гэж үзсэн бөгөөд одоо ч үзсээр байна. Нэгдүгээрт, энэ дуу хоолой нь алс тэртээгээс, бүр газрын гавын гүн хонгилоос бидэнд, ядаж л гэхэд, надад тийн сонсдож байв. Хоёрдугаарт, (би энд огт ойлгомжгүй болчих вий хэмээн эмээж байна) энэ дуу хоолой сонорт хүрэхэд ямар нэгэн нялцгай наалдамхай зүйл биед минь шүргэх мэт болов. 
Би “чимээ авиа”, “дуу хоолойны” тухай ярьж байна. Дуу чимээ нь үнэхээр авиа ялгацтай, бүр аймшигтай байсан гэдгийг би үүгээр хэлэхийг хүсч байна. Ноён Вальдемар хэдхэн хормын өмнө миний тавьсан асуултад хариулт өгөн ярьж буй нь илэрхий байлаа. Уншигч та хэрэв санаж буй бол би түүнээс унтсаар л байна уу гэж асуусан шүү дээ. Тэр хэлэхдээ, 
-Тийм ээ, үгүй ээ, би нойрсож байлаа, харин одоо ... одоо би үхчихлээ гэв. 
Энэ цөөн хэдэн үгнээс үүдсэн хэлэхийн аргагүй хүйт даасан айдсыг байлцагсдын хэн нь ч нуухыг оролдоогүй бөгөөд дараа нь ч үгүйсгэсэнгүй. Ноён Л-л (оюутан-эмч) ухаан алдав. Асрагч сахиур хоёр тасалгаанаас зугтан гараад эргэж орж ирэхийг ч хүссэнгүй. Өөрт төрсөн мэдрэмжээ ч би тайлбарлаж чадахгүй нь. Бараг цагийн туршид бид чив чимээгүй байж, ноён Л-л-д ухаан оруулав. Түүнд сэхээ мэдээ орсноор бид дахиад ноён Вальдемарыг ажиглаж эхэллээ. Амьсгалж буй ямар ч шинж тэмдэг одоо байхгүйг мэдрэгч толь илтгэж байгааг эс тооцвол түүний байдал яг л өмнө миний тайлбарласан шиг байв. Гараас нь цус гаргах гэсэн боловч оролдлого бүтсэнгүй. Мөн түүнчлэн түүний гар миний санаа зоригийг дагаж залагдахгүй байсныг хэлэх хэрэгтэй. Би гарынхаа хөдөлгөөнийг дагуулж залах гэж түүний гарт шаргуу тулгалт хийж үзлээ. Одоо ховс соронздон нөлөөлж буй цор ганц шинж тэмдэг гэвэл, намайг ноён Вальдемарт асуулт тавин хандах бүрт түүний хэл нь чичирхийлэх болов. Тэрбээр хариулахыг оролдож байх атал чадал нь хүрэхгүй байгаа мэт санагдана. Би байлцагсад хийгээд түүний хооронд ховсын холбоо тогтоохоор чармайн шавдсан хэдий ч, бусдын тавьсан асуултыг тэр даан ч нэг мэдрэхгүй байлаа. Гүн нойрсогчийн тэр үеийн байдал төрхийн талаар өгч чадах ойлголт бүхнээ би одоо хэлчих шиг боллоо. Бид өөр сахиурууд олж орхиод есөн цаг гэхэд хоёр эмч, ноён Л-л-ийн хамт гарч явлаа. Үдээс хойш өвчтөний байцыг харахаар бид дахин хүрч ирлээ. Түүний төрх төлөв урьдын хэвээр байх аж. Түүнийг сэргээх хэрэгтэй юу, сэргээж болох уу гэх зэргийг бид шууд шийдэж чадсангүй. Гэхдээ, ингэснээр бид ямар ч сайн зүйлд хүрэхгүй гэдэг дээр төд удалгүй бүгд санал нэгдлээ. Үхэл (эсвэл, энэ нэрийн дор ерөөсөө ойлгоцгоодог тэр зүйл) ховсын үйлчлэлээр саатан зогссон нь илэрхий байв. Ноён Вальдемарыг сэрээснээр бид түүнийг удахгүй, эсвэл, ямар ч тохиолдолд шууд үхэлд хүргэнэ гэдэг нь бүгдэд тов тодорхой байлаа. Тэр үеэс хойш түрүүчийн долоо хоногийн сүүлч хүртэл бараг долоон сарын туршид бид заримдаа танил эмч нарыг дагуулан, эсвэл ердөө л найз нөхдийн хамт ноён Вальдемарын гэрт өдөр бүр ирцгээдэг байв. Нойрсож буй хүн бүхий л цагийн туршид яг л миний сүүлийн удаа тэмдэглэсэн шиг тийм байдалтай хэвээр байсан юм. Сахиурууд түүний дэргэд байнга байлаа. Өнгөрсөн баасан гаригт бид түүнийг сэрээх, эсвэл, сэрээхийг оролдохоор шийдлээ. Энэхүү сүүлчийн оролдлого туршилтын чухамхүү азгүй үр дүн л янз бүрийн хүрээнд, миний бодлоор бол, тун үндэслэлгүй жигшил зэвүүцэл төрүүлсэн байж магадгүй. Ноён Вальдемарыг ховсын ангижралын байдлаас гаргахын тулд би ерийн залах хөдөлгөөнүүдийг хэрэглэлээ. Хэсэг хугацаанд тэдгээр хөдөлгөөн үр дүнгүй байв. Тэрбээр сэрж буйн анхны шинж тэмдэг бол нүднийх нь солонгон бүрхүүл доошилсон явдал юм. Хүүхэн харааных нь энэхүү хөдөлгөөнийг дагалдан аньсага зовхиноос нь туйлын муухай үнэртэй шаравтар шингэн ихээр ялгарч буйг бид анзаарлаа. Урьдын адил өвчтөний гарт нь нөлөөлөхийг надад санал болгоцгоов. Би үүнийг оролдоод үзсэн авч амжилтгүй болов. Тэгэхэд, түүнд асуулт тавихыг Ф. эмч надаас хүслээ. 
-Ноён Вальдемар аа, та юу мэдэрч, эсвэл, юу хүсч байгаагаа бидэнд хэлж чадах нь уу? хэмээн би асуулаа. 
Түүний хацар дээр уушигний сүрьеэгийн улаан толбонууд гэнэт эргэн тодорлоо. Хэл нь чичирхийлж, үнэндээ, татваганаж (эрүү, уруул нь хөшсөн хэвээр байсан ч), өмнө миний тэмдэглэсэнчлэн, мөнөөх зэвүүн муухай дуу хоолойгоор 
-Бурхан минь! Түргэлээрэй! Түргэлээрэй! Намайг нойрсуулчих! Үгүй бол түргэл! Сэрээгээрэй! Түргэлж үз! Намайг үхчихсэн хэмээн танд ярьцгааж байна! гэв.
Би гайхан цочирдож, хэдэн хормын туршид хэрхэхээ мэдэхгүй балмагдав. Би эхлээд өвчтөнийг дахин нойрсуулахыг оролдсон авч зориг зүрх бүрэн алдарсны улмаас үүнийг хийж эс чадав, тэгээд эсрэгээр нь хандан түүнийг сэрээхээр шавдлаа. Үүнийг би чадна, ядах юмгүй, бүрэн дүүрэн амжилт олно гэдгээ би төдөлгүй ойлгов, тийм болохоор, байлцагсад бас бүгдээрээ өвчтөнийг сэрээхийг хүлээцгээж байгаад би итгэлтэй байв. Гэвч бодит байдалд болох гэж буй зүйлийг бидний хэн маань ч тааж төсөөлөөгүй юм. Намайг ховсын залах хөдөлгөөн шаргуу хийх зуур шаналан тарчлагч хүний уруулнаас биш, харин хэлнээс нь “Үхчихлээ!”, “Үхчихлээ!” хэмээн чимээ тасрав. Хормын төдийд, түүнээс ч түргэн зуурт түүний бүхий л бие сулран шалчисхийж, гар дор минь үжрэн задарлаа. Бидний өмнө орон дээр ой гутам өмхий үнэртэй нунжгай шингэн бие хэвтэж харагдав. 

Орос хэлнээс орчуулсан Хулуд Ж.Отгонбаяр
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.